Monday, November 14, 2011

Москва-Петушкиг амьдрал дээр туршсан нь буюу Улаанбаатар-Айраг

Улаанбаатар-Чойр хүртэл

Бид чинь яах гэж галт тэргээр явж байгаа билээ дээ. Ийм удаан уухгүй явж болно гэжүү? Галт тэрэг Багахангайгаас хөдлөхөд л би нөгөө хоёртоо: - Одоо гарч нэг татъяаа. гэвэл уриалгахан толгой дохьлоо. Золиг гэж архины аяга авахаа мартаж орхиж. За тэр ч зовлон биш дээ. Тэнгэрийн харьяатын халаасанд явсан яг зуун грамм ордог Багабандийн ШИлээр дүүртэл хийлгүүлээд татаж орхилоо. Эхнийх сайхан орж байна гэж сайхан байсанд: Хязгаараас хэтийдлээ! гээд л дуу алдчихлаа. Сайхан болж байна гэж. Миний замналаар Ариун амьтан ч бас татаж орхилоо. Тэнгэрийн харьяат ч бас. Түүний тухай хэлэхэд тэр бол миний мэдэх хамгийн хурдан хундага буцааж өгдөг хүн. Бүр нэг ч дусалгүйгээр шүү. Гар сарвайж өгсөн даруйд л эргүүлээд хоосон аяга сарвайна. Бас л сурмаар чадвар шүү. Үнэндээ би ч тэгэж их хамт уугчиддаа залхаатал уддаггүй л дээ. Вокзалаас авсан эд үнэхээр сайхан орж байсанд ахиад нэг нэг татлаа. Гэхдээ энэ удаад дүүрэнг биш талаар. Одоо ламьдрал сайхан болж байна гээч. Веня ах ч бас бидэнтэй хамт таамбарт гарч ирсээн. Тэр ч бас өөрийхөө жижиг чемдааманд байгаагаасаа хүртэж орхисон. Эргэж общий руу ороод хөзөр тоглож буй хэдэн жаалуудтай нэгдэн хамт тоглолоо. Нэг сонин юм нь Ариун амьтан огт хөзөр мэддэггүйгээ хэллээ. Үнэхээр сонин юм. Сармагчин хүртэл хөзөр мэдэж байхад шүү дээ. Үнэхээр Ариун амьтан юм даа. Жаалуудтай хуучилтал Айрагийн уугуул Индианнууд аж. Индиануудтай эвтэйхэн байхгүй бол омг ийн ахлагчтай биднийг барьж өгч, бидний гавлийг хагалуулж, чөмөг ташуулж мэдэх шүү дээ. Сүхээ ахын дүүрэгтээ яваа биш.Замд Хонхор өнгөрлөө. Бид таамбар гарч ахин хоёр татлаа. Арын воган байсныг ч хэлэхүү уух завшаан сайхан бүрдсэнийгээ. Цонхоор харвал уртаас урт зам үлдэж хоцроод л ямар гоё харагдаж байгааг. Ахиад нэг нэг татах гэтэл даруулга дуусчихсан байв. Шинэ үеийн кола ПЕПСИ маань. Гэхдээ нэг сайхан даруулга бид оллоо. Хуучны өв уламжлагдан ирсэн сайн чанарын даруулга. Үүнээс сайн нь үгүй. Олон жилийн чанарын баталгаатай эд дээ. Татсаныхаа дараа Ариун амьтны сэвлэгийг үнэрлэлээ. Сайхан даруулга юм гээч. тэр лав үсээ 3 хоног угаагаагүй байхаа. Тэр тусмаа хамгийн сайн. Тэнгэрийн харъяат ч ба с татаж орхиод түүний сэвлэгийг үнэрлэлээ. Хачин гоё байгааг хэлэхийн ч аргагүй. Ариун амьтан хөнтөрснийхөө дараа минийхийг үнэрлэлээ. Ямар хамар нь толгойдоо хүрэх биш. Уг нь тэрнийх л хамгийн сайн нь шүү дээ. Халж эхэлж байна гэж юутай сайхан. Цувдайн дотор галт уулын дэлбэрэлт болж байгааг. Өөрийн мэдэлгүй бид дуулж гарлаа. Зүгээр ч биш бүр чанга. МАш чангаар орилж. Жинхэнэ рок тоглолтыг таамбарт тавьж эхэллээ. Нэг үзэгчгүй. Үзэгчээр ч яах юм. Зөвхөн өөрсдөдөө зориулсан тоглолт. Хэдэн ч дуу амьдаар дуулсан юмбэ дээ бүү мэд. Толгойгоо сэгсчээд л үсээ савчаад л гэнэт л тоглолтын цаг дууслаа. Провотник! Гар гэж байна гараад суудалдаа очиж суулаа. Веня ах унтаж л байв. Мааньт хэдийн өнгөрсөн одоо Чойр орж байлаа. Чойр зориулж татах санаачлага гаргасан ч "Юм" дууссаныг албан ёсоор, гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэх нь тэр. Чойр дээр зогслоо. 10 минут зогсох гэнэ. Чойрын агаарыг амьгалангаа тамхилхаар буулаа. Чойроо гэж. Гэртээ хэл сураггүйгээр олон хоногоор тэнэхээ "чойрно" гэж ярьдаг шүү дээ. Харин бид одоо л жинхэнэ чойрч байна даа. Чойрт чойрж байнаа гэж. Хөдлөх цаг болж галт тэргэндээ эргэн суулаа.
Улаанбаатар-Айраг
Бурханы илчлэлтгүй 400 жил шиг чимээгүй цаг үе
Гэхдээ удаан суусангүй. Ахиж юм олж уух хэрэгтэй шүү дээ. Ганц юм бол юу ч биш "ялааны алуур" Бид чинь ялаа биш тэрнээс хамаагүй том шавьжнууд шүү дээ. Вагон хэсэг саначлагыг тэр хоёрын нэг нь гаргаж намын нөхөд бид дуу нэгтэй дэмжлээ. Харин Веня ах үлдэхээр шийдэв. Галт тэрэгний ресторан хамгийн урд,харин бид хамгийн арын вагонд явж байгаа. Бүгдийг дайрч өнгөрөх болно шүү дээ. Нууц товчоонд Өүлэн эх юу гэдэг билээ? "Мухлаг бүрт гоо охин бий.Тэрэг бүрт хатад бий" гэдэг билүү? Харин Вагон бүрт хэн ч алгаа "Нэгэн жигд шувуун царайтнууд! Ингэхэд шувуу ч бас биднийг хараад царай ялгахгүй. Олиггүй нэг хэвэнд цутгасан шувуудааХүн царайтнууд гэдэг байхдаа" Миний бодож байгааг. Согтуудаа дандаа л би ингэж хэрэггүй нээлтүүд хийдэг юм. Харамсалтай нь эрүүл болоод л мартаж орхино. Урт замын эцэст ресторанд ирлээ. Тэнд юу угтсан гээч? Зүгээр л хооллож буй эрүүл хүмүүс. Нэг ч балгасан, амаа зайлсан нөхөр алга шүү. Архи асуувал "ВО!" гэж байгаа юм шиг л хариу өглөө. Монголчууд чинь хаа сайгүй хуулиа баримталдаг болжээ. Сар бүрийн нэгний өдрийг галт тэргэнд бас хэрэгжүүлж байна гэнээ. Мөн яриваа. Хотоос хэдэн зуун километрийн зайд шүү. :- За хэн мэдэхэв дээ. Өдийд энд хууль сахиулдаг ямар цагдаа нь байв гэж. гэтэл вагоны цагдаагаа дуудаж орхилоо. Ингээд л дууслаа бүх оролдлого хүсэл маань. Одоо яая гэхэв. Айраг хүртэл дусал ч шингэн юмгүй явах боллоо. Веня ах дээр бид урам муухан очтол тэр өөрийн жороор найруулсан "Клава эгчийн үнсэлтээ" санал болголоо. "Анхилууныг" ч бас. Гэтэл сахиусан тэнгэрүүд:- Айрагт согтуу бууж болохгүй шүү. Муухай шүү. Гомдоно шүү. гэж дуулалдаж байна. Нээрээ Айраг дөхжээ. Сая Шивээ говь өнгөрчээ. Одоо гуравхан өртөөний дараа АЙраг. УУхгүй байсан нь дээр. Маргааш гэж өдөр байхад ууж л таараа. Тэгээд бид чимээгүй сууж шүлэг бичиж гарлаа. Дараа нь чимээгүй сууж, цонх налж, гиюүрч ер нь есөн шидээр цаг нөхцөлөө. Аялалын хамгийн уйтгарт үе нь энд тохиолоо. Яг л Романы гол баатар хармсалтайгаар амь алдах шиг тийм гунигт мөч. Гэхдээ сайхан мөч. Юм бодоод л бичээд л.. Даанч архигүй. Гурван өртөө өнгөрсөний дараа Айраг гэж зарлалаа. нэг л минут зогсоно гэж байна. Бид хаалга руу дөхлөө.Энэ галт тэргэнд сүүлчийн удаа тамхи татлаа. Сэтгэл догдолж байна. Ямар газар угтах бол, очих айл маань хаана бол? Яаж хүлээж авах бол. Архи хэдийн гарсан байлаа. Биднээс уусан гэх ул мөр Үлэг гүрвэл амьтарч байсан ул мөр газрын гүнд үлдсэн шиг. Ходоодны гүнд үлджээ. Айраг дээ ирж зогслоо. Хаалга нээгдлээ. Говийн агаар!

Friday, November 11, 2011

"Улаанбаатар- Айраг" үргэлжлэл

Улаанбаатар галт тэрэгний өртөө
Юутай ч Айраг орох тасалбараа авч орхилоо. 16:30д хөдлөх гэнэ. Тэр хүртэл бүхэл бүтэн 40 минутын хугацаа байна. Ходоодны мухар руугаа юм шийдэхээр ойролцоох хоолон гэрт орлоо. Цуйваан гэж! Одоо Айраг хүртэл юу ч идэхгүй шүү дээ. Харин... Харин ууна гэж байгаа уугаад л байна шүү дээ. Вокзалын дэлгүүрээ гэж! Хэдэн архичин эндээс хэдэн шил архи энэ олон жилийн хугацаанд авсан бол? Бид ч юугаараа дутахав. Ээ хараал ид гэж! Таг мартаж орхиж шүү. Өнөөдөр чинь 11 сарын нэгэн. Товчоор хэлвэл архи зардаггүй өдөр. Хажууд Веня ах эцэг Бурхан руу гар сарвайн: - Ээ бурхан минь яагаад энэ вэ? гээд л гомдолж гарлаа шүү. Харин тэгтэл худалдагч нь Тэнгэрийн харъяатын багын найз байж биднийг аварч 75-ын нэг юм авлаа. Ганцхан шил юм авлаа гэжүүдээ? Гээд л намын нөхөр Шилэн бүрээгээс авхуулаад та нөхөд уулга алдаж байгаа биз? Тиймээ ердөө ганцхан шил. Уух дургүй дээ ч биш. Зүгээр л зардлын мөнгөнөөс илүү гарсан нь тэр. Галт тэрэг хөдлөх дөхөж зорчигчид сууж эхэллээ. 27-р вагон гэж байдаг. Гүйгээд л хайгаад байдаг. Гүйгээд л байдаг. Ямар ч урт вагон юм бүү мэд. Хариугүй хөдлөхнээ. Гүйж гүйж эрж оллоо. Хамгийн арын вагон. Суух суудалдаа сууж амьгаагаа дарж авлаа. Ашгүй цонхон талын суудал. Галт тэрэг хөдлөлөө. Хот минь түр баяртай хэд хоногооё эргэн уулзъя.
Улаанбаатар-Амгалан
Шээсний газар
Тэр хүртэл зам нийлж хамт явах хүмүүсээ ажиглалаа. Саарал өнгөт азарган тахиан үст залуу байна. Залуу нь ч юу юм. Хөвгүүн. Ээж эмээтэйгээ Нанхиадын нийслэлийг зорьж яваа гэнэ. Үнц биш хүмүүс. Онцлох ганц юм нь тахиан залаат тамхи татдаг. Нөгөө талд хөдөөний царайтай хосууд, бас нэг эмгэн, хүүхнүүд бас бус хүн. Бас л онц биш. Ер нь онц хүн алга. За тэгээд энэ хооронд юу хийвдээ? Гэж та нар асуумаар байгаа биз? Юу ч хийгээгүй. Ер нь энэ хоёрын хооронд юу хийж амжихавдаа. Галт тэрэг дөнгөж хөдөлж байна. Хотын ч бараа тасраагүй байхад. Энэ хоёрын хооронд автобусаар явбал
түгжрээд удаж болох л юм. Харин галт тэргээр юу байхав дээ. Амгалан дээр ирж зогслоо. Ганцхан минут болоод л хөдөллөө.
Улаанбаатар-Туул
"Сахиусан тэнгэрүүдийн ятгалга"
Айраг руу ингэхэд бид юутай яваа билээ? Миний цүнхэнд нэг 75, бас шүлгийн дэвтэр тэгээд болоо. Миний цүнхэнд байгаа юм Айрагийханд ямарч хүртээлгүй зүйлс. Ариун амьтанд юу байсныг бүү мэд. Шүлгийн дэвтэр лав байгаа. Харин Тэнгэрийн харъяатад зөндөө юм байгаа. Солих гутлаас авхуулаад л... Мэдээж бидэнд бэлэг бас байгаа. Айраг руу бэлэггүй очсоноос очоогүй нь дээр. Тэгээд Амгалангаас хөдөлсөн даруйд Айрагийн эмнэлэгт хэвтэж байгаа Журмын нөхөртөө хэл хүргэлээ. Эргэхээр очиж байна гэж. Гэтэл юу гэсэн гээч! эмнэлэгт ч биш, Айрагт ч биш, Улаанбаатарт байгаа гэдэг байгаа. Ингэж болно гэжүүдээ нөхөд минь. Аль хэдийн замдаа гарсан хойно шүү. Тэгээд бид энэ мэдээнд цочирдохдоо тамбаарт гарч тамхи асаалаа. Гэтэл баахан дуудлага дуу хоолой энэ бол сахиусан тэнгэрүүд. Тэд гайхсаар:-Та нар үнэхээр явж байна гэжүү? Үнэхээр явж байна гэжүү? гээд асуугаад байлаа. :- Тиймээ бид үнэхээр явж байна. Эвийдээ та нар чинь итгэхгүй байна гэжүү дээ бид явж байна.
Гэтэл тэд:- Тэнд хэн ч байхгүй шүү дээ. Хэн ч байхгүй. хэн рүү явж байгаа юмбэ та нар? танихгүй газар юу хийхгээд байгаа юмбэ? Одоохон дараагийн өртөөн дээр Туул дээр буу!
:-Ээ сахиусан тэнгэрүүд минь дээ. Юу ярих чинь энэ вэ? тасалбараа авчаад байхад чинь дээ. Тэгээд тасалбараа үхүүлэх болж байна уу? Тийм юм байхгүй шүү. Хэн ч байхгүй нь ямар хамаатай юмбэ? Бидэнд бол хамаа алга. Вагон байна. Уртаас урт зам байна. Веня ах байна. Юу бас байна. Бидэнд хамаагүй ээ. Бид очно.
Туул дээр ирж зогсоод хөдөллөө.
Улаанбаатар-Багахангай
"Алгуурсны эцэст эхний таталт"
Сахиусан тэнгэрүүдийн царайг харвал нэг л уйтгартай бидэнд гомдсон нь илт:- За зүгээр дээ. Бид нэгхэн хоноод л маргааш буцаад л ирнэ.
Та минь ээ! Бид чинь гол юмаа мартсан байна шүү дээ. Яагаав миний цүнхэнд нэг цагаан юм байгаа шүү дээ. Яаж энэ хүмүүсийн дэргэд уухав дээ. Таамбарт гарлаа. Би томыгоо гаргах гэтэл Тэнгэрийн харъяат нэг жижигхэн шилтэй зуун грамын юм гаргаад ирлээ. Эхлээд үүнийг гэж байна. Хөөрхий Веня ах өчигдөр тасарснаасаа хойш өглөө болтол олигтойхон шараа тайлж чадахгүй л яваад байсан юм. Биднийг уух болсонд баяртай байна гэж хэлэх үг алга. Мэдээжийн хэрэг Веничка ах бидний юмнаас горьдох хүн биш тэр үргэлж л өөрийн хувиа авч явдаг хүн. Зиа тэгэхээр зуухан грамыг яаж гурван хүн шударга хуваах вэ? Бидний хэн нь тоондоо сайн байлаа? Хэн ч биш. Тэгээд л шүлэг бичдэг болсон биз. Гэхдээ шүлэг бичдэг тархиараа хуваахын үйлдэл хийлээ. 100 хуваах нь гурав тэнцүү 33.3 грамм. Эхлээд Тэнгэрийн харъяат татлаа. Тэр шударга уусангүй бараг л 60 граммыг ууж орхилоо. Ариун амьтан бид хоёрт 40 грамм үлдлээ. 20 20 грамм. 20 грамм байхаддаа яахавдээ. Би ийм бага хэмжээгээр ерөөсөө ууж байгаагүй юм байна. Ариун амьтан татлаа. Тэр 30 граммыг авч явлаа. Би үлдсэн 10-ыг яалаа гэж уухавдээ. Жоохон ууцгаасан ердөө уруулаа чийглэсэн, Бурханы хургын хувьд ерөөсөө ч хүртээгүй болохоор Амьдрал ерөөсөө сайхан, өнгөтөй болсон нь харагдсангүй. Веня ах харин атрилдаад л байлаа. Аргагүй ээ. Дотор нь гэж авах юмгүй байгаа. Эргэн суудалдаа очиж суухад Багахангай дээр ирж зогслоо.
Үргэлжлэл бий...

"Улаанбаатар-Айраг" Веня ахын Москва-Петишкийн шууд нөлөөн дор бичив

Эхлэл
Бага тойрог нууцлаг уушын газарт
Бид чинь ер нь их муу зантай улс юмаа. Нэг газраа байгаад л байвал яг тэндээ л шигдэж орхидог өөр хаашаа ч гардаггүй эсвэл гарч чадахаа больчихдог. Яг л намагт шигдсэн юм шиг. Жишээ нь "Бага тойрог"! Уучлаарай даа. Чи минь хичнээн дотно сайхан билээ дээ. Чамайгаа огтхон ч буруутгаагүй шүү. Харин чамаас холдож чаддаггүй өөрсдийгөө л буруутгаж байгаа хэрэг шүү.
Дэлхий бөөрөнхий гэдгийг аль хэдийн бүгд мэддэг. Колумб Америк тивийг нээгээд хэдэн зууныг өнгөрч байхад бид эндээ л суугаад байж болно гэжүү? Дэлхий өргөн уужим явах газар их байхад шүү дээ. За би ч нээх мундагтаа биш л дээ. Гэхдээ л ийм бодол, өөрөөр хэлвэл тэнэх бодол сэтгэл гижигдээд удаж байлаа. Харин үйл хэрэг болгож чаддаггүй. Энэ чинь их муу хэрэг шүү дээ. Харин яг үүргэвчээ үүрээд гарахад минь өнөөх гайхал Веня Ах минь намайг, бас нөхдийг минь уруу татсан хэрэг. Тэр л галт тэргээр тэнэх, тэнэхдээ ууж тэнэхийн сайхныг мэдрүүлсэн юм. Дээр нь бас нэг хүчин зүйл бий. Колумб Америк тивийг нээсэн шиг хамтран зүтгэгч Тэнгэрийн харъяат, Ариун амьтан нарын аль дээр нээж олсон нэг уушын газар Бурханы хурга болох надтай нийлээд бид гурав бусад нөхөддөө хүлээж суулаа. Зүгээр ч хүлээх биш "Эв хамт намын 5-р онц их хурал" байсан юм. тэгтэл зөвхөн бид гурав л сууж байдаг. Тэгээд намын нөхдөө хүлээх зуураа нэг нэг грушик зубровски хөнтөрч орхилоо. Хүлээгээд л амьдрал яриад л... Ирдэггүй шүү гайхлууд чинь дараа нь дахиад нэг нэг зубровски. Гэхдээ энэ удаа аажуу ууж, яруу найраг ярьлаа. Тэд ирэх нь хэдийн өнгөрч орхисон хойно дахиад нэг нэг зубровски уулаа. Гурав дах зубровски бидний яриаг ямар сайхан болгосон гэж санана. Халж эхлэх тэр нь сайхан шүү дээ. За нар ч мэдэж л байгаа биздээ. тэнгэрийн харьяат руу хэн нэгэн утас цохилоо. Ярьж дуусаад тэр дуугүй суув. Нэг маань өвдчихөж гэнэ. Журмын нөхөр маань, Намын гишүүн маань. Зүгээр ч нэг өвдөх биш бүр хөдөөгийн эмнэлэгт хэвтэж байна гэнэ. Эргэх талаар бид ярилцлаа. Гэхдээ хэзээ вэ гэдэг дээр сайн тогтож өгдөггүй. Гэтэл Веня ах гэнэт чавчиж орж ирээд: -Нэг чинь үхэж байхад ингэж болохгүй дүү нараа. Хол гэж айгаа юу? Айраг бол энүүхэнд, бас ямар сайхан газар гэж санана. Тэр хүртэл галт тэргээр аялна гэж боддоо. Ямар сайхан аялана гэж санана гээд л ухуулж өглөө. Бид ч сэтгэл шулуудаад Маргааш хөдлөхөөр боллоо.
Үргэлжлэл тун удахгүй

Monday, November 7, 2011

"Зүүдний тайлал"

Буйдан хэлбэрт завь минь цоорчээ
Бүр гүн рүү,гүн харанхуй руу
Бүх л сайхан мөрөөдөл зүүдээ өвөртлөөд
Живж байна би,хачирхалт ертөнц рүү!
Далийн зураг мэт хачин замбараагүй
Бүх л зүйл урвуугаа орших
Ертөнцийн үүдийг нээж байна.
Тэнд үргэлж би эс таних нэгний дуу хоолойнд хөтлөгдөн
Үл мэдэх газраар алхдаг.
Үй түмэн зүйлстэй санаандгүй учравч
Үл таних дуу хоолой хэнийх болохыг ололгүй
Эрэг дээр шидэгдсэн байдаг
Ахиад л би тийшээ зорчиж байна
Алгуурхан живж буй сэргэг ухаан минь
Амьсгал давчдан сарвалзаж цуцаад
Алс ёроол руу жингүүдэн живж байна.

Sunday, November 6, 2011

Хотын гудамж миний нутаг холхиж өссөн өргөн чөлөө. "Бага тойрог"

Энүүгээр өнгөрөх бүрдээ би өнгөрсөн цагт очдог
Эндэхийн юмс бүхэн надад урьд нас шиг минь дотно
Хуучин нийслэлээс үрэгдээгүй үлдсэн
Хөгшин сэхээтний илэгддэггүй хүрэм шиг хэдэн намхан байрнууд,
Насаараа үнэнч зүтгэсэн намын гишүүн шиг
Нарийн гудамжууд
Бага тойрог бага тойруу минь
Шилэн барилга, шинэ гудамжнуудад эзлэгдэвч
Шинэхэн нийслэлийн зүрхэн тушаа оршисоор буй
Элээгдсэн гудамж бүхнээс чинь дурсамж сэнгэнэх
Их хотын хамгийн хөгшин хороолол минь
Иргэд чинь өтөлж чимээгүй хотруу нүүж
Иргэд чинь өдөлж харийн нийслэлийг зорьжээ.
Эзэнгүй үлдсэн бага тойруу минь
Эргэн санагалзах бүрийд дотно аялгуу эгшиглэх юм.
Бага тойргийн хөвгүүд дээвэр дээрээ од тоолох дуртай
Бага тойруугийн охид тагтан дээрээ дуу аялах дуртайсан
Хамгийн анхны гэсэн бүхэн минь чамд өмчлөгдөх
Хорооллын жаалын хэзээ ч төсөөлөхгүй ертөнц
Бага тойрог минь

Тэнэх зугаатай байлаа. Тэгээд ийм шүлэг бичлээ. Явсан замаа эргээд харахад яруу сайхан дурсамж үлджээ.

Жижиг суурингуудын гэрэл замд хааяа нэг анивчаад өнгөрөх
Жигд хэмнэлт галт тэрэгнээ зорчном .
Төсөөллөөс өөр танил зүйлгүй
Зунаараа үргэлжид байдаг харийн сууринг зорином.
Төрөлх гэр хэдэн бээрийн тэртээд хоцорчээ.
Аялалын туршид зугаацуулах зүйлгүй нэгэн хэвийн уйтгарт
Аяншиж ядарсан зорчигчидоор элбэг эл тэрэгнээ
Замын туршид бид л хөл хөөртөй зорчино.
Буух газарт минь угтах хүн нэгээхэн үгүй ч
Буйд газрын бяцхан өртөөг сэтгэл догдлон хүлээнэм.