Friday, January 2, 2015

"Цоожтой гүүр"

   Би нэг өдөр өнжөөд дараа өдрийнх арван гурван цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл гүүрэн дээр зогсдог ээлжийн ажилтай болсноор одоо танд хуучлах ээдрээт түүхтэй холбогдсон билээ. Ээлжгүй  өдрөө би өдөржин унтаж, маргаашийн ажлын нойрыг авдаг байв. Харин ажлын цагаараа гүүрээр ганц нэгээрээ явж өнгөрөх хүн иртэл машин дотор хөгжим сонсоод л сууж байдаг юм. Гүүрээр ганцаараа гиеүрсэн хүн явж л харагдвал, шууд л тэр хүн дээр явж очин яриа өдөж танилцаад, тэр хүний амьдралын тухай ярилцаж эхэлдэг билээ. Ер нь бол би хэр сайн ярилцаж чадна, тэр хэрээр миний ажлын амжилт үнэлэгддэг гэсэн үг. Гэхдээ танихгүй хүнтэй яриа үүсгэнэ гэдэг тийм ч амар ажил биш болохыг та гадарлаж л байгаа байлгүй. Гүүрээр өнгөрөх хүн бүхэнтэй ярилцсанаар ажлын бүтээмж үнэлэгддэг гэнгүүт миний  ажлыг сүлжээний бизнест татан оруулдаг ухуулагч, Христийн шашны сайн мэдээ тараагчидтай хольж хутгахгүй байхыг хүсье. Энэ ажил маань сэтгэл зүйчийн ажил юм аа. Гүүрнээс үсэрч амиа хорлохоор завдаж буй хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, амьдралын итгэл найдвар, баяр хөөрийн талаар ухуулж,  хийхээр шийдсэн алхмаас нь болиулах үүрэгтэй ажил билээ. Энэ ажлыг би анхандаа сэтгэл зүйчийн мэргэжлийн  дадлага ажил болгон сайн дураар хийж эхэлсэн ч, үр дүн нь урьдах жилүүдэд амиа хорлож байсан статистик судалгаанаас мэдэгдэхүйц эерэг гарч эхэлсэнд Нийслэлийн Онцгой Байдлын Албанаас орон тооны ажил болгон цалинжуулж өөр ээлжийн сэтгэл зүйчийг ч томилж өгсөн юм. Нэгэнт тоон баримт дурдсаных, нэгэн зүйлийг сонирхуулахад нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан амиа егүүтгэх хэргүүдийн 42 хувь нь зөвхөн энэ гүүрнээс үсэрч үхсэн тохиолдолдлууд гэвэл та итгэх үү? Чухам юуны учир эл гүүр хорвоогоос сайн дураар буцагчдын нөгөө ертөнцөд зорчих буудал болов гэдэг нь нэгэн залуугаас шууд эхтэй юм билээ.  Бүх зүйл анх ингэж эхэлжээ:
   - Хайр дурлалынхаа ид халуунд мансуурч, бие биенээсээ хором ч хөндийрч чадахаа больсон залуу хос  гал халуун, чин үнэнч хайр сэтгэлээ мөнхрүүлэхийг хүсэж л дээ. Тэгээд хотын төвөөс холгүйхэн орших нэрт удирдагчаар нэрлэгдсэн  гүүрний хашлагын сараалжин төмрөөс үүрд хамт байхын бэлгэдэл болгон өвөр талд нь өөрсдийн нэрс, ар талд нь дурлалын суманд оногдсон зүрх сийлсэн төмөр цоожийг түгжин дүүжлээд, түлхүүрийг нь үүрд хамт байх хүслээ шившин голын ус руу чулууджээ. Тэдний хайр сэтгэлээ мөнхлөн цоожилсон энэхүү шинэлэг үйлдлийг олон залуус дагалдан мөнөөх гүүрийн хашлага төмөр, бариул гээд цоож зүүж болох бүхий л хэсэгт хайр сэтгэлийн тангараг, хосуудын нэрний үсгүүд бүхий цоожоор бүрхэнджээ. Сүүлдээ гүүрийн албан ёсны нэрийг бүгд мартан “Хайрын гүүр” гэж нэрлэх болжээ. Гэгээн хайрын гэрч болсон өнөөх гүүр удалгүй хараал шингэсэн гүүр болон хувирах нь тэр. Бүтэлгүй хайр дурлалтай учирсан залуу гүүрнээс үсэрч үхжээ. Голын усанд үйж үхсэн талийгаач анхлан энэ гүүрэнд хайр сэтгэлээ цоожилж үүрдийн бэлгэдэл үлдээсэн хосын нэг байв.  Бүсгүй нь өөр эрийг даган далайн чинадыг зорьсноос ийм явдал болсон гэлцдэг байлаа. Тэр эмгэнэлт явдлаас хойшид бүтэлгүй хайр сэтгэлээсээ болж гүүрнээс дүүжилж үхэгсэд, чөлөөт уналт хийгчид тасрахаа байв. Гэнэтхэн л амьдралаас уйдагчид их болсныг мухар сүсэг, далд ертөнцөд итгэгчид  “анхдагч залуу”-ийн халааснаас олдсон бүтэлгүй хайрын шүлэг, мөнөөх хайрын гүүрийг жигшин зэвүүцсэн үгсээр дүүрсэн зурвас бүхий цаас хараал болон биелсэн гэдэгт итгэн холбон тайлбарладаг байв.
       Би энд ажиллах болсоор жил, зургаан сарыг үджээ. Ажлын ачааллын хувьд зундаа хэвийн, хавар намартаа сунаж унамаар, өвөлдөө бол амралтын байдалтай байдаг билээ. Энэ хугацаанд зуу зуун бүтэлгүй хайрын түүхүүд сонсож, элдэв янзын хүмүүстэй ярилцаж үзсэн минь нүсэр зузаан хайрын роман, докторын ажил хийхэд хангалттай хүрэлцэх мэдлэгийг хуримтлуулж дөнгөсөндөө. Би шаггүй ухуулагч бөгөөд ихэнхидээ ятган сэнхрүүлж дөнгөх агаад зарим үед ноцолдож зууралдаж, ихээхэн хүч гарган байж олон зуун хүний амийг аварч байв. Харин хоёр удаа яаж хичээгээд аварч чадаагүй юм. Харин намайг эзгүйчилж үсэрч үхсэн тохиолдол долоо удаа болсон. Насан туршдаа амьдралаас уйдсан хүмүүстэй зууралдахыг хүсэхгүй хэрнээ л хаяад явчихаж зүрхлэхгүй явсаар амьдралыг минь өөрчилсөн хаврын нэгэн өдөртэй золголоо. Гүүр амгалан тайван,  машиндаа тамхи баагиулан сууж байтал хөлсний унаанаас нэг дэгжин бүсгүй буун шийдэмгий гэгч нь гүүрний хашлага зүглэн алхлав. Би ч ум хумгүй гүйсээр бүсгүйгээс тав зургаан алхмын зайд дөхөн иртэл бүсгүй миний хардснаас тэс өөр үйлдэл гаргаж эхлэх нь тэр! Бүсгүй цүнхнээсээ алх гарган ирж хашлагын голд байх хуучирсан том цагаан цоожийг цохиж эхэллээ. Тэр цоожийг л цохиж эхлэхэд би хэн болохыг нь таньсан юм. Нөгөө далайн чинадыг зорьсон охин!  Жижиг алх нь цоожны ирмэг хэсгүүдийг эмтлэхээс бус эвдэж онгойлгож дөнгөхгүй байлаа.
-       “Тийм жижиг мөлгөр алх, энэ турьхан гар хоёр яаж бороо шороонд он удсан хамгийн хуучин цоожыг эвдэж чадах билээ дээ? “
Би эргэлзэж төвдөлгүйгээр бүсгүйд туслахаар очоод, юу ч дуугаралгүй алхыг нь шүүрэн авч цохиж эхэллээ. Хажууд нь хүн байгааг  анзаарах сөхөөгүй байсан бүсгүй алхыг гараас нь авахад л нэг цочин сандрах шиг болов. Намайг цоож руу далайж байгаад хэд хэд цохисны дараа бүсгүй шивнэх шахуу зөөлнөөр:
-        Би өөрөө, би эвдэх ёстой гэж хэлэхэд нь
-         Энэ алх чинь жижигдээд байнаа, миний машинд царил байгаа тэрүүгээр мулт татчихад болно гээд машин руугаа явж өнөөх царилаа авч ирэн бүсгүйд сарвайлаа.
 Голын урсгал руу уйтгарт нүдээр ширтэн байсан бүсгүй намайг царил аван ирэхэд   уйтгарт нүд нь шийдэмгий төрхөөр солигдон байдаг бүх л хүчээ гарган өнөөх цоожийг мулт татаж дөнгөв. Дараа нь мулт үсэрсэн цоожийг гогцоотой нь нийлүүлэн алгандаа барьж байгаад голын ус руу шидэж орхилоо. Цоожийг шидэхдээ бүсгүй  хүнд сонсогдтол чангаар бодох мэт маш намуухнаар:
-       Уучлаарай гэж хэлээд, надруу нүдээрээ баярлалаа гэж хэлэх мэт хараад тайван гэгч нь алхаж одсон юм.

Би ахиж тэр бүсгүйтэй таараагүй ээ, тэр өдрөөс хойш дахин гүүр рүү ч очоогүй. Энэ явдлаас хойш ахиж хэн ч үсэрч үхэхгүй мэт санагдсан учраас л би тэр ажлаа орхихоор шийдсэн юм. Учир нь би хараал байдаг гэдэгт итгэдэг , хараалыг хариулж болдог гэдэгт итгэдэг хүмүүсийн нэг билээ. 

No comments:

Post a Comment