Wednesday, May 7, 2014

Terrorist win!



Тэр даваа гаригийн өдрийн арван дөрвөн цагийн үед, өөрөөр хэлбэл хичээлээ тарсныхаа дараа  шууд л РС тоглоомын  газар руу тоглохоор ороод өнөө өглөө буюу лхагва гаригийн өглөөний долоон цаг арван таван минутын үед тэндээс гарч ирлээ. Бүтэн хоёр өдрийн туршид нүдний хор гаргахаар нэгхэн цаг л унтсныг эс тооцвол огтоос унтаж амраагүй бөгөөд байрны доод хонгилд байх цонхгүй тоглоомын газраас хамраа ч цухуйлгаагүй билээ. Гэнэт агаар салхинд гарч ирсэнд нүүр нүдгүй өвлийн жавартай агаар сэрүү татуулан бүрхээд,  түүнд өмнө хөл тавьж үзээгүй шинэ орчинд ороод ирэх шиг хачин мэдрэмжийг төрүүлж орхилоо. Уг нь өдийд сургууль руугаа явж хичээлдээ суух ёстой ч өнөөдөр орох хичээлийн дэвтэр, ном ч,  хичээлд суух хүсэл ч түүнд байсангүйд шууд л харьж унтахаар гэрээдээ зүглэлээ. РС тоглоомын газраас гарч ирснээс хойш түүнд өөр нэг хачирхалтай мэдрэмж төрж эхэлсэн нь компютерийн тоглоом доторх хийсвэр ертөнц, тоглоомны ширээнээс өндийн гарч ирээд эргэн хөл тавьсан бодит ертөнц хоёр нэг цул болон уусаж нэгдсэн юм шиг санагдах болжээ. Магадгүй түүний нээсэн энэ нэгдмэл ертөнц нь бүтэн хоёр өдрийн турш тасралтгүй тоглосон тоглоом, нөгөө  талдаа нойр дутагдлаас үүссэн багахан дэмийрэл ч байж болох л доо. Харин түүний хувьд  одоо алхаж, амьсгалж буй энэ орон зай нь чухамдаа бодит амьдрал уу? Эсхүл цахим ертөнц доторхи гурав хэмжээст ертөнц үү? гэдгийг ялгаж, таньж мэдэх хүсэл байсангүй. Харин ч энэ хоёр орон зай нэг ертөнц болж нэгдэж хувирсанд бүр таатай байв. Цахим ертөнцийн тоглоом доторхи баатрууд бодит ертөнцөд түүнтэй нүүр тулж, амьдрал гэдэг олон шат үе бүхий даалгавар биелүүлдэг тоглоом гэж төсөөлөх харин ч сонирхлыг нь татаж эхэлжээ. Түүний сонирхлыг юу юунаас илүү алан хядлага, дайн байлдаан бүхий “action” төрлийн тоглоомууд илүү ихээр татдаг билээ. Тиймдээ ч тэр гэрийнхээ хаалгаар орон ортлоо хэд хэдэн удаа гал нээж, арваад хүний амийг хөнөөгөөд амжлаа. Эхлээд түүнтэй нэгэн алан хядагч нүүр тулжээ. Түүний гарч ирсэн РС тоглоомтой байрны буланд нэг террорист түүнийг алахаар отож буй мэт санагдсанд гар бөмбөг шидэж алсан бол дараа нь явган хүний замаар дэндүү олон хүн явж, хурдан харихад нь энэ их хөл хөдөлгөөн тээг болоод буй мэт санагдсанд хоёр зуун сумтай Машинго буюу FN M249  нэрт автомат буугаар бүгдийг нь хэнийг ч босож ирэхгүй болтол шүршиж орхисон билээ. Хамгийн сүүлд түүнтэй буудалцсан этгээдүүд гэрийнх нь орцонд халз тулжээ. Орцонд нь тэсрэх бөмбөг тавихаар завдаж асан хоёр алан хядагчийг тэр дуу намсгагчтай М16 автомат буугаар тархин тус газар нь буудан хороон, тэсрэх бөмбөгийг аюулгүй болгоод гэртээ орлоо. Гэртээ оронгуутаа л тэр орныхоо гадуурхи бүтээлгийг хайш яйш ярж дэлгэн хөнжлөө сөхөөд шууд л гадуур хувцастайгаа хэвтээд өгөв. Хувцсаа тайлж унтвал илүү амарсан болдог гэж үргэлж үглэдэг байсан талийгаач өвөөгийнхөө үгийг санаж гадуур өмдөө дотуур өмдтөйгөө цуг шувтлан тайлж, газар шидээд, дараа нь цамц футболкоо тайлан толгойныхоо дээхнэ чулуудаад унтахаар тухаллаа. Унтаа сэрүүний завсарт зүүрмэглэхдээ:
Нэгэнт л амьдрал тэр чигтээ кибер тоглоомын ертөнц, Кибер тоглоом өөрөө бодит амьдрал болон уусчихаад  байхад гэррүү ирэхийн оронд дулаан гаражнаас аавын орхиод явсан машиныг нь хулгайлж унаад, хотын төвийн зам дээр “Need for speed” тоглоомыг үнэн утгаар нь тоглохгүй юу? Эсвэл 200 сумтай Машинго FN M249  буугаа цэнэглээд шууд л сургууль орох байсан юм. Эхлээд хоёр давхарт гарч 203 тоотод эхний цаг дээр хичээл орох  зэвүү хүргэсэн химийн багшийг ангийнхаа үргэлж тэвчээр бардаг хэдэн тэнэгүүдтэй нийлүүлж, хутгаар нэг бүрчлэн сийчиж хаячихаад, огтхон ч таалагддаггүй ангийн багштайгаа хэрэв сургуулийн хонгилд таарвал тэнд завсарлаад гарч ирсэн бүх сурагчидтай цугт нь  хэнийг ч үлдээхгүй шүршиж алчихаад, дараа нь захирлыг, тэгээд жижүүрийг... эцэст нь сургууль дотор тэсрэх бөмбөг тавиад тэндээс гүйж гарах байсан юм гэж харамсан бодлоо.
Ингэж харамсан бодож байтал хувцасны шүүгээн дотор чимээ гарах шиг боллоо. Алагдаагүй үлдсэн нэг террорист энд нуугдаж байж гэж бодоод  дуу намсгагчтай гар бууныхаа бүх сумыг нь дуустал шүүгээрүүгээ галлачихаад сая л нэг түгших айдасгүй болж, сэтгэл нь амарч эргэн унтахаар хэвтлээ.

Тэр гэнэт л зүүдэндээ босон алхаж, өрөөнийхөө цонхны тавцан дээр гарч зогсон цонхоо нээгээд, гараа хий савчин ямар нэг зүйл, магадгүй цайруулагч бодис шидэх шиг болоод “Цав цагаан” гэж чанга орилон хэлээд цонхоороо үсэрчихлээ.

***

Цонхоор үсрэгч хөвгүүн энэ хавар наймдугаар ангиа төгсөх байсан юм. Зожиг, дэндүү дотогшоо зантай, үг дуу цөөтэй, юунд ч сонирхолгүй, компютерийн тоглоомноос өөр ямар ч хоббигүй. Эцэг эх нь сагсан бөмбөг тэргүүтэй элдэв төрлийн спортоор хичээллүүлэх гэж яддаг байж. Харин түүнд хөлсөө дуслуулан, гүйж бахардаж бодитоор сагсан бөмбөг тоглохоос илүүтэй кибер ертөнцөд хэн нэг нэртэй сагсчин болон тоглох нь хамаагүй сонирхолтой санагддаг байж. Тэр гэртээ өөрийн гэсэн вакуум орчинг бүрдүүлээд удсан байжээ. Баяр ёслолын, энгийн бүхий л өдрүүдэд гэр оронд  юу ч болж байсан үл тоон чихэвчээ зүүн дэлгэцрүүгээ ширтээд л бүхнээс ангижирдаг байсан гэнэ. Эцэг эх нь хоёр хоногийн хугацаатай гадагшаа явж хүрч ирээд тоглоомонд донтсон хүүдээ эмчилгээ хийлгэхээр Сэтгэцийн эмнэлэгт ор гарахыг хүлээж байсан ажээ. Хөвгүүн цонхоороо үсэрч үхээгүйсэн бол ядаргааны тасагт Flippy bird тоглоомны үеүдийг давж чадахгүй байгаагаас болж сэтгэцийн хямралд орсон нэг эмэгтэй, Дота тоглоомын донтон өөрийгөө Тролл гэж үнэмшсэн оюутан залуу хоёртой нэг өрөөнд хэвтэх байв.

No comments:

Post a Comment