Tuesday, February 26, 2013

Маньяк

Эцсийн тохиолдол нь ч энэ биш 
Эхнийх нь ч бас биш 
Цуврал алуурчин ҮХЭЛ-ийг 
Хэн зогсоож чадах вэ? 
Үхэл гэдэг түрдээ түүнд оноосон нэр! 
Үнэндээ түүнийг хэн болохыг хэн ч мэдэхгүй. 
Гаж донтон, сэтгэцийн өвчтөн 
Гол нь тэр яав ч эрүүл биш! 
Ганц баттай мэдээлэл “Нууцлаг нэгэн” 
“Эргэж бүү хар” 
Энэ л үг 
Эцсийн цаг үеийн тэмдэг байх болно. 
Амьдрал дээр ихэнхидээ ийм этгээдүүд 
Аймхай, зожиг, хаягдмал амьтас байдаг ч 
Хөнөөхөө хүрвэл ямар ч аргаар 
Хурууны хээ ч үлдээхгүй цэвэрхэн үйлдсээр... 
Эхнийх нь ч энэ биш. Эцсийнх нь ч бас биш. 
 Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно.

Sunday, February 24, 2013

"Шинэ тавилга" өгүүллэг

Зандан модоор хийсэн,будаг нь хуучраагүй... Тэр зарын сонин уншиж байгаад “За Итали мебель л биз” гэж дотроо хэллээ. Гэхдээ тэр уг зарыг гүйцэд уншиж дуусаад өөрийгөө буруу уншчихлаа гэж бодлоо. Ахин нэг, гэхдээ үг үсэг бүрээр лавшруулан уншсан хойноо зүгээр л алмайрч орхилоо. Зар дээр ийм өгүүлбэр байж “Зандан модоор хийсэн, будаг нь хуучраагүй авс үнэ тохирч зарна. харилцах утас:.9919.......” гэсэн аж. Тэр уг нь зар сониноос байрлал сайтай, түрээслүүлэх үйлчилгээний обьект хайж байлаа. Харин одоо түүнийг тэрхүү зарагдах авсаас өөр юу ч анхаарлынх нь төвөөс алдуурчээ. “Ямар хүн нь авс зардаг байнаа? Бүр сонин дээр зар тавьдаг...” гэсэн хэрэгт дурлалт түүнийг чангаасаар байсанд сонирхолдоо дийлдэж зарын дагуу залгаж ярьлаа. Хувь хүн аж. Хоолойны өнгөөр нь баримжаалвал хижээл насны, түүнээс ч хөгшин байж мэдэх эр гэрийн хаягаа зааж өглөө. Уг нь түүнд хангалттай их ажил байгаа. Үнэндээ тэр авсыг зарна уу, байна уу хэн ямар учраас зарах нь түүнд падлийтай зүйл огт биш гэлээ ч тэр хэдийн зааж өгсөн хаягын дагуу яваад эхэлжээ. Замдаа тэр ер нь яах гэж яваагаа өөрөө ч ойлгохгүй байлаа. Зард бичсэн яг тийм шинэ, будаг нь хуучраагүй, зандан модоор хийсэн авс байлаа гээд худалдаж авахгүй гэдгээ тэр сайн мэдэж байгаа. Ер нь муу ёрлосон биш авсаар ч яах билээ дээ? Гэхдээ тэр яагаад тийшээ өөрийн мэдэлгүй хөтлөгдөөд байгаагаа ойлгохгүй явлаа. Амьдрал нь нэгэн хэвийн ганц өдөр ч болов хачирхалтай явдалтай тохиолдохыг хүссэн нь уруу татсан байж ч мэднэ. Үл мэдэг чихүүдэс ч төрөх шиг... Ямар нэг зүйлийг ёрлоод л байгаа юм шиг... Үнэн хэрэгтээ түүнийг ямар нэг ёр билиг даллан дуудна гэхээс илүүтэй ямар хүн нь ийм юм зардаг байнаа гэсэн бодол нь түүнийг тийш хөтөлж байлаа. Замын түгжрэл түүнийг очих газарт нь төлөвлөсөн цагаас нь татаж байсанд авс зарагчыг төсөөлөн бодлоо. Тэр ер нь ямар хүн бол? Цуврал алуурчин юм болов уу? Сэтгэл мэдрэлийн өвчтөй гаж донтон юм болов уу? Ийм этгээд зараар хүмүүсийн сонирхлыг татаж ирүүлээд мөчилж алчихаад өнөөх авсанд нь хийж оршуулдаг бол яана? Эсвэл тэр зүгээр л мужаан байх! Захиалсан хүн нь үнэтэй, эсвэл хийц нь таалагдаагүйгээс худалдаж авахаас татгалзсан байх.Тэгээд л мань мужаан хөрөнгө мөнгө зарж хийсэн эдийнхээ ядаж зардлыг нөхөхийг хүссэн байх. Ер нь сүүлийн таамаг л хамгийн амьдралтай нь болов уу? Тэр машиндаа түгжрэл дунд зогсож байхдаа энэ мэтийг л бодож явлаа. Ингэж очих гэсээр байтал өвгөн гараад явчих вий дээ? Нэгэнт өнөөдрийн ажлаа бүгдийг нь хаяад зориод очдог эзэнгүй хаалга мөргөвөл шал дэмий цаг үрсэн хэрэг болно гэж бодоод хашир зангаар зар дээр тавьсан утас руу залгаж ярьлаа. Ашгүй гэртээ хүлээж байна гэнэ. Явсаар нэг юм зааж өгсөн хаягын дагуу очлоо. Шинэ баригдсан хотхонд амьдардаг болж таарлаа. Хаа очиж гадаах орчин нь их тохьтой юм. Харваас л тохь томоотой иргэд аж төрдөг газар нь илт. Зааж өгсөн орцоор орж хоёр давхрын шат руу харсан хаалганы хонхыг дарлаа. Арай л чанга дарчих шиг боллоо. Хэсэг хүлээгээд хаалга тайлаагүйд ахин нэг удаа гэхдээ аажуухан дартал ханиалгасаар хүний хөлийн чимээ гарч хаалга онгойлголоо. Сайн байна уу? Би зарын дагуу... Өө тэгэлгүй яахав. Алив орооч. Хоолойны өнгөөр төсөөлсөнчлөн жар орчим насны эр угтлаа. Байгаа байдлыг нь харахад лав тэр мужаан биш бололтой. Ядаж гар нь насаараа албан өрөөнд суусан хүний гар шиг эвдрээгүйг хэлэх үү. Мужаан хүн гэхээр л заавал эвдэрсэн гартай байх албагүй ч мужаан биш гэдэг нь тодорхой. Харин гаж донтон алуурчины хувьд хүний гаднах төрхөөр нь тааж мэдэх боломжтой биш. Цуврал алуурчин байхад эвдрээгүй гар байх тусмаа бүр ч боломжтой юм. Өвгөн түүнийг зочны өрөөнд буйдан дээр суулгаж өөрөө цай авч ирэхээр явав бололтой. Одоо сониуч зан, төсөөлөл нь хэдийн биелэжээ. Аль хэдийн тэр хэдхэн цагийн өмнө таамаглаж төсөөлж асан өнөөх авс зарагчындаа ирээд зогсохгүй зочны өрөөнд нь тухлаад авчээ. Хэрэв өвгөн үнэхээр л цуврал алуурчин бол сониуч зан нь түүнийг үхэл рүү хөтөлжээ. Өвгөн арай л удаад байх шиг... Магадгүй санаа дагаад ч тэр байж болно л доо. Тэр нүцгэн гараараа балиус барьсан түүнтэй халзагнах болвол дийлэх болов уу яах бол? Боломж байгаа дээр эргээд яваад өгчихдөг ч юмуу гэж бодож үзлээ. Уг нь тэр гучин дөрөвтөй, өвгөн харин жар орчим насны, бие бялдар, насны хувьд харьцуулж үзвэл шийрвэгнээд байх зүйл ч биш л дээ. Болгоомжлох ганц юм нь өвгөн тэр ажилдаа гаршсан нэгэн бол хүдэр эрийн бодийг ч хөдөлгөж чадна. Эргэлзээ тээнэгэлзээг арилгаж өвгөн хоёр аяга цай, бас бус чихэр сэлт барьсаар орж ирлээ. Одоо нэг эргэлзээ нь цайнаас уух уу яах вэ? Өвгөний өгсөн цайнд уруулаа хүргэсэн болоод буцаагаад тавьлаа. Өвгөн харин өөрт аягалсан цайгаа ууж байна. Өвгөн яриагаа эхлэх гээд хаанаас эхлэхээ мэдэхгүй хэсэг ээрсэнээ: -Хэзээ зар дээрээс харав? гэж байна. Залуу: өнөөдөр. гэж товчхон хариулахад Өвгөн: Харин дэмий ч зар тавив уу? Хүн амьтан юу гэж бодох билээ гэж бодсон ч яах аргагүй арга ядаад... гэсэнд одоо л нэг залуу уужуу амьсгаа авлаа. Өвгөний ярианаас цөхөрсөн, арга ядсан нь илт мэдэгдсэнд санаа амарч аягатай цайнаас нэг балгаж аваад хамгийн их асуухаар хүсэж байсан яагаад авс зарахаар шийдсэн, ямар учиртай авс болохыг асуулаа. Тэр мужаан ч, гаж солиотон аль нь ч биш байж. Өвгөн харин тэр авсыг эхнэртээ хийлгэжээ. Найдлагагүй болсон эмгэндээ зориулж тусгайлан захиалж хийлгэжээ. Харин бэлэн болсон авсыг мужааны цехээс гэртээ авч ирсэн цагаас эмнэлэгт байсан эхнэрийнх нь бие гайхамшиг гэлтэй сайжирсаар, хачирхалтай нь үхлийн аюул бүр түүнээс холджээ. Эмч нар ч, анагаах ухаан ч уг хачирхалтай явдлыг тайлбарлаж чадахгүй байгаа аж. Харин өвгөнийг ажил явдлын бүхий л ажлыг бэлтгэж, авс хүртэл хийлгэж амжсаныг нь эмгэн нь битгий хэл үр хүүхдүүд нь ч мэдэхгүй аж. Бүх зүйл уг хачирхалтай зандан модоор хийсэн авснаас болоод буй гэж өвгөн эхэндээ итгэхийг хүссэнгүй. Зүгээр л тохиолдол алийг тэр гэхэв дээ уг нь. Гэхдээ л түүнд нэг л хачирхалтай санагдах болж. Тэгтэл хөгшин нь өнөө маргаашгүй гэртээ гарах болжээ. Өөрийнх нь эдгэшгүй хүнд өвчин гайхамшигтайгаар эдгэрсэнд их бага хэмжээгээр нөлөөлсөн өнөөх авсыг хараад юу гэх бол? Насан туршдаа ханилсан эхнэр нь өвгөнийгөө өөртөй нь хэдийн салах ёс хийхээр бэлтгэснийг мэдээд яах бол? Хүүхдүүд нь эцгийнхээ энэ үйл үйлдлийг зөнсөн гэж дүгнэх үү? Эсвэл хоёулахнаа олон жил амьдраад эмгэнээсээ салахын түүс болсон үйлдэл гэж ойлгохуу гэдэг нь сонин. Юутай ч лав сайнаар хүлээж авах хүн нэгээхэн ч үгүй. Тиймээс л цаг байгаа дээр нь тэрхүү хачирхалтай явдал дагуулсан авсыг далд оруулахаар шийджээ. Өвгөн түүнд гадаа тагтан дээрээ хадгалж байгаа зандан авсыг үзүүллээ. Түүний бодож төсөөлж байсан шиг энгийн нэг шарилын хайрцаг биш гэдэг нь гаднах байдлаасаа л ил болж ирлээ. Маш гоёмсог, хийл хөгжим хэлбэрт улаан хүрэн өнгийн авс байх нь тэр. Дотрыг нь зөөлөвчөөр чигжиж, хөх цэмбээр хулджээ. Энгийн нэг шарилтай хамт булдаг модон хайрцаг биш жинхэнэ урлагийн бүтээл болжээ. Зорьж ирсэн зүйл нь түүний төсөөлсөнөөс хэд дахин илүү зүйл байсанд тэр алмайрч орхижээ. Өвгөний хань нь хөгжимчин, насаараа симфони хөгжмийн оркестрт эрдүү хийл тогложээ. Тэгээд л өвгөн ханийхаа сүүлчийн, насан туршынх нь гэр оронг өөрийнх нь хайртай хөгжмөөр хийхийг хүсчээ.Гэтэл мужаан "эрдүү хийл" гэдгийг том хийл гэж буруу ойлгоод "морин хийл" хийчихжээ. Одоо харин эмгэнд нь эрдүү хийл ч, морин хийлч, шарилын хайрцаг ч ойрын хэдэн жилдээ хэрэггүй болжээ.Залуу тэрхүү гайхамшигт хийлийг тэмтэрч, хурууныхаа өндөг нэг бүрээр мэдэрч, бишрэн харж буйг өвгөн харин горьдлогын нүдээр харж байлаа. Өвгөн залууг анхандаа ажил явдал тохиолдсон эр мэтээр төсөөлж байж, харин одоо гаж этгээд зүйл цуглуулагч болов уу гэж таамаглах боллоо. Залууд үнэндээ тэр авсны хэрэг огтхон ч байгаагүй ч өвгөнийг бодсондоо юу, эсвэл тэр гайхамшигт нарийн хийц, сэтгэл шингэсэн урлагийн бүтээлийг өөр хэн нэгэнд алдахыг хүсээгүйдээ худалдаж авлаа. Үнэ мөнгөний хувьд өвгөний хэлсэн ханшаар, уг бүтээлтэй харьцуулахад харьцангуй бага үнээр гэхдээ сарынхаа ажлын байр түрээслэх мөнгөн дээр тавин мянгыг нэмээд улаан хийлийг өөрийн болголоо. Өөрийнх нь тэргэнд багтахгүйд ачааны машин хөлсөлж авч харив. Өдөрхөн энэ бүхэн зүгээр л сониуч зан, сэжиг айдас, таамаглал байсан бол одоо тэр гэртээ маш этгээд загварын тавилгатай болсондоо сэтгэл өег байлаа. Тэр багасаа л ямар нэг жөгжим эзэмшиж сурахыг хүсдэг байжээ. Гэхдээ тэр хүслээ мартаад олон жил болсон. Ер нь түүн шиг авс авчихаад тэгтлээ баярладаг хүн байдаг болов уу бүү мэд. Тэр орой гэртээ өнөөх улаан хийлээ оруулж байрлуулчихаад ахин сонжиж үзлээ. Өвгөнийд гэртээ байгаа шигээ ийн тухтай үзэж сонирхох боломж байсан биш. Тэр үед авс эмгэнийх байсан.Түүний томоогүй зан хөдөлж авсанд хэвтэж үзлээ. Өөр ямар ч орон дээр унтаж байснаас л илүү тухтай санагдлаа. Ингээд унтчихвал илүү сайхан амрах юм шиг... Тэр гэртээ ганцаараа амьдардаг нь ямар их зол вэ? Үгүй бол гэрийн гишүүдийн хэн нэгэн нь түүнийг ийм зүйл худалдаж авсанд таагүй л хандах байсан биз. Тэр хөнжлөө авч нөмрөөд хийл дотроо унтлаа. Гэхдээ тагыг нь хаасангүй. Өмнө хэзээ ч түүний сонсож байгаагүй гайхамшигт аяз хийлээс эгшиглэсээр тэр гүн нойрны ертөнцөд хөл алдлаа. Түүнийг тухтай гэгч нь унтаж байхад авсны таг хаагдан түгжигджээ. Өглөө залуу сэрсэнгүй. Залуу бүтэж үхжээ. Гоёмсог, тухтай, урлагийн бүтээл болсон гэрийн шинэ тавилга дотроо үүрд унтжээ. Тэр авсыг сайтар үзэж сонирхсон хэдий ч бүрэн гүйцэд үзээгүй ажээ. Мужаан уг авсыг хийж дуусчихаад өвгөний зөвшөөрөлгүйгээр доорхи үгийг толгойн хавтгай гадаргуу хэсэгт сийлжээ. “Эд зүйлс бүхэн зөвхөн хэн нэгэнд зориулагдан бүтээгддэг ба бүгд өөрийн эзэнтэй байдаг. Ө.Ү”

Wednesday, April 18, 2012

"Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино мөн"

Кинонд их хүч бий. Бүр түүхээс ч их хүч бий. Шашин бол тархи угаах хар тамхи мөн гэдэг бол кино түүнээс агуу хүчтэй юм шиг... Өчигдөр "Долоон бурхан харвадаггүй" гэдэг кино үзлээ. Тэр киноноос л МАН-д өнөөх гайхал "Х" үсэг чухам юуны тулд ад үзэгдээд, хаягдаж гээгдсэний учрыг ойлгов. Тэгэхээр байнаа өнөөх "Х" үсгийг хайрлаж хамгаалаад байга Н.Энхбаяр чинь одоо цагийн Элбэгдорж Ренчино болж таараад байгаа юм. Таминь ээ дээр нь бас одоогийн энэ МАН чинь коммунист нам биш юм байна лээ. Яагаад гэвэл гай болоод байсан "Хувьсгалт" хэмээх үгийн товчлол болох "Х"-гээ хассан хойно. Хэрэв үнэхээр л зүүний социалист нам биш юм бол 90 жилийн түүхтэй гэж ярих эрх, болоод нүүр байна уу? Тэр 90 жилийн хугацаанд чинь коммунист замналаар замнасан, социолизмыг бүтээн босгосон цаг үе нь байгаа шүү дээ. Бас ЗХУ-ыг үг дуугүй дагаж явсан Ю.Цэдэнбал даргаа яах гэж байгаа улс вэ? Тэр хугацаанд Орос Монгол ах дүүгийн найрамдалт харьцаа нь ч явж байсан шүү дээ. Энэ кинон дээр "Орос ах" нартаа томоос том "салаавч" өгчээ. айдаггүй ичдэггүй л нөхдүүд юмдаа. Ерөнхийдөө "Долоон бурхан харвадаггүй" кинонд түүхийг гуйвуулаагүй байна лээ тэр нь сайшаалтай. Харин сайшаамгүй нэг гэм нь 90 жил монголын төрийг атгаж "Мууг дагаж могойн хорлол болсоноо бусад руу бухсан байгаа юм. Тэр үеийн МАН, өнөөгийн МАН хоёрт ямар ч ялгаа байхгүй төрсөн аав хүү хоёр юм байна гэдгийг ойлгуулав. Ер нь тэгээд бүх л юмны буруу Оросууд, Коментерн, Элбэгдорж Ренчинод байсныг ойлгуулж өгсөн уг киноны зохиолч Болор цомын эзэн "яруу НАЙГАГЧ" Ж. Мөнхбат танд гүнээ талархъя. Өө бас уг цэвэрхэн хийсэн PR-аа үнэгүй үзүүлсэн НАМЗХ-ны нөхдүүдэд баярлалаа. Үнэгүй үзчихээд олон долоон юм хуцсанд уучлана биз...

Tuesday, April 17, 2012

“Хүлээхүйн театрын” мөнхийн гол дүр Хазара


Уншигч авхай таны хувьд хамгийн тэвчиж барамгүй, зүйрлэхийн аргагүй залхуутай зүйл юу вэ? Та магадгүй шүдний өвчин ч юмуу ямар нэг хариулт хэлэх байх. Харин би эргэлзээгүйгээр “хүлээлт” гэж хариулна. Та хэзээ нэгэн цагт хэн нэгнийг тэсэн ядан, эсхүл тэвчээрээ алдартал хүлээж үзсэн байх. Тийм бол та намайг сайн ойлгож байгаа бизээ. Цагаа барьдаггүй, назгай, зарчимч биш зан нүүдэлчин бидний онцлог ч гэхүү? Аль эсвэл замын түгжрэл гэдэг бэрхшээлийг тооцоолоогүй, хот төлөвлөлт гэдэг зүйлийг огтоосоо мэддэггүй байсан бидний алдаанаас болж “хүлээнэ” “цагаасаа хоцроно” гэдэг Улаанбаатарчууд бидний хувьд дасал болсон мэдрэмжүүдийн нэг. Хүлээхэд бас учир бий ирэх нь тодорхой, ирнэ гэдгийг мэдэж байгаа тохиолдолд бид болзсон хүнээ хүлээдэг.Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж хүлээх нь хүлээлт биш харин горьдлого болж хувирна. Бид бүгдийг залхаан цээрлүүлэгч гайхал болох хүлээлтийн талаарх тод томруун жишээ Ирландын нэрт жүжгийн зохиолч С.Бэккэтийн “Годог хүлээхүй” хэмээх абсурд жүжиг дээр өрнөдөг юм. Энэхүү жүжгийн дэвшүүлсэн санаа болоод үйл явдал энэхүү нийтлэлийн маань утга агуулагатай бүрэн таарах юм. С.Бэккэтийн “Годог хүлээхүй” хэмээх эл жүжгийн өгүүлэмж нь Эстрагон, Владимар гэх хоёр зайгуул эр Тэдэнд хэрэгтэй зүйлийг авчрах Годо гэх хэн нэгнийг бүхэл жүжгийн турш хүлээх аж. Зайгуул эрсийн цөхрөнгө барагдаж сэтгэлээр унацгааж, бүр амиа хорлоцгоох тухай бодох боловч амьдралых нь цор ганц найдлага гэрэл гэгээ болох Годог хүлээсээр байх аж. Хүний сэтгэлийн гүн дэх цөхрөл харууслыг өгүүлэх энэхүү жүжиг зохиолчидоо Нобелийн утга зохиолын шагнал авчирсанаас гадна уг жүжгийг абсурд жүжгийн оргил гэж үзэх болсон бөгөөд уг жүжгийн гол санаагаар абсурд жүжгийн төрлийг “хүлээхүйн театр” гэх болжээ. Энэ бол бодит амьдрал биш тайзан дээрхи жүжиг билээ. Харин бодит амьдрал дээр жинхэнэ “Хүлээхүйн театрын” нэгэн бүтээл өнөөг хүртэл тавигдсаар... Уг жүжиг найман зуун жилийн настай гэвэл та итгэхүү? Найман зууны өмнө Чингис хаанаар удирдуулсан Монголын их цэрэг Хоризмыг дайлаар мордож Арабын ертөнцийг буулгандаа оруулахдаа өнөөгийн Афганистанд “нэг мянгатаа” орхиод явсан нь өнөөгийн Хазарачууд! Хазара хэмээх үг нь Перс хэлэнд “мянга” гэсэн утгыг илэрхийлнэ. Тухайн үеийн Их Монгол улсын байлдан дагуулал эзэлсэн газар нутаг бүртээ хяналт тогтоох, төвшитгөх зорилгоор хэсэг цэрэг үлдээж явдаг байсан нь өнөөгийн АНУ, болон НҮБ-ын Энхийг сахиулах хүчний” цэргийн бодлоготой төсөөтөй бөгөөд, орхигдон үлдсэн Хазарачууд өнөө цагийн Афганистан, Иранд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүдийн үүргийг тэр үед гүйцэтгэж байсан гэж ойлгож болох юм. Тэгэхээр АНУ-ын ерөнхийлөгч, болоод Синат Монгол арга барилыг хэрэгжүүлжээдээ янз нь? Гэхдээ тэд цэргүүдээ буцааж татаж авахгүй тэнд нь “мартчих” юм бол “Арабижсан Америк гаралтай” нэг хөөрхийлөлтөй үндэстэн үүсгэчих боломжтой л юм. Одоо ч гэхдээ тийм зүйл арай ч болохгүй байх л даа. АНУ удахгүй цэргээ бүр мөсөн татна гэж мэдэгдэл хийсэн байна лээ. Гэсэн ч юмыг яаж мэдэхэвдээ найман зуун жилийн өмнө их цэрэг нутаг буцахдаа авч явна гэж үлдээсэнээс хойш өнөөг хүртэл татагдаж авагдаагүй цэргүүдийн үлдэгдэл байна шүү дээ.Эзэлсэн нутгаа хариуцуулан үлдээсэн мянгатын цэргээ татаж аваагүй гол шалтгаан нь 14-р зуунд Монголын эзэнт гүрэн задарсантай холбоотой бөгөөд Монгол цэргүүд болон тэдний гэр бүлүүд энэ нутагт суурьшиж, нутгийн ёс заншилд тохируулан, Ислам шашинтнууд болон хувирчээ. Хэдий тийм боловч Чингис хааны байлдан дагуулалтаас үүдэн түүхэн үйл явдлын эргэн тойронд өнөөдрийн Төв Афганистан дахь энэ ард түмний тухай өөр нэг таамаг байдаг нь Чингис хааны довтолгооноос дөрвөсөн төв Азийн нүүдэлчин монголын нэг овог Бамиянд зугтаж ирсэн гэж үздэг. Энэ нь Чингис хааны Хоризм руу дайлаар мордсон байлдан дагуулалтаас нэлээд өмнө Хазара Монголчууд төв афганистанд ирсэн гэж үздэг бөгөөд энэ үйл явдал нь төв азийн нэлээд эртний нүүдэл байж магадгүй. Ямар ч байсан аль ч өнцгөөс харсан Монгол нутгаас нүүж очсон Монгол аймаг болх нь маргашгүй үнэн. Гэхдээ Мягатын цэргүүд байх магадлал маш өндөр билээ. Өдгөө Хазарачууд 8 сая орчим хүн амтай нэг үндэстэн болон өсөн үржсэн хэдий ч урт удаан түүхийн явцад нэгэн ард түмний хувьд амсаж мэдэрч болох бүхий л зовлон зүдгүүр, хавчлага, дарангуйлалыг биеэр амссан монгол туургатан билээ. Хазарачуудын бүх түүхийн явцад тэдний эсрэг хийгдсэн хамгийн харгис “гэноцид” Абдуррахманы хаанчлалын үе болон Талибаны дэглэмийн үед тохиожээ. Жишээ дурдвал Талибаны дэглэм тогтсон цагаас хойш уг апартэид бодлого улам өргөжиж Кабулд мянга мянгаар нь, 1997 онд Мазари-Шариф-д 15 мянга, 1998 онд тус хотод найман мянга, мөн тэр онд Бамиянд, 2000 онд Робатакид, 2001 онд Якаудангд хэдэн арван мянгаар нь Хазара хүмүүсийг хүйс тэмтрэн устгаж байсан ба Талибаны дэглэмийн үед амь насаа алдсан нийт Хазарачуудын тоо нэг сая хол давна. Хазарачуудыг хавчиж хяхах, гадуурхах гол шалтгаан нь шашин шүтлэг, гарал үүсэл өөр байхаас гадна хамгийн том шалтгаан нь Арабын ертөнцийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн Хоризмыг нураасан Чингис хааны хойч үлдэгдэл гэж үздэгээс энэ аж. Биднийг энд дулаан хөнжилдөө тайван унтаж, эд хөрөнгө зүүдэлж, өглөө нь хүний хөгжил сангийн мөнгөндөө оочирлож, улсаас авах нэг сая төгрөгөө хүлээж байхад, орой болгоны гадаад мэдээгээр дэлбэрэлт, хадлага дайралт боллоо гэж байнга шахуу мэдээлдэг Афганистанд монгол гарал угсаат ахан дүүс маань бидний өвөг дээдсийн эзлэн түрэмгийлэл, “дайны нөхөн төлбөрийг “ өөрсдийн амиараа одоо ч төлсөөр л байна. Уг нь тэднийг авч явна гэж хэлээд явсан. Тийм ч учраас хүлээж байгаа. Ирнэ гэж хэлээгүй, огт ирэхгүй хүнийг хэн ч хоосон найдлага тавьж хүлээдэггүй. Харин ирнэ гэж амласан учраас л хүлээдэг. Нийтлэлийхээ эхэнд жишээ дурдсан “Годог хүлээхүй” хэмээх абсурд жүжиг рүү гээ эргэн сануулъя. Тэрхүү жүжигт нөхөр Годог дансаа шалгачаад л ирнэ гэж хэлсэн учраас л Владимар, Эстрагон хоёр хүлээсээр байдагдаа. Тэвчээр алдарч, сэтгэл цөхрөм эмгэнэлт хүлээхүйн театрын жүжиг үргэлжилсээр л... Тэдний хүлээлт бяцхан охин шинэ жилээр өвлийн өвгөнөөс бэлэг авахыг тэсэн ядан хүлээхээс тэс өөр, бидний сонгуулын амлалт хэрэгжиж эхлэхийг хүлээхээс хамаагүй утга учиртай зүйл. Гэсэн ч одоо боджээ байхад Хазарачуудын дүр бүтээж буй абсурд жүжиг “Годог хүлээхүйн” адил эмгэнэлтэй төгсөх магадлал өндөр ажээ. Учир нь улс төрийн хүчнүүд, элдэв нам, жигүүр пракц, бизнесийн бүлэглэлээр талцаж хуваагдсан өнөөгийн монголын төр засгийн удирдлага, улс төрчдөд салж таслагдсан Хазара мэтийн монгол угсаатны амь амьдрал, хувь заяа огтхон ч падлийгүй. Тэдэнд өнөө жилийн сонгуульд ялалт байгуулах, өөрийн хүнээ сайдад зүтгүүлэх, өөрсдийн санаачилж өргөн барьсан хуулиа батлуулах, Страгтегийн ордуудаас томоохон хэрчим хувьцаа хүртэхийг л эн тэргүүнд тавьна. Энэ цагийн улс төрчид дунд Нармай Монгол үзэлтэй, сарьнаж бутарсан ард түмнийг нэгтгэх хүсэл мөрөөдөл тээж явдаг хүн бий эсэхийг мэдэх юм алга. Хэрэв байдаг бол тэд одоо ичээндээ унтсаар байна. Уул нь Ар Монголчууд бид чинь монгол туургатан дотроо цорын ганц бүрэн эрхэт, бүгд найрамдах засаглалтай, ардчилсан парламенттай улс юмсан. Салж сарнисан монгол туургатнууд бүгд л бидэнд итгэж найдаж, гэрэл гэгээгээ болгон харж байна шүү дээ. Олимпод Монгол хүн аварга болоход өөрсдөө болсон мэт баярлаж, гарал угсаанаасаа болж шахагдан гадуурхагдсан ч “Би Чингисийн удам” гэж дотроо бардамнаж амьдарсаар байна шүү дээ. Харин бид тэднээс ичмээр юм. Төр засгийн удирдлага улс төрчидийг ярихаа больё гэхэд эгэл ард түмэн бид хүртэл хоорондоо энгийн шалихгүй зүйл дээр хүртэл нутаг ус, жалга довоороо хуваагддаг.Монгол туургатны өв соёл үндэсний бөхийн барилдаан дээрээ ч хүртэл халх, дөрвөд, баяд, буриадаараа талцана. Тэгэхээр ч эмгэнэлт жүжгийн төгсгөлийг эерэгээр төгсгөх өдий байна даа. Иймийн учир хилийн чанадад том улс үндэсний бөөрөнд гадуурхагдан байгаа монгол угсаатнууд маань “Хүлээхүйн театртаа” абсурд жүжгийнхээ гол дүрийг бүтээсээр л байхнэдээ.Харин мартсанаас бид ядаж бэльтажнаас үзэж буй жүжгийнхээ тасалбарыг худалдаж авсан билүү?

Tuesday, April 3, 2012

Хаос

Инээдэггүй уйлдаггүй, ядахнаа ширүүн ч хардаггүй
Ер нь ямар ч нүүрний хувиралгүй
Нэгэн хэвийн цонхигор царайтнуудтай
Гудамжны буланд зөрлөө.
Замаар хөврөх машин тэрэгнүүд ч нэг л эрч хүчгүй
Залхсан янзтайгаар хөдөлгөөнд оролцоно.
Энэ амьгүй бүхнийг улам бодит болгохоор
Шар том зурмал нарыг
Агаарт хэн нэгэн нь зуржээ.
Шарсан өндөг шиг харагдана.
Хөөсөн чихрүүдийг ч тэнгэрт хөөргөжээ.
Хиймэл үнэмшилгүй гэлээ ч хүмүүс үүлс гэж итгэнэ.
Эрээн мяраан олон өнгө алагласан
Өндөр нам зуйван дөрвөлжин
Эвлүүлдэг тоглоом мэт
Элдэв барилгуудын дундуур явж өнгөрөхдөө
Энэ хотод надаас өөр үнэмшил төрүүлэх зүйл үлдээгүйг ойлгов.

Monday, March 19, 2012

"Ангараг гараг дээр газарсан нь" урд шөнө би зүүдэллээ


Би Дотны хоёр хүнтэйгээ хамт Японы нисэх буудал дээр Бойнг онгоц дотор сууж байх юм. Монгол руу буцаж нисэх гэж байгаа бололтой. гэхдээ энэ том онгоцонд биднээс өөр хүн байхгүй бөгөөд бид нисгэгчийн удирдлагы өрөөнд орж ирсэн, надтай хамт яваа ах маань уг онгоцыг жолоодох гэж байх юм. Тэгтэл нэг монгол малчин эмэгтэй хонио туусаар нислэгийн зурвас дээр гараад ирчихэв. Би энэ явдалд үнэхээр их гайхаж байх юм. Японд тэгээд бүр нисэх буудал дээр бөөн хонь мал,малчин! Гэтэл тэр малчин эмэгтэй энд ирсэн нь учиртай бөгөөд биднийг гаргаж өгөхөөр иржээ. Хонь малаа орхиод ирж болоогүй учир малаа туусаар нисэх буудал дээр ирсэн нь энэ юм байж. Эгч бидэнд нэг юм захиж хэллээ. Уг нь их чухал үг. Гэхдээ санахгүй нь. Бойнгийн цонх их зузаан байтал түүний үг их тод сонсогдсон нь сонин шүү. Үнэндээ бид энэ малчин айлд зочлох гэж л Японд ирсэн аж. бид салах ёс гүйцэтгээд хөөрлөө. Гэхдээ яг л сансрын хөлөг шиг шууд эгц дээшээ маш их тийрэлтэт хөдөлгүүрийн хүчээр нислээ. Нэг л мэдэхэд бид үүлсээс хамаагүй өндөрт нисэж байх юм. Бас бидний онгоц Харри Поттерын нисдэг шүүр болоод хувирчихсан байх юм. Бид уг нь шууд Дархан орох ёстой байсан ч Ангараг гарагт буухаар нисэж яваа аж. Би өндөрөөс их айдаг тул нүдээ нээвэл толгой эргээд шүүрнээсээ унчихвийгэж айсандаа нүдээ тас аниад шүүрнээс тас зуурчихаад нисэж явлаа. тэгтэл миний гар маш их даарч эхэллээ. Даарснаас болоод хариугүй шүүрнээс гар мултарчих гээд... шүүр жолоодож яваа ах: За бид дэлхий татах хүчинг нэвтэллээ сайн бариарай гэлээ. Дэлхийн татах хүчинг нэвтэлсэн нь надад хачин тод хэрнээ их сонин мэдрэгдлээ. Задгай сансарт гарсэн би нүдээ тас аньж явсаар сая л нэг Ангараг дээр газардахад нүдээ нээлээ. уг нь дэлхийг бодитоор харахыг хүссэн ч балмагдсандаа шүүрнээсээ унчихвий гэсэндээ огт нээгээгүй юм. ангараг дээр газардсн хойно энэ бүхэн надад нэг л итгэмээргүй үнэмшилгүй ч юм шиг санагдаж эхлэв. Конбинзон, хүчил төрөгчийн аль нь байхгүй хэрнээ бид задгай сансарт үхсэнгүй. Бас хэдэн сая гэрлийн хурдаар ниссэн гэж ахыг хэлэхэд үнэхээр итгэхэд хэцүү байлаа. Гэхдээ бидний хөл тавьсан ангараг гараг гээч нь яг л хуучин Дархан шиг орчинтойг яана. Бид энд "далбаа мандуулах" юм гэнэ. Даанч миний ам цангаад сэрчихлээ.

Monday, March 12, 2012

Та түүнийг хэдтэй гэж санана? Танилц Хуйлдар...

Түүнийг Доржнямбуугийн Хуйлдар гэдэг. 12 хон настай ч авъяас гэж төрсөн хүүдэй. Би түүнтэй уулзаж танилцахаасаа өмнө эгчээс нь /Манай бүлгэмийн Зулай/ шүлгүүдийнх нь тухай сонссон цагаасаа уулзах хүсэл төрж эхэлсэн билээ. Тэр цагаас хойш төд удалгүй түүнтэй танилцаж,бас шүлгүүдийг нь өөрөөс нь сонсох завшаан олдсоноос хойш миний хайртай дүү болсон юм. Хайртай дүү гэхээсээ илүүгээр би түүний улаан фэн гэсэн нь зөв болов уу? Ингээд захиасын минь хариу болгож вагоноор хэдэн зуун км-ыг туулж ирсэн түүний зүгээргүй шүлгүүдийг сонирхуулъя.
MP3-ын ертөнц
Би бол MP3
Бидний STYLE–г
BAD ROMANCE эзэмдэнэ
Өнөөдөр надад HAPPY байлаа
Үдэш болгон надад SILLY байна
MP-гээ сонсоод л
Мартагдсан FULL бодлоо санана
USB,FLASH дискээс илүү
YOU MY LOVE
SKULL LOVE-оороо
Сүүдэр тусаагүй гэрэлд
Шүлгээ бичинэ
Шүлгээ бичихдээ
MP-гээ сонсоно
K.H.U.I.L.D.A.R
Энэ бол M.P.3
Миний хувьд HOMEWORK
MP-тэй минь адил GRAPHIC–тай
Сүүдэр татсан BLACK HOUSE–д
Сүн гэгч нь гэрэл асна
Сүн сүн
Сүүгий даагий
Сүүдэр тэнд гэрэл асаана
Дүн дүн
Дуугий даагий
MUSIC тэнд намайг хөгжөөнө
MR.LEAB
MAROON5,RIHANNA
LADY GAGA,EXTACY
ANEMONE,BLACK E.P
BAG-аа үүрээд
SCHOOL-рүүгээ явна
RIDE A BICYCLE
RIDE A CAR
MP-гээ сонсоод
Алхаж явна ааа БИ !!!

Юмсан
Санснаараа амьдрах юмсан
Саран дээр очих юмсан
Хүссэнээрээ амьдрах юмсан
Хүйтэн гал үзэх юмсан
Өөрийнхөөрөө амьдрах юмсан
Өндгийг өөрийнхөө аргаар шарж идэхсэн
Мөнгөн гэрт амьдрах юмсан
Мөрөөдлийн цэцэрлэгтээ зугаалах юмсан
Гэдсээ хагартал идэх юмсан
Гахай шиг л болохгүй юмсан
Хөхрөх дэлхийг улайлгах юмсан
Хүн төрөлхтөн яаж үүссэнийг мэдэх юмсан
Ертөнцийг бүхлээр нь удирдах юмсан
Ертөнц хорвоогийн хаан нь болох юмсан
Тансаг байшинтай болох юмсан
Тоо олон оддыг барих юмсан
Салаа туурайтай хүн харах юмсан
Саарал чоныг унах юмсан
Ойн лусыг харах юмсан
Ой дотор зугаалах юмсан
Аавтайгаа цуг тоглох юмсан
Аавын эрдэнэсыг харах юмсан
Солонгон дээгүүр алхах юмсан
Солонгоны өнгийг нь өөрчлөх юмсан.


Мөрөөдлийн бодол
Мөрөөдөлтэй хүн болгон жагахыг хүсдэг
Харин би үхэхийг хүсдэг
Мөрөөдлийг мөрөөдлөөр сольж
Мөрөөдөлтэй хамт үхэхийг хүсдэг
Мөрөөдөх дэндүү сайхан ч
Мөрөөдөл бол эрдэнэ гэж хүмүүс боддог
Харин би бусдаас өөр
Хачин гаж зүйлд дуртай
Хүүхэд болгон тоглоомтой болохыг хүсдэг
Харин би үхэхийг хүсдэг
Хүн болгон баяжихыг хүсдэг
Харин би алга болохыг хүсдэг