Showing posts with label өгүүллэгүүд. Show all posts
Showing posts with label өгүүллэгүүд. Show all posts

Friday, January 2, 2015

"Цоожтой гүүр"

   Би нэг өдөр өнжөөд дараа өдрийнх арван гурван цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл гүүрэн дээр зогсдог ээлжийн ажилтай болсноор одоо танд хуучлах ээдрээт түүхтэй холбогдсон билээ. Ээлжгүй  өдрөө би өдөржин унтаж, маргаашийн ажлын нойрыг авдаг байв. Харин ажлын цагаараа гүүрээр ганц нэгээрээ явж өнгөрөх хүн иртэл машин дотор хөгжим сонсоод л сууж байдаг юм. Гүүрээр ганцаараа гиеүрсэн хүн явж л харагдвал, шууд л тэр хүн дээр явж очин яриа өдөж танилцаад, тэр хүний амьдралын тухай ярилцаж эхэлдэг билээ. Ер нь бол би хэр сайн ярилцаж чадна, тэр хэрээр миний ажлын амжилт үнэлэгддэг гэсэн үг. Гэхдээ танихгүй хүнтэй яриа үүсгэнэ гэдэг тийм ч амар ажил биш болохыг та гадарлаж л байгаа байлгүй. Гүүрээр өнгөрөх хүн бүхэнтэй ярилцсанаар ажлын бүтээмж үнэлэгддэг гэнгүүт миний  ажлыг сүлжээний бизнест татан оруулдаг ухуулагч, Христийн шашны сайн мэдээ тараагчидтай хольж хутгахгүй байхыг хүсье. Энэ ажил маань сэтгэл зүйчийн ажил юм аа. Гүүрнээс үсэрч амиа хорлохоор завдаж буй хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, амьдралын итгэл найдвар, баяр хөөрийн талаар ухуулж,  хийхээр шийдсэн алхмаас нь болиулах үүрэгтэй ажил билээ. Энэ ажлыг би анхандаа сэтгэл зүйчийн мэргэжлийн  дадлага ажил болгон сайн дураар хийж эхэлсэн ч, үр дүн нь урьдах жилүүдэд амиа хорлож байсан статистик судалгаанаас мэдэгдэхүйц эерэг гарч эхэлсэнд Нийслэлийн Онцгой Байдлын Албанаас орон тооны ажил болгон цалинжуулж өөр ээлжийн сэтгэл зүйчийг ч томилж өгсөн юм. Нэгэнт тоон баримт дурдсаных, нэгэн зүйлийг сонирхуулахад нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан амиа егүүтгэх хэргүүдийн 42 хувь нь зөвхөн энэ гүүрнээс үсэрч үхсэн тохиолдолдлууд гэвэл та итгэх үү? Чухам юуны учир эл гүүр хорвоогоос сайн дураар буцагчдын нөгөө ертөнцөд зорчих буудал болов гэдэг нь нэгэн залуугаас шууд эхтэй юм билээ.  Бүх зүйл анх ингэж эхэлжээ:
   - Хайр дурлалынхаа ид халуунд мансуурч, бие биенээсээ хором ч хөндийрч чадахаа больсон залуу хос  гал халуун, чин үнэнч хайр сэтгэлээ мөнхрүүлэхийг хүсэж л дээ. Тэгээд хотын төвөөс холгүйхэн орших нэрт удирдагчаар нэрлэгдсэн  гүүрний хашлагын сараалжин төмрөөс үүрд хамт байхын бэлгэдэл болгон өвөр талд нь өөрсдийн нэрс, ар талд нь дурлалын суманд оногдсон зүрх сийлсэн төмөр цоожийг түгжин дүүжлээд, түлхүүрийг нь үүрд хамт байх хүслээ шившин голын ус руу чулууджээ. Тэдний хайр сэтгэлээ мөнхлөн цоожилсон энэхүү шинэлэг үйлдлийг олон залуус дагалдан мөнөөх гүүрийн хашлага төмөр, бариул гээд цоож зүүж болох бүхий л хэсэгт хайр сэтгэлийн тангараг, хосуудын нэрний үсгүүд бүхий цоожоор бүрхэнджээ. Сүүлдээ гүүрийн албан ёсны нэрийг бүгд мартан “Хайрын гүүр” гэж нэрлэх болжээ. Гэгээн хайрын гэрч болсон өнөөх гүүр удалгүй хараал шингэсэн гүүр болон хувирах нь тэр. Бүтэлгүй хайр дурлалтай учирсан залуу гүүрнээс үсэрч үхжээ. Голын усанд үйж үхсэн талийгаач анхлан энэ гүүрэнд хайр сэтгэлээ цоожилж үүрдийн бэлгэдэл үлдээсэн хосын нэг байв.  Бүсгүй нь өөр эрийг даган далайн чинадыг зорьсноос ийм явдал болсон гэлцдэг байлаа. Тэр эмгэнэлт явдлаас хойшид бүтэлгүй хайр сэтгэлээсээ болж гүүрнээс дүүжилж үхэгсэд, чөлөөт уналт хийгчид тасрахаа байв. Гэнэтхэн л амьдралаас уйдагчид их болсныг мухар сүсэг, далд ертөнцөд итгэгчид  “анхдагч залуу”-ийн халааснаас олдсон бүтэлгүй хайрын шүлэг, мөнөөх хайрын гүүрийг жигшин зэвүүцсэн үгсээр дүүрсэн зурвас бүхий цаас хараал болон биелсэн гэдэгт итгэн холбон тайлбарладаг байв.
       Би энд ажиллах болсоор жил, зургаан сарыг үджээ. Ажлын ачааллын хувьд зундаа хэвийн, хавар намартаа сунаж унамаар, өвөлдөө бол амралтын байдалтай байдаг билээ. Энэ хугацаанд зуу зуун бүтэлгүй хайрын түүхүүд сонсож, элдэв янзын хүмүүстэй ярилцаж үзсэн минь нүсэр зузаан хайрын роман, докторын ажил хийхэд хангалттай хүрэлцэх мэдлэгийг хуримтлуулж дөнгөсөндөө. Би шаггүй ухуулагч бөгөөд ихэнхидээ ятган сэнхрүүлж дөнгөх агаад зарим үед ноцолдож зууралдаж, ихээхэн хүч гарган байж олон зуун хүний амийг аварч байв. Харин хоёр удаа яаж хичээгээд аварч чадаагүй юм. Харин намайг эзгүйчилж үсэрч үхсэн тохиолдол долоо удаа болсон. Насан туршдаа амьдралаас уйдсан хүмүүстэй зууралдахыг хүсэхгүй хэрнээ л хаяад явчихаж зүрхлэхгүй явсаар амьдралыг минь өөрчилсөн хаврын нэгэн өдөртэй золголоо. Гүүр амгалан тайван,  машиндаа тамхи баагиулан сууж байтал хөлсний унаанаас нэг дэгжин бүсгүй буун шийдэмгий гэгч нь гүүрний хашлага зүглэн алхлав. Би ч ум хумгүй гүйсээр бүсгүйгээс тав зургаан алхмын зайд дөхөн иртэл бүсгүй миний хардснаас тэс өөр үйлдэл гаргаж эхлэх нь тэр! Бүсгүй цүнхнээсээ алх гарган ирж хашлагын голд байх хуучирсан том цагаан цоожийг цохиж эхэллээ. Тэр цоожийг л цохиж эхлэхэд би хэн болохыг нь таньсан юм. Нөгөө далайн чинадыг зорьсон охин!  Жижиг алх нь цоожны ирмэг хэсгүүдийг эмтлэхээс бус эвдэж онгойлгож дөнгөхгүй байлаа.
-       “Тийм жижиг мөлгөр алх, энэ турьхан гар хоёр яаж бороо шороонд он удсан хамгийн хуучин цоожыг эвдэж чадах билээ дээ? “
Би эргэлзэж төвдөлгүйгээр бүсгүйд туслахаар очоод, юу ч дуугаралгүй алхыг нь шүүрэн авч цохиж эхэллээ. Хажууд нь хүн байгааг  анзаарах сөхөөгүй байсан бүсгүй алхыг гараас нь авахад л нэг цочин сандрах шиг болов. Намайг цоож руу далайж байгаад хэд хэд цохисны дараа бүсгүй шивнэх шахуу зөөлнөөр:
-        Би өөрөө, би эвдэх ёстой гэж хэлэхэд нь
-         Энэ алх чинь жижигдээд байнаа, миний машинд царил байгаа тэрүүгээр мулт татчихад болно гээд машин руугаа явж өнөөх царилаа авч ирэн бүсгүйд сарвайлаа.
 Голын урсгал руу уйтгарт нүдээр ширтэн байсан бүсгүй намайг царил аван ирэхэд   уйтгарт нүд нь шийдэмгий төрхөөр солигдон байдаг бүх л хүчээ гарган өнөөх цоожийг мулт татаж дөнгөв. Дараа нь мулт үсэрсэн цоожийг гогцоотой нь нийлүүлэн алгандаа барьж байгаад голын ус руу шидэж орхилоо. Цоожийг шидэхдээ бүсгүй  хүнд сонсогдтол чангаар бодох мэт маш намуухнаар:
-       Уучлаарай гэж хэлээд, надруу нүдээрээ баярлалаа гэж хэлэх мэт хараад тайван гэгч нь алхаж одсон юм.

Би ахиж тэр бүсгүйтэй таараагүй ээ, тэр өдрөөс хойш дахин гүүр рүү ч очоогүй. Энэ явдлаас хойш ахиж хэн ч үсэрч үхэхгүй мэт санагдсан учраас л би тэр ажлаа орхихоор шийдсэн юм. Учир нь би хараал байдаг гэдэгт итгэдэг , хараалыг хариулж болдог гэдэгт итгэдэг хүмүүсийн нэг билээ. 

Wednesday, May 7, 2014

Terrorist win!



Тэр даваа гаригийн өдрийн арван дөрвөн цагийн үед, өөрөөр хэлбэл хичээлээ тарсныхаа дараа  шууд л РС тоглоомын  газар руу тоглохоор ороод өнөө өглөө буюу лхагва гаригийн өглөөний долоон цаг арван таван минутын үед тэндээс гарч ирлээ. Бүтэн хоёр өдрийн туршид нүдний хор гаргахаар нэгхэн цаг л унтсныг эс тооцвол огтоос унтаж амраагүй бөгөөд байрны доод хонгилд байх цонхгүй тоглоомын газраас хамраа ч цухуйлгаагүй билээ. Гэнэт агаар салхинд гарч ирсэнд нүүр нүдгүй өвлийн жавартай агаар сэрүү татуулан бүрхээд,  түүнд өмнө хөл тавьж үзээгүй шинэ орчинд ороод ирэх шиг хачин мэдрэмжийг төрүүлж орхилоо. Уг нь өдийд сургууль руугаа явж хичээлдээ суух ёстой ч өнөөдөр орох хичээлийн дэвтэр, ном ч,  хичээлд суух хүсэл ч түүнд байсангүйд шууд л харьж унтахаар гэрээдээ зүглэлээ. РС тоглоомын газраас гарч ирснээс хойш түүнд өөр нэг хачирхалтай мэдрэмж төрж эхэлсэн нь компютерийн тоглоом доторх хийсвэр ертөнц, тоглоомны ширээнээс өндийн гарч ирээд эргэн хөл тавьсан бодит ертөнц хоёр нэг цул болон уусаж нэгдсэн юм шиг санагдах болжээ. Магадгүй түүний нээсэн энэ нэгдмэл ертөнц нь бүтэн хоёр өдрийн турш тасралтгүй тоглосон тоглоом, нөгөө  талдаа нойр дутагдлаас үүссэн багахан дэмийрэл ч байж болох л доо. Харин түүний хувьд  одоо алхаж, амьсгалж буй энэ орон зай нь чухамдаа бодит амьдрал уу? Эсхүл цахим ертөнц доторхи гурав хэмжээст ертөнц үү? гэдгийг ялгаж, таньж мэдэх хүсэл байсангүй. Харин ч энэ хоёр орон зай нэг ертөнц болж нэгдэж хувирсанд бүр таатай байв. Цахим ертөнцийн тоглоом доторхи баатрууд бодит ертөнцөд түүнтэй нүүр тулж, амьдрал гэдэг олон шат үе бүхий даалгавар биелүүлдэг тоглоом гэж төсөөлөх харин ч сонирхлыг нь татаж эхэлжээ. Түүний сонирхлыг юу юунаас илүү алан хядлага, дайн байлдаан бүхий “action” төрлийн тоглоомууд илүү ихээр татдаг билээ. Тиймдээ ч тэр гэрийнхээ хаалгаар орон ортлоо хэд хэдэн удаа гал нээж, арваад хүний амийг хөнөөгөөд амжлаа. Эхлээд түүнтэй нэгэн алан хядагч нүүр тулжээ. Түүний гарч ирсэн РС тоглоомтой байрны буланд нэг террорист түүнийг алахаар отож буй мэт санагдсанд гар бөмбөг шидэж алсан бол дараа нь явган хүний замаар дэндүү олон хүн явж, хурдан харихад нь энэ их хөл хөдөлгөөн тээг болоод буй мэт санагдсанд хоёр зуун сумтай Машинго буюу FN M249  нэрт автомат буугаар бүгдийг нь хэнийг ч босож ирэхгүй болтол шүршиж орхисон билээ. Хамгийн сүүлд түүнтэй буудалцсан этгээдүүд гэрийнх нь орцонд халз тулжээ. Орцонд нь тэсрэх бөмбөг тавихаар завдаж асан хоёр алан хядагчийг тэр дуу намсгагчтай М16 автомат буугаар тархин тус газар нь буудан хороон, тэсрэх бөмбөгийг аюулгүй болгоод гэртээ орлоо. Гэртээ оронгуутаа л тэр орныхоо гадуурхи бүтээлгийг хайш яйш ярж дэлгэн хөнжлөө сөхөөд шууд л гадуур хувцастайгаа хэвтээд өгөв. Хувцсаа тайлж унтвал илүү амарсан болдог гэж үргэлж үглэдэг байсан талийгаач өвөөгийнхөө үгийг санаж гадуур өмдөө дотуур өмдтөйгөө цуг шувтлан тайлж, газар шидээд, дараа нь цамц футболкоо тайлан толгойныхоо дээхнэ чулуудаад унтахаар тухаллаа. Унтаа сэрүүний завсарт зүүрмэглэхдээ:
Нэгэнт л амьдрал тэр чигтээ кибер тоглоомын ертөнц, Кибер тоглоом өөрөө бодит амьдрал болон уусчихаад  байхад гэррүү ирэхийн оронд дулаан гаражнаас аавын орхиод явсан машиныг нь хулгайлж унаад, хотын төвийн зам дээр “Need for speed” тоглоомыг үнэн утгаар нь тоглохгүй юу? Эсвэл 200 сумтай Машинго FN M249  буугаа цэнэглээд шууд л сургууль орох байсан юм. Эхлээд хоёр давхарт гарч 203 тоотод эхний цаг дээр хичээл орох  зэвүү хүргэсэн химийн багшийг ангийнхаа үргэлж тэвчээр бардаг хэдэн тэнэгүүдтэй нийлүүлж, хутгаар нэг бүрчлэн сийчиж хаячихаад, огтхон ч таалагддаггүй ангийн багштайгаа хэрэв сургуулийн хонгилд таарвал тэнд завсарлаад гарч ирсэн бүх сурагчидтай цугт нь  хэнийг ч үлдээхгүй шүршиж алчихаад, дараа нь захирлыг, тэгээд жижүүрийг... эцэст нь сургууль дотор тэсрэх бөмбөг тавиад тэндээс гүйж гарах байсан юм гэж харамсан бодлоо.
Ингэж харамсан бодож байтал хувцасны шүүгээн дотор чимээ гарах шиг боллоо. Алагдаагүй үлдсэн нэг террорист энд нуугдаж байж гэж бодоод  дуу намсгагчтай гар бууныхаа бүх сумыг нь дуустал шүүгээрүүгээ галлачихаад сая л нэг түгших айдасгүй болж, сэтгэл нь амарч эргэн унтахаар хэвтлээ.

Тэр гэнэт л зүүдэндээ босон алхаж, өрөөнийхөө цонхны тавцан дээр гарч зогсон цонхоо нээгээд, гараа хий савчин ямар нэг зүйл, магадгүй цайруулагч бодис шидэх шиг болоод “Цав цагаан” гэж чанга орилон хэлээд цонхоороо үсэрчихлээ.

***

Цонхоор үсрэгч хөвгүүн энэ хавар наймдугаар ангиа төгсөх байсан юм. Зожиг, дэндүү дотогшоо зантай, үг дуу цөөтэй, юунд ч сонирхолгүй, компютерийн тоглоомноос өөр ямар ч хоббигүй. Эцэг эх нь сагсан бөмбөг тэргүүтэй элдэв төрлийн спортоор хичээллүүлэх гэж яддаг байж. Харин түүнд хөлсөө дуслуулан, гүйж бахардаж бодитоор сагсан бөмбөг тоглохоос илүүтэй кибер ертөнцөд хэн нэг нэртэй сагсчин болон тоглох нь хамаагүй сонирхолтой санагддаг байж. Тэр гэртээ өөрийн гэсэн вакуум орчинг бүрдүүлээд удсан байжээ. Баяр ёслолын, энгийн бүхий л өдрүүдэд гэр оронд  юу ч болж байсан үл тоон чихэвчээ зүүн дэлгэцрүүгээ ширтээд л бүхнээс ангижирдаг байсан гэнэ. Эцэг эх нь хоёр хоногийн хугацаатай гадагшаа явж хүрч ирээд тоглоомонд донтсон хүүдээ эмчилгээ хийлгэхээр Сэтгэцийн эмнэлэгт ор гарахыг хүлээж байсан ажээ. Хөвгүүн цонхоороо үсэрч үхээгүйсэн бол ядаргааны тасагт Flippy bird тоглоомны үеүдийг давж чадахгүй байгаагаас болж сэтгэцийн хямралд орсон нэг эмэгтэй, Дота тоглоомын донтон өөрийгөө Тролл гэж үнэмшсэн оюутан залуу хоёртой нэг өрөөнд хэвтэх байв.

Friday, August 30, 2013

Цыгануудын хаан

Миний одоо танд өгүүлэх хүн бол хууль ёс, дэг журам гээчид баригддагүй, тийм зүйл байдгийг ч үл огоорогч, хаана л бол хаана тэнэж явдаг  Цыгануудын, тэр дундаа Цыгануудын хааны тухай юм. Гэхдээ Карпатын нутаг, Румынд элбэг, европын бүхий л оронд  хогийн ургамал мэт тархсан илбэ жатга, мэргэ төлөг, хөгжимнөөс өөр юмгүй тэр чөтгөрийн гэмээр адтай Цыган үндэстний тухай бус харин илбэ жатга, мэргэ төлгөөс бусдаар тэднийг санагдуулах, хууль тогтоолоос гадуур хаа сайгүй эрх чөлөөтэй амьдардаг тэнэмэл хүмүүсийн удирдагчийн амьдралын тухай юм. Тэгтлээ өндөр биш хирнээ цэх нуруутай, махлагдуу, мохор биш хэрнээ том хамартай, баруун хацар дахь соривоо үргэлж далдлан явдаг дөч гаран насны эрийг хотын тэнэмэлүүд бүгдээр Цыгануудын хаан хэмээн нэрийддэг байлаа. Харин түүний жинхэнэ нэр хэн гэдгийг нэг галд багтдаг цыганууд нь ч мэддэггүй. За ер нь тэгээд ч түүний жинхэнэ нэрийг цыганууд мэдлээ гээд нэг шил архины үнэ хүрэх биш, тэглээ ч цыганууд дунд эцэг эхээс өгсөн бүтэн нэрээ дурддаг хүн гэж үгүй хойно доо. Цыгануудын хаан тэрээр чанаргүй муу спирт, найруулсан архинд толгойгоо мэдүүлж түүж тушаасан хуванцар бүхнээ архинд өгдөг, бүх амьдралаа ноорог дэвтэр болгосон ихэнх тэнэмэлүүдээс тэс өөр нэгэн байлаа. Тэс өөр гэдэг нь биеэ авч яваа байдал, зан суртахуун, ядаж хог дээрээс олсон хоносон муудсан хоол хүнсний хаягдлаас огт амандаа хүргэж үзээгүй нь түүний зэрэг зиндааг илтгэх мэт. Тэгсэн хирнээ түүн шиг ийм хүн яагаад цыганы амьдралаар амьдрах болов гэдгийг үргэлж согтуу явах тэнэмэлүүд битгий хэл ойр хавийн цайны газрууд, хоосон шил лаазаа гаргаж хаядаг уушийн газар, дэлгүүрийн худалдагчид гайхаад олдоггүй байв. Тиймээс тэд ч түүний өнгөрсөн амьдралын тухай элдэв таамаг, хувилбар дэвшүүлж, үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриануудын үнэн худлыг магадлан хэлэлцдэг төдийгүй бүр өөр өөрсдийн таамгийг батлах гэж маргалддаг байсан гээч. Зарим нь түүнийг сэхээтний гэрт өсөж төрсөн сайхан залуу байсан ч оюутан ахуйдаа ууж дарвиж яваад санамсаргүй хүний аминд хүрснээс шорон оронд хамаг залуу насаа үрж суллагдаад хэдхэн жил болж байгаа, суллагдсан ч эцэг эх нь нэгэнт үгүй болсон санаж сарвайх, зориод очих хамаатан садангүйгээс ийн амьдралаар арга буюу амьдарсан гэлцдэг. Харин зарим нь ганзгын наймааны алтан үед хөл дээрээ босож нилээд хөрөнгөжиж эхлүүлсэн бизнес нь амжилттай явж байсан ч эхнэр нь бизнес эхлүүлсэн найзтай нь хуйвалдаж юу ч үгүй цөлмөж орхисон ч гэнэ эсвэл ганзгын наймааны алтан үедээ мөнгө, архи хүүхний амтанд орж, байгаа бүхнээ баруун солгойгүй цацаж дууссан ч гэнэ. Энэ мэт олон л таамаг хувилбар яригддаг байсан ч би хувьдаа түүнийг маш том хэргийн амьд гэрч, цорын ганц нотлох баримт тиймээс өөрийгөө болоод гэр бүлийнхнийгээ барьж өгөхгүйн тулд хэн ч тоож харахгүй золбин хүний амьдралыг сонгосон боловуу  гэж таамагладаг байлаа. Харин дийлэнх цыгануудын хувьд түүний өнгөрсөн амьдрлдаа хэн байсан нь онц биш одоо тэр харин чоно мэт хийморьтой амьдарч, хэрхэн хотын бүх бөбөчид-ийг атган чичрүүлдгийг, нэвширсэн үнэр мөнх шингэсэн өмхий ам, архинд түлэгдсэн согтуу хоолойгоороо бялдуучлан сайрхан ярьдаг байлаа. Үнэхээр түүнд захирагддаггүй, захирагдахгүй юмаа гэхэд айж гөлөгнөдөггүй цыган байхгүй. Их бага хэмжээгээр түүнд олсон барьснаасаа татвар татаас төлдөг байлаа. Дан цыганууд ч битгий хэл Лениний нэрэмжит биеэ үнэлэгчид, Ард, Хөдөө Аж Ахуйн бүх янханууд, охид хүүхэн зуучлагчид, эрүүлжүүлэхийн хөнжлөөс долоон дор дэвсгэр давуу бүхий дэн буудлууд бүгдээрээ алба гувчуур төлдөг байв. Дэн буудлуудыг хүртэл атгасан гээд аль дурын өрөөндөө хүссэн хугацаагаараа амьдарч болох ч өөрийн галын нөхдийн хамт танк, хонгилоор, зуны цагт гол бараадан хоног төөрүүлдэг байв. Дэн буудлаар байна гэдэг цагдаа сэргийлэхийн хараанд өртөнө гээд асуудал их учир хаана бол хаана хоног төөрүүлж явах нь аюулгүй байсан биз. Ер нь тэр тогтсон нэг газар удаан хугацаанд байхыг огт хүсдэггүй байжээ. Манай тэр хавьд нэг хэсэг харагдаж байгаад сураггүй алга болно, тэгснээ гэнэт л гараад ирнэ. Цыгануудын  хаан нийгмээс гадуурхагдсан бүхнээс алба гувчуур гэж авах тэр их мөнгөө чухам юунд үрэн таран хийдэг байсныг хэн ч мэддэггүй. Тайлан тооцоо шалгах эр зоригтон ч гэж  хэн байхав. Осолдохгүй галынхан нь бусдыгаа бодвол арай л додигор, гэдэс цатгалан харагддаг байсан нь хааны буянаар оногдсон олзны хишиг биз.   Ямар нэг эрхтэн дархтанаас зайлсхийж  чөлөөт ардын ёсоор амьдарч яваа тэд ч бас амьдралаа нэгэнт л ноорог болгоод сарааччихсан улсын хувьд хэдий нохойн амьдралаар ч гэсэн үлдсэн өдөр хоногтоо хэн нэг хаан эзэнд захирагдаж дорой харж, алба гувчуур төлнө гэдэг утгагүй. Тиймээс л  хэрэг зарим нэг юу ч хийхээс буцахгүй нэг нь түүнийг үгүй хийхийг байж ядан хүсэж, гагцхүү амин тус газар нь бүлж орхих сайн цагийг тэчяадан хүсдэг байсан биз. Аргагүй шүү дээ түүний орыг эзлэнэ гэдэг ямар их мөнгө, эрх мэдэл билээ дээ?  Тиймдээ ч түүний эсрэг халдлага дайралт бишгүй л их болдог байсны нэгийг би нүдээрээ харсан юм.
Хааны гал ихэвчлэн буудаллаж, хоолшуу юм хийж идэн, ганц нэг найруулсан архи хоосолдог том хогийн цэг миний ажилуулдаг жижиг цайны газрын хажууд байдаг байлаа. Тэр өдөр хааны гал дээр өмнө миний харж байгаагүй, заримыг нь тоотой хэдэн удаа харж байсан цыганууд нэмэгдэн хамтдаа ууцгаасан юм. Ер нь ажиглаад байхад гал болгон өөрийн мэдлийн хогийн цэг, газар нутгаар зааглагддаг тиймээс өөр хог түүгчид манай тэр хавиар барагтай бол үзэгддэггүй байсан биз. Харин тэр өдөр яагаад ч юм нийлээд олон цыган тэнд цугласан юм. Их үдээс эхэлсэн хавтгай архидалт нар хэвийх үед шувтрах тийшээгээ хандаж зарим нэг нь аль хэдий нь тас үсэрч, тунаж үлдсэн нь бүгд донхойчихсон байлаа. Хаан хүртэл нилээд муудсан байтал Буурал Дагва гэгч өмнө тусгайгийн цагдаа, зургадугаар хорооллын атаман явсан гэдэг биерхүү эр дуугаа өндөрсгөж ялих шалихгүй зүйлээр шалтаглан хажуудаа сууж байсан хааны галд багтдаг Халзан Бухаа гэгчийг хайр гамгүй нүдэж, дээрээс нь хэд дэвсэлчихээд эргэн суув. Энэ үйлдэл ч чухамдаа Цыгануудын хааныг өдөөн хатгаж буй үйлдэл гэдгийг цөм мэдэж байсан ч шийдвэрлэх тулааныг хэргийн гол эздэд нь үлдээхээр хүлцэн тэвчсэн биз. Гэтэл тэд дундаа арай настай, эцэг нь хуучин нийгэмд Намын төв хороонд том алба хашиж явсан гэлцдэг шар Мөнхөө :
-Хэлэх гэж бодож санасан юм байвал тэр хүндээ л шууд хэлчих битгий хоёрын хооронд сагсалзаад бай! гээд хэлчихсэнд асуудал бүр ч шуударч Буурал Дагва бантсандаа шууд л Цыгануудын хааныг тулаанд дуудах нь тэр.
Хаан нэлээд муудаж согтсон байсан ч энэ л үгийг амнаасаа унагахыг нь тэсэн ядан хүлээж байсан мэт эрсхэн босоод ирэв. Нэгэнт тулаан болх нь тодорхой болсон хэрэг. Адгийн цыган хүртэл хутгатай явдаг, болохгүй юм л гарвал дүрчиж чадах шийдсэн улс шүү дээ. Ялангуяа Буурал Дагва шиг хүн эрийн ёсоор зодолдоно гэдэг юу л бол? Юутай ч хаан түрүүлэн алхаж Буурлыг анасан өнгөөр араас нь ирэхийг тушаагаад харин бусдыг нь дагаж ирэх, тэр хоёрын асуудлыг харж баясахыг хатуу хориглон, дагаж ирсэн нэгнийг нь зүйл дуусгахаа хатуу сануулаад эрийн ёсоор хоёулахнаа асуудлаа шийдэхээр булан эргэх нь тэр. Нэгэнт л сонирхолтой зодоон харж сэтгэлээ баясгаж, цусаа хөөргөх завшаангүй бологсод үргэлжлүүлэн ууж эхлэв. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэд хэн хэн үхэл амьдралаа шийдэхээр явсан, булан эргээд хэр хугацаа ч өнгөрснийг умартатлаа ууж согтсон хойно Цыгануудын хаан нэг ч дусал цус, шарх сорвигүй буцан ирэв. Архидаж хоцорсон тэдний хувьд хаан нь Буурал Дагвааг зүйл дуусгахад хэр их хугацаа зарцуулсныг баримжаалахгүй болтлоо согтсон байв. Харин ажлаа умартан хэрэгт дурлаж байсан би хаантан Буурал Дагвааг нэлээд хол аваачин үгүй хийгээд, ул мөрөө баллачихаад ирсэн гэдгийг явж ирсэн цагаар нь тооцоолж дөнгөсөн юм. Хааныг үгүй хийхийг хүсдэг мэр сэр хүний хувьд түүнийг зайлуулна гэдэг тийм амархан ажил биш болохыг тэд ахин нэг удаа мэдэрсэн нь тэр тохиолдол болж өнгөрлөө. Юмны наадах цаадахыг хэнээс ч сайн ойлгодог удирдагчтай мэдлэг боловсрол, өсөж төрсөн орчин нэг түвшний шар Мөнхөө харин түүнийг хэзээ ч согтдоггүй, үргэлж согтсон мэт жүжиглэдгийг хөл дээрээ тогтож ч чадахгүй мэт явчаад юу ч болоогүй мэт буцаад ирснээс нь илрүүлсэн төдийгүй, тэдний  түвшнээс доод зиндааны цыгануудаас хааныг холхон дуудаж, бүр миний тэднийг ажиглаж байсан цонхны  доох нь авч ирээд: -Чи шал дэмий юм хийж байгаа юм. Буурал биш чи ор сураггүй алга болсон нь чамд өөрт чинь, хацар дээрх сорвио хүн бүрээс үхэн хатан нууж явахаас чинь хамаагүй дээр байсан юм! гэж хэлсэн нь түүнийг маш том хэргийн гэрч гэж  харддаг миний таамгийг нэг тийш болголоо. Гэхдээ хараад байхад Хаан, Шар Мөнхөө нар тийм ч дотно харьцаагүй, дайсагнасан биш ч бараг хоорондоо ярьдаггүй байсан нь сонин хэрэг. Эрүүл ухаанаар бодоход мэдлэг боловсрол, зиндаа түвшин ойролцоо нэгэнтэй анд баймаар юм.
Шар Мөнхөөгийн тэр үг хийгээд тэр оройн явдлаас хойш Цыгануудын хаан манай энэ хавиар төдий л үзэгдээхээ больсон юм.  Гал хамуудаасаа ч зайгаа барин дөлөх болсоор нэг мэдэхэд ор сураггүй алга боллоо.
-          Буурал Дагва үхээгүй байж үнэдээ тэр л хааныг алчихлаа
-          Түүн шиг хийгүй хянуур, хэнийг ч нухаж чаддаг зодоонч тийм амар үхэхгүй, зүгээр л татвараас цуглуулсан бүх мөнгөө аваад оргон зайлсан бүр суудлын тэрэг уначихсан танигдахгүй өөр болчихсон явсныг харсан гэх цуу ярианууд  дэгдээд намжаагүй байтал Цыгануудын хаан үхжээ гэх дуулиан аянга мэт бууж удалгүй түүний цогцосыг самар түүж яваад олсон гэх хэсэг цыган хотоос холгүй орших ойгоос галынхан дээр нь авч ирсэн юм. Үнэхээр тэр өөд болжээ. Гэхдээ хэн нэг өш санасан тэнэмэлийн гарт биш гэдэг нь цээжин тушаа зоолгосон бууны сумнууд илтгэнэ. Цыгануудын өвөрт хутга, заазуур явахаас буу байх биш.  Цыганууд хөлдөж, өлбөрч, архинд хордож, хутгалуулж, машинд дайруулан үхцгээж аль олдсон давуунд ороогдон Цагаан давааны энгэрт хайш яйш ухсан нүхэнд булагддагсан. Түүний үхэл ч, оршуулга ч эгэл жирийн цыгануудынх шиг эмгэнэлтэй төгссөнгүй жинхэнэ хаан ёсоор эцсийн замдаа үдүүлснийг би хүндэтгэлтэйгээр гэрчлэх байна.
Харин өнөөх их хэмжээний мөнгөний тухайд Шар Мөнхөө чемоданд хадгалсан мөнгийг нь олж гэрээслэсэн ёсоор хүүд нь өгч хүү нь эцгийг нь хөнөөсөн этгээдүүдээс холын холд зугтсан гэх адал явдалт кино шиг цуурхал одоо яригддаг ч тэр мөнгө надад ямар хамаатай билээ. Харин цыгануудын дотроос хэзээ ч ахин хаан төрөөгүйг гэрчилье.


Sunday, April 21, 2013

100% төгс эхнэр




 Хамар дээрээ хос хүүхэлдэй бүхий хуримын гоёмсог тэрэг манай хотхоны үүдээр орж ирлээ. Араас нь хар өнгийн таван Ланд Крузер жийп цуваа болон дагалдах ажээ.  Түүнийг гэрлэнэ гэсэн цуу яриа үнэн болох нь ингэж батлагдлаа. Тэрхүү цуу яриаг үнэн эсэхийг шалгахаар манай хөршүүд бүгд шахуу л гэр гэрийнхээ үүдэнд, бүр илүү их хэрэгт дуртай зарим нь тэдний гэрийн /сүйт хархүүгийн/ үүдэнд хуримын цуваа орж ирэхийг тэсч ядан хүлээж байв. Хуримын толгой машин гэрийн үүдэнд зогсон жолооч эр түрүүлэн бууж хойд хаалгыг онгойлгож өглөө. Эхлээд сүйт хархүү бууж ирлээ. Өдөр бүр энгийн, чөлөөт хувцас өмсөж явдаг түүнийг бараг л анх удаагаа бид ёслолын хувцастай байхыг харах нь тэр. Мэдээжийн хэрэг түүнд хослол маш их зохисоныг дурдах нь зүйтэй биз. Харин сүйт залуугаас илүүтэй биднийг түүний шинэ эхнэр л юу юунаас илүү сонирхол татаж байлаа. Ингэж нэг юм тэр эхнэр авдаг байжээ. Би бүр хөрштөйгөө түүнийг хүнтэй гэрлэх талаар бүтэн сарынхаа орлогоор мөрий тавьсан байсан гээч? Сүйт залуу эхнэрийгээ гэрийнхээ үүдээр гар дээрээ  тэврэн орлоо. Бидний, тэр дундаа хамгаас илүүтэй авгай хүүхнүүдийн хүсэн хүлээсэн тэр мөч бидний нүдний өмнө тохиох нь тэр. “Тэр ийм хожуу эхнэр авч байгаа юм чинь лав залуу охин авч суух байх”, “тэр хөрөнгөтөй хүн юм чинь эд хөрөнгө амлаад ч болов үзэсгэлэнтэй бүсгүйг уургалсан байх ” зэрэг бүх таамаг, яриа батлагдах мөч ийм л энгийн амархан байжээ. Маш гоёмсог загвар  бүхий хуримын цагаан даашинз, нүүрээ халхалсан торон гивлүүр,  алмазан шигтгээ бүхий цагаан алтан бэлзэг ядам хуруундаа зүүсэн  сүйт бүсгүй маш үзэсгэлэнтэй, дур булаам байсан гэдгийг энд хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Сүйт бүсгүйн талаархи  бидний эхнэрүүдийн таамагт огт байгаагүй нэгэн зүйл нь шинэхэн бэр европ хүүхэн байх нь тэр. Ингэнэ чинээ санаагүй бид гайхаж орхисон нь мэдээж. Үнээс ч илүү хачирхалтай бүр бидний ой тоонд багтамгүй, биднийг балмагдуулж орхисон зүйл нь түүний эхнэр жинхэнэ эмэгтэй хүн биш харин хиймэл хүүхэн байх нь тэр...  Түүнийг ер нь л нэг тийм юу ч гэх юм билээ дээ,  хэвийн бус, эрүүл энгийн хүн шиг биш гэдгийг бид мэддэг байсан ч арай  эхнэр авахдаа ийм шийдвэр гаргана гэж огт төсөөлсөнгүй. Хотын төвөөс зайдуу, цэвэр агаартай, оршин суугчид цөөн, мэдлэг боловсрол өндөр, соёлтой, баян чинээлэг иргэд бүхий энэхүү хотхонд амьдардагтаа манай гэрийнхэн туйлаас аз жаргалтай байдаг ч тэр гаж эр л  бүх сэтгэл ханамжыг минь сэвтээж нэг л сэжиг, болгоомжлол төрүүлдэг байсан нь одоо бүр нэмэгдлээ. Хурим ч яах вэ тэгэсхийгээд өнгөрсөн бидний хүлээсэн хүлээлт, хэрэг дурлалт, догдлол бүгд нурж унасан хойнодоо. Соёлч хөршүүдийн ёсоор манай хотхоныхон тэднийхээр орж баяр хүргээд гарсаан. Тэр ч өөрөө бүрэг, ганцаардмал хүн тул олон хүний хөлд дарагдахыг хүсээгүй биз. Өөр газарт амьдардаг цөөн хэдэн нөхөдтөйгөө гэртээ найрлаж байгаад шөнө дөл болголгүй өндөрлөсөн. Харин хамаатан садан гэхээр улс үзэгдээгүй шүү. Тэр байгаа нь л хэзээний ганцаар энэ хорвоод амьдарч байсан гэмээр, хамаатан садантай гэхээргүй хүн л дээ. Ер нь байлаа ч ийм хүн хамаатан, төрөл төрөгсөдтөйгөө таарамжтай байх нь юу л бол? Бидний амьдардаг хотхоны айлууд цөөтөйн дээр эрчүүд нь бүгд бизнес эрхэлдэг, сонирхол нэг  тул амралтын өдрүүдэд нэгнийдээ цуглаж, заримдаа гадаа дулаан үед тоглоомын талбайд байрлуулсан том дэлгэцээрээ хөлбөмбөг үзэж, шар айраг шимэнгээ шинэ хийхээр зэхэж буй бизнесийн санаанууд дээрээ санал солилцож, эдийн засаг, улс төр ярьдаг уламжлалтай. Бидний нэгэн адилаар эхнэрүүд маань ч мөн уулзалдаж сэтгүүлээс сурсан шинэ хоол, бялуу хийнгээ элдэв хангай юм чалчацгаадаг учир манай хөршүүд хоорондоо амь нэгтэй байдаг юм. Харин мань эр эрчүүдийн нөхөрлөлд  нэг удаа ч нэгдэж байсан удаагүй, бид ч ирэхгүйг мэдэх учир дуудаж байгаагүй билээ. Ер нь тэр юу эрхэлдэг ямар мэргэжилтэйг бидэнд мэддэг юм гэж байдаггүй байв. Бид бүхний ганц мэддэг зүйл нь тэр юу ч хийдэггүй ямар ч ажил төрөл эрхэлдэггүй хэрнээ бидний хамгийн том бизнестэй нэгнээс ч хамаагүй илүү хөрөнгөтөй гэдгийг л гадарладаг байлаа. Өнөөх гаж эрийн гэрлэлтээс хойш бидний сүүлийн үеийн уулзалтууд ч, бидний эхнэрийн сүүлийн уулзалтууд ч тувтан мань эрийн тухай сэдвээр дүүрсэн байлаа. Тэр яавч эрүүл биш. Резинэн хүүхэнтэй унтдаг хүн балчир насны охидууд сонирхох нь энүүхэнд биз, ийм л эрүүл бус, энгийн эмэгтэй хүнтэй харьцаж ойлголцож чаддаггүй бүрэг  этгээдүүд л  хүчингийн хэрэг үйлддэг байх?  Хүүхдүүдээ, охидуудаа сексийн гаж сонирхолтой тэр эрээс яаж хамгаалах вэ? Ер нь энэ тал дээр анхаарал хандуулахад илүүдэхгүй. Дэвшилтэд технологи ашиглаж мань эрийн гэр, ойр орчимд   нууц камера байрлуулж ажиглалт хийх, хотхоны харуул хамгаалалтын ажилчдыг нэмэх зэрэг олон зүйлсийг бид ярьцлаа. Зарим нэг нь бүр яаж түүнийг эндээс нүүлгэж болох талаар ч өөрийн санаагаа хэлээд амжлаа. Ямар ч байсан бид бүхний санаа нэгдсэн зүйл нь түүнээс болгоомжилцгоох, түүний үйлдэл нэг бүрийг анхааралтай хянахаар боллоо. Харин тэр энэ бүхнийг үл анзааран бүр тэгэхээс тэгэх гэсэн шиг шинэхэн эхнэрийгээ эгээл жинхэнэ эмэгтэй хүн аятай халамжлан, гудамжаар хамт зугаалж, саравчинд нарлана. Заримдаа хамтдаа дэлгүүр хэсэн, эхнэрээ түрдэг тэргэн дээр суулгачихаад хүнсээ цуглуулалдаг байв. Би л хувьдаа түүнийг ийм их амар амгалан, аз жаргалтай байгааг хараад атаархах мэт мэдрэмж төрснийг нуух юун. Ээлжит бямба гарагийн уулзалт тохиож, тэрхүү эрчүүдийн нөхөрлөл дээр Жагаа өнөөх эрийн талаарх шинэхэн мэдээллээ хүргэлээ. Мань эр унтлагын өрөөний шинэхэн ороо хаалгаараа оруулж дөнгөлгүй ухантаж байхад Жагаа дайралджээ. Гэтэл хачин нь манай гаж эр ор хүргэж өгсөн ачигч залуусыг ашиглалгүй унаатай нь буцаажээ. Арга байжуудээ огт хөндлөнгийн хүмүүст эхнэрээ амны зугаа, сонин хачины хачир болгон яриулахыг хүсээгүй биз. Тэгээд л ганцаар зөөж оруулахаар зүтгэж байхад нь Жагаа туслахаар очиж. Уг нь мань хүн тусламж хэрэггүй гэж хэрэндээ л зүтгэсэн боловч яагаад ч ганц хүн зөөж дөнгөхөөргүй байсанд арга буюу тусламж авчээ. Жагаа хоёр давхар дахь унтлагын өрөөнд орыг нь оруулж өгөөд гарах хугацаандаа дээд давхар луу нь гараагүй бол мэдэж авахааргүй байсан нууц баримтыг олж нээжээ.Манай баатарт шинэхэн дур булаам европ эхнэрээс нь гадна, хонгорхон ялдамхан япон охин, халуухан латин америк бүсгүй, шаргал үст орос хүүхэн, бас яг Ким Кардашианыг дууриалган хийлгэсэн хиймэл, резинэн хүүхнүүд байсныг олж харж амжжээ. Мань эр гэнэ алдаж хүн дээд давхартаа оруулж ирнэ гэж төлөвлөөгүйгээс халуухан амрагуудаа нууж амжаагүйдээ нилээд барьц алджээ. Ичиж бантсандаа тэр нэг л ёозгүйхэн инээхээс өөр юу хэлээгүй гэнэ. Жагаагийн ажигласнаар тэдгээр амрагууд нь эхнэр авахаас нь өмнө байсан бололтой, эхнэрийг нь бодвол хуучирсан харагдаж байсан гэнэ. Бүр нэг резинэн амраг нь хий нь алдаж шалчийсан, наах боломжгүй газраараа хагарсан байдалтай байхыг хүртэл хараад амжсан гэнэ. Аргагүй ч биздээ тэр олон жилийн эдэлгээний явцад ачааллаа даагаагүй биз.  Жагаагийн олж авчирсан шинэ мэдээлэл биднийг хөгжилтөй таамгууд дэвшүүлэхэд хүрлээ. Мөн алдаг эр юма. Эхнэртэй бас ил тод хамт амьдардаг амрагууд...? “Өмнөх нууц амрагууд нь албан ёсны эхнэрийг хэрхэн хүлээн авдаг бол? Тэд хоорондоо ямархуу харилцаатай байдаг бол? Эхнэр нь бас дөрвийн дөрвөн нууц амрагийг юу гэж боддог бол? Харддаг болов уу?” гээд л  бид тавлаж гарлаа. Гэхдээ л тэр маш азтай юмаа үзэсгэлэнтэй эхнэртэй бас болоогүй ээ дөрвөн нууц амрагтай!  Түүний тухай өөр бас мэдсэн зүйл нь тэр гэрлэлтээ албан ёсоор батлуулах гэж нэлээд юм болсон гэнэ шүү. Мэдээжийн хэрэг “Улсын бүртгэлийн ерөнхий газар” уг хачирхалтай гэрлэлтийг бүртгэхээс татгалзсан нь тодорхой! Хуримын ордон ч ийм ёс зүйгүй, монгол хүний санаанд багтамгүй тэнэглэлд татгалзсан хариу өгч. Тиймээс мань хүн тэгэхээс тэгэх гэсэн шиг эхнэртэй цагаан даашинз өмсгөж, хуримын машинтай хот дундуур явж, төв талбай болоод өөр бусад газруудад зургаа авхуулж нэг юм санаагаа амрааж. 
Бид түүний тухай хэрхэн ярилцдаг, өөрөөс маш их болгоомжилдог, бүр түүнийг эндээс нүүгээсээ гэж хүсдэгийг мэдэхгүй. Мэдсэн ч огтхон ч ач холбогдол өгөхгүй мөрөөрөө бусдад гэм хоргүй өөрөөрөө амьдарч байгаа нь бидний өндөржүүлсэн бэлэн байдлыг бага багаар нурааж эхэлсэн юм. Түүнийг эхнэртэйгээ аз жаргалтай нарлан суугааг харах болгондоо атаархдаг минь хэвээрээ. Мөн таарсан юмандаа атаархаждээ гэж хэн нэгэн хэлж болох л юм. Тэр зарим хүний хувьд учир битүүлэг, зожиг балай амьтан, бүсгүйчүүдийн хувьд үргэлж гаж донтон, цуврал алуурчин, эсвэл ижил хүйстэн мэтээр харагдаж ирсэн биз.. Бүсгүйчүүдтэй харьцаж байсан бүх харилцаа нь бүтэлгүйтлүүдээр дүүрэн, тэр хэзээ ч эмэгтэй хүний учрыг олж хаьцаж чаддаггүй байсан байж болох л юм. Тиймдээ ч тэр ийм сонголт хийхээс өөр аргагүй байсан биз! Буруутгах шалтгаан ер нь ч байна уу? Тэр ер нь хэний бага насны хүүхдийг хүчирхийлсэн юмбэ?
Тэр хэнд ч буруу юм хийгээгүй. Ер нь тэр ямар ч эрээс илүү зөв алхам хийж, хэн бүхний хүсдэг тийм л эхнэр авчээ. Өдөр ирэх бүр би түүний гэргийг өөрийн эхнэртэйгээ харьцуулан бодох боллоо. Тэр бүхэнд үргэлж түүний эхнэр ялна гээч! Түүний эхнэр хэзээ ч үнэт эдлэл, хувцас хунар, гоёл чимэглэл гэж нэхэхгүй. Бас хэзээ ч олсон мөнгө төгрөгийг салаан завсраар үрж дуусгахгүй. Хэзээ ч уурлаж, хэрүүл өдөж, тэвчээр алдрам элдэв ааш гаргахгүй. Үргэлжид түүний зөв, үргэлжид эхнэр нь түүний саналыг үг дуугүй дагана. Уугаад шөнө ирэхэд нь уцаарлахгүй, гадуур оройтож байхад байн  байн залгахгүй. Хэзээ ч суваг булаацалдаж савангийн дуурь үзэхгүй. Тэр манай эхнэр шиг бас бусад эхнэр шиг будаагүй үедээ аймшгийн царайтай байхгүй үргэлжид үзэсгэлэнтэй байна. Сарын тэмдэг ирэхгүй, хүүхэд төрүүлснийхээ дараа галбир нь алдагдахгүй, хэзээд хүсэхэд чинь дургүйцахгүй. Хэзээ ч чамайг хуурахгүй. Тэр эхнэр авахдаа л нэг удаа 8000$ зарцуулна. Өөр хэзээ ч мөнгө үрэх хэрэггүй. Үнэхээр түүний эхнэр арван хуруу тэгш, хэн бүхний хүсэх 100% төгс эхнэр юмаа. Энэ бодлоосоо болж би түүнийг маш ихээр хүндлэх болсон юм.
Би ч түүний тухай эрчүүдэд сайнаар дурсаж, бидний хэнээс ч илүү зөв шийдвэр гарган хэнд маань ч байхгүй төгс эхнэр авсан талаар ухуулсаар эрчүүд ч түүний талаар эерэг биш юмаа гэхэд ядаж л эвгүй хандлагаа хаясан байлаа. Биднийг дагаад эхнэрүүд ч өөр болсон мэт санагдах болов. Нөхцөл байдал ийн сайнаар эргэж байх үед тэр хэд хоногоор гадагшаа явав. Гэхдээ эхнэр, амрагууд хэнийг нь ч авч явалгүй ганцаар явлаа. Гадаад руу зорчсон уу? Эх орон дотроо явсан уу бид мэдээгүй ч их чухал ажлаар явсныг нь түүний өмсөөд байдаггүй ажил хэрэгч хар хослол нь  баталсан юм. Түүний эзгүйд үргэлжид л зав   чөлөөтөй байдаг, ажил төрөл гэж санаа зовохгүй элбэг хангалуун амьдардаг манай эхнэрүүдэд нүд хужирлаж харах ч зүйлгүй, ярианы гол баатаргүй болсонд  уйтгартай өдрүүд өнгөрсөн нь мэдээж. Харин бид эр нөхөргүй үлдсэн эхнэрүүдэд нь санаа зовж байснаа нуух юун. Тэр  4 хоноод амралтын өдрөөр буцаж ирлээ. Таксинаас буун гэрийнхээ цоожтой хаалгыг онгойлгох тэр явахдаа л өмсөж гарсан өнөөх хослол, ажил хэрэгч гар цүнхтэйгээ эргэж ирлээ. Хэсэг хугацааны дараа эр хүний муухай орилох чимээ, араас нь буун дуу гарч, дуу шуугиан багатай манай орчныг цочроолоо. Юу ч болсныг сөхөөрөхгүйгээр хар зөнгөөрөө л үүдэндээ яаран гарч ирэхэд бусад хөршүүд ч мөн  сандралдан гарч ирцгээсэн байлаа. Хоромхон хугацаанд болоод өнгөрсөн тэр аймшигт дуу чимээ юунаас үүдсэнийг бидний хэн ч мэдээгүй ч бид түүнийг амиа егүүтгэчихлээ гэж сэжиглэлээ. Яавал дээр болохыг бид ярилцаж зогсох ч, цагдаа дуудаад иртэл хүлээх аль аль нь цаг алдах байсанд айж сандралдсан хүүхдүүдээ ээжүүдийн хамт гэр гэрт нь оруулаад биднээс хоёр гурав нь  дотогш орохоор боллоо. Үнэндээ энэ алхам маань огтоосоо ч зөв шийдвэр биш гэдгийг, энэ нь хэргийн газрын ул мөрийг баллаж мэдэх эрсдэлтэйгээр барахуу байдал бишидвэл дотогш нэвтрэсэн бидний хэн нэг нь золгүйгээр амиа алдах бүрэн эрсдэл хүлээж байсан ч цагдаа сэргийлэх ирэхийг хүлээж тэвчилгүйгээр онгорхой салхивчаар давж орлоо. Дотогш болгоомжтой нэвтрээд түүнийг дуудсан ч хэн ч хариу дуугарсангүй. Юутай ч тэр нэг давхарын өрөөнүүдийн хаана ч байсангүй.  Болгоомжтой гэтэж явсаар хоёр давхарт гарч ирэхэд амьд хүн байгаа чимээ ер дуулдсангүй. Хоёр давхрын үүдний хонгилд бид дуу чимээ чагнан хэсэг зогсоод хаалга нь нээлттэй унтлагын өрөө рүү цувран орлоо. Өрөөнд  ороод бид  харсан зүйлдээ хөшиж орхиолоо. Түүний эхнэр, дөрвөн  амрагыг чармай нүцгэлээд шинэхэн унтлагын орон дээр нь дээш харуулан хэвтүүлжээ. Харин бүсгүйчүүдийн голд тархиндаа сум зоолгосон чармай нүцгэн резинэн эр хэвтэж байх нь тэр!
Болж өнгөрсөн хачирхалтай явдлын дараахан тэр нүүсэн юм. Амьд хүн буудаж амь насыг нь хөнөөгөөгүй учир ял аваагүй ч галт зэвсэг хууль бусаар хадгалсан, галт зэвсэг хэрэглэсэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр тэсэн харгалзах ял, мөнгөн торгууль төлөөд салсан гэсэн. Харин хэргийн гол эзэн болох түүний гэрт зөвшөөрөлгүй орж резинэн эрийг өөрийх нь орон дээр тавьсан этгээд хэн болох нь илрээгүй үлдсэн юм. Ер нь хэн түүнийг доромжилж, ийм увайгүй байдлаар өдөөн хатгасныг би хувьдаа таамаглаад эцсийн шийдвэрт хүрээгүй үлдсэн юм. Лав л түүний 100% төгс эхнэр, тачаангуй амрагуудыг нь мэддэг хүн байсан нь тодорхой!