Tuesday, February 26, 2013

Маньяк

Эцсийн тохиолдол нь ч энэ биш 
Эхнийх нь ч бас биш 
Цуврал алуурчин ҮХЭЛ-ийг 
Хэн зогсоож чадах вэ? 
Үхэл гэдэг түрдээ түүнд оноосон нэр! 
Үнэндээ түүнийг хэн болохыг хэн ч мэдэхгүй. 
Гаж донтон, сэтгэцийн өвчтөн 
Гол нь тэр яав ч эрүүл биш! 
Ганц баттай мэдээлэл “Нууцлаг нэгэн” 
“Эргэж бүү хар” 
Энэ л үг 
Эцсийн цаг үеийн тэмдэг байх болно. 
Амьдрал дээр ихэнхидээ ийм этгээдүүд 
Аймхай, зожиг, хаягдмал амьтас байдаг ч 
Хөнөөхөө хүрвэл ямар ч аргаар 
Хурууны хээ ч үлдээхгүй цэвэрхэн үйлдсээр... 
Эхнийх нь ч энэ биш. Эцсийнх нь ч бас биш. 
 Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно.

Sunday, February 24, 2013

"Шинэ тавилга" өгүүллэг

Зандан модоор хийсэн,будаг нь хуучраагүй... Тэр зарын сонин уншиж байгаад “За Итали мебель л биз” гэж дотроо хэллээ. Гэхдээ тэр уг зарыг гүйцэд уншиж дуусаад өөрийгөө буруу уншчихлаа гэж бодлоо. Ахин нэг, гэхдээ үг үсэг бүрээр лавшруулан уншсан хойноо зүгээр л алмайрч орхилоо. Зар дээр ийм өгүүлбэр байж “Зандан модоор хийсэн, будаг нь хуучраагүй авс үнэ тохирч зарна. харилцах утас:.9919.......” гэсэн аж. Тэр уг нь зар сониноос байрлал сайтай, түрээслүүлэх үйлчилгээний обьект хайж байлаа. Харин одоо түүнийг тэрхүү зарагдах авсаас өөр юу ч анхаарлынх нь төвөөс алдуурчээ. “Ямар хүн нь авс зардаг байнаа? Бүр сонин дээр зар тавьдаг...” гэсэн хэрэгт дурлалт түүнийг чангаасаар байсанд сонирхолдоо дийлдэж зарын дагуу залгаж ярьлаа. Хувь хүн аж. Хоолойны өнгөөр нь баримжаалвал хижээл насны, түүнээс ч хөгшин байж мэдэх эр гэрийн хаягаа зааж өглөө. Уг нь түүнд хангалттай их ажил байгаа. Үнэндээ тэр авсыг зарна уу, байна уу хэн ямар учраас зарах нь түүнд падлийтай зүйл огт биш гэлээ ч тэр хэдийн зааж өгсөн хаягын дагуу яваад эхэлжээ. Замдаа тэр ер нь яах гэж яваагаа өөрөө ч ойлгохгүй байлаа. Зард бичсэн яг тийм шинэ, будаг нь хуучраагүй, зандан модоор хийсэн авс байлаа гээд худалдаж авахгүй гэдгээ тэр сайн мэдэж байгаа. Ер нь муу ёрлосон биш авсаар ч яах билээ дээ? Гэхдээ тэр яагаад тийшээ өөрийн мэдэлгүй хөтлөгдөөд байгаагаа ойлгохгүй явлаа. Амьдрал нь нэгэн хэвийн ганц өдөр ч болов хачирхалтай явдалтай тохиолдохыг хүссэн нь уруу татсан байж ч мэднэ. Үл мэдэг чихүүдэс ч төрөх шиг... Ямар нэг зүйлийг ёрлоод л байгаа юм шиг... Үнэн хэрэгтээ түүнийг ямар нэг ёр билиг даллан дуудна гэхээс илүүтэй ямар хүн нь ийм юм зардаг байнаа гэсэн бодол нь түүнийг тийш хөтөлж байлаа. Замын түгжрэл түүнийг очих газарт нь төлөвлөсөн цагаас нь татаж байсанд авс зарагчыг төсөөлөн бодлоо. Тэр ер нь ямар хүн бол? Цуврал алуурчин юм болов уу? Сэтгэл мэдрэлийн өвчтөй гаж донтон юм болов уу? Ийм этгээд зараар хүмүүсийн сонирхлыг татаж ирүүлээд мөчилж алчихаад өнөөх авсанд нь хийж оршуулдаг бол яана? Эсвэл тэр зүгээр л мужаан байх! Захиалсан хүн нь үнэтэй, эсвэл хийц нь таалагдаагүйгээс худалдаж авахаас татгалзсан байх.Тэгээд л мань мужаан хөрөнгө мөнгө зарж хийсэн эдийнхээ ядаж зардлыг нөхөхийг хүссэн байх. Ер нь сүүлийн таамаг л хамгийн амьдралтай нь болов уу? Тэр машиндаа түгжрэл дунд зогсож байхдаа энэ мэтийг л бодож явлаа. Ингэж очих гэсээр байтал өвгөн гараад явчих вий дээ? Нэгэнт өнөөдрийн ажлаа бүгдийг нь хаяад зориод очдог эзэнгүй хаалга мөргөвөл шал дэмий цаг үрсэн хэрэг болно гэж бодоод хашир зангаар зар дээр тавьсан утас руу залгаж ярьлаа. Ашгүй гэртээ хүлээж байна гэнэ. Явсаар нэг юм зааж өгсөн хаягын дагуу очлоо. Шинэ баригдсан хотхонд амьдардаг болж таарлаа. Хаа очиж гадаах орчин нь их тохьтой юм. Харваас л тохь томоотой иргэд аж төрдөг газар нь илт. Зааж өгсөн орцоор орж хоёр давхрын шат руу харсан хаалганы хонхыг дарлаа. Арай л чанга дарчих шиг боллоо. Хэсэг хүлээгээд хаалга тайлаагүйд ахин нэг удаа гэхдээ аажуухан дартал ханиалгасаар хүний хөлийн чимээ гарч хаалга онгойлголоо. Сайн байна уу? Би зарын дагуу... Өө тэгэлгүй яахав. Алив орооч. Хоолойны өнгөөр төсөөлсөнчлөн жар орчим насны эр угтлаа. Байгаа байдлыг нь харахад лав тэр мужаан биш бололтой. Ядаж гар нь насаараа албан өрөөнд суусан хүний гар шиг эвдрээгүйг хэлэх үү. Мужаан хүн гэхээр л заавал эвдэрсэн гартай байх албагүй ч мужаан биш гэдэг нь тодорхой. Харин гаж донтон алуурчины хувьд хүний гаднах төрхөөр нь тааж мэдэх боломжтой биш. Цуврал алуурчин байхад эвдрээгүй гар байх тусмаа бүр ч боломжтой юм. Өвгөн түүнийг зочны өрөөнд буйдан дээр суулгаж өөрөө цай авч ирэхээр явав бололтой. Одоо сониуч зан, төсөөлөл нь хэдийн биелэжээ. Аль хэдийн тэр хэдхэн цагийн өмнө таамаглаж төсөөлж асан өнөөх авс зарагчындаа ирээд зогсохгүй зочны өрөөнд нь тухлаад авчээ. Хэрэв өвгөн үнэхээр л цуврал алуурчин бол сониуч зан нь түүнийг үхэл рүү хөтөлжээ. Өвгөн арай л удаад байх шиг... Магадгүй санаа дагаад ч тэр байж болно л доо. Тэр нүцгэн гараараа балиус барьсан түүнтэй халзагнах болвол дийлэх болов уу яах бол? Боломж байгаа дээр эргээд яваад өгчихдөг ч юмуу гэж бодож үзлээ. Уг нь тэр гучин дөрөвтөй, өвгөн харин жар орчим насны, бие бялдар, насны хувьд харьцуулж үзвэл шийрвэгнээд байх зүйл ч биш л дээ. Болгоомжлох ганц юм нь өвгөн тэр ажилдаа гаршсан нэгэн бол хүдэр эрийн бодийг ч хөдөлгөж чадна. Эргэлзээ тээнэгэлзээг арилгаж өвгөн хоёр аяга цай, бас бус чихэр сэлт барьсаар орж ирлээ. Одоо нэг эргэлзээ нь цайнаас уух уу яах вэ? Өвгөний өгсөн цайнд уруулаа хүргэсэн болоод буцаагаад тавьлаа. Өвгөн харин өөрт аягалсан цайгаа ууж байна. Өвгөн яриагаа эхлэх гээд хаанаас эхлэхээ мэдэхгүй хэсэг ээрсэнээ: -Хэзээ зар дээрээс харав? гэж байна. Залуу: өнөөдөр. гэж товчхон хариулахад Өвгөн: Харин дэмий ч зар тавив уу? Хүн амьтан юу гэж бодох билээ гэж бодсон ч яах аргагүй арга ядаад... гэсэнд одоо л нэг залуу уужуу амьсгаа авлаа. Өвгөний ярианаас цөхөрсөн, арга ядсан нь илт мэдэгдсэнд санаа амарч аягатай цайнаас нэг балгаж аваад хамгийн их асуухаар хүсэж байсан яагаад авс зарахаар шийдсэн, ямар учиртай авс болохыг асуулаа. Тэр мужаан ч, гаж солиотон аль нь ч биш байж. Өвгөн харин тэр авсыг эхнэртээ хийлгэжээ. Найдлагагүй болсон эмгэндээ зориулж тусгайлан захиалж хийлгэжээ. Харин бэлэн болсон авсыг мужааны цехээс гэртээ авч ирсэн цагаас эмнэлэгт байсан эхнэрийнх нь бие гайхамшиг гэлтэй сайжирсаар, хачирхалтай нь үхлийн аюул бүр түүнээс холджээ. Эмч нар ч, анагаах ухаан ч уг хачирхалтай явдлыг тайлбарлаж чадахгүй байгаа аж. Харин өвгөнийг ажил явдлын бүхий л ажлыг бэлтгэж, авс хүртэл хийлгэж амжсаныг нь эмгэн нь битгий хэл үр хүүхдүүд нь ч мэдэхгүй аж. Бүх зүйл уг хачирхалтай зандан модоор хийсэн авснаас болоод буй гэж өвгөн эхэндээ итгэхийг хүссэнгүй. Зүгээр л тохиолдол алийг тэр гэхэв дээ уг нь. Гэхдээ л түүнд нэг л хачирхалтай санагдах болж. Тэгтэл хөгшин нь өнөө маргаашгүй гэртээ гарах болжээ. Өөрийнх нь эдгэшгүй хүнд өвчин гайхамшигтайгаар эдгэрсэнд их бага хэмжээгээр нөлөөлсөн өнөөх авсыг хараад юу гэх бол? Насан туршдаа ханилсан эхнэр нь өвгөнийгөө өөртөй нь хэдийн салах ёс хийхээр бэлтгэснийг мэдээд яах бол? Хүүхдүүд нь эцгийнхээ энэ үйл үйлдлийг зөнсөн гэж дүгнэх үү? Эсвэл хоёулахнаа олон жил амьдраад эмгэнээсээ салахын түүс болсон үйлдэл гэж ойлгохуу гэдэг нь сонин. Юутай ч лав сайнаар хүлээж авах хүн нэгээхэн ч үгүй. Тиймээс л цаг байгаа дээр нь тэрхүү хачирхалтай явдал дагуулсан авсыг далд оруулахаар шийджээ. Өвгөн түүнд гадаа тагтан дээрээ хадгалж байгаа зандан авсыг үзүүллээ. Түүний бодож төсөөлж байсан шиг энгийн нэг шарилын хайрцаг биш гэдэг нь гаднах байдлаасаа л ил болж ирлээ. Маш гоёмсог, хийл хөгжим хэлбэрт улаан хүрэн өнгийн авс байх нь тэр. Дотрыг нь зөөлөвчөөр чигжиж, хөх цэмбээр хулджээ. Энгийн нэг шарилтай хамт булдаг модон хайрцаг биш жинхэнэ урлагийн бүтээл болжээ. Зорьж ирсэн зүйл нь түүний төсөөлсөнөөс хэд дахин илүү зүйл байсанд тэр алмайрч орхижээ. Өвгөний хань нь хөгжимчин, насаараа симфони хөгжмийн оркестрт эрдүү хийл тогложээ. Тэгээд л өвгөн ханийхаа сүүлчийн, насан туршынх нь гэр оронг өөрийнх нь хайртай хөгжмөөр хийхийг хүсчээ.Гэтэл мужаан "эрдүү хийл" гэдгийг том хийл гэж буруу ойлгоод "морин хийл" хийчихжээ. Одоо харин эмгэнд нь эрдүү хийл ч, морин хийлч, шарилын хайрцаг ч ойрын хэдэн жилдээ хэрэггүй болжээ.Залуу тэрхүү гайхамшигт хийлийг тэмтэрч, хурууныхаа өндөг нэг бүрээр мэдэрч, бишрэн харж буйг өвгөн харин горьдлогын нүдээр харж байлаа. Өвгөн залууг анхандаа ажил явдал тохиолдсон эр мэтээр төсөөлж байж, харин одоо гаж этгээд зүйл цуглуулагч болов уу гэж таамаглах боллоо. Залууд үнэндээ тэр авсны хэрэг огтхон ч байгаагүй ч өвгөнийг бодсондоо юу, эсвэл тэр гайхамшигт нарийн хийц, сэтгэл шингэсэн урлагийн бүтээлийг өөр хэн нэгэнд алдахыг хүсээгүйдээ худалдаж авлаа. Үнэ мөнгөний хувьд өвгөний хэлсэн ханшаар, уг бүтээлтэй харьцуулахад харьцангуй бага үнээр гэхдээ сарынхаа ажлын байр түрээслэх мөнгөн дээр тавин мянгыг нэмээд улаан хийлийг өөрийн болголоо. Өөрийнх нь тэргэнд багтахгүйд ачааны машин хөлсөлж авч харив. Өдөрхөн энэ бүхэн зүгээр л сониуч зан, сэжиг айдас, таамаглал байсан бол одоо тэр гэртээ маш этгээд загварын тавилгатай болсондоо сэтгэл өег байлаа. Тэр багасаа л ямар нэг жөгжим эзэмшиж сурахыг хүсдэг байжээ. Гэхдээ тэр хүслээ мартаад олон жил болсон. Ер нь түүн шиг авс авчихаад тэгтлээ баярладаг хүн байдаг болов уу бүү мэд. Тэр орой гэртээ өнөөх улаан хийлээ оруулж байрлуулчихаад ахин сонжиж үзлээ. Өвгөнийд гэртээ байгаа шигээ ийн тухтай үзэж сонирхох боломж байсан биш. Тэр үед авс эмгэнийх байсан.Түүний томоогүй зан хөдөлж авсанд хэвтэж үзлээ. Өөр ямар ч орон дээр унтаж байснаас л илүү тухтай санагдлаа. Ингээд унтчихвал илүү сайхан амрах юм шиг... Тэр гэртээ ганцаараа амьдардаг нь ямар их зол вэ? Үгүй бол гэрийн гишүүдийн хэн нэгэн нь түүнийг ийм зүйл худалдаж авсанд таагүй л хандах байсан биз. Тэр хөнжлөө авч нөмрөөд хийл дотроо унтлаа. Гэхдээ тагыг нь хаасангүй. Өмнө хэзээ ч түүний сонсож байгаагүй гайхамшигт аяз хийлээс эгшиглэсээр тэр гүн нойрны ертөнцөд хөл алдлаа. Түүнийг тухтай гэгч нь унтаж байхад авсны таг хаагдан түгжигджээ. Өглөө залуу сэрсэнгүй. Залуу бүтэж үхжээ. Гоёмсог, тухтай, урлагийн бүтээл болсон гэрийн шинэ тавилга дотроо үүрд унтжээ. Тэр авсыг сайтар үзэж сонирхсон хэдий ч бүрэн гүйцэд үзээгүй ажээ. Мужаан уг авсыг хийж дуусчихаад өвгөний зөвшөөрөлгүйгээр доорхи үгийг толгойн хавтгай гадаргуу хэсэгт сийлжээ. “Эд зүйлс бүхэн зөвхөн хэн нэгэнд зориулагдан бүтээгддэг ба бүгд өөрийн эзэнтэй байдаг. Ө.Ү”