Friday, February 17, 2012

Миний "абсурд" хотод тавтай морил!

Дуншиж дуншиж өчигдөр нэг юм "Абсурд зүүдний ХОТ" постмодернист роман маань хэвлэлтнээс гарлаа. Ирэх долоо хоногийн эхний өдөр гэхэд томоохон номын дэлгүүрүүдэд бүгдэд нь тавигдсан байх болно. Миний бие хоёр жилийн хушацаанд чадан ядан бичлээ. Одоо нэгэнт миний гараас гарлаа уншигч та бүхний ажил л үлдлээ. Шүүмж санаа бодлоо чөлөөтөй илэрхийлэхийг хүсье!

Tuesday, February 7, 2012

"Нуугдаж тоглъё" өгүүллэг



Тоглоом. Маш их сэтгэл догдлуулсан, бас тэвчээр шаарддаг нэг тоглоомонд би дуртай. Тэр тоглоомонд хүүхэд насны минь бүх сайхан дурсамж хадгалагдан үлджээ. Үгүй ээ, хүүхэд насыг минь одоо ч хамт байлгаж байгаа гэвэл дээр биз. Учир нь тоглоом үргэлжилсээр байна. Бүх зүйл “А” арав тоолж эхлэсэнээс эхэлсэн юм.
“А” тоолж дуусаад дүрэм ёсоор:- Болсон уу? Гэж чангаар орилж асуухад зарим нэг хүүхэд нуугдаж амжаагүй ч хаана байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд дуугарсангүй.
Нуугдаж тоглох бол манай зуслангийн найзуудын тоглох дуртай, хамгийн өрсөлдөөнтөй тоглоом байлаа. Тийм учраас бид тоглоомын дүрэм зохиосон юм.
Нэгдүгээр дүрэм: Өдөрт зөвхөн ганц удаа л нуугдаж тоглоно.
Хоёрдугаар дүрэм: Тоглоом яг 16:00 цагт эхэлнэ. Энэ үед бүгд цугласан байх ёстой ба хөвгүүд голд сэлж, хөл бөмбөг тоглож дуусаж, охидууд мөн өөрсдийнхөө тоглоомыг дуусгасан байх ёстой.
Гуравдугаар дүрэм: зөвхөн ойн цоорхойн дэргэдэх хоёр давхар эзэнгүй байшинд нуугдаж тоглоно.
Тоглоом эхэллээ. “А” тоолж дуусаад тоглоом эхэлснийг анхааруулсаныхаа дараа хүүхдүүдийг хайж эхэллээ.
Дөрөвдүгээр дүрэм: Өмнөх өдрийн тоглоомд хамгийн эхэнд олдсон оролцогч маргааш өдрийн тоглоомд нуугдагсдыг олох үүрэгтэй.
Энэ дүрмийн дагуу “А” өчигдөр хамгийн эхэнд олдсон учраас өнөөдөр хайж байгаа нь энэ. Бидний нуугдаж тоглодог энэ байшинд хүн амьдралгүй таван жил болсон гэдэг. Байшингийн эзэн нь болох ганц бие баян эмгэн хоёр давхарын унтлагын өрөөндөө амьсгал хураасан аж. Өв хөрөнгийг нь өвлөх хүнгүй тул эд зүйлсийг нь байшинд нь үлдээж цонх хаалгыг нь хадаж тагласан тул нартай цэлмэг өдөр ч байшин дотор бүүдгэр харанхуй ноёлодог байлаа. Энэ нь ч бидэнд нуугдаж тоглоход аятай нөхцөл бүрдүүлдэг байлаа. Байшинд эмгэний сүнс хорогдсон гэсэн цуу яриаг манай зуслангийн хүн бүр өөр өөрийнхөөрөө хачирлан ярьхыг нь яана. “Б”-ийн ахын бидэнд ярьж байснаар бол эмгэний эд хөрөнгийг тонохоор ирсэн хэд хэдэн олз хайгчидад золгүй явдал тохиолдсон нь энэ яриаг бүр ч их үнэмшилтэй болгосон гэдэг. Нүх сүв бүрийг нь таглаж бөглөсөн байшин хэдий ч бидэнд ордог нууц хаалга байдаг байлаа. Байшингийн арын баруун доод булангийн банз нь сугарчихсан хэсгээр зөвхөн хүүхэд л багтаж орох зай байдаг юм. Томчууд энэ байшинг сүнс сүүдэртэй гээд дэргэдүүр нь ч өнгөрөхөөс эвгүйрхдэг бол бид огт айдаггүй байлаа. Сүнстэй байшинд зөндөө тоглосон ч нэг ч удаа эмгэний сүнс бидэнд муу зүйл хийж байгаагүй гээч. Магадгүй эмгэн хүүхдэд хайртай хүн байсан ч юмуу бүү мэд.
Эхнээсээ хүүхдүүд олдоод эхэлчихжээ. “А” нэг давхарын зочны өрөөнөөс эхлэн биднийг хайх ажилдаа орсон бололтой доод өрөөний үүдэн хэсэгт хөлийн чимээ гарч байна. Миний мэдэхээр зочны өрөөний задгай зуух дотор “О” нуудаж байгаа. Хайж байгаа хүүхдэд олдоход хэцүү сайхан газар л даа. Ганц гэм нь хувцас тоос тортог, үнс болчихоод байдаг юм. Анх нуугдаж тоглож эхэлсэнээ бодвол бид мэргэжлийн нуугдагчид болсон гэхэд болно. Хэр барагтаа л бол олдохгүй. Хөшигний араар, хаалганы цаана, орон доогуур гэх амархан олддог газруудад нуугдахаа ч больсон. Олон удаа тоглоод нуугддаг газруудаа цээжлээд ирэхээр шинэ нуугдаж болох газруудыг сэтгэж олохоос өөр аргагүй болсон хэрэг л дээ. Бидний хувьд хамгийн сүүлд үлдэж ялагч болно гэдэг ямар ч тэмцээнд түрүүлэхээс хамаагүй үнэ цэнэтэй юутай ч зүйрлэшгүй нэр хүндийн хэрэг байлаа.
Тавдугаар дүрэм: Түрүүлж таван удаа ялагч болсон оролцогч тухайн сарын аварга болж тэр сарын тоглоом дуусан ирэх сараас тоглоом шинээр эхэлнэ.
Зургаадугаар дүрэм: Гурван удаа хамгийн эхэнд олдсон нуугдагч тоглоомноос хасагдаж, аварга тодорч шинээр тоглоом эхэлтэл оролцох эрхгүй.
Миний хувьд нийт арван хоёр удаа тоглоход нэг ч ялагч болж үзээгүй. Уг нь хоёр ч удаа ялагч болох боломж байсан хэдий ч ашиглаж чадаагүй юм. Хоёрдох боломж ялагч болно гэхээс илүүтэй өөр шалтгаантай болохоор дэндүү харамсалтай санагддаг юм.
:- арав тоолж дуусахаас өмнө амжиж нуугдахаар хувцасны шүүгээ рүү орлоо. Гэтэл юу болсон гээч? Шүүгээн дотор “У” орчихсон байлаа. Тэр надад: Би энд түрүүлж ирсэн, чи өөр газар нуугд гэлээ. :- Тоолж дууслаа ш дээ, бүх нуувч эзэнтэй болчихлоо, гэхэд тэр хамт нуугдахыг зөвшөөрлөө. Түүнийг зөвшөөрсөнд би ямар их баярласан гээч. Үнэндээ бол шүүгээнд нуугдахыг зөвшөөрсөнд биш, өөртэй нь хамт байхыг зөвшөөрсөнд л тэгэж их баярласан хэрэг л дээ. Би ердөө арван хоёр настай байсан хэдий ч тэр л миний анхны хайр гэдэгт огт эргэлздэггүй байлаа. “У” тайрмал шулуун үстэй, үснээс нь үргэлж анхилуун үнэр ханхалдаг, давхараатай хөөрхөн нүдтэй, шонтгор эгдүүтэй хамартай, яг л надад бяцхан сахиусан тэнгэрүүдийг санагдуулдаг байлаа. Би түүнийг тийм их хайртай боловч нэг л удааг эс тооцвол бараг л үг сольж үзээгүй байлаа. Хүүхэд байхад ер л тийм байдаг даа. Сайн гэдгээ илэрхийлж байна гэж, шоглож өдөхөөс өөрөөр хэтэрч чадах биш. Шүүгээнд орсоноос хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч бид хоёр хөшчихсөн мэт хөдөлгөөнгүй суусаар л байлаа. Нэг удаагийн тоглолт бүрэн дуустал дундажаар хоёр цаг болдог юм. Барагцаагаар гучаад минут хөдөлгөөнгүй дуугүй суусны эцэст тэр ядарсан бололтой миний мөрийг толгойгоороо налж суулаа. Үснээс нь анхилуун үнэр сэнгэнэхэд би мансууран мөрөөдлийн ертөнцөд очих шиг болж билээ. Нуугдаж тоглож байгаагаа ч мартаж байтал миний ясан мөрийг дэрлээд хүзүү нь чилсэн бололтой гэлжийхэд хоёр гараараа түүнийг зөөлөн татан өвдгөө налуулан хэвтүүллээ. Түүнийг үнсэх юмсан гэсэн бодол гэнэт төрөхөд зүрх түргэн цохилж, өвдөг чичигнэж эхэлхэд оволзох амьсгалаа даран өөрийгөө зоригжуулаад тонгойн түүний хацар дээр үнсэж билээ. Хэрэв үнссэн даруйд л намайг алгадсан бол бид шүүгээнд байгаа нь мэдэгдэж олдох байв. Тэрнээс ч аймшигтай нь тэр надтай ахиж харьцахаа болих байсан биз. Азаар тийм юм болсонгүй. Дараа нь би түүнийг тэвэрсэн, дараа нь бид үнсэлцсэн. Тэр л үед би түүнийг дагуулан Петр Пений арал руу очихыг хүссэн юм. Хэрэв тэр үед л оччихсон бол одоо ч бид хүүхэд хэвээр,хамтдаа байх байлаа. Харамсалтай нь сайхан юм удаан үргэлжилдэггүйн адил бид ч удаан хамт байж чадсангүй. Төдөлгүй биднийг “ П” оллоо. Тэр өдрөөс хойш “У” намайг харах бүртээ минчийн улайдаг болсон юм. Урьдын адил ахиж нэг ч удаа үг солиогүй.
Долдугаар дүрэм: Бүгд нуугдаж байгаа тул нэр нь ч нууц байх ёстой. Зөвхөн нэрний эхний үсгээр дуудна.
Ялагч болох боломжоо алдсандаа тэгтлээ харамсаагүй ээ, тэгсгээд мартсан харин “У”-гийн анхилам үнэр одоо ч үнэртэх шиг...
Тэрнээс хойш би зөвхөн ялагч болоход л, олдох боломжгүй газар нуугдахад л анхаарах болов. “А”-г арав тоолж дуусахаас аль хэдийнэ нуугдаж амжсан байлаа. Унтлаганы өрөөн дэх эмгэний орны хөнжил, гудас хийх зориулалттай шургуулга дотор. Удаан хугацаанд хөдөлгөөнгүй хэвтээд нуруу чилж байна гэж ярих юм биш босож нурууныхаа чилээг гаргахыг ямар их хүснэ вэ? Гэхдээ тэгэх боломжгүй яагаад гэвэл би чинь нуугдаж тоглож байгаа шүү дээ. Ялагч болохын тулд тэсэхээр шийдлээ. Ахиад хэсэг хугацаа өнгөрлөө. Гэсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Нуугдана гэдэг нэг бодлын их уйтгартай ажил шүү. Олдохоо, эсвэл хайж байгаа хүн бууж өгтөл хүлээхээс өөр юу ч хийхгүй. Би уйдахгүйн тулд бас цагийг бага ч болов хороохын тулд учир нь олддоггүй оньсого мэт элдэв зүйлсийн тухай тэр дундаа миний сонирхолыг маш их татдаг харь гаригийханы тухай бодож эхэллээ. Энэ олон гариг байхад ганцхан манай гариг дээр л амьдрал бий гэдэгт би ер итгэж өгдөггүй юм. Хүн төрөлхтөн сарнаас цааш явж үзээгүй байж яаж өөр ертөнц байхгүй гэдэгт бат итгэдэг байнаа? Гэхдээ би ч гэсэн нэлээд хугацаанд энэ талаар тархиа гашилгасан ч баталж чадсангүй. Хэзээ ч би өөрөө олж чадахгүй асуултын минь хариуг ам цангаж эхэлснээр сарьнууллаа. Нээх сайхан хүйтэн кола уух юмсан. Ингэж өөрийгөө зовоож байхаар сайн дураараа гараад олдчихдог ч юм билүү? Яалаа гэждээ ийм амархан зорилгоосоо ухарна гэжүү? Би чинь нуугдаж тоглож байгаа шүү дээ.
Гадаа халуун дээр нь нуугдаж байгаа газар маань битүү болохоор маш их нозоорч байлаа. Нэг мэдэхэд л өөрийн эрхгүй зүйрмэглэчихжээ. Хэр их хугацаа өнгөрч хэдэн цаг унтсанаа ч мэдэх юм алга. Байшин дотор гэрэл ч нэвтрэх төдий бүүдгэр, тэр бүү хэл орны шургуулганд байгаа болохоор өдөр шөнийн аль болж буйг мэдэж чадсангүй. Би цагийн баримжаагаа бүрэн алджээ. Ингэхэд хэдэн хүүхэд олдоогүй үлдсэн бол? Чимээ чагнатал ер хөлийн чимээ сонсогдохгүй байна. Арай тэд намайг нуугдаж байгааг мартсан юм биш байгаа. Надаас бусад хүүхдүүд олдоод тоглоом дуусчихсан юм биш биздээ. Тоглоом дууссаныг мэдэгдэх ёстой биздээ? Хэрэв тэгсэн бол наймдугаар дүрмийг зөрчсөн хэрэг шүү дээ.
Наймдугаар дүрэм: Бүх оролцогчид олдож дуусахад хамгийн сүүлд үлдсэн нуугдагч ялагч болох бөгөөд, ялагчыг зарлаж тэр өдрийн тоглоом дууссаныг зарлана.
Арай би унтаж байгаад тоглоом дуусахад зарлахыг сонсоогүй юм болов уу? Ерөөсөө тоглоом дууссан гэж хэн ч зарлаагүй дээ. Харин ээж байшингий гаднаас дуудаж байгаад явсан шиг санагдана. Гэхдээ баттай биш там тум санагдана зүүдэлсэн ч байж магад. Хэрвээ намайг унтаж байхад өөр хүүхдийг ялагч болгочихсон бол яана? Тэгэх боломжгүй дээ. Тэгвэл есдүгээр дүрмийг мөн зөрчинө гэсэн үг.
Есдүгээр дүрэм: Тухайн өдрийн тоглоом дууссаныг мэдэгдсэний дараа бүх оролцогчыг бүрэн байгааг шалгаж тоолно. Хэрвээ хэн нэг оролцогч тооллого хийхэд олдоогүй үлдсэн байвал нөхөж ялагч болгоно.
Юутай хэсэг хугацаанд хүлээзнэхээр шийдлээ. Ахиад хэдэн хором өнгөрлөө. Гэхдээ яг хэдэн минут өнгөрсөнийг би мэдэх биш. Би чинь цагийн баримжаагаа алдчихаад байгаа шүү дээ. Ямар ч гэсэн хашир байх хэрэгтэй юу ч болсон бай өөрийхөө чихэнд л итгэх нь зөв. Тоглоом дууслаа гэж сонсоогүй л бол тоглоом үргэлжилж байна гэсэн үг биш гэжүү? Надаас өөр хэн ч байхгүй нь илт болоход л би шургуулганаас гарлаа. Тмөр хаалтаар бөглөгдсөн цонхны өчүүхэн сиймхийгээр нарны туяа тусна. Тас харанхуйд удсан намайг энэ гэрэл нүдээ анивчуулахад хүргэлээ. Сэмээрхэн гишгэж явсаар доод өрөөнүүдээр ож үзлээ. Үнэхээр хэн ч алга. Байшингийн арын нууц хаалгаараа гадагшаа гартал нарны туяа нүүр нүдгүй тусаж гэрэлтэй орчинд дасах гэж бишгүй л юм боллоо. Үнэхээр өглөө болжээ. Бүтэн нэг шөнө нуугдаж өнгөрөөсөн байна шүү дээ. Гэхдээ гэртээ харихад миний огтхон ч төсөөлөөгүй зүйлс угтлаа. Гэрийхэн төдийгүй, бүх зуслангаараа намайг ойгоор, зуслангийн эргэн тойрноор шөнөжин хайжээ. Гэхдээ томчууд их сонин шүү. Хэн ч байшин дотор байсаар байгаа гэж санаагүй байгаам шүү дээ. Бүх хүүхдүүд ирчээд байхад харанхуй байшинд над шиг зориг муутай жаалыг байх юм гэж төсөөлөөчгүй хэрэг. Тэр өдөр бидний нүдэн дээр гал сөнөөх ангийнхан эмгэний байшинг нураасан юм. Гэхдээ тэд миний зүрх сэтгэл, бодол санаанд бат суурьшсан байшинг минь нурааж чадаагүй юм. Одоо ч би нуугдсаар л байна. Учир нь хэн ч надад тоглоом дууссан гэж хэлээгүй шүү дээ. Үнэн хэрэгтээ тоглоом цоо шинээр ахин эхэлсэн нь есдүгээр ангид тохиолдсон амь өрссөн явдлаас эсэн мэнд нуугдаж гарснаас хойш эхэлсэн бөгөөд тэр мөчөөс хойш хэцүү бэрхшээлтэй мөч бүхэнд нөгөө орон доороо нуугдаж байхаар шийдсэн юм. Их сургуулиа төгсөх хавраа дипломны ажил хамгаалалт, улсын шалтгалтыг давж чадахгүй санагдсан үед ч, хайргүй эмэгтэйгээ жирэмсэн болгосоноос болж хуримаа хийхээр ордонд байж байхдаа, их хэмжээний мөнгө эргэлдсэн том тендэрт оролцохынхоо өмнөх өдөр ч би нуугдсан юм. Аз тохиож намайг ор сураггүй болж, хүлээх ёстой үүрэг хариуцлагат ажлаа хаяж явах бүрт шидийн гэмээр явдлууд болж үргэлжид миний талд бүх юм шийдэгдсэн байдаг байлаа. Одоо ч гэсэн би нуугдсаар л... Цагийн эрэхээр би өвгөн биеэ дийлэхээ больжээ. Удаан хугацаанд хөдөлгөөнгүй хэвтэхэд хөшөж өвдөх болж. Насаараа нуугдсан нуувч минь орны шургуулга гэхээсээ илүүтэй авсыг санагдуулах болж. Хоёр давхарын шатаар дээш өгсөх хөлийн чимээ өрөөг зүглэн ирж буй нь тод сонсогдоно. Насан туршдаа нуугдаж тоглолоо одоо л нэг юм намайг олохоор ирж байна. Үхэлрүү авч явах эрлэгийн элч бололтой. Гэсэн хэдий ч ялагдах болоогүй, би энэ тоглоомд заавал ялах ёстой. Одоог хүртэл хэн ч намайг олж чадаагүй байгаа шүү дээ. Тоглоом дууссан гэж хэнч хэлээгүй.
БИ НУУГДАЖ ТОГЛОЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
Төгсөв.

Wednesday, February 1, 2012

Нэг ийм шүлэг

Уянгалаг сайхнаар жиргэхээ болиход чинь л
Уйдаж цөхөрсөн чиний нүднээс эрх чөлөөг олж харан
Чамайг тавьж явуулах цаг нэгэнт ирсэнийг ухаарч
Торыг чинь нээж, цонхоо цэлийтэл онгойлгосон
Эргэлзэж тээнэглэлгүйгээр нисэж одсоноос чинь хойш
... Эзэнгүй төмөр тор чинь хачин сониноор жингэнэх бүрт
Өрөөг минь учиргүй ихээр эзгүйрэл дүүргэх болсон
Цонхоо нээлттэй хонож
Томоотой жаал шиг хүлээж залхахдаа
Нэгэнт буцаж ирэхгүй чиний араас
Нисэх далавч урлан сууна