Monday, January 12, 2015

МАНСУУРАЛ - УРАН БҮТЭЭЛИЙН ХОЛБОО

Би ямар ч мансууруулагч хэрэглэдэггүй.
Учир нь би өөрөө мансууруулагч.

сюрреалист

Хийсвэрлэх урлагийг үүсгэгч


            1999 он. Мюнхен хот. Wohenende-ээр Чех яваад ирсэн найз Уве надад сюрприз барихаар шийдснээ дуулгаж бааранд дуудав. Очлоо. Надад зориулж шидэт умдаа чехээс авчирч гэнэ. Цэхэр, хөхөмдөг ногоон өнгөтэй өтгөн зунгаарсан ликёр хундагалав. Хундаган дээр ёроолдоо ромб хэлбэрийн нүхтэй, үзүүртээ дэгээ бүхий халбага тавиад ширхэг ёотон голлуулаа. Тэгээд өтгөн ликёроо аажуухан ёотон дээр асгаад шүдэнз зуран галдав. Хэсэг харж байснаа галыг унтрааж, намайг татчих гэж байна. Уулаа. Гоц гойд юм мэдрэгдсэнгүй. Уве харин яаж байна? гэж байн байн асууна. Би гайхана. Өөрийгөө чагнана. Зөөгч ирээд ахиж захих зүйл байгаа эсэхийг лавлах үед би гэнэт нэг өөрчлөлтийг олж харлаа. Түүний цамц, уруул гэрэлтэж байв. Люминесцент гэрлийн нөлөөгөөр цайвар зүйлс асч, гэрэлтдэгийг бүгд мэднэ. Гэхдээ энэ арай өөр байна. Эргэн тойронд буй улаан, шар, цэнхэр өнгөнүүд нүд гялбуулан асч, гэрэлтэнэ. Тээр хол суугаа хүмүүсийн шивнээ тодхон сонсогдоно. Уве-д гарч буй өөрчлөлтийг мэдээллээ. Мань эр инээд алдан -За, чи Henri Matisse үедээ сууж байгаа юм байна. Дахиад нэг татчихбал Marc Chagall болно гэж байна. Чехээс олж ирсэн умдааг нь absinthe гэх ажээ. Хэрвээ уншигч Матиссын "Бүжигчид", Шагалын хожуу үеийн зургуудийг санаж байгаа бол абсинтийн үйлчилгээг төсөөлөх байх гэж найдна.
            Абсинт нь ХХ зууны эхэн үед европт ихэд дэлгэрч, ялангуяа уран бүтээлч давхаргынхны шимтдэг умдаа болж байжээ. Абсинтээс болоод кубизм, абстракционизм, авангардизм, модернизм, сюрреализм гээд зүсэн зүйлийн урсгал сад тавин дэлгэрэхэд хүрсэн гэхэд огтхон ч дэгсдсэн болохгүй. Энэ төрлийн ликёр нь оюун санаанд хүчтэй нөлөөлж, хараа сонсголыг хурцлан, гаж өөрчлөлт үзүүлж, удаан хугацаагаар донтож хэрэглэвэл тархины эд эсийг гэмтээж, солиорол, хийрхэлд хүргэдэг нь нотлогдсон тул одоо Чех, Андорра хоёроос бусад Европын улсуудад хориглосон гэнэ. Анзаарвал Пикассогоос уруудаад бүгд л ууж, онгодоо хөглөн, абсинтаа магтан дуулж, зурж байжээ. Абсинттай бүсгүй, абсинттай натюрморт, абсинттай шүлэг, хөгжим ... дуусахгүй жагсаалт гарна. Надад үнэхээр сюрприз байлаа.
            Гол зүйлдээ оръё. Би тэгэхэд анх удаа модерн, авангард урлаг хоосон хэлбэрдэлт, чамирхлаас бус тэр цагийн зураачдын дотроос нь төрж байсныг ойлгосон юм. 80-аад оны сүүлч, ерөөд оны эхээр монголд авангард урлагийг мандуулна гэж найзуудын хамт хөөрцөглөж явсан би ичлээ. Бид хуурай агсам тавьж байсан юм байна. Дотроос нь оргилж хийсэн бүтээлийг нь бид гаднаас нь хараад дууриаж, сармагчилж байж. Урлаг хүний дотроос оргилж байж давтагдашгүй болдог гэж энэ юм уу.
            Намайг мансууруулах бодисыг магтан дуулсан хэргээр дуудах вий, ха ха ха. Би ерөөсөө ч магтахгүй. Яагаад гэдэгт л хариулт хайж байгаа юм. Яг үнэндээ бол архи тамхины төрлийн мансууруулагчид эрүүл мэндэд хортой болохоос бус оюун санааг тэлж, хүчтэй өдөөдөг нь маргашгүй зүйл юм. Агуу эрдэмтэд, уран бүтээлчид мансуурлын нөлөөн дор суут нээлт, домогт бүтээлүүдээ туурвисан байдаг. Гээд агуу болох гээд мансуурах хэрэггүй. Агуу хүмүүс агуугаараа л төрдөг. Зүгээр хаяадаа өөрсдийгөө хурцалж, өдөөдөг л байсан гэдгийг хатуу сануулаад мансуурал, бүтээлч сэтгэлгээ хоёрын холбооны талаар хийсэн нэгэн судлагааны дүнг сонирхуулъя.

Туршилт ба үр дүн

            Францын зураач эмэгтэй анх удаа ЛСД(Lysergic acid diethylamide) хэрэглэсэн үедээ өөрийн хөргийг 11 удаа зурж, цаг хугацаа, нөллөөллийн өөрчлөлтийг тэмдэглэсэн байна. Тодорхой хугацаа өнгөрөхөд түүний зургууд танихын аргагүй өөрчлөгдсөн ажээ.


           



















15 минутын дараа (зүүн талд), 45 минутын дараа (баруун)
мэдрэмж: өнгөнүүд хурц болж ирлээ!






















1 цаг 45 минут өнгөрөхөд (зүүн), 2 цаг 15 минут өнгөрөхөд(баруун)
мэдрэмж: Өнгийн харандаанууд худалдаж авсан минь зөв байжээ!
Description: Bagy's HD:Users:bagy:Documents:zurag3_baruun.jpgDescription: Bagy's HD:Users:bagy:Documents:zurag3_zuun.jpg






















3 цаг 30 минут (зүүн), 4 цаг 45 минут (баруун)
мэдрэмж: Нүд зурмааргүй байна. Энэ зурагт нүд шаардлагагүй. Би нил ягаан.

Description: Bagy's HD:Users:bagy:Documents:zurag4_baruun.jpgDescription: Bagy's HD:Users:bagy:Documents:zurag4_zuun.jpg

















6 цаг (зүүн), 6 цаг 45 минут (баруун)
мэдрэмж: би нүдээ хамгийн сүүлд зурахаар шийдлээ. Бусад хэсгийг зурж
дуустал тэр намайг ширтээд байхыг би хүсэхгүй. Ер нь зураг намайг харахыг би хүсэхгүй нь. Хар харандаа хааччихав даа, за за надад бусад өнгөнүүд нь байгаа юм чинь. Энэ зураг надад таалагдаж эхэллээ











Description: Bagy's HD:Users:bagy:Documents:zurag5_zuun.jpgDescription: Bagy's HD:Users:bagy:Documents:zurag5_gol.jpgDescription: Bagy's HD:Users:bagy:Documents:zurag5_baruun.jpg














8 цаг (зүүн), 8 цаг 45 минут (төвд), 9 цаг 30 минут (баруун)
мэдрэмж: Би 45 минутын турш харанхуйд сууж, Pink Floyd сонссон чинь ийм юм болчихож. Өмнөх бүх зургууддаа би толгойн дотор минь юу болж байгааг
зурах гэж хичээдэг байсан. Харин одоо би толгойноос минь гадуур болж
байгаа бүхнийг дүрслэхийг хүсч байна.

            Дээрх туршилтаас харахад мансуурах бодис хэрэглэснээс 6 цагийн дараа хийсвэрлэл, халилын дээд цэгтээ хүрч тэгээд хэвийн байдал руугаа аажим буужээ гэж ойлгогдохоор юм. 1950-иад оны сүүлчээр АНУ-ын Засгийн газрын сэтгэцэд нөлөөлдөг эмийн үйлчилгээг эмнэл зүйн зорилгоор судлах хөтөлбөрийн дагуу үүнтэй төстэй судлагаа хийсэн байдаг. Судлагаанд хамрагдахыг зөвшөөрсөн зураачид 50 мкг LSD-25 тарьж, хайрцаг нүүрсэн харандаа, үзэг цаас өгчээ. Ажиглалт, тэмдэглэлийг харин эмч хөтлөсөн байна. Олон зураг зурснаас товчлоод гол гол цэгүүд дээр зурсныг харуулъя

Description: Bagy's HD:Users:bagy:Documents:us2.jpgDescription: Bagy's HD:Users:bagy:Documents:us1.jpg

























20 минут                                                                      2 цаг 30 минут




Description: Bagy's HD:Users:bagy:Documents:us3.jpgDescription: Bagy's HD:Users:bagy:Documents:us4.jpg

























4 цаг 25 минут                                                                                     8 цаг

            Туршилтын эхлэл болон төгсгөлд зурсан зургаа зураач голж, уйтгартай хэнд ч хэрэггүй хог гэж байжээ. Харин мансууруулах эмийн үйлчлэлийн оргил үед тэр хэдий зарим үед цаасаа олж хүрч чадахгүй, хөдөлгөөнөө удирдаж хүчрэхгүй байсан ч бий болсон бүтээлийг хамгийн ихээр таашааж, сайн зураг боллоо гэж байсан гэнэ. Тийм үедээ зураач амандаа "би мэдэж байна" хэмээн үглэж, тасалгаан дотуур эрчимтэй холхих, орон дээр дээш харж хэвтэн, гараараа агаарт ямар нэг зүйл дүрслэх мэтээр хачин авир гаргаж байсан гэж эмч тэмдэглэжээ.
            Уншсан, бичсэн та бид хамтдаа эрүүгийн цагдаагийн зохион байгуулалттай тэмцэх хэлтэст дуудагдахгүйн тулд одоо мансууралах бодисын хор хөнөөлийг дурсцгаая. Өгүүллийн эхэнд дурдсан абсинт бол тархийг гэмтээдэг гээд хориглогдсон, орчин үеийн хувилбарууд нь хоруу чанар багатай гэгдэж байгаа ч хэрэглээд дэмий. Химийн нийлэгжүүлэх аргаар гаргаж авдаг LSD, ecstasy, ice зэрэг бол үхэлд ч хүргэж мэдэх хөнөөлтэй эд бөгөөд эдгээрийг хадгалсан, хэрэглэсэн нөхцөлд эрүүгийн хариуцлагад татагддаг хуультай орон, монгол!
            Төгсгөлд нь хэлэхэд Д.Нацагдорж, Б.Явуухулан, Р.Чойном гээд манай уран бүтээлчид энгийн мансууруулагч - водка, шимийн архи зэргийг хэрэглэчихдэг байжээ. Нацгаа ах бол бүр addicted болоод согтуу үедээ айлын хашаа налаад зогсоогоороо өнгөрчихсөн байсан гэдгийг үеийнхэн нь дурссан нь буй. Аагтай, сүүтэй цай уугаад хөлс нь асгарч тавирч, "мансуурдаг" ардын зураач, урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Чогсом багшийн туршлага илүү дээр гэж уриалаад "bye" гэх шив.

Р.Батсайхан

Friday, January 2, 2015

"Цоожтой гүүр"

   Би нэг өдөр өнжөөд дараа өдрийнх арван гурван цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл гүүрэн дээр зогсдог ээлжийн ажилтай болсноор одоо танд хуучлах ээдрээт түүхтэй холбогдсон билээ. Ээлжгүй  өдрөө би өдөржин унтаж, маргаашийн ажлын нойрыг авдаг байв. Харин ажлын цагаараа гүүрээр ганц нэгээрээ явж өнгөрөх хүн иртэл машин дотор хөгжим сонсоод л сууж байдаг юм. Гүүрээр ганцаараа гиеүрсэн хүн явж л харагдвал, шууд л тэр хүн дээр явж очин яриа өдөж танилцаад, тэр хүний амьдралын тухай ярилцаж эхэлдэг билээ. Ер нь бол би хэр сайн ярилцаж чадна, тэр хэрээр миний ажлын амжилт үнэлэгддэг гэсэн үг. Гэхдээ танихгүй хүнтэй яриа үүсгэнэ гэдэг тийм ч амар ажил биш болохыг та гадарлаж л байгаа байлгүй. Гүүрээр өнгөрөх хүн бүхэнтэй ярилцсанаар ажлын бүтээмж үнэлэгддэг гэнгүүт миний  ажлыг сүлжээний бизнест татан оруулдаг ухуулагч, Христийн шашны сайн мэдээ тараагчидтай хольж хутгахгүй байхыг хүсье. Энэ ажил маань сэтгэл зүйчийн ажил юм аа. Гүүрнээс үсэрч амиа хорлохоор завдаж буй хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, амьдралын итгэл найдвар, баяр хөөрийн талаар ухуулж,  хийхээр шийдсэн алхмаас нь болиулах үүрэгтэй ажил билээ. Энэ ажлыг би анхандаа сэтгэл зүйчийн мэргэжлийн  дадлага ажил болгон сайн дураар хийж эхэлсэн ч, үр дүн нь урьдах жилүүдэд амиа хорлож байсан статистик судалгаанаас мэдэгдэхүйц эерэг гарч эхэлсэнд Нийслэлийн Онцгой Байдлын Албанаас орон тооны ажил болгон цалинжуулж өөр ээлжийн сэтгэл зүйчийг ч томилж өгсөн юм. Нэгэнт тоон баримт дурдсаных, нэгэн зүйлийг сонирхуулахад нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан амиа егүүтгэх хэргүүдийн 42 хувь нь зөвхөн энэ гүүрнээс үсэрч үхсэн тохиолдолдлууд гэвэл та итгэх үү? Чухам юуны учир эл гүүр хорвоогоос сайн дураар буцагчдын нөгөө ертөнцөд зорчих буудал болов гэдэг нь нэгэн залуугаас шууд эхтэй юм билээ.  Бүх зүйл анх ингэж эхэлжээ:
   - Хайр дурлалынхаа ид халуунд мансуурч, бие биенээсээ хором ч хөндийрч чадахаа больсон залуу хос  гал халуун, чин үнэнч хайр сэтгэлээ мөнхрүүлэхийг хүсэж л дээ. Тэгээд хотын төвөөс холгүйхэн орших нэрт удирдагчаар нэрлэгдсэн  гүүрний хашлагын сараалжин төмрөөс үүрд хамт байхын бэлгэдэл болгон өвөр талд нь өөрсдийн нэрс, ар талд нь дурлалын суманд оногдсон зүрх сийлсэн төмөр цоожийг түгжин дүүжлээд, түлхүүрийг нь үүрд хамт байх хүслээ шившин голын ус руу чулууджээ. Тэдний хайр сэтгэлээ мөнхлөн цоожилсон энэхүү шинэлэг үйлдлийг олон залуус дагалдан мөнөөх гүүрийн хашлага төмөр, бариул гээд цоож зүүж болох бүхий л хэсэгт хайр сэтгэлийн тангараг, хосуудын нэрний үсгүүд бүхий цоожоор бүрхэнджээ. Сүүлдээ гүүрийн албан ёсны нэрийг бүгд мартан “Хайрын гүүр” гэж нэрлэх болжээ. Гэгээн хайрын гэрч болсон өнөөх гүүр удалгүй хараал шингэсэн гүүр болон хувирах нь тэр. Бүтэлгүй хайр дурлалтай учирсан залуу гүүрнээс үсэрч үхжээ. Голын усанд үйж үхсэн талийгаач анхлан энэ гүүрэнд хайр сэтгэлээ цоожилж үүрдийн бэлгэдэл үлдээсэн хосын нэг байв.  Бүсгүй нь өөр эрийг даган далайн чинадыг зорьсноос ийм явдал болсон гэлцдэг байлаа. Тэр эмгэнэлт явдлаас хойшид бүтэлгүй хайр сэтгэлээсээ болж гүүрнээс дүүжилж үхэгсэд, чөлөөт уналт хийгчид тасрахаа байв. Гэнэтхэн л амьдралаас уйдагчид их болсныг мухар сүсэг, далд ертөнцөд итгэгчид  “анхдагч залуу”-ийн халааснаас олдсон бүтэлгүй хайрын шүлэг, мөнөөх хайрын гүүрийг жигшин зэвүүцсэн үгсээр дүүрсэн зурвас бүхий цаас хараал болон биелсэн гэдэгт итгэн холбон тайлбарладаг байв.
       Би энд ажиллах болсоор жил, зургаан сарыг үджээ. Ажлын ачааллын хувьд зундаа хэвийн, хавар намартаа сунаж унамаар, өвөлдөө бол амралтын байдалтай байдаг билээ. Энэ хугацаанд зуу зуун бүтэлгүй хайрын түүхүүд сонсож, элдэв янзын хүмүүстэй ярилцаж үзсэн минь нүсэр зузаан хайрын роман, докторын ажил хийхэд хангалттай хүрэлцэх мэдлэгийг хуримтлуулж дөнгөсөндөө. Би шаггүй ухуулагч бөгөөд ихэнхидээ ятган сэнхрүүлж дөнгөх агаад зарим үед ноцолдож зууралдаж, ихээхэн хүч гарган байж олон зуун хүний амийг аварч байв. Харин хоёр удаа яаж хичээгээд аварч чадаагүй юм. Харин намайг эзгүйчилж үсэрч үхсэн тохиолдол долоо удаа болсон. Насан туршдаа амьдралаас уйдсан хүмүүстэй зууралдахыг хүсэхгүй хэрнээ л хаяад явчихаж зүрхлэхгүй явсаар амьдралыг минь өөрчилсөн хаврын нэгэн өдөртэй золголоо. Гүүр амгалан тайван,  машиндаа тамхи баагиулан сууж байтал хөлсний унаанаас нэг дэгжин бүсгүй буун шийдэмгий гэгч нь гүүрний хашлага зүглэн алхлав. Би ч ум хумгүй гүйсээр бүсгүйгээс тав зургаан алхмын зайд дөхөн иртэл бүсгүй миний хардснаас тэс өөр үйлдэл гаргаж эхлэх нь тэр! Бүсгүй цүнхнээсээ алх гарган ирж хашлагын голд байх хуучирсан том цагаан цоожийг цохиж эхэллээ. Тэр цоожийг л цохиж эхлэхэд би хэн болохыг нь таньсан юм. Нөгөө далайн чинадыг зорьсон охин!  Жижиг алх нь цоожны ирмэг хэсгүүдийг эмтлэхээс бус эвдэж онгойлгож дөнгөхгүй байлаа.
-       “Тийм жижиг мөлгөр алх, энэ турьхан гар хоёр яаж бороо шороонд он удсан хамгийн хуучин цоожыг эвдэж чадах билээ дээ? “
Би эргэлзэж төвдөлгүйгээр бүсгүйд туслахаар очоод, юу ч дуугаралгүй алхыг нь шүүрэн авч цохиж эхэллээ. Хажууд нь хүн байгааг  анзаарах сөхөөгүй байсан бүсгүй алхыг гараас нь авахад л нэг цочин сандрах шиг болов. Намайг цоож руу далайж байгаад хэд хэд цохисны дараа бүсгүй шивнэх шахуу зөөлнөөр:
-        Би өөрөө, би эвдэх ёстой гэж хэлэхэд нь
-         Энэ алх чинь жижигдээд байнаа, миний машинд царил байгаа тэрүүгээр мулт татчихад болно гээд машин руугаа явж өнөөх царилаа авч ирэн бүсгүйд сарвайлаа.
 Голын урсгал руу уйтгарт нүдээр ширтэн байсан бүсгүй намайг царил аван ирэхэд   уйтгарт нүд нь шийдэмгий төрхөөр солигдон байдаг бүх л хүчээ гарган өнөөх цоожийг мулт татаж дөнгөв. Дараа нь мулт үсэрсэн цоожийг гогцоотой нь нийлүүлэн алгандаа барьж байгаад голын ус руу шидэж орхилоо. Цоожийг шидэхдээ бүсгүй  хүнд сонсогдтол чангаар бодох мэт маш намуухнаар:
-       Уучлаарай гэж хэлээд, надруу нүдээрээ баярлалаа гэж хэлэх мэт хараад тайван гэгч нь алхаж одсон юм.

Би ахиж тэр бүсгүйтэй таараагүй ээ, тэр өдрөөс хойш дахин гүүр рүү ч очоогүй. Энэ явдлаас хойш ахиж хэн ч үсэрч үхэхгүй мэт санагдсан учраас л би тэр ажлаа орхихоор шийдсэн юм. Учир нь би хараал байдаг гэдэгт итгэдэг , хараалыг хариулж болдог гэдэгт итгэдэг хүмүүсийн нэг билээ.