Wednesday, April 18, 2012

"Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино мөн"

Кинонд их хүч бий. Бүр түүхээс ч их хүч бий. Шашин бол тархи угаах хар тамхи мөн гэдэг бол кино түүнээс агуу хүчтэй юм шиг... Өчигдөр "Долоон бурхан харвадаггүй" гэдэг кино үзлээ. Тэр киноноос л МАН-д өнөөх гайхал "Х" үсэг чухам юуны тулд ад үзэгдээд, хаягдаж гээгдсэний учрыг ойлгов. Тэгэхээр байнаа өнөөх "Х" үсгийг хайрлаж хамгаалаад байга Н.Энхбаяр чинь одоо цагийн Элбэгдорж Ренчино болж таараад байгаа юм. Таминь ээ дээр нь бас одоогийн энэ МАН чинь коммунист нам биш юм байна лээ. Яагаад гэвэл гай болоод байсан "Хувьсгалт" хэмээх үгийн товчлол болох "Х"-гээ хассан хойно. Хэрэв үнэхээр л зүүний социалист нам биш юм бол 90 жилийн түүхтэй гэж ярих эрх, болоод нүүр байна уу? Тэр 90 жилийн хугацаанд чинь коммунист замналаар замнасан, социолизмыг бүтээн босгосон цаг үе нь байгаа шүү дээ. Бас ЗХУ-ыг үг дуугүй дагаж явсан Ю.Цэдэнбал даргаа яах гэж байгаа улс вэ? Тэр хугацаанд Орос Монгол ах дүүгийн найрамдалт харьцаа нь ч явж байсан шүү дээ. Энэ кинон дээр "Орос ах" нартаа томоос том "салаавч" өгчээ. айдаггүй ичдэггүй л нөхдүүд юмдаа. Ерөнхийдөө "Долоон бурхан харвадаггүй" кинонд түүхийг гуйвуулаагүй байна лээ тэр нь сайшаалтай. Харин сайшаамгүй нэг гэм нь 90 жил монголын төрийг атгаж "Мууг дагаж могойн хорлол болсоноо бусад руу бухсан байгаа юм. Тэр үеийн МАН, өнөөгийн МАН хоёрт ямар ч ялгаа байхгүй төрсөн аав хүү хоёр юм байна гэдгийг ойлгуулав. Ер нь тэгээд бүх л юмны буруу Оросууд, Коментерн, Элбэгдорж Ренчинод байсныг ойлгуулж өгсөн уг киноны зохиолч Болор цомын эзэн "яруу НАЙГАГЧ" Ж. Мөнхбат танд гүнээ талархъя. Өө бас уг цэвэрхэн хийсэн PR-аа үнэгүй үзүүлсэн НАМЗХ-ны нөхдүүдэд баярлалаа. Үнэгүй үзчихээд олон долоон юм хуцсанд уучлана биз...

Tuesday, April 17, 2012

“Хүлээхүйн театрын” мөнхийн гол дүр Хазара


Уншигч авхай таны хувьд хамгийн тэвчиж барамгүй, зүйрлэхийн аргагүй залхуутай зүйл юу вэ? Та магадгүй шүдний өвчин ч юмуу ямар нэг хариулт хэлэх байх. Харин би эргэлзээгүйгээр “хүлээлт” гэж хариулна. Та хэзээ нэгэн цагт хэн нэгнийг тэсэн ядан, эсхүл тэвчээрээ алдартал хүлээж үзсэн байх. Тийм бол та намайг сайн ойлгож байгаа бизээ. Цагаа барьдаггүй, назгай, зарчимч биш зан нүүдэлчин бидний онцлог ч гэхүү? Аль эсвэл замын түгжрэл гэдэг бэрхшээлийг тооцоолоогүй, хот төлөвлөлт гэдэг зүйлийг огтоосоо мэддэггүй байсан бидний алдаанаас болж “хүлээнэ” “цагаасаа хоцроно” гэдэг Улаанбаатарчууд бидний хувьд дасал болсон мэдрэмжүүдийн нэг. Хүлээхэд бас учир бий ирэх нь тодорхой, ирнэ гэдгийг мэдэж байгаа тохиолдолд бид болзсон хүнээ хүлээдэг.Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж хүлээх нь хүлээлт биш харин горьдлого болж хувирна. Бид бүгдийг залхаан цээрлүүлэгч гайхал болох хүлээлтийн талаарх тод томруун жишээ Ирландын нэрт жүжгийн зохиолч С.Бэккэтийн “Годог хүлээхүй” хэмээх абсурд жүжиг дээр өрнөдөг юм. Энэхүү жүжгийн дэвшүүлсэн санаа болоод үйл явдал энэхүү нийтлэлийн маань утга агуулагатай бүрэн таарах юм. С.Бэккэтийн “Годог хүлээхүй” хэмээх эл жүжгийн өгүүлэмж нь Эстрагон, Владимар гэх хоёр зайгуул эр Тэдэнд хэрэгтэй зүйлийг авчрах Годо гэх хэн нэгнийг бүхэл жүжгийн турш хүлээх аж. Зайгуул эрсийн цөхрөнгө барагдаж сэтгэлээр унацгааж, бүр амиа хорлоцгоох тухай бодох боловч амьдралых нь цор ганц найдлага гэрэл гэгээ болох Годог хүлээсээр байх аж. Хүний сэтгэлийн гүн дэх цөхрөл харууслыг өгүүлэх энэхүү жүжиг зохиолчидоо Нобелийн утга зохиолын шагнал авчирсанаас гадна уг жүжгийг абсурд жүжгийн оргил гэж үзэх болсон бөгөөд уг жүжгийн гол санаагаар абсурд жүжгийн төрлийг “хүлээхүйн театр” гэх болжээ. Энэ бол бодит амьдрал биш тайзан дээрхи жүжиг билээ. Харин бодит амьдрал дээр жинхэнэ “Хүлээхүйн театрын” нэгэн бүтээл өнөөг хүртэл тавигдсаар... Уг жүжиг найман зуун жилийн настай гэвэл та итгэхүү? Найман зууны өмнө Чингис хаанаар удирдуулсан Монголын их цэрэг Хоризмыг дайлаар мордож Арабын ертөнцийг буулгандаа оруулахдаа өнөөгийн Афганистанд “нэг мянгатаа” орхиод явсан нь өнөөгийн Хазарачууд! Хазара хэмээх үг нь Перс хэлэнд “мянга” гэсэн утгыг илэрхийлнэ. Тухайн үеийн Их Монгол улсын байлдан дагуулал эзэлсэн газар нутаг бүртээ хяналт тогтоох, төвшитгөх зорилгоор хэсэг цэрэг үлдээж явдаг байсан нь өнөөгийн АНУ, болон НҮБ-ын Энхийг сахиулах хүчний” цэргийн бодлоготой төсөөтөй бөгөөд, орхигдон үлдсэн Хазарачууд өнөө цагийн Афганистан, Иранд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүдийн үүргийг тэр үед гүйцэтгэж байсан гэж ойлгож болох юм. Тэгэхээр АНУ-ын ерөнхийлөгч, болоод Синат Монгол арга барилыг хэрэгжүүлжээдээ янз нь? Гэхдээ тэд цэргүүдээ буцааж татаж авахгүй тэнд нь “мартчих” юм бол “Арабижсан Америк гаралтай” нэг хөөрхийлөлтөй үндэстэн үүсгэчих боломжтой л юм. Одоо ч гэхдээ тийм зүйл арай ч болохгүй байх л даа. АНУ удахгүй цэргээ бүр мөсөн татна гэж мэдэгдэл хийсэн байна лээ. Гэсэн ч юмыг яаж мэдэхэвдээ найман зуун жилийн өмнө их цэрэг нутаг буцахдаа авч явна гэж үлдээсэнээс хойш өнөөг хүртэл татагдаж авагдаагүй цэргүүдийн үлдэгдэл байна шүү дээ.Эзэлсэн нутгаа хариуцуулан үлдээсэн мянгатын цэргээ татаж аваагүй гол шалтгаан нь 14-р зуунд Монголын эзэнт гүрэн задарсантай холбоотой бөгөөд Монгол цэргүүд болон тэдний гэр бүлүүд энэ нутагт суурьшиж, нутгийн ёс заншилд тохируулан, Ислам шашинтнууд болон хувирчээ. Хэдий тийм боловч Чингис хааны байлдан дагуулалтаас үүдэн түүхэн үйл явдлын эргэн тойронд өнөөдрийн Төв Афганистан дахь энэ ард түмний тухай өөр нэг таамаг байдаг нь Чингис хааны довтолгооноос дөрвөсөн төв Азийн нүүдэлчин монголын нэг овог Бамиянд зугтаж ирсэн гэж үздэг. Энэ нь Чингис хааны Хоризм руу дайлаар мордсон байлдан дагуулалтаас нэлээд өмнө Хазара Монголчууд төв афганистанд ирсэн гэж үздэг бөгөөд энэ үйл явдал нь төв азийн нэлээд эртний нүүдэл байж магадгүй. Ямар ч байсан аль ч өнцгөөс харсан Монгол нутгаас нүүж очсон Монгол аймаг болх нь маргашгүй үнэн. Гэхдээ Мягатын цэргүүд байх магадлал маш өндөр билээ. Өдгөө Хазарачууд 8 сая орчим хүн амтай нэг үндэстэн болон өсөн үржсэн хэдий ч урт удаан түүхийн явцад нэгэн ард түмний хувьд амсаж мэдэрч болох бүхий л зовлон зүдгүүр, хавчлага, дарангуйлалыг биеэр амссан монгол туургатан билээ. Хазарачуудын бүх түүхийн явцад тэдний эсрэг хийгдсэн хамгийн харгис “гэноцид” Абдуррахманы хаанчлалын үе болон Талибаны дэглэмийн үед тохиожээ. Жишээ дурдвал Талибаны дэглэм тогтсон цагаас хойш уг апартэид бодлого улам өргөжиж Кабулд мянга мянгаар нь, 1997 онд Мазари-Шариф-д 15 мянга, 1998 онд тус хотод найман мянга, мөн тэр онд Бамиянд, 2000 онд Робатакид, 2001 онд Якаудангд хэдэн арван мянгаар нь Хазара хүмүүсийг хүйс тэмтрэн устгаж байсан ба Талибаны дэглэмийн үед амь насаа алдсан нийт Хазарачуудын тоо нэг сая хол давна. Хазарачуудыг хавчиж хяхах, гадуурхах гол шалтгаан нь шашин шүтлэг, гарал үүсэл өөр байхаас гадна хамгийн том шалтгаан нь Арабын ертөнцийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн Хоризмыг нураасан Чингис хааны хойч үлдэгдэл гэж үздэгээс энэ аж. Биднийг энд дулаан хөнжилдөө тайван унтаж, эд хөрөнгө зүүдэлж, өглөө нь хүний хөгжил сангийн мөнгөндөө оочирлож, улсаас авах нэг сая төгрөгөө хүлээж байхад, орой болгоны гадаад мэдээгээр дэлбэрэлт, хадлага дайралт боллоо гэж байнга шахуу мэдээлдэг Афганистанд монгол гарал угсаат ахан дүүс маань бидний өвөг дээдсийн эзлэн түрэмгийлэл, “дайны нөхөн төлбөрийг “ өөрсдийн амиараа одоо ч төлсөөр л байна. Уг нь тэднийг авч явна гэж хэлээд явсан. Тийм ч учраас хүлээж байгаа. Ирнэ гэж хэлээгүй, огт ирэхгүй хүнийг хэн ч хоосон найдлага тавьж хүлээдэггүй. Харин ирнэ гэж амласан учраас л хүлээдэг. Нийтлэлийхээ эхэнд жишээ дурдсан “Годог хүлээхүй” хэмээх абсурд жүжиг рүү гээ эргэн сануулъя. Тэрхүү жүжигт нөхөр Годог дансаа шалгачаад л ирнэ гэж хэлсэн учраас л Владимар, Эстрагон хоёр хүлээсээр байдагдаа. Тэвчээр алдарч, сэтгэл цөхрөм эмгэнэлт хүлээхүйн театрын жүжиг үргэлжилсээр л... Тэдний хүлээлт бяцхан охин шинэ жилээр өвлийн өвгөнөөс бэлэг авахыг тэсэн ядан хүлээхээс тэс өөр, бидний сонгуулын амлалт хэрэгжиж эхлэхийг хүлээхээс хамаагүй утга учиртай зүйл. Гэсэн ч одоо боджээ байхад Хазарачуудын дүр бүтээж буй абсурд жүжиг “Годог хүлээхүйн” адил эмгэнэлтэй төгсөх магадлал өндөр ажээ. Учир нь улс төрийн хүчнүүд, элдэв нам, жигүүр пракц, бизнесийн бүлэглэлээр талцаж хуваагдсан өнөөгийн монголын төр засгийн удирдлага, улс төрчдөд салж таслагдсан Хазара мэтийн монгол угсаатны амь амьдрал, хувь заяа огтхон ч падлийгүй. Тэдэнд өнөө жилийн сонгуульд ялалт байгуулах, өөрийн хүнээ сайдад зүтгүүлэх, өөрсдийн санаачилж өргөн барьсан хуулиа батлуулах, Страгтегийн ордуудаас томоохон хэрчим хувьцаа хүртэхийг л эн тэргүүнд тавьна. Энэ цагийн улс төрчид дунд Нармай Монгол үзэлтэй, сарьнаж бутарсан ард түмнийг нэгтгэх хүсэл мөрөөдөл тээж явдаг хүн бий эсэхийг мэдэх юм алга. Хэрэв байдаг бол тэд одоо ичээндээ унтсаар байна. Уул нь Ар Монголчууд бид чинь монгол туургатан дотроо цорын ганц бүрэн эрхэт, бүгд найрамдах засаглалтай, ардчилсан парламенттай улс юмсан. Салж сарнисан монгол туургатнууд бүгд л бидэнд итгэж найдаж, гэрэл гэгээгээ болгон харж байна шүү дээ. Олимпод Монгол хүн аварга болоход өөрсдөө болсон мэт баярлаж, гарал угсаанаасаа болж шахагдан гадуурхагдсан ч “Би Чингисийн удам” гэж дотроо бардамнаж амьдарсаар байна шүү дээ. Харин бид тэднээс ичмээр юм. Төр засгийн удирдлага улс төрчидийг ярихаа больё гэхэд эгэл ард түмэн бид хүртэл хоорондоо энгийн шалихгүй зүйл дээр хүртэл нутаг ус, жалга довоороо хуваагддаг.Монгол туургатны өв соёл үндэсний бөхийн барилдаан дээрээ ч хүртэл халх, дөрвөд, баяд, буриадаараа талцана. Тэгэхээр ч эмгэнэлт жүжгийн төгсгөлийг эерэгээр төгсгөх өдий байна даа. Иймийн учир хилийн чанадад том улс үндэсний бөөрөнд гадуурхагдан байгаа монгол угсаатнууд маань “Хүлээхүйн театртаа” абсурд жүжгийнхээ гол дүрийг бүтээсээр л байхнэдээ.Харин мартсанаас бид ядаж бэльтажнаас үзэж буй жүжгийнхээ тасалбарыг худалдаж авсан билүү?

Tuesday, April 3, 2012

Хаос

Инээдэггүй уйлдаггүй, ядахнаа ширүүн ч хардаггүй
Ер нь ямар ч нүүрний хувиралгүй
Нэгэн хэвийн цонхигор царайтнуудтай
Гудамжны буланд зөрлөө.
Замаар хөврөх машин тэрэгнүүд ч нэг л эрч хүчгүй
Залхсан янзтайгаар хөдөлгөөнд оролцоно.
Энэ амьгүй бүхнийг улам бодит болгохоор
Шар том зурмал нарыг
Агаарт хэн нэгэн нь зуржээ.
Шарсан өндөг шиг харагдана.
Хөөсөн чихрүүдийг ч тэнгэрт хөөргөжээ.
Хиймэл үнэмшилгүй гэлээ ч хүмүүс үүлс гэж итгэнэ.
Эрээн мяраан олон өнгө алагласан
Өндөр нам зуйван дөрвөлжин
Эвлүүлдэг тоглоом мэт
Элдэв барилгуудын дундуур явж өнгөрөхдөө
Энэ хотод надаас өөр үнэмшил төрүүлэх зүйл үлдээгүйг ойлгов.