Sunday, April 24, 2011

Библи судар ба Монголын нууц товчоон дахь Утга зохиол болоод бичлэгийн хэлбэрийн ижил төстөй талууд "илтгэл"

Оршил
Библи судар бол дэлхийн хамгийн анхны хийгээд хамгийн олон хэл дээр хэвлэгдсэн бүтээл билээ.Хэдийгээр өнгөцхөн ойлгоход шашны уран зохиол,дан ганц Израйлын ард түмний түүх төдий ойлгож болох ч дэлхийн сонгодог уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлэхийн аргагүй их юм.Эл агуу бүтээлээс санаа сэдэл аваагүй дэлхийн сонгодог уран зохиолын бүтээл ховорхон бизээ.Библи судар “Хуучин гэрээ”ба “Шинэ гэрээ” гэсэн хоёр бүлэг 66 номноос бүрддэг бөгөөд дээрх номуудад бичигдсэн зүйлс нь сургаал номлол,Израйлын хаадын шаштираас илүүтэй түүхэн уран зохиол,Соломон хааны шүлэг яруу найраг,гүн ухааны эргэцүүлэмж,магтуу магтаал,аян замын тэмдэглэл захидал зонхилж байна.
Үүний адил Монгол үндэстний анхны түүхэн уран зохиол бол Монголын нууц товчоо /мэдээж Гэсэр,Жангарын туульс мөн багтана/ мөн.Монголын нууц товчоо /хойшид “МНТ”гэнэ/ Монголын анхны гарвалаас Чингис хааны насан эцэслэх хүртэл явдлуудыг тойчсон 12 бүлгээс бүрдэх буюу энэ бүхэн нь Чингисийн үеийн түүх мэт боловч ардын аман үлгэр,тэр цагийн ардын дуу,цэцэн үг,шүлэглэлийг өргөнөөр ашигласан байдаг
Миний бие уг сэдвийг сонгон семинар бэлдэхээр болсон нь хэдийгээр эл хоёр бүтээл бичигдсэн цаг хугацааны хувьд өөр цаг үед,ондоо хэл соёл орчинд бичигдсэн хэдий ч харьцуулан уншиж судлах явцад сонирхол татахуйц ижил төстөй талууд ажиглагдсанд оршино.Ийнхүү ижил төстөй сэдвүүдийг танилцуулахад:
1.Библи болоод “МНТ” эхлэл хэсэг дэх ургийн бичиг
Библи судрын “Шинэ гэрээ”ний эхний ном болох Матай эхлэхдээ доорх угийн бичгээр эхэлнэ:
Абрахамын удам,Давидын удам Есүс Христийн угийн бичиг:
Абрахам Исаакийн эцэг,Исаак Иаковын эцэг,Иаков Иуда болон ах дүүсийнх нь эцэг,Иуда нь Перез болон Зера нарын эцэг бөгөөд тэд Тамараас төржээ... Салмонд Рахабаар Боаз,Боазд Рутаар Обед төржээ Обед бол Иесси нь эцэг,Иесси Давид хааны эцэг билээ... Елеазар Маттаны эцэг,Маттан Иаковын эцэг юм.Иаков бол Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөрИосефын эцэг болой.
“МНТ” ны нэгдүгээр бүлэг эхлэхдээ:
Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчоно,гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтлэн ирж Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж ,Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ.
Батцагааны хөвүүн Тамачи,Тамачийн хөвүүн Хоричар мэргэн Хоричар мэргэний хөвүүн Уужим Буурал...Боржигидай мэргэний гэргий нь Монголжин гуа,түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян,Торголжин баян Борогчин гуа гэргийтэй.Торголжин баяны хөвүүн Дува сохор,Добу мэргэн бүлгээ... гэх бөгөөд Ертөнцийн Эзэний хүү тэнгэрийн хаанчлалын хаан хэмээн Христийн шашинтнуудын итгэн үздэгээр дээрх угийн бичгээр түүний Бурханы сонгосон Израйлын ард түмний хаан угсаатайг дурдсан бол “МНТ”д Тэмүүжин Чингис хаан хийгээд монгол түмнийг дээд тэнгэрээс заяатайг тодотгон өгчээ.
2.Библи судрын гол дүр Есүс ба Боржигон овгийн дээд өвөг Бодончар мунхаг нарын төрсөн түүх:
Библийн Шинэ гэрээний Матай номын 1:18-25 ишлэлд: Бурханы хүү хожим дэлхий ертөнцийг аврах Есүс, Ариун сүнсээр бүрэлдэн онгон охин Мариагаас төржээ хэмээн бичсэн байдаг бол
“МНТ”-ы нэгдүгээр бүлгийн 21дүгээр зүйлдАлунгуа эх өгүүлэхдээ: Шөнөөр цагаан шар хүн өрхөөр орж ирэн хэвлийг илэн түүний гэрэл хэвлийд шингэснээр Бодончар төрсөн тухай өгүүлсэн байдаг.Энэ нь Израйлчуудын аврагч Есүс болоод,Боржигон овгийн дээд өвөг Бодончар мунхаг нар хүн төрдөг жам ёс,ерийн байдлаар бус онцгой ховор тохиолдлоор /ШУА-ны хувьд ингэж төрөх ямар ч боломжгүйг уран зохиолын хэлээр үнэмштэл бичсэн/ төрсөн нь эгэл бус хүн,хожим ихийг гүйцэлдүүлэх заяа төөрөгтөй гэдгийг тодотгож өгсөн явдал бөгөөд мөн үүнтэй жишэж болох өөр нэгэн түүх бол Ромын хаан алдарт байлдан дагуулагч Юрий Цезарь эхийн умайгаас төрөөгүй гэх буюу.Энэ нь ер бусаар төрсөн хүмүүс ертөнцийн түүхийг өөрчлөх хувь төөрөгтөй гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байна.
3.Библи ба “МНТ” дах шүлэг болоод магтуу:
Библи болоод “МНТ”д шүлэглэсэн мөртүүд нэлээдгүй олон ч /бараг ихэнх хэсэгт/ тодорхой сэвдээр сонгон авахад ийм байна.
Хаад ба Бурхан тэнгэрийг магтан шүлэглэсэн нь:
“Хуучин гэрээ” Дуулал 18:1-3т
Миний хүч болох ЭЗЭН би танд хайртай
ЭЗЭН бол миний хад,миний цайз
Миний аврагч,миний Бурхан
Миний хоргоддог хад минь
Миний бамбай
Миний авралын эвэр
Миний бэхлэлт юм. гэсэн бол
“МНТ” 5-р бүлэг 149-р зүйлд
Есүхэй баатар эцэгтэй
Есөн өрлөг түшмэлтэй
Ер бүгдийг эрхэндээ оруулсан
Ертөнцийн эзэн Чингис хаан минь
Өүлэн хатан эхтэй
Өрлөг есөн түшмэлтэй
Өгөдэй,Толуй хөвүүнтэй
Өршөөл хайр ихтэй
Өнгө бүрийн улсыг
Өмнөө сөгдүүлсэн
Өндөр дээд эзэн хаан минь. Гэжээ
Үүнээс харахад магтаалын шүлгүүд нь ихэсгэл ихтэй,тоочсон маягтай байгаа бол
Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг хэрхэн дүрслэснийг харвал
“Хуучин гэрээ” Соломоны дуун 4:1-6д
Охидын дундаас миний хонгор
Өргөст ургамал дундах сараана цэцгийн адил
Гивлүүрийн цаадах чиний нүд тагтаа мэт
Үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт
Шүд чинь саяхан угаагдсан хонин сүрэг мэт
Хоёр хөх чинь сараана цэцгийн дунд идээшлэх
Зээрийн ихэр янзага мэт ажгуу
“МНТ” 1-р бүлэг 75-р зүйл
Гоо төрсөн Өүлэн эх
Гох дэгээ барин явж
Гол завыг өгсөж уруудаж
Гогод мангирыг түүн явж
Хутагтан хөвүүдээ тэжээж өсгөв. Гэжээ
4. Хоёр зохиол дах Баатарлаг тууль
“Хуучин гэрээ” Шүүгчид 7:1-25 ишлэлд
Израйлын цэргийн залуу жанжин Гидеон Мидиончуудтай 300 цэрэгтэйгээр тулалдахын өмнөх шөнө дайсны хуаранд нууцаар тагнан очихдоо хоёр цэргийн зүүдийг сонсдог ба тухайн зүүдэнд арвайн гуртлаар хийсэн талх Мидионы цэргийн майханг мөрөхөд нурж унасан тухай ярьж уг зүүдний тайлал нь өнөөх арвайн талх бол Израйлын жанжин Гидеон бөгөөд майхан нурсаны адилаар Мидион ялагдана хэмээсэн байна.Ийнхүү израйльчууд 300хан цэргээр хэдэн мянган хүнтэй дайснаа дарсан тухай өгүүлдэг бол
“МНТ” 5 бүлэг 149 ээр зүйлд
Чингис хаан болоод Ван ханы нэгдсэн цэрэг Жамуха ба Тайчуудыг довтолсны дараа дутаан одсон Тайчуудыг элдэн явахдаа хаан зүүд зүүдлэн уг зүүдэнд уулан цаана Тайчуудын 300 цэрэг бий бөгөөд нааш ирж буйг зүүдэлж,зүүдний үнэн эсэхийг шалгахаар Шихиаутагийг явуулж үзэхэд үнэн болж улмаар тэдэнтэй тулалдан цайтын цагаан талд баатарлагаар ялж буйг өгүүлжээ.
5. Андын нөхөрлөл
“Хуучин гэрээ” 1 Самуел 18:1,20:1-12д
Израйлын анхны хаан Саулын ганц хүү,ханхүү Ионатан ба хожим хаан болох хааны өмнө баатарлаг гавъяа байгуулсан залуу хүү Давид нарын нөхөрлөл гардаг бөгөөд Ионатан анх Давидтай нөхөрлөхдөө ханхүүгийн дээл,хуяг дуулгаа бэлэглэдэг. Хожим цэргийн жанжин болсон залуу эр Давидад хаан ширээгээ алдах вий гэсэндээ Саул хаан оройн зоогийн үеэр барих санаа барьж устгах санаа байхад Ионатан хаан эцгээс нууцаар Давидыг нуун нууц дохио өгч зугтаалагадаг.Үүний дараа Израйль болоод Филистын /Фалистин/ тулаанд Саул болон Ионатан үрэгдэхэд андыхаа араас ихэд гашуудсан байдаг.
“МНТ” 3 бүлэг 116 зүйлд
Тэмүүжинг 11тэй байхад Жамухатай анх анд бололцон Жамуха гурын шагайг өгч,Тэмүүжин цутгамал шагай солин өгч Ононы мөсөн дээр шагалцан наадаж,Хойд хавар нь арангир нутаар харваж байхад,Жамуха бярууны хоёр эврийг нааж нүрэлж хийсэн дуут сумаа,Тэмүжин арц модон годилоо өгч хоёронтой анд болоцон хожим мэргидийг дарж Бөртэг авсаны хойно ахин анд болоцсон байдаг.Хожим эвдрэлцэн дайтах болсон ч Наху гүний тулаанд Жамуха Таян хааныг өөрийн үгээр мохоон тэмүүжинг ялах боломж олгосон болно.
Дүгнэлт
Цөөн үгээр дүгнэхэд хэдийгээр эл хоёр зохиол бичигдсэн цаг хугацааны хувьд дор хаяж 1150 жилийн зөрүүтэй /Библийн хамгийн сүүлийн ном МЭ 95 онд Фатмос бичигдэж дууссан бол МНТ 1240хулгана жил Долоон Болдог Шилхэнцэг хоёрын завсарт бичиж дууссан/ өөр хэл соёл шашны нөлөөнд,нэг нь бага дундад Ази нөгөө нь төв Азид бичигдсэн боловч эл хоёр бүтээлийг нэгтгэж буй гол зүйл нь эртний түүхэн зохиолууд нэгэн хэлбэрээр бичигдэж байсны баталгаа мөн.

Friday, April 15, 2011

Түүнгүйгээр амьдарч чадна Гэхдээ яаж?


Соёлт хүн болон төрөн,амсаж мэдрэх олон ташаалын нэг нь яах аргагүй спорт! Спорт, спорт, спорт энэ үгийг юугаар ч тайлбарлахын аргагүй сайхан зүйл.Ээ Бурхан минь спорт өнөөгийн түвшин хүртэл өндөр хөгжөөгүй бол,тэр ч байтугай огт байгаагүй бол энэхэн хорвоо хичнээн уйтгартай вэ? Тэр тусмаа хөлбөмбөггүйгээр ямар гүн уйтгарын далай вэ.Гэхдээ огт байгаагүй бол өөр ямар нэг зүйлээр цаг нөхцөөх л байсан хэдий ч нэгэнт Бурханы авралаар байгаа учир байхгүй байсан бол гэж төсөөлж чадахгүй нь.Спортоос хөндий хол хүний хувьд ойлгож,тэвчиж дуусгахын аргагүй урт удаан үргэлжилсэн,баясгаад байх гоол цөөхөн,удаашруулсан бичлэг хардаггүй,шүүгч заримдаа гол дүрд тоглодог гээд л өөлж өөнтөглөвөл олон юм хэлж болох ч чухамдаа тэр өөлүүлэх зүйлс нь энэ спортыг бусад төрлөөс нь илүүд үзэх,сонгох үзэх хүчин зүйл юм.Хэдий миний хувьд хөлбөмбөгчин болох аз эз,чадвар хурд дутсан ч тэрэндээ би огт харамсдаггүй.Учир нь энэ гайхамшигт зүйлийн төлөө хэдэн ч шөнийхөө нойрыг хугасласан цаашид ч хугасалсаар байх панат болсон учир.Хэдэн мянган хүнтэй цэнгэлдэхэд тоглож,хүмүүст шүтэгдэн,мөнхөд дуурсагдах алдрыг хүртэх тамирчин хүний л амсах сайхан мэдрэмжийг панат хэзээ ч мэдрэхгүй ч ялж,ялагдах амтлаг болоод гашуун амтыг ялгаагүй л мэдэрдэг нь сайхан бас... Бас гэсний учир нь тэр сайхан мэдрэмжүүдийг бид биеэр амсах хувьгүй сэтгэлийн ташаал болоод л гүйцээ.Дээр нь хохирох зүйл их.Тэр тусмаа Монголд төрсөн бидний хувьд Европын шилдэг тоглолтуудыг шөнө нойроо хагаслан байж үзнэ.Баг маань ялагдаж байхад залбирахаас эсвэл харааж зүхэхээс өөр юу ч хийж чадахгүй.Хаалгач байсан бол сайн барихсан,хамгаалагч байсан бол анхааралтай байхсан,хагас хамгаалагч байсан бол дамжуулалт өгөхсөн,довтлогч байсан бол гоол хийхсэн.Ядаж дасгалжуулагч байсан бол зөв сэлгээ хийхсэн.Ингээд бодохоор панат юу хийж чадах юм бэ? Талбайд нь очиж үздэг европын панат байсан бол сэтгэлээ тайвшруулахын тулд гараад ядаж зодоон хийчинэ.Хаа байсан монголын цэнхэр дэлгэцийн ардаас үздэг над шиг панат юу хийж чадахсан билээ.Тэгсэн хэрнээ ялагдлаа ялгаагүй хамт үүрнэ.Энэ бүхнээс харахад хамгийн их ялагдлыг мань мэтийн монгол панат л амсаж байгаа биздээ.Бидний сэтгэл санааны хохирлыг хэн төлөх юмбэ хэн ч төлөхгүй.Бид сайн дураараа л энэ зовлонг сонгосон магадгүй үхэн үхтлээ.Уншигч авхай та тийм л зовлонтой бол үзэхээ боличооч.Гэж хэлж болох юм.Больё гэж бодсон ч нэгэнт гарч чадахаасаа өнгөрсөн дон,муу зуршил /сайн зуршил/ гэсэн үг та тамхи татдаг гаръя гэж бодсон ч чадахгүй байгаа бол намайг ойлгоноо.Тэгээд чиний энэ сонирхол зовлон жаргал чинь хэнд хэмаатай юм.Яагаад зовлонгоо тоочоод байгаа юм гэж та ахин хэлж болноо би үгүйсгэхгүй.Зүгээр л хэн нэгэнд дотор буй бүхнээ сэтгэлээ онгойтол ярьвал жоохон ч болов уужрана гэж бодоод л үүнийг нийтлэлээ өршөөгөөрөй.Түүнгүйгээр амьдарч болох л юм гэхдээ яаж?

Monday, April 11, 2011

Дээвэр дээр


Нэг л алхвал би үхнэ
Нэг метрийн цаана л шинэ амьдрал
Нүдээ аниад урагшилан агаар дээр хэвтвэл
Нисэх мэт эрх чөлөөг мэдрэх байх
Сүүлчийн агаад анхны нислэг минь
Хүчтэй газардахад
Сүнс минь тагтаа адил дүүлж
Биенээс минь ангижирна
Ганц алхахад л би өөр ертөнцөд очино
Гарцаагүй Бурхан намайг тамд хувиарлана
Хүн амины хэрэгтэн учир
Гавъяаг минь үнэлж эсвэл диваажинд илгээнэ
Ад үзэгдэж амьдарсаар байх уу
Амирлал амар тайвныг өөртөө бэлэглэх үү
Урагш алхаж...

"Шинэ үнэрийн залуу арслангууд" нийтлэл


Урд шөнө аваргуудын лигийн пиналын тоглолт "Цагаан уул" болж өнгөрлөө.Аваргын төлөө Шинэ үнэр, Үл нэгдэгсэд гэсэн хоёр баг тунан үлдэж 2:1 харьцаагаар шинэ үнэрийн залуу арслангууд хожин хоёр жил дараалан цомын эзэн боллоо.Энэ жилийн пиналын тоглолтонд гаргасан тэдний гарааны бүрэлдэхүүн гайхшрал төрүүлсэн нь улирлын мэргэн бууч С.Начинг сэлгээнд суулган мөн жигүүрийн хамгаалагч Есөн Эрдэнэ бэртэлийн улмаас тоглолтыг өнжлөө.Тоглолт эхнээсээ л ширүүн уур амьсгал дунд болж хоёр багийн тоглогчид харилцан хаалга руу чиглэсэн ширүүн довтолгоог хийж хаалгачдын уур чадварыг шалгаад амжив.Харилцан алдаа ч их гаргаж байсны хамгийн балмад алдаа нь нэгдүгээр үе эхлээд дөнгөж 15 минут өнгөрч байхад шинэ үнэрийн төвийн хамгаалагч Лхагва Очирын эсрэг багийн тоглогчийн хөлд жийн хүнд бэртэснээр улаан хуудас авч тоглолтыг орхин багаа хүн дутуу үлдээв.Тоглолт детектив зохиол мэт үргэлжирсээр 0:0 харьцаатай нэгдүгээр үе өндөрлөв.Аль аль баг нь завсарлагаанаар нэлээд зүйлийг ярьж гарч ирсэн нь тоглолтын хоёрдугаар үед мэдэгдэж эхэлж байлаа.Гэвч Шинэ үнэрийн залуу арслангуудын хувьд хүсээгүй нэгэн үр дүн эл үеийн 65 дах минутад тохиосон нь багийн найруулан тоглогч Үлэмжтөгс хоёр дах шар хуудсаа авснаар талбайн ерөнхий шүүгч Батхуяг талбайгаас хөөв.Ийнхүү тоглолт 0:0 харьцаатай байхад залуу арслангууд хүн дутуу үлдээд байхад эсрэг багийн Г.Баяр хаалганд цөм цохин гоол хийн тооны харьцааг нээв. Байдал хэцүүдсэн ч Сосорбарамын агаараар өгсөн дамжуулалтыг довтлогч Улам Оргих шууд мөргөн гоолдож тооны харьцааг тэнцүүлэв.Цаг дуусахад 2 минут дутуу байхад Сосогийн булангаас өгсөн дамжуулалтыг Өсөхболд унаж татан нэгэн гайхалтай гоол хийснээр багтаа нэн чухал ялалт бэлэглэлээ.

“Их цэвэрлэгээ” өгүүллэг

Энэ хотод хөл тавиад дариу дөрвөн жил өнгөрчээ. Хангалттайгаар барах уу! Энд оюутан болохоор ирэхдээ хотод анх хөл таьсан юм. Тэр үед би хүсэл мөрөөдөлтэй, зорилготой хамгийн гол нь “би” гэсэн хувь хүнийг тодорхойлох мөн чанар байсан юм. Одоо байхгүй, дөрвөн жилийн өмнөх надаас юу ч үлдээгүй гэхэд болно. Иргэний үнэмлэх, бичиг баримтан дээрх овог, нэр, хаяг гарцаагүй “би” мөн боловч миний дотор шал өөр хүний сүнс нутаглаад, намайг удирдаад удаж байна. Харин миний жинхэнэ дотор хүн, сүнс сэтгэл минь хөдөө нутагтаа, салхи зүсэн давхих хурдан хөлгийн зоон дээр байгаа байхаа. Хотод анх сурч амьдрахаар ирэхэд хотын залуусын цагаа өнгөрөөдөг хотын соёлд зайлшгүй суралцаж дасах шаардлагатай болсон юм. Юуны өмнө би гаднах төрхөө, хувцас хунараа өөрчлөх хэрэгтэй боллоо. Би ч уг нь өөрийгөө өөрчлөхийг тэгэж их яарахгүй л байлаа. Гэвч оюутны ангийн ганц найз маань ингэхийг зөвлөсөн юм. Тэр бол хотын уугуул залуу л даа, өөрийгөө “бага тойруу”-д төрж өссөн гэдгээр сайрхдаг. Харин тэр яагаад хөдөөний улаан хацарласан намайг тоож найзалсаныг ер гайхаад олдоггүй байсан юм. Тэр хэлэхдээ: Хувцас бурхан бие чөтгөр! Чи энэ байдлаараа байвал ямар ч хүн чамтай тохуурхсан, үл ойшоосон янзтай харьцана. Жинхэнэ “cool girls” чамайг тоож ч харахгүй. Хэдэн дондогмаанууд л тооно гэж хэлсэн юм. Нээрээ ч түүний хэлсэн энэ үг үнэхээр намайг гэсэндээ л хэлсэн үг шиг санагдаж байлаа. Би гоё ганган байлаа гээд тэрэнд ямар ашиг байхав, надад л хэрэг болно шүү дээ. Тэгээд л би гаднах төрхөө өөрчлөхөөр зөвшөөрсөн хэрэг. Их зориг, мөнгө гаргаж зарцуулсны эцэст үснийхээ хэлбэрийг өөрчлөн гурвалжин гельдэж, эмэгтэй хүн шиг бариу өмд өмсөн, нимгэн ултай түриийтэй кет углах болов. Үүгээр ч барахгүй хацрынхаа улааныг арилгуулав. Энэ бүхнийг хийсний дараа миний гаднах төрх 180 градус өөрчлөгдөж, хэн ч хаанаас ч харсан хотын залуу шиг л харагдаж эхэллээ. Хүмүүс надтай хандах хандлага ч илэрхий өөрчлөгдөж охидын харц ч цаанаа л жоготой санагдах болов. Гэсэн ч ганцаар байхдаа толинд харах бүр толины тусгалд багаас харж дассан пинжүү үстэй, улаан хацартай банди бус огт танихгүй залуу өөдөөс ширтэх болов. Тэр цагаас л хойш миний сүнс надаас дайжиж, хотын тэнэмэл сүнснүүдийн нэг биед минь шингэсэн юм. Үл таних тэр хоолой намайг бүрэн эзэмдэж амьд хөгжим, бөмбөрийн хэмнэл, тачаангуй охид, нүргээнт хөгжимт шөнийн цэнгээний газарт намайг даллан дуудах болов. Энэ бүхэнд ч татагдан дурлаж цаг зав, мөнгөө үрдэг болсоор удлаа. Сүүлдээ миний сэтгэлгээний үнэт зүйлс ч эрс өөрчлөгдөж, гурван тамирын хөндий дэх уугуул нутаг, саахалт айлын Цээмаа, чулуун тоглоомоо нандигнан дээдлэх сэтгэл ч үгүй болж хуучин дурсамж бүхэн минь ямар ч үнэ цэнэгүй болон хувирав. Хотын соёл гэх бүхэнд сорогдон татагдсаар гарч үл дийлэх гүн балжилт лав шигдээд дөрвөн жилийг үджээ. Ойрмогноос биений минь эзэн сүнс биедээ эргэн ирж байх шиг... Эсвэл төрөлх нутгаасаа их л чанга тод хоолойгоор дуудаж эхэллээ. Миний дотор би ба би бишийн тулаан, эзэн ба эзэгнэгч сүнсний мөргөлдөөн намайг хоёр тасдан байвч бие махбодь далд ухамсар маань эзэн сүнсээ эрхгүй өгүүлж буй нь надад мэдрэгдэх болов. Энэ хот намайг хүссэн хүсээгүй өөртөө багтаах энэ дөрвөн жилийн хугацаанд надад юуг өгөв? Өгсөнөөсөө авсан нь чамгүй их санагдана. Хүсэл мөрөөдөл, зорилго, хүн чанар, сэтгэл зүрхийг минь сорон авсныхаа шанд бусдыг дуурайсан хуурамч төрх, хуурамч нөхөрлөл, хуурмаг хайр дурлалд шархалж шаналсан эвдэрхий зүрх, иргүй хутга шиг мөхсөн итгэл найдварыг өгсөн гэж бодохоор хариугаа сайн авахыг ухаарлаа. Харин миний дотор бат бөх суурилагдсан хотын сүнсийг хотын зүйлсээр нь үлдэн хөөж, алдагдсан өөрийгөө олж авахын тулд энэ аргыг хэрэглэхээр шийдлээ. Юуны түрүүнд хайлж урссан хүний мөсөө хөлдөөгчинд хийж, хиртэж дагтаршсан ухаан бодлоо угаалгын машинаар угааж, үрчийж нугларсан шударга зангаа индүүдэж, урагдаж ханзарсан зүрхээ оёдлын машинаар оёж, эцэст нь тоос сорогчоор эзэгнэгч сүнсийг сайтар сорж биенээсээ гаргаад суултуурын нүх рүү унагаж усаа татна. Үүнийг яг одоо хэрэгжүүлэхээр би угаалгын өрөөнд зогсож байна. Сайтар цэвэрлэгээ хийчихээд дараа нь толинд өөрийгөө заавал харна.

Sunday, April 10, 2011

...

1.Би бундан дүрсэнд дуртай
Тэр ч бас...
Тэр даанч хэтэвчинд хайртай
Би ч гэсэн түүнд хайргүй
Гэхдээ түүний үнэртэй ус
Торгон дотоожинд хамгаас хайртай
Тэр хайрыг хоосон гэдэг
Би ч хайрыг хараагүй
Гэхдээ л бид хамтран амьдрагч.
2.
Зөндөө олон шаналж, шархалсан залуусын
Зүрх сэтгэлийг өрөндөө авчихаад
Зүүн энгэрийнхээ цэв хүйтэн сэфинд түгжчихээд
Заримдаа дур нь хүрэхээр ганц нэгийг гаргаж
Зүсэм бялуу шиг амтархан зооглочихоод
Үйрмэг юуг нь хогийн саванд хаяж
Идсэн тавгаа ч угаахгүй орхидог
Зүс үзэсгэлэнт “Q” охинд хорсовч
“Хайрын тэр ломбарданд”
Хамгийн их өртэй нь би!
Хэзээ ч төлж дуусахгүй ээ!
Суллаж чадахгүй зүрх сэтгэлээ!

3.
Харин хөдөөд
Хайр сэтгэл хуучин янзаараа
Хөөрхөн Дулмаагийн хонины ээлжийг
Дорж тэсэн ядан хүлээнэ.