Tuesday, February 18, 2014

Жаргалтай өвдөлтүүд


“Жаргалтай өвдөлтүүд”
Өврийн дэвтрээ би нэг удаа
Өршөөлгүй харгислалаар өвтгөж билээ
Шивэгч зүү, сийчигч мэс мэт
Сэтгэл, үзэг хоёр минь тийм хорсолтой авирлаж билээ
Хоосон цулгуй хуудас бүтээгүй хайрын мөртүүдээр дүүрэхэд
Хөндүүр зүрх минь тэгэхэд л нэг тайтгарч билээ.
Ингэж бачимдсан мунхаглал минь төгсгөл болоход
Амандаа “жаргалтай өвдөлт” гэж бувтнаж билээ.

Дал мөрийг чинь хэзээнээс ч юм чимэх болсон
Даль жигүүрийг сэвгүй арьснаа шивүүлэхдээ чи
Өвдөж байсан ч шүд зуун тэвчиж чадаад
Өөгүй торгомсог нуруунд чинь
Сахиусан тэнгэрийнх гэмээр хос далавч  ургасныг
Шидэт тольны өмнө бишрэн харахдаа чи яг над шиг
“Аз жаргалтай өвдөлт” гэж амандаа шивнэснүү?

Даль жигүүр урлалаа гээд жигүүртэн болохгүйгээ хамгаас сайн мэдэх ч
Дал мөрөндөө далавчтай байх цаанаа л нэг сэтгэлд өег шиг
Өр зүрхийг чинь эзэмдэж дийлээгүй бүтэлгүй дурлалаа
Өврийн дэвтэртээ харин мөнхөлж үлдээсэн.
Өөрөө тэмүүлж өвдсөн тийм хүчтэй
Гэхдээ аз жаргалтай өвдөлтийг
Өөгүй торгомсог арьс чинь,

өврийн дэвтэр минь аль аль нь ижилхэн амссан.