Tuesday, November 17, 2015

Дотно эрхэм ах минь амьсгал хураалаа
Дахиад хэн нэгний дотор би үүрд нойрслоо
Тээж сэтгэлдээ оршоогч нэгэн зүрх зогсов
Тэр миний хувьд дурсамж л болон хувирлаа.
Энэ хагацал эхнийх нь биш, эцсийнх нь тохиолдол бол хүлцэж чадах...
Энэ өдрийг хүртэл хэдэн удаа өрөөлийн дотор оршуулагдав аа
Ирэх сар жилүүдэд хичнээн авс мөрлөх бол оо?
Ээж минь, аав минь, эмээ өвөө, авга нагацууд...
Энэ хэдхээн жилд яасан ихээр өнчрөө вэ, ямар олон үхээ вэ би!
Эцэс төгсгөл, эвгүйцэм айдсын тэмдэг оршуулгын газар одоо
Элгэн садангийн минь орон гэр болжээ.
Намайг тэд ирээч гэж даллан дууддаггүй ч
Надтай холбоотой дурсамжуудаа нөгөө ертөнцийн зүг
Нэг нэгээр нь зөөж дуусахад би очно.
Нартад намайг оршин байсныг гэрчлэх хүнгүй болоход
Нэг мөсөн үхэх болно.


Эмийн үйлчилгээ гарчихаас нь өмнө
Амжиж дугжирсан байх нь чухаг
Эс бөгөөс бүхэл шөнийн турш тарчилж мэднэ.
Төв мэдрэлийн системийг дарангуйлсны нөлөөнд
Түр ч атугай шаналанг умартсанаас
Тэсвэрлэшгүй өвдөлт нэгээхэн хором ч намжсан хэрэг огтхон ч биш ээ.
Өнөө хэр ёолон буй эрхтэнийхээ дууг тархи нь сонсохгүй
Өвчин эдгэрсэн мэт мэдээ алдахын сайхныг
“Өвдөлт мэдрэхээ больчихвол үхчихсэнээс юугаараа ялгаатай? ” гэлцдэг
Өвдөж үзээгүй амнууд төсөөлөхийн ч нэр биш ээ.
Махан биеийн зовлон хэзээ нэгтээ эцэс болдог
Магад энэ мэтээр мартагнуулж дөнгөдөг ч
Өөрөөсөө хичнээн нуугаад ч
Өр зүрх нь эмтэрсээр л байдаг сэтгэлийн зовлонг

Өнөөх бие махбодь гэвч амсдаг болов уу?