Wednesday, April 18, 2012

"Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино мөн"

Кинонд их хүч бий. Бүр түүхээс ч их хүч бий. Шашин бол тархи угаах хар тамхи мөн гэдэг бол кино түүнээс агуу хүчтэй юм шиг... Өчигдөр "Долоон бурхан харвадаггүй" гэдэг кино үзлээ. Тэр киноноос л МАН-д өнөөх гайхал "Х" үсэг чухам юуны тулд ад үзэгдээд, хаягдаж гээгдсэний учрыг ойлгов. Тэгэхээр байнаа өнөөх "Х" үсгийг хайрлаж хамгаалаад байга Н.Энхбаяр чинь одоо цагийн Элбэгдорж Ренчино болж таараад байгаа юм. Таминь ээ дээр нь бас одоогийн энэ МАН чинь коммунист нам биш юм байна лээ. Яагаад гэвэл гай болоод байсан "Хувьсгалт" хэмээх үгийн товчлол болох "Х"-гээ хассан хойно. Хэрэв үнэхээр л зүүний социалист нам биш юм бол 90 жилийн түүхтэй гэж ярих эрх, болоод нүүр байна уу? Тэр 90 жилийн хугацаанд чинь коммунист замналаар замнасан, социолизмыг бүтээн босгосон цаг үе нь байгаа шүү дээ. Бас ЗХУ-ыг үг дуугүй дагаж явсан Ю.Цэдэнбал даргаа яах гэж байгаа улс вэ? Тэр хугацаанд Орос Монгол ах дүүгийн найрамдалт харьцаа нь ч явж байсан шүү дээ. Энэ кинон дээр "Орос ах" нартаа томоос том "салаавч" өгчээ. айдаггүй ичдэггүй л нөхдүүд юмдаа. Ерөнхийдөө "Долоон бурхан харвадаггүй" кинонд түүхийг гуйвуулаагүй байна лээ тэр нь сайшаалтай. Харин сайшаамгүй нэг гэм нь 90 жил монголын төрийг атгаж "Мууг дагаж могойн хорлол болсоноо бусад руу бухсан байгаа юм. Тэр үеийн МАН, өнөөгийн МАН хоёрт ямар ч ялгаа байхгүй төрсөн аав хүү хоёр юм байна гэдгийг ойлгуулав. Ер нь тэгээд бүх л юмны буруу Оросууд, Коментерн, Элбэгдорж Ренчинод байсныг ойлгуулж өгсөн уг киноны зохиолч Болор цомын эзэн "яруу НАЙГАГЧ" Ж. Мөнхбат танд гүнээ талархъя. Өө бас уг цэвэрхэн хийсэн PR-аа үнэгүй үзүүлсэн НАМЗХ-ны нөхдүүдэд баярлалаа. Үнэгүй үзчихээд олон долоон юм хуцсанд уучлана биз...

Tuesday, April 17, 2012

“Хүлээхүйн театрын” мөнхийн гол дүр Хазара


Уншигч авхай таны хувьд хамгийн тэвчиж барамгүй, зүйрлэхийн аргагүй залхуутай зүйл юу вэ? Та магадгүй шүдний өвчин ч юмуу ямар нэг хариулт хэлэх байх. Харин би эргэлзээгүйгээр “хүлээлт” гэж хариулна. Та хэзээ нэгэн цагт хэн нэгнийг тэсэн ядан, эсхүл тэвчээрээ алдартал хүлээж үзсэн байх. Тийм бол та намайг сайн ойлгож байгаа бизээ. Цагаа барьдаггүй, назгай, зарчимч биш зан нүүдэлчин бидний онцлог ч гэхүү? Аль эсвэл замын түгжрэл гэдэг бэрхшээлийг тооцоолоогүй, хот төлөвлөлт гэдэг зүйлийг огтоосоо мэддэггүй байсан бидний алдаанаас болж “хүлээнэ” “цагаасаа хоцроно” гэдэг Улаанбаатарчууд бидний хувьд дасал болсон мэдрэмжүүдийн нэг. Хүлээхэд бас учир бий ирэх нь тодорхой, ирнэ гэдгийг мэдэж байгаа тохиолдолд бид болзсон хүнээ хүлээдэг.Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж хүлээх нь хүлээлт биш харин горьдлого болж хувирна. Бид бүгдийг залхаан цээрлүүлэгч гайхал болох хүлээлтийн талаарх тод томруун жишээ Ирландын нэрт жүжгийн зохиолч С.Бэккэтийн “Годог хүлээхүй” хэмээх абсурд жүжиг дээр өрнөдөг юм. Энэхүү жүжгийн дэвшүүлсэн санаа болоод үйл явдал энэхүү нийтлэлийн маань утга агуулагатай бүрэн таарах юм. С.Бэккэтийн “Годог хүлээхүй” хэмээх эл жүжгийн өгүүлэмж нь Эстрагон, Владимар гэх хоёр зайгуул эр Тэдэнд хэрэгтэй зүйлийг авчрах Годо гэх хэн нэгнийг бүхэл жүжгийн турш хүлээх аж. Зайгуул эрсийн цөхрөнгө барагдаж сэтгэлээр унацгааж, бүр амиа хорлоцгоох тухай бодох боловч амьдралых нь цор ганц найдлага гэрэл гэгээ болох Годог хүлээсээр байх аж. Хүний сэтгэлийн гүн дэх цөхрөл харууслыг өгүүлэх энэхүү жүжиг зохиолчидоо Нобелийн утга зохиолын шагнал авчирсанаас гадна уг жүжгийг абсурд жүжгийн оргил гэж үзэх болсон бөгөөд уг жүжгийн гол санаагаар абсурд жүжгийн төрлийг “хүлээхүйн театр” гэх болжээ. Энэ бол бодит амьдрал биш тайзан дээрхи жүжиг билээ. Харин бодит амьдрал дээр жинхэнэ “Хүлээхүйн театрын” нэгэн бүтээл өнөөг хүртэл тавигдсаар... Уг жүжиг найман зуун жилийн настай гэвэл та итгэхүү? Найман зууны өмнө Чингис хаанаар удирдуулсан Монголын их цэрэг Хоризмыг дайлаар мордож Арабын ертөнцийг буулгандаа оруулахдаа өнөөгийн Афганистанд “нэг мянгатаа” орхиод явсан нь өнөөгийн Хазарачууд! Хазара хэмээх үг нь Перс хэлэнд “мянга” гэсэн утгыг илэрхийлнэ. Тухайн үеийн Их Монгол улсын байлдан дагуулал эзэлсэн газар нутаг бүртээ хяналт тогтоох, төвшитгөх зорилгоор хэсэг цэрэг үлдээж явдаг байсан нь өнөөгийн АНУ, болон НҮБ-ын Энхийг сахиулах хүчний” цэргийн бодлоготой төсөөтөй бөгөөд, орхигдон үлдсэн Хазарачууд өнөө цагийн Афганистан, Иранд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүдийн үүргийг тэр үед гүйцэтгэж байсан гэж ойлгож болох юм. Тэгэхээр АНУ-ын ерөнхийлөгч, болоод Синат Монгол арга барилыг хэрэгжүүлжээдээ янз нь? Гэхдээ тэд цэргүүдээ буцааж татаж авахгүй тэнд нь “мартчих” юм бол “Арабижсан Америк гаралтай” нэг хөөрхийлөлтөй үндэстэн үүсгэчих боломжтой л юм. Одоо ч гэхдээ тийм зүйл арай ч болохгүй байх л даа. АНУ удахгүй цэргээ бүр мөсөн татна гэж мэдэгдэл хийсэн байна лээ. Гэсэн ч юмыг яаж мэдэхэвдээ найман зуун жилийн өмнө их цэрэг нутаг буцахдаа авч явна гэж үлдээсэнээс хойш өнөөг хүртэл татагдаж авагдаагүй цэргүүдийн үлдэгдэл байна шүү дээ.Эзэлсэн нутгаа хариуцуулан үлдээсэн мянгатын цэргээ татаж аваагүй гол шалтгаан нь 14-р зуунд Монголын эзэнт гүрэн задарсантай холбоотой бөгөөд Монгол цэргүүд болон тэдний гэр бүлүүд энэ нутагт суурьшиж, нутгийн ёс заншилд тохируулан, Ислам шашинтнууд болон хувирчээ. Хэдий тийм боловч Чингис хааны байлдан дагуулалтаас үүдэн түүхэн үйл явдлын эргэн тойронд өнөөдрийн Төв Афганистан дахь энэ ард түмний тухай өөр нэг таамаг байдаг нь Чингис хааны довтолгооноос дөрвөсөн төв Азийн нүүдэлчин монголын нэг овог Бамиянд зугтаж ирсэн гэж үздэг. Энэ нь Чингис хааны Хоризм руу дайлаар мордсон байлдан дагуулалтаас нэлээд өмнө Хазара Монголчууд төв афганистанд ирсэн гэж үздэг бөгөөд энэ үйл явдал нь төв азийн нэлээд эртний нүүдэл байж магадгүй. Ямар ч байсан аль ч өнцгөөс харсан Монгол нутгаас нүүж очсон Монгол аймаг болх нь маргашгүй үнэн. Гэхдээ Мягатын цэргүүд байх магадлал маш өндөр билээ. Өдгөө Хазарачууд 8 сая орчим хүн амтай нэг үндэстэн болон өсөн үржсэн хэдий ч урт удаан түүхийн явцад нэгэн ард түмний хувьд амсаж мэдэрч болох бүхий л зовлон зүдгүүр, хавчлага, дарангуйлалыг биеэр амссан монгол туургатан билээ. Хазарачуудын бүх түүхийн явцад тэдний эсрэг хийгдсэн хамгийн харгис “гэноцид” Абдуррахманы хаанчлалын үе болон Талибаны дэглэмийн үед тохиожээ. Жишээ дурдвал Талибаны дэглэм тогтсон цагаас хойш уг апартэид бодлого улам өргөжиж Кабулд мянга мянгаар нь, 1997 онд Мазари-Шариф-д 15 мянга, 1998 онд тус хотод найман мянга, мөн тэр онд Бамиянд, 2000 онд Робатакид, 2001 онд Якаудангд хэдэн арван мянгаар нь Хазара хүмүүсийг хүйс тэмтрэн устгаж байсан ба Талибаны дэглэмийн үед амь насаа алдсан нийт Хазарачуудын тоо нэг сая хол давна. Хазарачуудыг хавчиж хяхах, гадуурхах гол шалтгаан нь шашин шүтлэг, гарал үүсэл өөр байхаас гадна хамгийн том шалтгаан нь Арабын ертөнцийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн Хоризмыг нураасан Чингис хааны хойч үлдэгдэл гэж үздэгээс энэ аж. Биднийг энд дулаан хөнжилдөө тайван унтаж, эд хөрөнгө зүүдэлж, өглөө нь хүний хөгжил сангийн мөнгөндөө оочирлож, улсаас авах нэг сая төгрөгөө хүлээж байхад, орой болгоны гадаад мэдээгээр дэлбэрэлт, хадлага дайралт боллоо гэж байнга шахуу мэдээлдэг Афганистанд монгол гарал угсаат ахан дүүс маань бидний өвөг дээдсийн эзлэн түрэмгийлэл, “дайны нөхөн төлбөрийг “ өөрсдийн амиараа одоо ч төлсөөр л байна. Уг нь тэднийг авч явна гэж хэлээд явсан. Тийм ч учраас хүлээж байгаа. Ирнэ гэж хэлээгүй, огт ирэхгүй хүнийг хэн ч хоосон найдлага тавьж хүлээдэггүй. Харин ирнэ гэж амласан учраас л хүлээдэг. Нийтлэлийхээ эхэнд жишээ дурдсан “Годог хүлээхүй” хэмээх абсурд жүжиг рүү гээ эргэн сануулъя. Тэрхүү жүжигт нөхөр Годог дансаа шалгачаад л ирнэ гэж хэлсэн учраас л Владимар, Эстрагон хоёр хүлээсээр байдагдаа. Тэвчээр алдарч, сэтгэл цөхрөм эмгэнэлт хүлээхүйн театрын жүжиг үргэлжилсээр л... Тэдний хүлээлт бяцхан охин шинэ жилээр өвлийн өвгөнөөс бэлэг авахыг тэсэн ядан хүлээхээс тэс өөр, бидний сонгуулын амлалт хэрэгжиж эхлэхийг хүлээхээс хамаагүй утга учиртай зүйл. Гэсэн ч одоо боджээ байхад Хазарачуудын дүр бүтээж буй абсурд жүжиг “Годог хүлээхүйн” адил эмгэнэлтэй төгсөх магадлал өндөр ажээ. Учир нь улс төрийн хүчнүүд, элдэв нам, жигүүр пракц, бизнесийн бүлэглэлээр талцаж хуваагдсан өнөөгийн монголын төр засгийн удирдлага, улс төрчдөд салж таслагдсан Хазара мэтийн монгол угсаатны амь амьдрал, хувь заяа огтхон ч падлийгүй. Тэдэнд өнөө жилийн сонгуульд ялалт байгуулах, өөрийн хүнээ сайдад зүтгүүлэх, өөрсдийн санаачилж өргөн барьсан хуулиа батлуулах, Страгтегийн ордуудаас томоохон хэрчим хувьцаа хүртэхийг л эн тэргүүнд тавьна. Энэ цагийн улс төрчид дунд Нармай Монгол үзэлтэй, сарьнаж бутарсан ард түмнийг нэгтгэх хүсэл мөрөөдөл тээж явдаг хүн бий эсэхийг мэдэх юм алга. Хэрэв байдаг бол тэд одоо ичээндээ унтсаар байна. Уул нь Ар Монголчууд бид чинь монгол туургатан дотроо цорын ганц бүрэн эрхэт, бүгд найрамдах засаглалтай, ардчилсан парламенттай улс юмсан. Салж сарнисан монгол туургатнууд бүгд л бидэнд итгэж найдаж, гэрэл гэгээгээ болгон харж байна шүү дээ. Олимпод Монгол хүн аварга болоход өөрсдөө болсон мэт баярлаж, гарал угсаанаасаа болж шахагдан гадуурхагдсан ч “Би Чингисийн удам” гэж дотроо бардамнаж амьдарсаар байна шүү дээ. Харин бид тэднээс ичмээр юм. Төр засгийн удирдлага улс төрчидийг ярихаа больё гэхэд эгэл ард түмэн бид хүртэл хоорондоо энгийн шалихгүй зүйл дээр хүртэл нутаг ус, жалга довоороо хуваагддаг.Монгол туургатны өв соёл үндэсний бөхийн барилдаан дээрээ ч хүртэл халх, дөрвөд, баяд, буриадаараа талцана. Тэгэхээр ч эмгэнэлт жүжгийн төгсгөлийг эерэгээр төгсгөх өдий байна даа. Иймийн учир хилийн чанадад том улс үндэсний бөөрөнд гадуурхагдан байгаа монгол угсаатнууд маань “Хүлээхүйн театртаа” абсурд жүжгийнхээ гол дүрийг бүтээсээр л байхнэдээ.Харин мартсанаас бид ядаж бэльтажнаас үзэж буй жүжгийнхээ тасалбарыг худалдаж авсан билүү?

Tuesday, April 3, 2012

Хаос

Инээдэггүй уйлдаггүй, ядахнаа ширүүн ч хардаггүй
Ер нь ямар ч нүүрний хувиралгүй
Нэгэн хэвийн цонхигор царайтнуудтай
Гудамжны буланд зөрлөө.
Замаар хөврөх машин тэрэгнүүд ч нэг л эрч хүчгүй
Залхсан янзтайгаар хөдөлгөөнд оролцоно.
Энэ амьгүй бүхнийг улам бодит болгохоор
Шар том зурмал нарыг
Агаарт хэн нэгэн нь зуржээ.
Шарсан өндөг шиг харагдана.
Хөөсөн чихрүүдийг ч тэнгэрт хөөргөжээ.
Хиймэл үнэмшилгүй гэлээ ч хүмүүс үүлс гэж итгэнэ.
Эрээн мяраан олон өнгө алагласан
Өндөр нам зуйван дөрвөлжин
Эвлүүлдэг тоглоом мэт
Элдэв барилгуудын дундуур явж өнгөрөхдөө
Энэ хотод надаас өөр үнэмшил төрүүлэх зүйл үлдээгүйг ойлгов.

Monday, March 19, 2012

"Ангараг гараг дээр газарсан нь" урд шөнө би зүүдэллээ


Би Дотны хоёр хүнтэйгээ хамт Японы нисэх буудал дээр Бойнг онгоц дотор сууж байх юм. Монгол руу буцаж нисэх гэж байгаа бололтой. гэхдээ энэ том онгоцонд биднээс өөр хүн байхгүй бөгөөд бид нисгэгчийн удирдлагы өрөөнд орж ирсэн, надтай хамт яваа ах маань уг онгоцыг жолоодох гэж байх юм. Тэгтэл нэг монгол малчин эмэгтэй хонио туусаар нислэгийн зурвас дээр гараад ирчихэв. Би энэ явдалд үнэхээр их гайхаж байх юм. Японд тэгээд бүр нисэх буудал дээр бөөн хонь мал,малчин! Гэтэл тэр малчин эмэгтэй энд ирсэн нь учиртай бөгөөд биднийг гаргаж өгөхөөр иржээ. Хонь малаа орхиод ирж болоогүй учир малаа туусаар нисэх буудал дээр ирсэн нь энэ юм байж. Эгч бидэнд нэг юм захиж хэллээ. Уг нь их чухал үг. Гэхдээ санахгүй нь. Бойнгийн цонх их зузаан байтал түүний үг их тод сонсогдсон нь сонин шүү. Үнэндээ бид энэ малчин айлд зочлох гэж л Японд ирсэн аж. бид салах ёс гүйцэтгээд хөөрлөө. Гэхдээ яг л сансрын хөлөг шиг шууд эгц дээшээ маш их тийрэлтэт хөдөлгүүрийн хүчээр нислээ. Нэг л мэдэхэд бид үүлсээс хамаагүй өндөрт нисэж байх юм. Бас бидний онгоц Харри Поттерын нисдэг шүүр болоод хувирчихсан байх юм. Бид уг нь шууд Дархан орох ёстой байсан ч Ангараг гарагт буухаар нисэж яваа аж. Би өндөрөөс их айдаг тул нүдээ нээвэл толгой эргээд шүүрнээсээ унчихвийгэж айсандаа нүдээ тас аниад шүүрнээс тас зуурчихаад нисэж явлаа. тэгтэл миний гар маш их даарч эхэллээ. Даарснаас болоод хариугүй шүүрнээс гар мултарчих гээд... шүүр жолоодож яваа ах: За бид дэлхий татах хүчинг нэвтэллээ сайн бариарай гэлээ. Дэлхийн татах хүчинг нэвтэлсэн нь надад хачин тод хэрнээ их сонин мэдрэгдлээ. Задгай сансарт гарсэн би нүдээ тас аньж явсаар сая л нэг Ангараг дээр газардахад нүдээ нээлээ. уг нь дэлхийг бодитоор харахыг хүссэн ч балмагдсандаа шүүрнээсээ унчихвий гэсэндээ огт нээгээгүй юм. ангараг дээр газардсн хойно энэ бүхэн надад нэг л итгэмээргүй үнэмшилгүй ч юм шиг санагдаж эхлэв. Конбинзон, хүчил төрөгчийн аль нь байхгүй хэрнээ бид задгай сансарт үхсэнгүй. Бас хэдэн сая гэрлийн хурдаар ниссэн гэж ахыг хэлэхэд үнэхээр итгэхэд хэцүү байлаа. Гэхдээ бидний хөл тавьсан ангараг гараг гээч нь яг л хуучин Дархан шиг орчинтойг яана. Бид энд "далбаа мандуулах" юм гэнэ. Даанч миний ам цангаад сэрчихлээ.

Monday, March 12, 2012

Та түүнийг хэдтэй гэж санана? Танилц Хуйлдар...

Түүнийг Доржнямбуугийн Хуйлдар гэдэг. 12 хон настай ч авъяас гэж төрсөн хүүдэй. Би түүнтэй уулзаж танилцахаасаа өмнө эгчээс нь /Манай бүлгэмийн Зулай/ шүлгүүдийнх нь тухай сонссон цагаасаа уулзах хүсэл төрж эхэлсэн билээ. Тэр цагаас хойш төд удалгүй түүнтэй танилцаж,бас шүлгүүдийг нь өөрөөс нь сонсох завшаан олдсоноос хойш миний хайртай дүү болсон юм. Хайртай дүү гэхээсээ илүүгээр би түүний улаан фэн гэсэн нь зөв болов уу? Ингээд захиасын минь хариу болгож вагоноор хэдэн зуун км-ыг туулж ирсэн түүний зүгээргүй шүлгүүдийг сонирхуулъя.
MP3-ын ертөнц
Би бол MP3
Бидний STYLE–г
BAD ROMANCE эзэмдэнэ
Өнөөдөр надад HAPPY байлаа
Үдэш болгон надад SILLY байна
MP-гээ сонсоод л
Мартагдсан FULL бодлоо санана
USB,FLASH дискээс илүү
YOU MY LOVE
SKULL LOVE-оороо
Сүүдэр тусаагүй гэрэлд
Шүлгээ бичинэ
Шүлгээ бичихдээ
MP-гээ сонсоно
K.H.U.I.L.D.A.R
Энэ бол M.P.3
Миний хувьд HOMEWORK
MP-тэй минь адил GRAPHIC–тай
Сүүдэр татсан BLACK HOUSE–д
Сүн гэгч нь гэрэл асна
Сүн сүн
Сүүгий даагий
Сүүдэр тэнд гэрэл асаана
Дүн дүн
Дуугий даагий
MUSIC тэнд намайг хөгжөөнө
MR.LEAB
MAROON5,RIHANNA
LADY GAGA,EXTACY
ANEMONE,BLACK E.P
BAG-аа үүрээд
SCHOOL-рүүгээ явна
RIDE A BICYCLE
RIDE A CAR
MP-гээ сонсоод
Алхаж явна ааа БИ !!!

Юмсан
Санснаараа амьдрах юмсан
Саран дээр очих юмсан
Хүссэнээрээ амьдрах юмсан
Хүйтэн гал үзэх юмсан
Өөрийнхөөрөө амьдрах юмсан
Өндгийг өөрийнхөө аргаар шарж идэхсэн
Мөнгөн гэрт амьдрах юмсан
Мөрөөдлийн цэцэрлэгтээ зугаалах юмсан
Гэдсээ хагартал идэх юмсан
Гахай шиг л болохгүй юмсан
Хөхрөх дэлхийг улайлгах юмсан
Хүн төрөлхтөн яаж үүссэнийг мэдэх юмсан
Ертөнцийг бүхлээр нь удирдах юмсан
Ертөнц хорвоогийн хаан нь болох юмсан
Тансаг байшинтай болох юмсан
Тоо олон оддыг барих юмсан
Салаа туурайтай хүн харах юмсан
Саарал чоныг унах юмсан
Ойн лусыг харах юмсан
Ой дотор зугаалах юмсан
Аавтайгаа цуг тоглох юмсан
Аавын эрдэнэсыг харах юмсан
Солонгон дээгүүр алхах юмсан
Солонгоны өнгийг нь өөрчлөх юмсан.


Мөрөөдлийн бодол
Мөрөөдөлтэй хүн болгон жагахыг хүсдэг
Харин би үхэхийг хүсдэг
Мөрөөдлийг мөрөөдлөөр сольж
Мөрөөдөлтэй хамт үхэхийг хүсдэг
Мөрөөдөх дэндүү сайхан ч
Мөрөөдөл бол эрдэнэ гэж хүмүүс боддог
Харин би бусдаас өөр
Хачин гаж зүйлд дуртай
Хүүхэд болгон тоглоомтой болохыг хүсдэг
Харин би үхэхийг хүсдэг
Хүн болгон баяжихыг хүсдэг
Харин би алга болохыг хүсдэг

Friday, February 17, 2012

Миний "абсурд" хотод тавтай морил!

Дуншиж дуншиж өчигдөр нэг юм "Абсурд зүүдний ХОТ" постмодернист роман маань хэвлэлтнээс гарлаа. Ирэх долоо хоногийн эхний өдөр гэхэд томоохон номын дэлгүүрүүдэд бүгдэд нь тавигдсан байх болно. Миний бие хоёр жилийн хушацаанд чадан ядан бичлээ. Одоо нэгэнт миний гараас гарлаа уншигч та бүхний ажил л үлдлээ. Шүүмж санаа бодлоо чөлөөтөй илэрхийлэхийг хүсье!

Tuesday, February 7, 2012

"Нуугдаж тоглъё" өгүүллэг



Тоглоом. Маш их сэтгэл догдлуулсан, бас тэвчээр шаарддаг нэг тоглоомонд би дуртай. Тэр тоглоомонд хүүхэд насны минь бүх сайхан дурсамж хадгалагдан үлджээ. Үгүй ээ, хүүхэд насыг минь одоо ч хамт байлгаж байгаа гэвэл дээр биз. Учир нь тоглоом үргэлжилсээр байна. Бүх зүйл “А” арав тоолж эхлэсэнээс эхэлсэн юм.
“А” тоолж дуусаад дүрэм ёсоор:- Болсон уу? Гэж чангаар орилж асуухад зарим нэг хүүхэд нуугдаж амжаагүй ч хаана байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд дуугарсангүй.
Нуугдаж тоглох бол манай зуслангийн найзуудын тоглох дуртай, хамгийн өрсөлдөөнтөй тоглоом байлаа. Тийм учраас бид тоглоомын дүрэм зохиосон юм.
Нэгдүгээр дүрэм: Өдөрт зөвхөн ганц удаа л нуугдаж тоглоно.
Хоёрдугаар дүрэм: Тоглоом яг 16:00 цагт эхэлнэ. Энэ үед бүгд цугласан байх ёстой ба хөвгүүд голд сэлж, хөл бөмбөг тоглож дуусаж, охидууд мөн өөрсдийнхөө тоглоомыг дуусгасан байх ёстой.
Гуравдугаар дүрэм: зөвхөн ойн цоорхойн дэргэдэх хоёр давхар эзэнгүй байшинд нуугдаж тоглоно.
Тоглоом эхэллээ. “А” тоолж дуусаад тоглоом эхэлснийг анхааруулсаныхаа дараа хүүхдүүдийг хайж эхэллээ.
Дөрөвдүгээр дүрэм: Өмнөх өдрийн тоглоомд хамгийн эхэнд олдсон оролцогч маргааш өдрийн тоглоомд нуугдагсдыг олох үүрэгтэй.
Энэ дүрмийн дагуу “А” өчигдөр хамгийн эхэнд олдсон учраас өнөөдөр хайж байгаа нь энэ. Бидний нуугдаж тоглодог энэ байшинд хүн амьдралгүй таван жил болсон гэдэг. Байшингийн эзэн нь болох ганц бие баян эмгэн хоёр давхарын унтлагын өрөөндөө амьсгал хураасан аж. Өв хөрөнгийг нь өвлөх хүнгүй тул эд зүйлсийг нь байшинд нь үлдээж цонх хаалгыг нь хадаж тагласан тул нартай цэлмэг өдөр ч байшин дотор бүүдгэр харанхуй ноёлодог байлаа. Энэ нь ч бидэнд нуугдаж тоглоход аятай нөхцөл бүрдүүлдэг байлаа. Байшинд эмгэний сүнс хорогдсон гэсэн цуу яриаг манай зуслангийн хүн бүр өөр өөрийнхөөрөө хачирлан ярьхыг нь яана. “Б”-ийн ахын бидэнд ярьж байснаар бол эмгэний эд хөрөнгийг тонохоор ирсэн хэд хэдэн олз хайгчидад золгүй явдал тохиолдсон нь энэ яриаг бүр ч их үнэмшилтэй болгосон гэдэг. Нүх сүв бүрийг нь таглаж бөглөсөн байшин хэдий ч бидэнд ордог нууц хаалга байдаг байлаа. Байшингийн арын баруун доод булангийн банз нь сугарчихсан хэсгээр зөвхөн хүүхэд л багтаж орох зай байдаг юм. Томчууд энэ байшинг сүнс сүүдэртэй гээд дэргэдүүр нь ч өнгөрөхөөс эвгүйрхдэг бол бид огт айдаггүй байлаа. Сүнстэй байшинд зөндөө тоглосон ч нэг ч удаа эмгэний сүнс бидэнд муу зүйл хийж байгаагүй гээч. Магадгүй эмгэн хүүхдэд хайртай хүн байсан ч юмуу бүү мэд.
Эхнээсээ хүүхдүүд олдоод эхэлчихжээ. “А” нэг давхарын зочны өрөөнөөс эхлэн биднийг хайх ажилдаа орсон бололтой доод өрөөний үүдэн хэсэгт хөлийн чимээ гарч байна. Миний мэдэхээр зочны өрөөний задгай зуух дотор “О” нуудаж байгаа. Хайж байгаа хүүхдэд олдоход хэцүү сайхан газар л даа. Ганц гэм нь хувцас тоос тортог, үнс болчихоод байдаг юм. Анх нуугдаж тоглож эхэлсэнээ бодвол бид мэргэжлийн нуугдагчид болсон гэхэд болно. Хэр барагтаа л бол олдохгүй. Хөшигний араар, хаалганы цаана, орон доогуур гэх амархан олддог газруудад нуугдахаа ч больсон. Олон удаа тоглоод нуугддаг газруудаа цээжлээд ирэхээр шинэ нуугдаж болох газруудыг сэтгэж олохоос өөр аргагүй болсон хэрэг л дээ. Бидний хувьд хамгийн сүүлд үлдэж ялагч болно гэдэг ямар ч тэмцээнд түрүүлэхээс хамаагүй үнэ цэнэтэй юутай ч зүйрлэшгүй нэр хүндийн хэрэг байлаа.
Тавдугаар дүрэм: Түрүүлж таван удаа ялагч болсон оролцогч тухайн сарын аварга болж тэр сарын тоглоом дуусан ирэх сараас тоглоом шинээр эхэлнэ.
Зургаадугаар дүрэм: Гурван удаа хамгийн эхэнд олдсон нуугдагч тоглоомноос хасагдаж, аварга тодорч шинээр тоглоом эхэлтэл оролцох эрхгүй.
Миний хувьд нийт арван хоёр удаа тоглоход нэг ч ялагч болж үзээгүй. Уг нь хоёр ч удаа ялагч болох боломж байсан хэдий ч ашиглаж чадаагүй юм. Хоёрдох боломж ялагч болно гэхээс илүүтэй өөр шалтгаантай болохоор дэндүү харамсалтай санагддаг юм.
:- арав тоолж дуусахаас өмнө амжиж нуугдахаар хувцасны шүүгээ рүү орлоо. Гэтэл юу болсон гээч? Шүүгээн дотор “У” орчихсон байлаа. Тэр надад: Би энд түрүүлж ирсэн, чи өөр газар нуугд гэлээ. :- Тоолж дууслаа ш дээ, бүх нуувч эзэнтэй болчихлоо, гэхэд тэр хамт нуугдахыг зөвшөөрлөө. Түүнийг зөвшөөрсөнд би ямар их баярласан гээч. Үнэндээ бол шүүгээнд нуугдахыг зөвшөөрсөнд биш, өөртэй нь хамт байхыг зөвшөөрсөнд л тэгэж их баярласан хэрэг л дээ. Би ердөө арван хоёр настай байсан хэдий ч тэр л миний анхны хайр гэдэгт огт эргэлздэггүй байлаа. “У” тайрмал шулуун үстэй, үснээс нь үргэлж анхилуун үнэр ханхалдаг, давхараатай хөөрхөн нүдтэй, шонтгор эгдүүтэй хамартай, яг л надад бяцхан сахиусан тэнгэрүүдийг санагдуулдаг байлаа. Би түүнийг тийм их хайртай боловч нэг л удааг эс тооцвол бараг л үг сольж үзээгүй байлаа. Хүүхэд байхад ер л тийм байдаг даа. Сайн гэдгээ илэрхийлж байна гэж, шоглож өдөхөөс өөрөөр хэтэрч чадах биш. Шүүгээнд орсоноос хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч бид хоёр хөшчихсөн мэт хөдөлгөөнгүй суусаар л байлаа. Нэг удаагийн тоглолт бүрэн дуустал дундажаар хоёр цаг болдог юм. Барагцаагаар гучаад минут хөдөлгөөнгүй дуугүй суусны эцэст тэр ядарсан бололтой миний мөрийг толгойгоороо налж суулаа. Үснээс нь анхилуун үнэр сэнгэнэхэд би мансууран мөрөөдлийн ертөнцөд очих шиг болж билээ. Нуугдаж тоглож байгаагаа ч мартаж байтал миний ясан мөрийг дэрлээд хүзүү нь чилсэн бололтой гэлжийхэд хоёр гараараа түүнийг зөөлөн татан өвдгөө налуулан хэвтүүллээ. Түүнийг үнсэх юмсан гэсэн бодол гэнэт төрөхөд зүрх түргэн цохилж, өвдөг чичигнэж эхэлхэд оволзох амьсгалаа даран өөрийгөө зоригжуулаад тонгойн түүний хацар дээр үнсэж билээ. Хэрэв үнссэн даруйд л намайг алгадсан бол бид шүүгээнд байгаа нь мэдэгдэж олдох байв. Тэрнээс ч аймшигтай нь тэр надтай ахиж харьцахаа болих байсан биз. Азаар тийм юм болсонгүй. Дараа нь би түүнийг тэвэрсэн, дараа нь бид үнсэлцсэн. Тэр л үед би түүнийг дагуулан Петр Пений арал руу очихыг хүссэн юм. Хэрэв тэр үед л оччихсон бол одоо ч бид хүүхэд хэвээр,хамтдаа байх байлаа. Харамсалтай нь сайхан юм удаан үргэлжилдэггүйн адил бид ч удаан хамт байж чадсангүй. Төдөлгүй биднийг “ П” оллоо. Тэр өдрөөс хойш “У” намайг харах бүртээ минчийн улайдаг болсон юм. Урьдын адил ахиж нэг ч удаа үг солиогүй.
Долдугаар дүрэм: Бүгд нуугдаж байгаа тул нэр нь ч нууц байх ёстой. Зөвхөн нэрний эхний үсгээр дуудна.
Ялагч болох боломжоо алдсандаа тэгтлээ харамсаагүй ээ, тэгсгээд мартсан харин “У”-гийн анхилам үнэр одоо ч үнэртэх шиг...
Тэрнээс хойш би зөвхөн ялагч болоход л, олдох боломжгүй газар нуугдахад л анхаарах болов. “А”-г арав тоолж дуусахаас аль хэдийнэ нуугдаж амжсан байлаа. Унтлаганы өрөөн дэх эмгэний орны хөнжил, гудас хийх зориулалттай шургуулга дотор. Удаан хугацаанд хөдөлгөөнгүй хэвтээд нуруу чилж байна гэж ярих юм биш босож нурууныхаа чилээг гаргахыг ямар их хүснэ вэ? Гэхдээ тэгэх боломжгүй яагаад гэвэл би чинь нуугдаж тоглож байгаа шүү дээ. Ялагч болохын тулд тэсэхээр шийдлээ. Ахиад хэсэг хугацаа өнгөрлөө. Гэсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Нуугдана гэдэг нэг бодлын их уйтгартай ажил шүү. Олдохоо, эсвэл хайж байгаа хүн бууж өгтөл хүлээхээс өөр юу ч хийхгүй. Би уйдахгүйн тулд бас цагийг бага ч болов хороохын тулд учир нь олддоггүй оньсого мэт элдэв зүйлсийн тухай тэр дундаа миний сонирхолыг маш их татдаг харь гаригийханы тухай бодож эхэллээ. Энэ олон гариг байхад ганцхан манай гариг дээр л амьдрал бий гэдэгт би ер итгэж өгдөггүй юм. Хүн төрөлхтөн сарнаас цааш явж үзээгүй байж яаж өөр ертөнц байхгүй гэдэгт бат итгэдэг байнаа? Гэхдээ би ч гэсэн нэлээд хугацаанд энэ талаар тархиа гашилгасан ч баталж чадсангүй. Хэзээ ч би өөрөө олж чадахгүй асуултын минь хариуг ам цангаж эхэлснээр сарьнууллаа. Нээх сайхан хүйтэн кола уух юмсан. Ингэж өөрийгөө зовоож байхаар сайн дураараа гараад олдчихдог ч юм билүү? Яалаа гэждээ ийм амархан зорилгоосоо ухарна гэжүү? Би чинь нуугдаж тоглож байгаа шүү дээ.
Гадаа халуун дээр нь нуугдаж байгаа газар маань битүү болохоор маш их нозоорч байлаа. Нэг мэдэхэд л өөрийн эрхгүй зүйрмэглэчихжээ. Хэр их хугацаа өнгөрч хэдэн цаг унтсанаа ч мэдэх юм алга. Байшин дотор гэрэл ч нэвтрэх төдий бүүдгэр, тэр бүү хэл орны шургуулганд байгаа болохоор өдөр шөнийн аль болж буйг мэдэж чадсангүй. Би цагийн баримжаагаа бүрэн алджээ. Ингэхэд хэдэн хүүхэд олдоогүй үлдсэн бол? Чимээ чагнатал ер хөлийн чимээ сонсогдохгүй байна. Арай тэд намайг нуугдаж байгааг мартсан юм биш байгаа. Надаас бусад хүүхдүүд олдоод тоглоом дуусчихсан юм биш биздээ. Тоглоом дууссаныг мэдэгдэх ёстой биздээ? Хэрэв тэгсэн бол наймдугаар дүрмийг зөрчсөн хэрэг шүү дээ.
Наймдугаар дүрэм: Бүх оролцогчид олдож дуусахад хамгийн сүүлд үлдсэн нуугдагч ялагч болох бөгөөд, ялагчыг зарлаж тэр өдрийн тоглоом дууссаныг зарлана.
Арай би унтаж байгаад тоглоом дуусахад зарлахыг сонсоогүй юм болов уу? Ерөөсөө тоглоом дууссан гэж хэн ч зарлаагүй дээ. Харин ээж байшингий гаднаас дуудаж байгаад явсан шиг санагдана. Гэхдээ баттай биш там тум санагдана зүүдэлсэн ч байж магад. Хэрвээ намайг унтаж байхад өөр хүүхдийг ялагч болгочихсон бол яана? Тэгэх боломжгүй дээ. Тэгвэл есдүгээр дүрмийг мөн зөрчинө гэсэн үг.
Есдүгээр дүрэм: Тухайн өдрийн тоглоом дууссаныг мэдэгдсэний дараа бүх оролцогчыг бүрэн байгааг шалгаж тоолно. Хэрвээ хэн нэг оролцогч тооллого хийхэд олдоогүй үлдсэн байвал нөхөж ялагч болгоно.
Юутай хэсэг хугацаанд хүлээзнэхээр шийдлээ. Ахиад хэдэн хором өнгөрлөө. Гэхдээ яг хэдэн минут өнгөрсөнийг би мэдэх биш. Би чинь цагийн баримжаагаа алдчихаад байгаа шүү дээ. Ямар ч гэсэн хашир байх хэрэгтэй юу ч болсон бай өөрийхөө чихэнд л итгэх нь зөв. Тоглоом дууслаа гэж сонсоогүй л бол тоглоом үргэлжилж байна гэсэн үг биш гэжүү? Надаас өөр хэн ч байхгүй нь илт болоход л би шургуулганаас гарлаа. Тмөр хаалтаар бөглөгдсөн цонхны өчүүхэн сиймхийгээр нарны туяа тусна. Тас харанхуйд удсан намайг энэ гэрэл нүдээ анивчуулахад хүргэлээ. Сэмээрхэн гишгэж явсаар доод өрөөнүүдээр ож үзлээ. Үнэхээр хэн ч алга. Байшингийн арын нууц хаалгаараа гадагшаа гартал нарны туяа нүүр нүдгүй тусаж гэрэлтэй орчинд дасах гэж бишгүй л юм боллоо. Үнэхээр өглөө болжээ. Бүтэн нэг шөнө нуугдаж өнгөрөөсөн байна шүү дээ. Гэхдээ гэртээ харихад миний огтхон ч төсөөлөөгүй зүйлс угтлаа. Гэрийхэн төдийгүй, бүх зуслангаараа намайг ойгоор, зуслангийн эргэн тойрноор шөнөжин хайжээ. Гэхдээ томчууд их сонин шүү. Хэн ч байшин дотор байсаар байгаа гэж санаагүй байгаам шүү дээ. Бүх хүүхдүүд ирчээд байхад харанхуй байшинд над шиг зориг муутай жаалыг байх юм гэж төсөөлөөчгүй хэрэг. Тэр өдөр бидний нүдэн дээр гал сөнөөх ангийнхан эмгэний байшинг нураасан юм. Гэхдээ тэд миний зүрх сэтгэл, бодол санаанд бат суурьшсан байшинг минь нурааж чадаагүй юм. Одоо ч би нуугдсаар л байна. Учир нь хэн ч надад тоглоом дууссан гэж хэлээгүй шүү дээ. Үнэн хэрэгтээ тоглоом цоо шинээр ахин эхэлсэн нь есдүгээр ангид тохиолдсон амь өрссөн явдлаас эсэн мэнд нуугдаж гарснаас хойш эхэлсэн бөгөөд тэр мөчөөс хойш хэцүү бэрхшээлтэй мөч бүхэнд нөгөө орон доороо нуугдаж байхаар шийдсэн юм. Их сургуулиа төгсөх хавраа дипломны ажил хамгаалалт, улсын шалтгалтыг давж чадахгүй санагдсан үед ч, хайргүй эмэгтэйгээ жирэмсэн болгосоноос болж хуримаа хийхээр ордонд байж байхдаа, их хэмжээний мөнгө эргэлдсэн том тендэрт оролцохынхоо өмнөх өдөр ч би нуугдсан юм. Аз тохиож намайг ор сураггүй болж, хүлээх ёстой үүрэг хариуцлагат ажлаа хаяж явах бүрт шидийн гэмээр явдлууд болж үргэлжид миний талд бүх юм шийдэгдсэн байдаг байлаа. Одоо ч гэсэн би нуугдсаар л... Цагийн эрэхээр би өвгөн биеэ дийлэхээ больжээ. Удаан хугацаанд хөдөлгөөнгүй хэвтэхэд хөшөж өвдөх болж. Насаараа нуугдсан нуувч минь орны шургуулга гэхээсээ илүүтэй авсыг санагдуулах болж. Хоёр давхарын шатаар дээш өгсөх хөлийн чимээ өрөөг зүглэн ирж буй нь тод сонсогдоно. Насан туршдаа нуугдаж тоглолоо одоо л нэг юм намайг олохоор ирж байна. Үхэлрүү авч явах эрлэгийн элч бололтой. Гэсэн хэдий ч ялагдах болоогүй, би энэ тоглоомд заавал ялах ёстой. Одоог хүртэл хэн ч намайг олж чадаагүй байгаа шүү дээ. Тоглоом дууссан гэж хэнч хэлээгүй.
БИ НУУГДАЖ ТОГЛОЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
Төгсөв.

Wednesday, February 1, 2012

Нэг ийм шүлэг

Уянгалаг сайхнаар жиргэхээ болиход чинь л
Уйдаж цөхөрсөн чиний нүднээс эрх чөлөөг олж харан
Чамайг тавьж явуулах цаг нэгэнт ирсэнийг ухаарч
Торыг чинь нээж, цонхоо цэлийтэл онгойлгосон
Эргэлзэж тээнэглэлгүйгээр нисэж одсоноос чинь хойш
... Эзэнгүй төмөр тор чинь хачин сониноор жингэнэх бүрт
Өрөөг минь учиргүй ихээр эзгүйрэл дүүргэх болсон
Цонхоо нээлттэй хонож
Томоотой жаал шиг хүлээж залхахдаа
Нэгэнт буцаж ирэхгүй чиний араас
Нисэх далавч урлан сууна

Wednesday, January 25, 2012

НЕГАТИВ ЗҮҮДНИЙ ЗАРИМ –ӨНЦӨГ /Үлэмжтөгсийн абсурд зүүдний-ХОТ романаас үүдэхүй/

Зүүд өнгөт үү? эсвэл хар цагаан уу? Энэ фото зургийн негатив чанар дээр тулгуурласан хамгийн сонирхолтой асуулт байхыг үгүйсгэхгүй. Үнэхээр зарим зүүд өнгөт байдаг. Уул хөндийн түмэн цэцэгс өнгө алаглаад төрсөн нутаг сайхан байлаа гэж аав минь нэгэн өглөө сэрээд ярьж байж билээ. Өнгө алаглана гэдэг чинь аавын тэр зүүд “өнгөт” байсан гэсэн үг. Гэтэл зүүд үүсэх онолд хэзээ ч өнгөтэй байдаггүй гээд батлаад байдаг. Яах вэ?
Энэ л эргэлзээ, үнэн худлын зааг дунд хамгийн бөөрөнхий байж мэдэхээр таамаглалыг “Абсурд зүүдний-хот” постмодерн романд дэвшүүлжээ. Яагаад “бөөрөнхий байж мэдэхээр таамаглал” гэсний учир нь энэ романд ердөө л “ЗҮҮД НЕГАТИВ” шинж чанартай хэмээх онолын хүрээний цоо шинэ асуудал дэвшүүлж байгаад оршино. Зүүд өнгөт ч мөн, хар цагаан ч мөн. Ялимгүй “бөөрөнхий” сонсогдож байгаа нь нууц биш. Харин ертөнцийн бүхий л тогтолцоот ойлголтын хүрээнд хүний танин мэдэхүйн энгийн анхдагч суурь ойлголтоор үгүйсгэл хязгаартай ба тэрхүү хязгаар нь шинэ үгүйсгэлийн хязгаартай тулж байдаг. Оршихуй хязгаартай боловч өөр оршихуйн хязгаараас өөр оршихуй үүсдэг зэргээр үл тасрах “ОРШИХУЙ-ЦАГ ХУГАЦАА- ХҮНИЙ ОЮУН САНАА-ЗӨН СОВИН ” гэсэн гинжин холбоос дунд ХҮНИЙ ЗҮҮД үнэхээр харьцангуй нууцлаг, ээдрээтэй “САНСАР” бүтээсэн ажээ. Энэ харьцангуй нууцлаг ээдрээтэй байдал нь негатив шинж чанартай зүүдний ердөө нэгхэн ӨНЦӨГ юм. Түүний цаана чухам одоогийн бидний хүрч ойлгох боломжгүй олон ӨНЦӨГ бий. Тэр л танигдаагүй өнцөгийг нээх гэсэн хүсэл “АБСУРД ЗҮҮДНИЙ-ХОТ” романыг бичих язгуур эрмэлзлэл болжээ. Нэг үгээр зүүдний негатив чанарыг батлах хүслээр энэ роман дүүрэн байна.
Постмодерн сэтгэлгээний “ертөнц эмх цэгцгүй /хаос/, утга учиргүй /абсурд/” мөн чанартай хэмээх үндэслэлээр авч үзвэл ЗҮҮД ч мөн тийм мөн чанартай билээ. Магадгүй амьдралаас ч илүү “хаос” байдал, амьдралаас ч илүү “абсурд” шинж чанар ЗҮҮДЭНД бий. Тиймээс л “абсурд зүүд” хэмээн зохиолынхоо дотоод байгууламжийг маш товчхоноор хураангуйлан илэрхийлсэн байна. Харин ХОТ бол яах аргагүй энэ романы амин сүнс. 1990-ээд оны Улаанбаатараас та ямар нэгэн БУХ тэргэнд суугаад өөр ертөнцийн үл таних нэгэн хотоор зорчих болно. Бодит амьдрал дээр “виз” даруулсан гадаад “паспорт”-тай, овоо хэдэн “евро”-той хэн ч бай ертөнцөөр чөлөөтэй аялаж болох энэ цагт юун сонирхолгүй эхлэл вэ? гэж бодогдож магадгүй юм. Гэвч үнэндээ тийм биш. Энэ романы бүх үйл явдалд “бодит амьдрал, ер нь бодитой гэж үздэг зүйлс ямар ч хамаатай. Ямар ч ач холбогдолгүй зүйлс”. Учир нь бодит байдлаас хамааралгүй, цаг хугацаа-орон зайн хувьд “баригдахааргүй” чөлөөт “тэнүүчлэл” энэхүү постмодерн текстийн нарийн төвөгтэй байгууламжийг бүтээж байгаа юм. Магадгүй Ренар үнэгний тухай ёгт үлгэрээс эхэлсэн ХОТЫН уран зохиол эдүгээ “АБСУРД ЗҮҮДНИЙ-ХОТ” роман шиг ийм л өөр болтлоо хүн төрөлхтөний оюун сэтгэлгээнд гүн суурьшсан гэсэн үг. Нэгэнтээ Мексикийн зохиолч Карлос Фуэнтес, Борхесийг “Латин-Америкийн уран зохиолын хамгийн анхны ХОТЫН ХҮҮРНЭЛ ЗОХИОЛЧ” гэж тодорхойлсон байдаг шиг залуу зохиолч Ө.Үлэмжтөгсийн “АБСУРД ЗҮҮДНИЙ-ХОТ” романыг ХХI зууны эхэн үеийн Монголын уран зохиолын хамгийн анхны “ХОТЫН РОМАН” хэмээн тодотгон нэрлэхийг хүссэн юм. Зөвхөн хотын тухай, эсвэл зам талбай, байшин гудамж бичсэнээр нь ингэж зориглон нэрлээгүй юм шүү? Зохиолчийн хэл, сэтгэлгээний үндсэн суурь, иргэншлийн мэдрэмж, суурин амьдралын төсөөллүүд нь энэ зохиолыг эрхгүй ингэж нэрлэхэд хүргэж байгааг ойлгоно биз. Зохиол товчхондоо негатив зүүдний ХОТ хэмээх өөр нэг өнцөг илүү тодорхой дүрслэгдсэн эх бичвэр гэсэн үг.
Чухам ямар газар, хэдэн онд гэдэг нь тодорхой бус өгүүлэмж, дэлхийн газар зүйн бүс бүслүүрт үл хамаарах хот суурин, учир битүүлэг нууцлаг үйл явдлуудын зангилаа, хэн нэгнийг тэсэн ядан хүлээсэн дүрүүд, дурсамж атлаа цаг хугацааны дэс дараалалд захирагдаагүй сэтгэлгээний чөлөөт урсгалыг холбож буй БУЯН-ӨЛЗИЙ хэмээх залуу зохиолын эхнээс аваад төгсгөл хүртэл биднийг ЗҮҮДЭЭРЭЭ хөтлөн авч явна. Заримдаа зүүд бус бодит амьдрал, үгүй бол цаг хугацааны гажуудал мэт санагдана. Нийтээрээ мэддэг гадаад киноны холбоо ярианууд ч мэдэгдэнэ. Зарим хэсэгт зохиолчийн аргагүй хүүрнэл зохиол бичих туршлага дутсан нь анзаарагдана. Содон гайхалтай, давтагдаагүй зүйл бичих гэсэн хүсэл ч бас зохиолоо хэт энгийн байгууламж руу түлхсэн тал бийг ч мэднэ. С.Бэккетийн гудамжинд “Годог хүлээхүй”-г үзэхээр яаран яваа хэсэг ч юм уу? Хэн нэгэн нэр хүндтэй бүрх малгайт эрийн оршуулган дээр өвөө эмээтэйгээ тааралдаж, ээжийнхээ бурхан болсоныг мэдэж буй, хөлбөмбөгийн дур хорхойтонгуудын халуун яриа энэ бүхэн бол зохиол дотор “холбон тоглогч” залуугийн дүр байдлыг илүү тодотгон өгнө. Нэгдүгээр биенээс өгүүлэх ЗОХИОЛЧ, Би –дүр эсвэл өгүүлэгч-Би, хиймэл дүрүүд, зочид буудлын өвгөний хүлээж буй Жеймс, бидний чихэнд хоногшсон Төмөр, Цэрмаа, Долингор гэсэн нэрс бус Томас, Смит, Боря хэмээх харь нэрс нь лав бидний уншиж өссөн ФРАНЦ гарвалтай /саяхан модель /загвар/ гэсэн байналээ/ Орос хүмүүжилтэй романуудаас нилээд өөр болохыг хэлээд өгнө. Хэдэн гадаад хүний нэр тавихаар л өөр, цоо шинэ зохиол болчихдог болов уу хэмээн эндүү ташаа ойлгох аюултай. Бас манай уран зохиолд ч тэгж эндүү ташаа өнгөцхөн бодогсод цөөнгүй бий. Гол нь цаад ЗҮҮД л огт өөр иргэншил дунд өрнөж байгаа учраас Ө.Үлэмжтөгсийг ийм нэрс сонгохоос өөр аргагүй болгожээ. Ямар С.Бэккетийн гудамжинд Дондог, Балдан хоёртой ярьж суултай биш. Тэгээд ч энэ харь ахуй, тийм газар олон жил амьдарсан мэт сэтгэгдэл төрөх нь негатив зүүдний өөр нэг-өвөрмөц өнцөг буюу хүн төрөлхтөний амьдралын хэв маягийн хил хязгаар үгүй болж буйн илрэл гэж санагдав. Харин Орос хүмүүжилтэй роман гэснээс бидний сэтгэлгээнд гарч буй өөрчлөлтийн зарим өнгөцхөн бодлууд ч энэ романыг тойроогүй гэдгийг хатуухан хэлэх нь зөв.
Тэгвэл хотын өнцөг бүхий негатив зүүд зүүдлэгч, хотын роман бичигч энэ эрхэм юу сонирхдог вэ? Миний мэдэхээр хамгийн түрүүнд уран зохиол сонирхогч. Энэ хачин жигтэй цагт ХОТООС уран зохиол сонирхогч төрөх нь тун ховор сонин явдал болжээ. Гэтэл бүр Улаанбаатарын минь шороот гудамнаас, бүүр цаашлавал Бага тойргийн байшингууд дундаас, илүү ихээр элгэмсвэл миний бага залуудаа арьсан бөмбөг алавхийлж явсан хонхорт энэ эрхэм өсөн өндийжээ. Нутаг нуга, жалга довныхон гэдэг үзлээр бол Ө.Үлэмжтөгс бидэн “нэг нутгийн зөвлөлд” гишүүн байхаар хоёр. Уран зохиолос гадна хөл бөмбөг. Энэ цагийн хамгийн хүчтэй спорт мөн. Тэрхүү дур сонирхолоо зохиолынхоо тэргүүн бүлэгт хачин тодорхой өгүүлсэн буй. Ер нь хамаг хэрэг явдал хөл бөмбөг үзэж суугаад “давсанд явснаар” эхэлж байгаа юм. Картын бараанд орсон 90-ээд оны эхэн үеийн хотын байдал ялимгүй үнэмшил муутай бичигдсэн нь зохиолч үнэхээр яг тэр зурвас бэрх үеийг сайн мэддэггүйг шууд харуулж байлаа. Түүнээс хойших цуваа бус шугаман бус хэлбэрээр үргэлжилж буй хэсгүүдэд харин зохиолч хүнд байх анхдагч чухал зүйл болох “ажигч сүрхий гярхай” байдал харагдана. Энэ бүхний эцэст мэдээж мөрөөдөн тэмүүлэх сонирхол. Энэ л сонирхол нь Ө.Үлэмжтөгсийг очиж үзэхийг хүсдэг олон газарт нь аваачсан “ АБСУРД ЗҮҮДНИЙ-ХОТ” роман бичихэд хүчтэй нөлөөлсөн байна.
Зенгийн нэгэн багш өөрийн номоо ”энэ ном бол ганц гараараа алга таших чимээ юм” гэжээ. Ийм гайхамшиг бүтээх хүсэл зохиолч бүхэнд бий. Юуг нь нуух вэ? Залуу зохиолч Ө.Үлэмжтөгсийн энэ анхны роман бол “хоёр гараараа алга таших чимээ” юм. Гэхдээ анхны роман гэхэд их хүчтэй алга ташилт юм. Хэний ч сэтгэлд нийцэж болох чөлөөт бичлэг, сэтгэлгээний үр хөврөл юм. Авьяасын гялалзсан оч, сэтгэлийн асар их хүсэл тэмүүлэл шингэсэн учраас үүнээс илүүг бичих итгэл бидэнд үлдээж буй “том ололт” энэ романд хадгалагдаж байна. Цаашдаа Ө.Үлэмжтөгсөөс ч ер ертөнцийн хэнээс ч үл шалтгаалах хувь заяаны замдаа “АБСУРД ЗҮҮДНИЙ-ХОТ” гарлаа.
ОДОО БИ ЮУ ХЭЛЭХ ВЭ? ЗАМ НЬ ЗААВАЛ САРУУЛ БАЙГ.


ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2012-01-25