Tuesday, September 29, 2015

Намрын тухай хамгийн “Гоё”-ууд

Би намарт дуртай. Намар гэхээр л үрчийж хуучирсан сэтгүүлийн булан дээр танихгүй хүний үлдээгээд явсан утасны дугаар шиг, үхэл бол гэрэл гэж навчин дээр бичээд л, бичээд л хэдэн арван удаа бичээд л байдаг миний гар шиг, тэгээд бүх навчисаа салхинд хийсэхийг нь хараад л сэтгэл нэг их цэлэмчихдэг цаг хугацаа бүр шиг, миний хаа ч юм мартаад хоцорсон бүхий л сацраг гэрлүүд шиг минь санагддаг юм. Гэлээ гэхдээ намар надад юм бүхэн мөнхийн биш гэдгийг, сайн сайхан ч, муу муухай ч гэсэн хэзээ нэгтээ заавал төгсдөг гэдгийг сануулдаг болохоор замын хажууд хөглөрөн хийсэх түүний ширхэгбүрт, түүнтэй холбоотой бүтээл бүхэнд би дуртай.
“Autumn Leaves” буюу "Les feuilles mortes" дуу
Хөгжмийн зохиолч: Жозеф Косма
Цонхыг минь тогшин улаан, шаргал навчис эргэлдэх ахуйд...
....Хонгор минь чамайгаа би хэмжээлшгүй их санаж байна...

хэмээн Жонни Мерсер Намрын навчисдууны англи хувилбарыг бичжээ. 1950-иад онд Голдсен гэгч хөгжмийн продюсер эрд энэхүү франц дуу маш их таалагдсан учир Мерсерт англи хувилбарыг нь бичих санал тавьсан байна. Мерсер ч үүнийг зөвшөөрсөн авч хэсэгтээ үүнийг мартчихсан байлаа. Голдсен түүнд Би чамайг хоёр сар хүлээсэн, тэгээд ахиад л гурван долоо хоног боллоо одоог хүртэл дууны үг алга гэхэд Мерсер би баасан гарагт Нью Йорк руу явангаа галт тэргэнд үүнийг биччихээд чам руу явуулна аа. Харин чи намайг галт тэрэгний буудал руу хүргээд өгөөрэй гэжээ. Тэр өдөр нь Голдсен цагаасаа хоцорч очсон бөгөөд Мерсер би чамайг хүлээх зуураа дууны үгийг биччихлээ гээд түүний машинд өнөөх шүлгээ  уншиж өгч. Тэгтэл үүнийг сонсоод Голдсены нүдэнд шууд л нулимс цийлэгнэсэн гэдэг.  Тухайн үедээ энэ дуу зургаан долоо хоног хит боардаас буугаагүй бөгөөд үүнээс хойш маш олон дуучид өөр, өөрсдийн хувилбараар дуулсан билээ. Миний хувьд “Eric Clapton”-ы дуулсан хувилбараар сонсох илүү дуртай.

Уг бүтээлийг анх унгар хэлт Францын хөгжмийн зохиолч Жозеф Косма аяыг бичиж, үгийг яруу найрагч Жак Превера "Les feuilles mortes" буюу намрын навчис нэртэйгээр туурвин үлдээжээ. Энэ дуу бол бүхэлдээ санаж гансарсан гунигт хайрын тухай дуу бөгөөд Франц хувилбар нь илүү хүнд, илүү шаналант хайрыг өгүүлсэн байдаг бол англи шүлэг нь арай хөнгөн, илүү зөөлөн байдаг аж.
Жак Преверагийн
Умардын салхи эл хуль навчисыг
Уймрам гансрах сэтгэлийн минь шөнө рүү зөөнө
 Хар л даа хайрт энхрий минь
Би юуг ч мартаагүй
Хайрын тухай дуулдаг байсан чиний дууг хүртэл ...

хэмээн шүлэглэсэн нь мартагдашгүй мөрүүдийн тоонд зүй ёсоор тооцогдсоор иржээ.  

Autumn Leaves- John Everett Millais
Мөн л  Намрын навчисхэмээх энэхүү бүтээлийг 1855-1856 оны хооронд Английн нэрт зураач Жон Эверетт Милле зуржээ. Цэцэрлэгт дөрвөн охин навчис түүх ба түүдэг гал асааж, галын дөл харагдахгүй боловч овоолсон навчис дундаас утаа уугиж буй нь харагдана.  Миллегийн сод бүтээлүүдийн нэгд тооцогддог тус зурагт шашны нөлөө буйг зургийн өнгө болоод охидын өмссөн хувцас болон дэг жаягтай дүрсэлсэн байгааагаар илэрхийлсэн гэж үздэг байна.
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/5c/Millais_leaves.jpg


Dead Poets Society (1989) дэлгэцийн бүтээл
Питер Уирын найруулсан “Dead Poets Society” хэмээх энэхүү кино хамгийн гоё намрын дүрслэлтэй киноны нэгд зүй ёсоор багтдаг. Уг киноны үйл явдал 1950-иад оны Их Британид өрнөдөг бөгөөд гол дүрийн нэгэн ичимхий ганцаардмал хүү болох Тодд Андерсон эцэг эхийнхээ шаардлагаар хөвгүүдийн сургуульд элсэж буйгаар кино эхлэнэ. Тус сургуульд англи хэлний шинэ багш ирэх ба тэрээр бусад багш нараас хичээл заах тэс өөр арга барилтай нэгэн байлаа. Анхны хичээл дээрээ л шүгэлдэн орж ирээд, сурах бичгийнх нь оршилыг хөвгүүдээр уруулж уламжлалт заах аргыг эвдэн, сурагчдаа хэрхэн эрх чөлөөгөө илэрхийлэх вэ гэдэгт сургаж эхлэнэ. Тэрээр хичээл дээрээ хүүхдүүдээр чанга дуугаар шүлэг уншуулж, яруу найраг бичүүлэн, бичиж ирээгүйг нь тэр дор нь зохиолгон уншуулдаг байв. Ширээн дээр гарч шүлэг уншихыг нь ч зөвшөөрдөг байжээ. Энэ нь хөвгүүдийг өөртөө итгэлтэй болгож байсан төдийгүй тухайн хичээлд улам ихээр татагдахад хүргэдэг байлаа. Нэгэн өдөр хөвгүүд “Dead poets society” гэх бүлгэмд багшийгаа байсныг мэдээд түүнийг энэ тухайгаа ярьж өгөхийг хүсдэг. Үүний дараагаар тэд өөрсдийн “Dead poets society”-г байгуулан оройн цагаар сургуулийн захиргаанаас нууцаар ойд цуглах болов. Тэдний цуглаан ээлж дарааллан болж, яруу найраг уншиж тамхи сорцгоох гэх мэтээр өрнөнө. Гэвч тэдний бүлгэм сургуулийн захиргаанд баригдаж үйл явдал орвонгоороо эргэдэг. Иймээс Кийтинг багшийг хөвгүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн хэмээн ажлаас нь халж, гол дүрийн Тодд Андерсон хүү өөрийн хүсэл мөрөөдлөөс урвахгүйн төлөө амиа хорлоно. Мөн Кийтинг багш анхны өдрөөсөө л сурагчдаасаа  “Oh Captain, my Captain гэж Уолт Уитмений шүлэг дээрх шигээр дуудуулахыг хүсдэг бөгөөд харин хөвгүүд сүүлийн удаа багштайгаа салах ёс хийхдээ ширээн дээрээ гарч зогсоод “Oh Captain, my Captain” гэж өргөмжлөн дууддаг.

Би ирж яваа юм - Барнангийн Доржпалам /яруу найраг/

Намрын тухай үй олон сайхан шүлэг бий ч гэлээ яруу найрагч Барнангийн Доржпалам агсны анхны шүлгийн түүвэр болох Би морьтой хүнтүүвэрт байдаг Би ирж яваа юм шүлэг миний хувьд энэ намар хамгийн их сэтгэл догдлуулсан шүлэг байлаа.

Дуниартсан намрын хонгор өдрийг нартай нь сартай нь
Дурсгал болгон бие, биедээ солилцож бид саллаа, би явлаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо би явлаа
Холдож явсан энэ л мөчөөсөө эхлэн
Хонгор минь би чамдаа очиж яваа юм би ирж яваа юм чам руу
Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас
Хорж байгаа юм энэ чинь би ирж яваа юм чам руу
Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хоногоос
Өнөөдрийг би хасч яваа юм би ирж яваа юм шүү чамдаа
Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг
Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм, би ирж яваа юм, чам руу!




 Э.Бүжинлхам