Monday, November 14, 2011

Москва-Петушкиг амьдрал дээр туршсан нь буюу Улаанбаатар-Айраг

Улаанбаатар-Чойр хүртэл

Бид чинь яах гэж галт тэргээр явж байгаа билээ дээ. Ийм удаан уухгүй явж болно гэжүү? Галт тэрэг Багахангайгаас хөдлөхөд л би нөгөө хоёртоо: - Одоо гарч нэг татъяаа. гэвэл уриалгахан толгой дохьлоо. Золиг гэж архины аяга авахаа мартаж орхиж. За тэр ч зовлон биш дээ. Тэнгэрийн харьяатын халаасанд явсан яг зуун грамм ордог Багабандийн ШИлээр дүүртэл хийлгүүлээд татаж орхилоо. Эхнийх сайхан орж байна гэж сайхан байсанд: Хязгаараас хэтийдлээ! гээд л дуу алдчихлаа. Сайхан болж байна гэж. Миний замналаар Ариун амьтан ч бас татаж орхилоо. Тэнгэрийн харьяат ч бас. Түүний тухай хэлэхэд тэр бол миний мэдэх хамгийн хурдан хундага буцааж өгдөг хүн. Бүр нэг ч дусалгүйгээр шүү. Гар сарвайж өгсөн даруйд л эргүүлээд хоосон аяга сарвайна. Бас л сурмаар чадвар шүү. Үнэндээ би ч тэгэж их хамт уугчиддаа залхаатал уддаггүй л дээ. Вокзалаас авсан эд үнэхээр сайхан орж байсанд ахиад нэг нэг татлаа. Гэхдээ энэ удаад дүүрэнг биш талаар. Одоо ламьдрал сайхан болж байна гээч. Веня ах ч бас бидэнтэй хамт таамбарт гарч ирсээн. Тэр ч бас өөрийхөө жижиг чемдааманд байгаагаасаа хүртэж орхисон. Эргэж общий руу ороод хөзөр тоглож буй хэдэн жаалуудтай нэгдэн хамт тоглолоо. Нэг сонин юм нь Ариун амьтан огт хөзөр мэддэггүйгээ хэллээ. Үнэхээр сонин юм. Сармагчин хүртэл хөзөр мэдэж байхад шүү дээ. Үнэхээр Ариун амьтан юм даа. Жаалуудтай хуучилтал Айрагийн уугуул Индианнууд аж. Индиануудтай эвтэйхэн байхгүй бол омг ийн ахлагчтай биднийг барьж өгч, бидний гавлийг хагалуулж, чөмөг ташуулж мэдэх шүү дээ. Сүхээ ахын дүүрэгтээ яваа биш.Замд Хонхор өнгөрлөө. Бид таамбар гарч ахин хоёр татлаа. Арын воган байсныг ч хэлэхүү уух завшаан сайхан бүрдсэнийгээ. Цонхоор харвал уртаас урт зам үлдэж хоцроод л ямар гоё харагдаж байгааг. Ахиад нэг нэг татах гэтэл даруулга дуусчихсан байв. Шинэ үеийн кола ПЕПСИ маань. Гэхдээ нэг сайхан даруулга бид оллоо. Хуучны өв уламжлагдан ирсэн сайн чанарын даруулга. Үүнээс сайн нь үгүй. Олон жилийн чанарын баталгаатай эд дээ. Татсаныхаа дараа Ариун амьтны сэвлэгийг үнэрлэлээ. Сайхан даруулга юм гээч. тэр лав үсээ 3 хоног угаагаагүй байхаа. Тэр тусмаа хамгийн сайн. Тэнгэрийн харъяат ч ба с татаж орхиод түүний сэвлэгийг үнэрлэлээ. Хачин гоё байгааг хэлэхийн ч аргагүй. Ариун амьтан хөнтөрснийхөө дараа минийхийг үнэрлэлээ. Ямар хамар нь толгойдоо хүрэх биш. Уг нь тэрнийх л хамгийн сайн нь шүү дээ. Халж эхэлж байна гэж юутай сайхан. Цувдайн дотор галт уулын дэлбэрэлт болж байгааг. Өөрийн мэдэлгүй бид дуулж гарлаа. Зүгээр ч биш бүр чанга. МАш чангаар орилж. Жинхэнэ рок тоглолтыг таамбарт тавьж эхэллээ. Нэг үзэгчгүй. Үзэгчээр ч яах юм. Зөвхөн өөрсдөдөө зориулсан тоглолт. Хэдэн ч дуу амьдаар дуулсан юмбэ дээ бүү мэд. Толгойгоо сэгсчээд л үсээ савчаад л гэнэт л тоглолтын цаг дууслаа. Провотник! Гар гэж байна гараад суудалдаа очиж суулаа. Веня ах унтаж л байв. Мааньт хэдийн өнгөрсөн одоо Чойр орж байлаа. Чойр зориулж татах санаачлага гаргасан ч "Юм" дууссаныг албан ёсоор, гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэх нь тэр. Чойр дээр зогслоо. 10 минут зогсох гэнэ. Чойрын агаарыг амьгалангаа тамхилхаар буулаа. Чойроо гэж. Гэртээ хэл сураггүйгээр олон хоногоор тэнэхээ "чойрно" гэж ярьдаг шүү дээ. Харин бид одоо л жинхэнэ чойрч байна даа. Чойрт чойрж байнаа гэж. Хөдлөх цаг болж галт тэргэндээ эргэн суулаа.
Улаанбаатар-Айраг
Бурханы илчлэлтгүй 400 жил шиг чимээгүй цаг үе
Гэхдээ удаан суусангүй. Ахиж юм олж уух хэрэгтэй шүү дээ. Ганц юм бол юу ч биш "ялааны алуур" Бид чинь ялаа биш тэрнээс хамаагүй том шавьжнууд шүү дээ. Вагон хэсэг саначлагыг тэр хоёрын нэг нь гаргаж намын нөхөд бид дуу нэгтэй дэмжлээ. Харин Веня ах үлдэхээр шийдэв. Галт тэрэгний ресторан хамгийн урд,харин бид хамгийн арын вагонд явж байгаа. Бүгдийг дайрч өнгөрөх болно шүү дээ. Нууц товчоонд Өүлэн эх юу гэдэг билээ? "Мухлаг бүрт гоо охин бий.Тэрэг бүрт хатад бий" гэдэг билүү? Харин Вагон бүрт хэн ч алгаа "Нэгэн жигд шувуун царайтнууд! Ингэхэд шувуу ч бас биднийг хараад царай ялгахгүй. Олиггүй нэг хэвэнд цутгасан шувуудааХүн царайтнууд гэдэг байхдаа" Миний бодож байгааг. Согтуудаа дандаа л би ингэж хэрэггүй нээлтүүд хийдэг юм. Харамсалтай нь эрүүл болоод л мартаж орхино. Урт замын эцэст ресторанд ирлээ. Тэнд юу угтсан гээч? Зүгээр л хооллож буй эрүүл хүмүүс. Нэг ч балгасан, амаа зайлсан нөхөр алга шүү. Архи асуувал "ВО!" гэж байгаа юм шиг л хариу өглөө. Монголчууд чинь хаа сайгүй хуулиа баримталдаг болжээ. Сар бүрийн нэгний өдрийг галт тэргэнд бас хэрэгжүүлж байна гэнээ. Мөн яриваа. Хотоос хэдэн зуун километрийн зайд шүү. :- За хэн мэдэхэв дээ. Өдийд энд хууль сахиулдаг ямар цагдаа нь байв гэж. гэтэл вагоны цагдаагаа дуудаж орхилоо. Ингээд л дууслаа бүх оролдлого хүсэл маань. Одоо яая гэхэв. Айраг хүртэл дусал ч шингэн юмгүй явах боллоо. Веня ах дээр бид урам муухан очтол тэр өөрийн жороор найруулсан "Клава эгчийн үнсэлтээ" санал болголоо. "Анхилууныг" ч бас. Гэтэл сахиусан тэнгэрүүд:- Айрагт согтуу бууж болохгүй шүү. Муухай шүү. Гомдоно шүү. гэж дуулалдаж байна. Нээрээ Айраг дөхжээ. Сая Шивээ говь өнгөрчээ. Одоо гуравхан өртөөний дараа АЙраг. УУхгүй байсан нь дээр. Маргааш гэж өдөр байхад ууж л таараа. Тэгээд бид чимээгүй сууж шүлэг бичиж гарлаа. Дараа нь чимээгүй сууж, цонх налж, гиюүрч ер нь есөн шидээр цаг нөхцөлөө. Аялалын хамгийн уйтгарт үе нь энд тохиолоо. Яг л Романы гол баатар хармсалтайгаар амь алдах шиг тийм гунигт мөч. Гэхдээ сайхан мөч. Юм бодоод л бичээд л.. Даанч архигүй. Гурван өртөө өнгөрсөний дараа Айраг гэж зарлалаа. нэг л минут зогсоно гэж байна. Бид хаалга руу дөхлөө.Энэ галт тэргэнд сүүлчийн удаа тамхи татлаа. Сэтгэл догдолж байна. Ямар газар угтах бол, очих айл маань хаана бол? Яаж хүлээж авах бол. Архи хэдийн гарсан байлаа. Биднээс уусан гэх ул мөр Үлэг гүрвэл амьтарч байсан ул мөр газрын гүнд үлдсэн шиг. Ходоодны гүнд үлджээ. Айраг дээ ирж зогслоо. Хаалга нээгдлээ. Говийн агаар!

Friday, November 11, 2011

"Улаанбаатар- Айраг" үргэлжлэл

Улаанбаатар галт тэрэгний өртөө
Юутай ч Айраг орох тасалбараа авч орхилоо. 16:30д хөдлөх гэнэ. Тэр хүртэл бүхэл бүтэн 40 минутын хугацаа байна. Ходоодны мухар руугаа юм шийдэхээр ойролцоох хоолон гэрт орлоо. Цуйваан гэж! Одоо Айраг хүртэл юу ч идэхгүй шүү дээ. Харин... Харин ууна гэж байгаа уугаад л байна шүү дээ. Вокзалын дэлгүүрээ гэж! Хэдэн архичин эндээс хэдэн шил архи энэ олон жилийн хугацаанд авсан бол? Бид ч юугаараа дутахав. Ээ хараал ид гэж! Таг мартаж орхиж шүү. Өнөөдөр чинь 11 сарын нэгэн. Товчоор хэлвэл архи зардаггүй өдөр. Хажууд Веня ах эцэг Бурхан руу гар сарвайн: - Ээ бурхан минь яагаад энэ вэ? гээд л гомдолж гарлаа шүү. Харин тэгтэл худалдагч нь Тэнгэрийн харъяатын багын найз байж биднийг аварч 75-ын нэг юм авлаа. Ганцхан шил юм авлаа гэжүүдээ? Гээд л намын нөхөр Шилэн бүрээгээс авхуулаад та нөхөд уулга алдаж байгаа биз? Тиймээ ердөө ганцхан шил. Уух дургүй дээ ч биш. Зүгээр л зардлын мөнгөнөөс илүү гарсан нь тэр. Галт тэрэг хөдлөх дөхөж зорчигчид сууж эхэллээ. 27-р вагон гэж байдаг. Гүйгээд л хайгаад байдаг. Гүйгээд л байдаг. Ямар ч урт вагон юм бүү мэд. Хариугүй хөдлөхнээ. Гүйж гүйж эрж оллоо. Хамгийн арын вагон. Суух суудалдаа сууж амьгаагаа дарж авлаа. Ашгүй цонхон талын суудал. Галт тэрэг хөдлөлөө. Хот минь түр баяртай хэд хоногооё эргэн уулзъя.
Улаанбаатар-Амгалан
Шээсний газар
Тэр хүртэл зам нийлж хамт явах хүмүүсээ ажиглалаа. Саарал өнгөт азарган тахиан үст залуу байна. Залуу нь ч юу юм. Хөвгүүн. Ээж эмээтэйгээ Нанхиадын нийслэлийг зорьж яваа гэнэ. Үнц биш хүмүүс. Онцлох ганц юм нь тахиан залаат тамхи татдаг. Нөгөө талд хөдөөний царайтай хосууд, бас нэг эмгэн, хүүхнүүд бас бус хүн. Бас л онц биш. Ер нь онц хүн алга. За тэгээд энэ хооронд юу хийвдээ? Гэж та нар асуумаар байгаа биз? Юу ч хийгээгүй. Ер нь энэ хоёрын хооронд юу хийж амжихавдаа. Галт тэрэг дөнгөж хөдөлж байна. Хотын ч бараа тасраагүй байхад. Энэ хоёрын хооронд автобусаар явбал
түгжрээд удаж болох л юм. Харин галт тэргээр юу байхав дээ. Амгалан дээр ирж зогслоо. Ганцхан минут болоод л хөдөллөө.
Улаанбаатар-Туул
"Сахиусан тэнгэрүүдийн ятгалга"
Айраг руу ингэхэд бид юутай яваа билээ? Миний цүнхэнд нэг 75, бас шүлгийн дэвтэр тэгээд болоо. Миний цүнхэнд байгаа юм Айрагийханд ямарч хүртээлгүй зүйлс. Ариун амьтанд юу байсныг бүү мэд. Шүлгийн дэвтэр лав байгаа. Харин Тэнгэрийн харъяатад зөндөө юм байгаа. Солих гутлаас авхуулаад л... Мэдээж бидэнд бэлэг бас байгаа. Айраг руу бэлэггүй очсоноос очоогүй нь дээр. Тэгээд Амгалангаас хөдөлсөн даруйд Айрагийн эмнэлэгт хэвтэж байгаа Журмын нөхөртөө хэл хүргэлээ. Эргэхээр очиж байна гэж. Гэтэл юу гэсэн гээч! эмнэлэгт ч биш, Айрагт ч биш, Улаанбаатарт байгаа гэдэг байгаа. Ингэж болно гэжүүдээ нөхөд минь. Аль хэдийн замдаа гарсан хойно шүү. Тэгээд бид энэ мэдээнд цочирдохдоо тамбаарт гарч тамхи асаалаа. Гэтэл баахан дуудлага дуу хоолой энэ бол сахиусан тэнгэрүүд. Тэд гайхсаар:-Та нар үнэхээр явж байна гэжүү? Үнэхээр явж байна гэжүү? гээд асуугаад байлаа. :- Тиймээ бид үнэхээр явж байна. Эвийдээ та нар чинь итгэхгүй байна гэжүү дээ бид явж байна.
Гэтэл тэд:- Тэнд хэн ч байхгүй шүү дээ. Хэн ч байхгүй. хэн рүү явж байгаа юмбэ та нар? танихгүй газар юу хийхгээд байгаа юмбэ? Одоохон дараагийн өртөөн дээр Туул дээр буу!
:-Ээ сахиусан тэнгэрүүд минь дээ. Юу ярих чинь энэ вэ? тасалбараа авчаад байхад чинь дээ. Тэгээд тасалбараа үхүүлэх болж байна уу? Тийм юм байхгүй шүү. Хэн ч байхгүй нь ямар хамаатай юмбэ? Бидэнд бол хамаа алга. Вагон байна. Уртаас урт зам байна. Веня ах байна. Юу бас байна. Бидэнд хамаагүй ээ. Бид очно.
Туул дээр ирж зогсоод хөдөллөө.
Улаанбаатар-Багахангай
"Алгуурсны эцэст эхний таталт"
Сахиусан тэнгэрүүдийн царайг харвал нэг л уйтгартай бидэнд гомдсон нь илт:- За зүгээр дээ. Бид нэгхэн хоноод л маргааш буцаад л ирнэ.
Та минь ээ! Бид чинь гол юмаа мартсан байна шүү дээ. Яагаав миний цүнхэнд нэг цагаан юм байгаа шүү дээ. Яаж энэ хүмүүсийн дэргэд уухав дээ. Таамбарт гарлаа. Би томыгоо гаргах гэтэл Тэнгэрийн харъяат нэг жижигхэн шилтэй зуун грамын юм гаргаад ирлээ. Эхлээд үүнийг гэж байна. Хөөрхий Веня ах өчигдөр тасарснаасаа хойш өглөө болтол олигтойхон шараа тайлж чадахгүй л яваад байсан юм. Биднийг уух болсонд баяртай байна гэж хэлэх үг алга. Мэдээжийн хэрэг Веничка ах бидний юмнаас горьдох хүн биш тэр үргэлж л өөрийн хувиа авч явдаг хүн. Зиа тэгэхээр зуухан грамыг яаж гурван хүн шударга хуваах вэ? Бидний хэн нь тоондоо сайн байлаа? Хэн ч биш. Тэгээд л шүлэг бичдэг болсон биз. Гэхдээ шүлэг бичдэг тархиараа хуваахын үйлдэл хийлээ. 100 хуваах нь гурав тэнцүү 33.3 грамм. Эхлээд Тэнгэрийн харъяат татлаа. Тэр шударга уусангүй бараг л 60 граммыг ууж орхилоо. Ариун амьтан бид хоёрт 40 грамм үлдлээ. 20 20 грамм. 20 грамм байхаддаа яахавдээ. Би ийм бага хэмжээгээр ерөөсөө ууж байгаагүй юм байна. Ариун амьтан татлаа. Тэр 30 граммыг авч явлаа. Би үлдсэн 10-ыг яалаа гэж уухавдээ. Жоохон ууцгаасан ердөө уруулаа чийглэсэн, Бурханы хургын хувьд ерөөсөө ч хүртээгүй болохоор Амьдрал ерөөсөө сайхан, өнгөтөй болсон нь харагдсангүй. Веня ах харин атрилдаад л байлаа. Аргагүй ээ. Дотор нь гэж авах юмгүй байгаа. Эргэн суудалдаа очиж суухад Багахангай дээр ирж зогслоо.
Үргэлжлэл бий...

"Улаанбаатар-Айраг" Веня ахын Москва-Петишкийн шууд нөлөөн дор бичив

Эхлэл
Бага тойрог нууцлаг уушын газарт
Бид чинь ер нь их муу зантай улс юмаа. Нэг газраа байгаад л байвал яг тэндээ л шигдэж орхидог өөр хаашаа ч гардаггүй эсвэл гарч чадахаа больчихдог. Яг л намагт шигдсэн юм шиг. Жишээ нь "Бага тойрог"! Уучлаарай даа. Чи минь хичнээн дотно сайхан билээ дээ. Чамайгаа огтхон ч буруутгаагүй шүү. Харин чамаас холдож чаддаггүй өөрсдийгөө л буруутгаж байгаа хэрэг шүү.
Дэлхий бөөрөнхий гэдгийг аль хэдийн бүгд мэддэг. Колумб Америк тивийг нээгээд хэдэн зууныг өнгөрч байхад бид эндээ л суугаад байж болно гэжүү? Дэлхий өргөн уужим явах газар их байхад шүү дээ. За би ч нээх мундагтаа биш л дээ. Гэхдээ л ийм бодол, өөрөөр хэлвэл тэнэх бодол сэтгэл гижигдээд удаж байлаа. Харин үйл хэрэг болгож чаддаггүй. Энэ чинь их муу хэрэг шүү дээ. Харин яг үүргэвчээ үүрээд гарахад минь өнөөх гайхал Веня Ах минь намайг, бас нөхдийг минь уруу татсан хэрэг. Тэр л галт тэргээр тэнэх, тэнэхдээ ууж тэнэхийн сайхныг мэдрүүлсэн юм. Дээр нь бас нэг хүчин зүйл бий. Колумб Америк тивийг нээсэн шиг хамтран зүтгэгч Тэнгэрийн харъяат, Ариун амьтан нарын аль дээр нээж олсон нэг уушын газар Бурханы хурга болох надтай нийлээд бид гурав бусад нөхөддөө хүлээж суулаа. Зүгээр ч хүлээх биш "Эв хамт намын 5-р онц их хурал" байсан юм. тэгтэл зөвхөн бид гурав л сууж байдаг. Тэгээд намын нөхдөө хүлээх зуураа нэг нэг грушик зубровски хөнтөрч орхилоо. Хүлээгээд л амьдрал яриад л... Ирдэггүй шүү гайхлууд чинь дараа нь дахиад нэг нэг зубровски. Гэхдээ энэ удаа аажуу ууж, яруу найраг ярьлаа. Тэд ирэх нь хэдийн өнгөрч орхисон хойно дахиад нэг нэг зубровски уулаа. Гурав дах зубровски бидний яриаг ямар сайхан болгосон гэж санана. Халж эхлэх тэр нь сайхан шүү дээ. За нар ч мэдэж л байгаа биздээ. тэнгэрийн харьяат руу хэн нэгэн утас цохилоо. Ярьж дуусаад тэр дуугүй суув. Нэг маань өвдчихөж гэнэ. Журмын нөхөр маань, Намын гишүүн маань. Зүгээр ч нэг өвдөх биш бүр хөдөөгийн эмнэлэгт хэвтэж байна гэнэ. Эргэх талаар бид ярилцлаа. Гэхдээ хэзээ вэ гэдэг дээр сайн тогтож өгдөггүй. Гэтэл Веня ах гэнэт чавчиж орж ирээд: -Нэг чинь үхэж байхад ингэж болохгүй дүү нараа. Хол гэж айгаа юу? Айраг бол энүүхэнд, бас ямар сайхан газар гэж санана. Тэр хүртэл галт тэргээр аялна гэж боддоо. Ямар сайхан аялана гэж санана гээд л ухуулж өглөө. Бид ч сэтгэл шулуудаад Маргааш хөдлөхөөр боллоо.
Үргэлжлэл тун удахгүй

Monday, November 7, 2011

"Зүүдний тайлал"

Буйдан хэлбэрт завь минь цоорчээ
Бүр гүн рүү,гүн харанхуй руу
Бүх л сайхан мөрөөдөл зүүдээ өвөртлөөд
Живж байна би,хачирхалт ертөнц рүү!
Далийн зураг мэт хачин замбараагүй
Бүх л зүйл урвуугаа орших
Ертөнцийн үүдийг нээж байна.
Тэнд үргэлж би эс таних нэгний дуу хоолойнд хөтлөгдөн
Үл мэдэх газраар алхдаг.
Үй түмэн зүйлстэй санаандгүй учравч
Үл таних дуу хоолой хэнийх болохыг ололгүй
Эрэг дээр шидэгдсэн байдаг
Ахиад л би тийшээ зорчиж байна
Алгуурхан живж буй сэргэг ухаан минь
Амьсгал давчдан сарвалзаж цуцаад
Алс ёроол руу жингүүдэн живж байна.

Sunday, November 6, 2011

Хотын гудамж миний нутаг холхиж өссөн өргөн чөлөө. "Бага тойрог"

Энүүгээр өнгөрөх бүрдээ би өнгөрсөн цагт очдог
Эндэхийн юмс бүхэн надад урьд нас шиг минь дотно
Хуучин нийслэлээс үрэгдээгүй үлдсэн
Хөгшин сэхээтний илэгддэггүй хүрэм шиг хэдэн намхан байрнууд,
Насаараа үнэнч зүтгэсэн намын гишүүн шиг
Нарийн гудамжууд
Бага тойрог бага тойруу минь
Шилэн барилга, шинэ гудамжнуудад эзлэгдэвч
Шинэхэн нийслэлийн зүрхэн тушаа оршисоор буй
Элээгдсэн гудамж бүхнээс чинь дурсамж сэнгэнэх
Их хотын хамгийн хөгшин хороолол минь
Иргэд чинь өтөлж чимээгүй хотруу нүүж
Иргэд чинь өдөлж харийн нийслэлийг зорьжээ.
Эзэнгүй үлдсэн бага тойруу минь
Эргэн санагалзах бүрийд дотно аялгуу эгшиглэх юм.
Бага тойргийн хөвгүүд дээвэр дээрээ од тоолох дуртай
Бага тойруугийн охид тагтан дээрээ дуу аялах дуртайсан
Хамгийн анхны гэсэн бүхэн минь чамд өмчлөгдөх
Хорооллын жаалын хэзээ ч төсөөлөхгүй ертөнц
Бага тойрог минь

Тэнэх зугаатай байлаа. Тэгээд ийм шүлэг бичлээ. Явсан замаа эргээд харахад яруу сайхан дурсамж үлджээ.

Жижиг суурингуудын гэрэл замд хааяа нэг анивчаад өнгөрөх
Жигд хэмнэлт галт тэрэгнээ зорчном .
Төсөөллөөс өөр танил зүйлгүй
Зунаараа үргэлжид байдаг харийн сууринг зорином.
Төрөлх гэр хэдэн бээрийн тэртээд хоцорчээ.
Аялалын туршид зугаацуулах зүйлгүй нэгэн хэвийн уйтгарт
Аяншиж ядарсан зорчигчидоор элбэг эл тэрэгнээ
Замын туршид бид л хөл хөөртөй зорчино.
Буух газарт минь угтах хүн нэгээхэн үгүй ч
Буйд газрын бяцхан өртөөг сэтгэл догдлон хүлээнэм.

Friday, August 12, 2011

Харь гариг цувралаас...

Наранд халуун буулгах эм
Саранд сэвх арилгах бэлдмэл
Ангарагт улаан бурханы тариа
Дэлхийд нарнаас хамгаалах тос
Ямар их хэрэгтэйг дурдсан захиагаа
Олон удаа ашиглах "Discovery" хөлөгт дайгаад
Огторгуйг хамгаалагч "Boltron"-д илгээв

Monday, July 18, 2011

Шинэ цаг нэвтрүүлгийн журам

сонирхолтой уралдаант шоу нэвтрүүлэг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгох, олонд таниулахаас гадна уран зохиолын үнэлэмжийг дээшлүүлэх.
Мөн нэг үеийн залуу шүлэгчдийн хооронд уран бүтээлийн санал бодлоо солилцох харилцааг бий болгох, харилцан бие биенээсээ суралцах, хэлэлцэх, мэтгэлцэх зэрэг уран зохиолын хөгжилд тустай төлөвшлийг бий болгоход нэвтрүүлэгийн зорилго
чиглэнэ.
Үргэлжлэх хугацаа: 2 долоо хоног Телевиз: “МҮОНТВ” телевиз
Зохион байгуулагч: “Шинэ үнэр” ТББ, “Болор луу” продакшн
Нэвтрүүлгийн төрөл: Танин мэдэхүй, уралдаант
Нэвтрүүлэгт оролцогч: Шинэ үеийн яруу найрагчид


Агуулга: Нэвтрүүлгийн нэгдүгээр шатанд урьдчилан бүртгүүлсэн бүх оролцогчид шүлгээ уншиж тэднээс 30 залуу яруу найрагчыг дараагын шатанд шалгаруулна.
Хоёрдугаар шатанд 30 яруу найрагч тус бүр зургаан хүний бүрэлдхүүнтэй 5 бүлгэмд хуваагдана./жич: оролцогчид өөрсдийн саналаар хуваагдана.Зохион байгуулагчдын зүгээс хувиарлалт хийхгүй/ Бүлгэм бүрийн гишүүд өгөгдсөн сэдвийн дагуу бүгд шүлэг бичиж хамгийн сайн бичсэн гэж үзсэн оролцогчын шүлгийг цааш өрсөлдүүлнэ.Бүлгэм бүрээс тухайн сэдвээр шүлэг нь шалгарсан оролцогчид шүлгээ уншихдаа сэдэвтэйгээ уялдсан зохиомжийн дагуу бичлэг хийлгэж шүүгчид тухайн бичлэгийг оролцогчдын хамт үзэж санал сэтгэгдэл зөвлөгөө өгч дүгнэнэ.
Шагналын сан: 2 сая төгрөг
Дүгнэх зарчим: Сэтгэлгээ,Бичлэгийн ур,Унших чадвар гэсэн гурван үзүүлэлтийг харж 2-5 хүртэлх оноогоор дүгнэнэ.
Шүүгчид: МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч утга зохиол судлаач П.Батхуяг, Болор цомын эзэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Галсансүх, Болор цомын эзэн, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир
Шүлгийн сэдвүүд: Эх орон, Гэрэл сүүдэр, Байгаль нүдний өмнө, Дотоод сэтгэлээ анирдахуй, Өөр өнцөг, Хоосрол, Бясалгал, Дууны ертөнц, Хүн-бурхан

Friday, July 8, 2011

"Шинэ цаг" яруу найргын шоу тун удахгүй

"Шинэ үнэр" ТББ,Болор луу продакшн,МҮОНРТ хамтран зохион байгуулж буй "Шинэ цаг" яруу найргын шоу нэвтрүүлэг МҮОНРТ-р орон даяар цацагдах бөгөөд уг нэвтрүүлэг нь зөвхөн бүлгэмүүдийн дунд болно.8.10 аас нэвтрүүлэгийн зураг авалт эхлэх учир оролцох хүсэлтэй бүлгэмүүд яаралтай бүртгүүлнэ үү.
Харилцах утас: 88817013

Sunday, June 12, 2011

Чи ийм гавъяа хүртэх эрхтэй Дирк!

Өнөөдөр 2010-2011 оны ҮСБХ-ны аваргын цувралын 6 дах тоглолт Миами Хит багийн талбайд явагдан энэхүү тоглотонд Даллас Маверикс баг хожсоноор цувралыг 4:2 ийн харьцаагаар тэргүүлэн анх удаагаа NBA аварга боллоо.Энэ тоглолтыг цэнхэр дэлгэцээр сэтгэл догдлон үзэж суусан би тоглолтын сүүлчийн шүгэл дуугарахад нэг юм уужуу амьсгал авч спортын хорхойтон хүний амсаж болох тэр сайхан мэдрэмжийг амслаа.Миний бие аль спортод Германчуудын үнэнч фэн байсаар ирсэн билээ.Тийм ч учир эл багийг дэмжсэн нь багийн лидер Дирктэй холбоотой юм.ТЭр энэ лигт орсон цагаасаа хойш үргэлж флей-Оффын шатанд гарч байсан,улирлын үнэ цэнэтэй тоглогч болж байсан гэхдээ түүнд аваргын цом байгаагүй.Авах гэж 2006 онд оролдсон ч тэр үед аз тутаж байсан түүх бий.Түүнийг аварга болж чадахгүй зодог тайлах вий гэж бодохоос үнэхээр харамсах сэтгэл төрж байлаа.Мэдээж бас Ж.Кидд,Ш.Мэрион,П.Стаяакович тэд шилдэгүүд байсан,өөр өөрсдийн түүх бий, гэхдээ тэд хэдийн оргил үеээ ардаа үдсэн тамирчид.ТЭД энэ жил л аварга болж чадахгүй бол аваргалж үзээгүй од тоглогчдын нэг болох байлаа.Азаар өнөөдөр ийм зүйл болсонгүй та бүхэнд баяр хүргэе.Та нар чадсан өнөөдрөөс та нарыг аваргууд гэж нэрийдэх болно.Тэр дундаа Дирк чамд баяр хүргэе.Чи энэ цувралын турш итгэмээргүй,үнэхээр гайхалтай байж чадсан үр дүнд нь аварга бас финалын MVP боллоо.Тэднийг баяраа тэмдэглэж байхыг хараад өөрийн эрхгүй нулимс бүрхээд ирсэнийг нуух юун.Т.Чандлерын эхнэр түүнийг тэврээд уйлж байсан мөч одоо ч нүдэнд харагдаж байна.Та нар чадлаа.Чи ийм гавъяа хүртэх эрхтэй хүн Дирк

миний шүлгүүд

Хараагүй Коммунисмын үнэр
Хаа нэгтээгээс
Хачин ихээр үнэртэх чинь

Америка мөрөөдөл

Дэлхий мэт том мөрөөдлөө үүрсэн цагаачдын
Далайг гатлахад хүргэсэн гол шалтгааныг
Dream буюу Америка мөрөөдөл гэж нэрлэдэг
Аварга үүлсээс доллар асгарч байдаг
Ардчилал эрх чөлөө гэх ховор зүйл
Алсын тэнд л байдаг гэж дуулсан даруйдаа
Ах эгч нар минь хий нь гарсан мөрөөдлөө үлээж
Шаар шиг том болгоод ниссэн
Бенжамины дэвсгэрт сард нэгийг илгээж
Брэндийн пүүз жилдээ нэг бэлэглэдэг
Баян Сэм авгад би хайртай
Бас тэгээд ах эгчдээ бүр хайртай
Хэзээ нэгэн цагт би
Монгол мөрөөдөлдөө ногоон тамга даруулаад
Холын Америкад нь нүүдэлчин баатар шиг газардаад
Холливүүдыг нь эзэлнэ гэж бодож байгаа

Wednesday, May 18, 2011

Бинладен ба би



Уншигч авхай танд Бинладен гэдэг нэрийг сонсоход айдас төрж,шууд л Санта Клаусаас бэлэг авах эрхгүй муу хүмүүсийн жагсаалт харагдаж байна уу? Харин миний хувьд тэр нэр хэзээд айдас төрүүлж байсангүй харин би түүгээр бахархдаг байлаа.Тэр мундаг тэрбумтан хүн зүгээр л торгон дээр хөлбөр ч,олон зуун үзэсгэлэнт эхнэрүүдээр хүрээлүүлж,усан тамхиа татан диваажин мэтээр эгэл нам гүм амьдарч болох л байсан.Гэхдээ түүнд шалтгаан байсан болоод л тэгээгүй тодорхой. Нэгт тэр лалын шашинтан учир Афган руу доютолсон Оросын эсрэг Жихатын дайнд мордсон.Хоёрт хаягдсан хүн хамгийн аюултай дайсан болдог.Сэм авгынхан түүнийг ашиглаж ашиглачаад эцэст нь бэлгэвч шиг л хаясан.Тэгээд л тэр тийм учраас л тэр хайрдан хүндэлдэг Аллах тэнгэр,Коран судраа хамгаалан мөн дормжлогдсон нэр төрөө хамгаалан тэмцэхээр болсон юм.Энэ тэгээд буруу хэрэг үү? Би угаасаа их гүрний дээрэнгүй бодлого гэнчийг туйаасаа үзэж чаддаггүй.Түүнийг өөд болсон /алуулсан/ гэж дуулаад үнэхээр их харамслаа.Хамгийн сүүлд аавыгаа өнгөрөхөд тэгэж их уй гашууд автаж байснаас хойш ерөөсөө тэгээгүй байсан юм.Ер нь энэ том гүрнүүдийн бодлогод Монгол угсаатнууд,Лалынхныг нэгтгэж болохгүй,нэгтгэнэ гэхээс сүнс нь зхйлдаг юм штг байгаа юм.Бид ч нэгдэнэ гэдэг энэ байдлаараа “лөөлөө” болно биз.Халх дөрвөд гэж хэрэлдэж байгаа нөхдүүд дээр Халимаг,Буриад,Өвөрлөгч нар нэгдвэл бүр балай юм болно биз.Цагаан сараар Тувагийн Монгуш гурав давахад яадаг билээ дээ.Харин Лалынхан яагаад нэгдэж чаддаггүй нь нөгөө л шашин шүтлэг Шит,Сүнит гэх хоёр гол урсгал.
Сэдвээ 90-н градус өөрчлөхөд Бин Ладеныг саяхан би нэгэн сэтгүүл уншиж байхдаа яруу найрагт их хайртай шүлэг бичдэг байсныг мэдлээ.Хүмүүсээ гэж нэгийгээ үгүй болсон хойно л илүү их ойлгож хайрлах юм даа.Садам ах ч бас яруу найрагч байсан юм гэнэ лээ.Персийн домогт хаад шиг,Омар Хаяам шиг дорнын суут яруу найранчдын үргэлжлэл байж дээ хөөрхий.Та хоёрын минь гэмгүй сүнс диваажингын орноо Ертөнцийн Эзэний ивгээлд буй гэдэгт ирээдүйд та нарынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх чин хүсэлтэй би бээр бат итнэнэм.Хэдийгээр Бинладенбид хоёр Афганы дайнд мөр зэрэгцэж яюаагүй ч,Тэр надаас өөр шүтлэгтэй ч гэлээ биднийг нэгтгэж буй зүйл нь их гүрний дээрэнгүй бодлогыг тэрслэн босох зориг,итгэл үнэмшлийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн сэтгэл,бас нэг чухал зүйл нь үгээр хэлшгүй яруу найраг билээ.Сүнс тань үүрд амар амгалан нойрсог
Нийтлэлийг Ө.Үлэмжтөгс

Thursday, May 12, 2011

Хурмастын дагинд зориулав

1.
Угаал үйлдсэн тэнгэрийн дагины
Нойтон үснээс бөнжигнөх дусал
Газар унахдаа хаврыг эхлүүлжээ.
Тал нугыг хужих анхил цэцэгсээс
Тэнгэрийн дагины савангийн үнэр сэнгэнэ.
2.
Газрын хөвгүүдийг дэргэдээс нь харах
Хүсэлдээ хөтлөгдсөн тэнгэрийн дагинас
Бууж ирсэн цагаасаа хойш
Буцаж нисэхийг умартан гүн дурласан
Даль жигүүрээ ч гээж орхисон
Тэнгэрт дүүлэх шувуудыг харж хаяа санаа алддаг ч
Тэдэнд төрүүлж өгсөн
Тэнгэр элчсийн дүртэй үрсээ харахдаа
Тэд хэзээ ч энд газардсандаа харамсдаггүй
Тэнгэрийн харъяат нэгэн цагт байсныг нь гэрчлэх
Төгс гоо үзэсгэлэн нь одоо ч гундаагүй
Далавчгүй сахиусан тэнгэрүүд бидний дунд амьдардаг.
Цэнхэр дэлгэц мэт цэлгэр цонхоор
Дэлгэцийн олон ангит кино мэт амьдрал хөврөнө
Тэр киноны үйл явдал дэндүү үнэмшилтэй
Тоглодог жүжигчид нь гайхалтай чадварлаг
Дүрдээ хэт орсон байдаг.
Анги бүрд нь жүжигчид нь солигдож
Үйл явдал нь шинэчлэгдэж байдаг
Тийм л сонирхолтой бүтээл үзэгчдэд таалагддаг
Надтай адил кино хорхойтнууд мэр сэр байдаг
Нууцханаар хөшигнийхөө араас үздэг
Хэнд ч анзаарагдамгүй тэдгээр үзэгчид
Хэзээ ч жүжигчин болж,цонхны цаадах кинонд
Дүр бүтээж алдаршихыг мөрөөддөггүй
Тэдэнд үзэгчээр үлдэх нь сонирхолтой санагддаг ч
Хэзээд үзэхээс уйдамгүй савангийн дуурийнхаа
Хасагдахын аргагүй чухал дүрүүд тэд өөрсдөө байдаг

Sunday, April 24, 2011

Библи судар ба Монголын нууц товчоон дахь Утга зохиол болоод бичлэгийн хэлбэрийн ижил төстөй талууд "илтгэл"

Оршил
Библи судар бол дэлхийн хамгийн анхны хийгээд хамгийн олон хэл дээр хэвлэгдсэн бүтээл билээ.Хэдийгээр өнгөцхөн ойлгоход шашны уран зохиол,дан ганц Израйлын ард түмний түүх төдий ойлгож болох ч дэлхийн сонгодог уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлэхийн аргагүй их юм.Эл агуу бүтээлээс санаа сэдэл аваагүй дэлхийн сонгодог уран зохиолын бүтээл ховорхон бизээ.Библи судар “Хуучин гэрээ”ба “Шинэ гэрээ” гэсэн хоёр бүлэг 66 номноос бүрддэг бөгөөд дээрх номуудад бичигдсэн зүйлс нь сургаал номлол,Израйлын хаадын шаштираас илүүтэй түүхэн уран зохиол,Соломон хааны шүлэг яруу найраг,гүн ухааны эргэцүүлэмж,магтуу магтаал,аян замын тэмдэглэл захидал зонхилж байна.
Үүний адил Монгол үндэстний анхны түүхэн уран зохиол бол Монголын нууц товчоо /мэдээж Гэсэр,Жангарын туульс мөн багтана/ мөн.Монголын нууц товчоо /хойшид “МНТ”гэнэ/ Монголын анхны гарвалаас Чингис хааны насан эцэслэх хүртэл явдлуудыг тойчсон 12 бүлгээс бүрдэх буюу энэ бүхэн нь Чингисийн үеийн түүх мэт боловч ардын аман үлгэр,тэр цагийн ардын дуу,цэцэн үг,шүлэглэлийг өргөнөөр ашигласан байдаг
Миний бие уг сэдвийг сонгон семинар бэлдэхээр болсон нь хэдийгээр эл хоёр бүтээл бичигдсэн цаг хугацааны хувьд өөр цаг үед,ондоо хэл соёл орчинд бичигдсэн хэдий ч харьцуулан уншиж судлах явцад сонирхол татахуйц ижил төстөй талууд ажиглагдсанд оршино.Ийнхүү ижил төстөй сэдвүүдийг танилцуулахад:
1.Библи болоод “МНТ” эхлэл хэсэг дэх ургийн бичиг
Библи судрын “Шинэ гэрээ”ний эхний ном болох Матай эхлэхдээ доорх угийн бичгээр эхэлнэ:
Абрахамын удам,Давидын удам Есүс Христийн угийн бичиг:
Абрахам Исаакийн эцэг,Исаак Иаковын эцэг,Иаков Иуда болон ах дүүсийнх нь эцэг,Иуда нь Перез болон Зера нарын эцэг бөгөөд тэд Тамараас төржээ... Салмонд Рахабаар Боаз,Боазд Рутаар Обед төржээ Обед бол Иесси нь эцэг,Иесси Давид хааны эцэг билээ... Елеазар Маттаны эцэг,Маттан Иаковын эцэг юм.Иаков бол Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөрИосефын эцэг болой.
“МНТ” ны нэгдүгээр бүлэг эхлэхдээ:
Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчоно,гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтлэн ирж Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж ,Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ.
Батцагааны хөвүүн Тамачи,Тамачийн хөвүүн Хоричар мэргэн Хоричар мэргэний хөвүүн Уужим Буурал...Боржигидай мэргэний гэргий нь Монголжин гуа,түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян,Торголжин баян Борогчин гуа гэргийтэй.Торголжин баяны хөвүүн Дува сохор,Добу мэргэн бүлгээ... гэх бөгөөд Ертөнцийн Эзэний хүү тэнгэрийн хаанчлалын хаан хэмээн Христийн шашинтнуудын итгэн үздэгээр дээрх угийн бичгээр түүний Бурханы сонгосон Израйлын ард түмний хаан угсаатайг дурдсан бол “МНТ”д Тэмүүжин Чингис хаан хийгээд монгол түмнийг дээд тэнгэрээс заяатайг тодотгон өгчээ.
2.Библи судрын гол дүр Есүс ба Боржигон овгийн дээд өвөг Бодончар мунхаг нарын төрсөн түүх:
Библийн Шинэ гэрээний Матай номын 1:18-25 ишлэлд: Бурханы хүү хожим дэлхий ертөнцийг аврах Есүс, Ариун сүнсээр бүрэлдэн онгон охин Мариагаас төржээ хэмээн бичсэн байдаг бол
“МНТ”-ы нэгдүгээр бүлгийн 21дүгээр зүйлдАлунгуа эх өгүүлэхдээ: Шөнөөр цагаан шар хүн өрхөөр орж ирэн хэвлийг илэн түүний гэрэл хэвлийд шингэснээр Бодончар төрсөн тухай өгүүлсэн байдаг.Энэ нь Израйлчуудын аврагч Есүс болоод,Боржигон овгийн дээд өвөг Бодончар мунхаг нар хүн төрдөг жам ёс,ерийн байдлаар бус онцгой ховор тохиолдлоор /ШУА-ны хувьд ингэж төрөх ямар ч боломжгүйг уран зохиолын хэлээр үнэмштэл бичсэн/ төрсөн нь эгэл бус хүн,хожим ихийг гүйцэлдүүлэх заяа төөрөгтөй гэдгийг тодотгож өгсөн явдал бөгөөд мөн үүнтэй жишэж болох өөр нэгэн түүх бол Ромын хаан алдарт байлдан дагуулагч Юрий Цезарь эхийн умайгаас төрөөгүй гэх буюу.Энэ нь ер бусаар төрсөн хүмүүс ертөнцийн түүхийг өөрчлөх хувь төөрөгтөй гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байна.
3.Библи ба “МНТ” дах шүлэг болоод магтуу:
Библи болоод “МНТ”д шүлэглэсэн мөртүүд нэлээдгүй олон ч /бараг ихэнх хэсэгт/ тодорхой сэвдээр сонгон авахад ийм байна.
Хаад ба Бурхан тэнгэрийг магтан шүлэглэсэн нь:
“Хуучин гэрээ” Дуулал 18:1-3т
Миний хүч болох ЭЗЭН би танд хайртай
ЭЗЭН бол миний хад,миний цайз
Миний аврагч,миний Бурхан
Миний хоргоддог хад минь
Миний бамбай
Миний авралын эвэр
Миний бэхлэлт юм. гэсэн бол
“МНТ” 5-р бүлэг 149-р зүйлд
Есүхэй баатар эцэгтэй
Есөн өрлөг түшмэлтэй
Ер бүгдийг эрхэндээ оруулсан
Ертөнцийн эзэн Чингис хаан минь
Өүлэн хатан эхтэй
Өрлөг есөн түшмэлтэй
Өгөдэй,Толуй хөвүүнтэй
Өршөөл хайр ихтэй
Өнгө бүрийн улсыг
Өмнөө сөгдүүлсэн
Өндөр дээд эзэн хаан минь. Гэжээ
Үүнээс харахад магтаалын шүлгүүд нь ихэсгэл ихтэй,тоочсон маягтай байгаа бол
Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг хэрхэн дүрслэснийг харвал
“Хуучин гэрээ” Соломоны дуун 4:1-6д
Охидын дундаас миний хонгор
Өргөст ургамал дундах сараана цэцгийн адил
Гивлүүрийн цаадах чиний нүд тагтаа мэт
Үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт
Шүд чинь саяхан угаагдсан хонин сүрэг мэт
Хоёр хөх чинь сараана цэцгийн дунд идээшлэх
Зээрийн ихэр янзага мэт ажгуу
“МНТ” 1-р бүлэг 75-р зүйл
Гоо төрсөн Өүлэн эх
Гох дэгээ барин явж
Гол завыг өгсөж уруудаж
Гогод мангирыг түүн явж
Хутагтан хөвүүдээ тэжээж өсгөв. Гэжээ
4. Хоёр зохиол дах Баатарлаг тууль
“Хуучин гэрээ” Шүүгчид 7:1-25 ишлэлд
Израйлын цэргийн залуу жанжин Гидеон Мидиончуудтай 300 цэрэгтэйгээр тулалдахын өмнөх шөнө дайсны хуаранд нууцаар тагнан очихдоо хоёр цэргийн зүүдийг сонсдог ба тухайн зүүдэнд арвайн гуртлаар хийсэн талх Мидионы цэргийн майханг мөрөхөд нурж унасан тухай ярьж уг зүүдний тайлал нь өнөөх арвайн талх бол Израйлын жанжин Гидеон бөгөөд майхан нурсаны адилаар Мидион ялагдана хэмээсэн байна.Ийнхүү израйльчууд 300хан цэргээр хэдэн мянган хүнтэй дайснаа дарсан тухай өгүүлдэг бол
“МНТ” 5 бүлэг 149 ээр зүйлд
Чингис хаан болоод Ван ханы нэгдсэн цэрэг Жамуха ба Тайчуудыг довтолсны дараа дутаан одсон Тайчуудыг элдэн явахдаа хаан зүүд зүүдлэн уг зүүдэнд уулан цаана Тайчуудын 300 цэрэг бий бөгөөд нааш ирж буйг зүүдэлж,зүүдний үнэн эсэхийг шалгахаар Шихиаутагийг явуулж үзэхэд үнэн болж улмаар тэдэнтэй тулалдан цайтын цагаан талд баатарлагаар ялж буйг өгүүлжээ.
5. Андын нөхөрлөл
“Хуучин гэрээ” 1 Самуел 18:1,20:1-12д
Израйлын анхны хаан Саулын ганц хүү,ханхүү Ионатан ба хожим хаан болох хааны өмнө баатарлаг гавъяа байгуулсан залуу хүү Давид нарын нөхөрлөл гардаг бөгөөд Ионатан анх Давидтай нөхөрлөхдөө ханхүүгийн дээл,хуяг дуулгаа бэлэглэдэг. Хожим цэргийн жанжин болсон залуу эр Давидад хаан ширээгээ алдах вий гэсэндээ Саул хаан оройн зоогийн үеэр барих санаа барьж устгах санаа байхад Ионатан хаан эцгээс нууцаар Давидыг нуун нууц дохио өгч зугтаалагадаг.Үүний дараа Израйль болоод Филистын /Фалистин/ тулаанд Саул болон Ионатан үрэгдэхэд андыхаа араас ихэд гашуудсан байдаг.
“МНТ” 3 бүлэг 116 зүйлд
Тэмүүжинг 11тэй байхад Жамухатай анх анд бололцон Жамуха гурын шагайг өгч,Тэмүүжин цутгамал шагай солин өгч Ононы мөсөн дээр шагалцан наадаж,Хойд хавар нь арангир нутаар харваж байхад,Жамуха бярууны хоёр эврийг нааж нүрэлж хийсэн дуут сумаа,Тэмүжин арц модон годилоо өгч хоёронтой анд болоцон хожим мэргидийг дарж Бөртэг авсаны хойно ахин анд болоцсон байдаг.Хожим эвдрэлцэн дайтах болсон ч Наху гүний тулаанд Жамуха Таян хааныг өөрийн үгээр мохоон тэмүүжинг ялах боломж олгосон болно.
Дүгнэлт
Цөөн үгээр дүгнэхэд хэдийгээр эл хоёр зохиол бичигдсэн цаг хугацааны хувьд дор хаяж 1150 жилийн зөрүүтэй /Библийн хамгийн сүүлийн ном МЭ 95 онд Фатмос бичигдэж дууссан бол МНТ 1240хулгана жил Долоон Болдог Шилхэнцэг хоёрын завсарт бичиж дууссан/ өөр хэл соёл шашны нөлөөнд,нэг нь бага дундад Ази нөгөө нь төв Азид бичигдсэн боловч эл хоёр бүтээлийг нэгтгэж буй гол зүйл нь эртний түүхэн зохиолууд нэгэн хэлбэрээр бичигдэж байсны баталгаа мөн.

Friday, April 15, 2011

Түүнгүйгээр амьдарч чадна Гэхдээ яаж?


Соёлт хүн болон төрөн,амсаж мэдрэх олон ташаалын нэг нь яах аргагүй спорт! Спорт, спорт, спорт энэ үгийг юугаар ч тайлбарлахын аргагүй сайхан зүйл.Ээ Бурхан минь спорт өнөөгийн түвшин хүртэл өндөр хөгжөөгүй бол,тэр ч байтугай огт байгаагүй бол энэхэн хорвоо хичнээн уйтгартай вэ? Тэр тусмаа хөлбөмбөггүйгээр ямар гүн уйтгарын далай вэ.Гэхдээ огт байгаагүй бол өөр ямар нэг зүйлээр цаг нөхцөөх л байсан хэдий ч нэгэнт Бурханы авралаар байгаа учир байхгүй байсан бол гэж төсөөлж чадахгүй нь.Спортоос хөндий хол хүний хувьд ойлгож,тэвчиж дуусгахын аргагүй урт удаан үргэлжилсэн,баясгаад байх гоол цөөхөн,удаашруулсан бичлэг хардаггүй,шүүгч заримдаа гол дүрд тоглодог гээд л өөлж өөнтөглөвөл олон юм хэлж болох ч чухамдаа тэр өөлүүлэх зүйлс нь энэ спортыг бусад төрлөөс нь илүүд үзэх,сонгох үзэх хүчин зүйл юм.Хэдий миний хувьд хөлбөмбөгчин болох аз эз,чадвар хурд дутсан ч тэрэндээ би огт харамсдаггүй.Учир нь энэ гайхамшигт зүйлийн төлөө хэдэн ч шөнийхөө нойрыг хугасласан цаашид ч хугасалсаар байх панат болсон учир.Хэдэн мянган хүнтэй цэнгэлдэхэд тоглож,хүмүүст шүтэгдэн,мөнхөд дуурсагдах алдрыг хүртэх тамирчин хүний л амсах сайхан мэдрэмжийг панат хэзээ ч мэдрэхгүй ч ялж,ялагдах амтлаг болоод гашуун амтыг ялгаагүй л мэдэрдэг нь сайхан бас... Бас гэсний учир нь тэр сайхан мэдрэмжүүдийг бид биеэр амсах хувьгүй сэтгэлийн ташаал болоод л гүйцээ.Дээр нь хохирох зүйл их.Тэр тусмаа Монголд төрсөн бидний хувьд Европын шилдэг тоглолтуудыг шөнө нойроо хагаслан байж үзнэ.Баг маань ялагдаж байхад залбирахаас эсвэл харааж зүхэхээс өөр юу ч хийж чадахгүй.Хаалгач байсан бол сайн барихсан,хамгаалагч байсан бол анхааралтай байхсан,хагас хамгаалагч байсан бол дамжуулалт өгөхсөн,довтлогч байсан бол гоол хийхсэн.Ядаж дасгалжуулагч байсан бол зөв сэлгээ хийхсэн.Ингээд бодохоор панат юу хийж чадах юм бэ? Талбайд нь очиж үздэг европын панат байсан бол сэтгэлээ тайвшруулахын тулд гараад ядаж зодоон хийчинэ.Хаа байсан монголын цэнхэр дэлгэцийн ардаас үздэг над шиг панат юу хийж чадахсан билээ.Тэгсэн хэрнээ ялагдлаа ялгаагүй хамт үүрнэ.Энэ бүхнээс харахад хамгийн их ялагдлыг мань мэтийн монгол панат л амсаж байгаа биздээ.Бидний сэтгэл санааны хохирлыг хэн төлөх юмбэ хэн ч төлөхгүй.Бид сайн дураараа л энэ зовлонг сонгосон магадгүй үхэн үхтлээ.Уншигч авхай та тийм л зовлонтой бол үзэхээ боличооч.Гэж хэлж болох юм.Больё гэж бодсон ч нэгэнт гарч чадахаасаа өнгөрсөн дон,муу зуршил /сайн зуршил/ гэсэн үг та тамхи татдаг гаръя гэж бодсон ч чадахгүй байгаа бол намайг ойлгоноо.Тэгээд чиний энэ сонирхол зовлон жаргал чинь хэнд хэмаатай юм.Яагаад зовлонгоо тоочоод байгаа юм гэж та ахин хэлж болноо би үгүйсгэхгүй.Зүгээр л хэн нэгэнд дотор буй бүхнээ сэтгэлээ онгойтол ярьвал жоохон ч болов уужрана гэж бодоод л үүнийг нийтлэлээ өршөөгөөрөй.Түүнгүйгээр амьдарч болох л юм гэхдээ яаж?

Monday, April 11, 2011

Дээвэр дээр


Нэг л алхвал би үхнэ
Нэг метрийн цаана л шинэ амьдрал
Нүдээ аниад урагшилан агаар дээр хэвтвэл
Нисэх мэт эрх чөлөөг мэдрэх байх
Сүүлчийн агаад анхны нислэг минь
Хүчтэй газардахад
Сүнс минь тагтаа адил дүүлж
Биенээс минь ангижирна
Ганц алхахад л би өөр ертөнцөд очино
Гарцаагүй Бурхан намайг тамд хувиарлана
Хүн амины хэрэгтэн учир
Гавъяаг минь үнэлж эсвэл диваажинд илгээнэ
Ад үзэгдэж амьдарсаар байх уу
Амирлал амар тайвныг өөртөө бэлэглэх үү
Урагш алхаж...

"Шинэ үнэрийн залуу арслангууд" нийтлэл


Урд шөнө аваргуудын лигийн пиналын тоглолт "Цагаан уул" болж өнгөрлөө.Аваргын төлөө Шинэ үнэр, Үл нэгдэгсэд гэсэн хоёр баг тунан үлдэж 2:1 харьцаагаар шинэ үнэрийн залуу арслангууд хожин хоёр жил дараалан цомын эзэн боллоо.Энэ жилийн пиналын тоглолтонд гаргасан тэдний гарааны бүрэлдэхүүн гайхшрал төрүүлсэн нь улирлын мэргэн бууч С.Начинг сэлгээнд суулган мөн жигүүрийн хамгаалагч Есөн Эрдэнэ бэртэлийн улмаас тоглолтыг өнжлөө.Тоглолт эхнээсээ л ширүүн уур амьсгал дунд болж хоёр багийн тоглогчид харилцан хаалга руу чиглэсэн ширүүн довтолгоог хийж хаалгачдын уур чадварыг шалгаад амжив.Харилцан алдаа ч их гаргаж байсны хамгийн балмад алдаа нь нэгдүгээр үе эхлээд дөнгөж 15 минут өнгөрч байхад шинэ үнэрийн төвийн хамгаалагч Лхагва Очирын эсрэг багийн тоглогчийн хөлд жийн хүнд бэртэснээр улаан хуудас авч тоглолтыг орхин багаа хүн дутуу үлдээв.Тоглолт детектив зохиол мэт үргэлжирсээр 0:0 харьцаатай нэгдүгээр үе өндөрлөв.Аль аль баг нь завсарлагаанаар нэлээд зүйлийг ярьж гарч ирсэн нь тоглолтын хоёрдугаар үед мэдэгдэж эхэлж байлаа.Гэвч Шинэ үнэрийн залуу арслангуудын хувьд хүсээгүй нэгэн үр дүн эл үеийн 65 дах минутад тохиосон нь багийн найруулан тоглогч Үлэмжтөгс хоёр дах шар хуудсаа авснаар талбайн ерөнхий шүүгч Батхуяг талбайгаас хөөв.Ийнхүү тоглолт 0:0 харьцаатай байхад залуу арслангууд хүн дутуу үлдээд байхад эсрэг багийн Г.Баяр хаалганд цөм цохин гоол хийн тооны харьцааг нээв. Байдал хэцүүдсэн ч Сосорбарамын агаараар өгсөн дамжуулалтыг довтлогч Улам Оргих шууд мөргөн гоолдож тооны харьцааг тэнцүүлэв.Цаг дуусахад 2 минут дутуу байхад Сосогийн булангаас өгсөн дамжуулалтыг Өсөхболд унаж татан нэгэн гайхалтай гоол хийснээр багтаа нэн чухал ялалт бэлэглэлээ.

“Их цэвэрлэгээ” өгүүллэг

Энэ хотод хөл тавиад дариу дөрвөн жил өнгөрчээ. Хангалттайгаар барах уу! Энд оюутан болохоор ирэхдээ хотод анх хөл таьсан юм. Тэр үед би хүсэл мөрөөдөлтэй, зорилготой хамгийн гол нь “би” гэсэн хувь хүнийг тодорхойлох мөн чанар байсан юм. Одоо байхгүй, дөрвөн жилийн өмнөх надаас юу ч үлдээгүй гэхэд болно. Иргэний үнэмлэх, бичиг баримтан дээрх овог, нэр, хаяг гарцаагүй “би” мөн боловч миний дотор шал өөр хүний сүнс нутаглаад, намайг удирдаад удаж байна. Харин миний жинхэнэ дотор хүн, сүнс сэтгэл минь хөдөө нутагтаа, салхи зүсэн давхих хурдан хөлгийн зоон дээр байгаа байхаа. Хотод анх сурч амьдрахаар ирэхэд хотын залуусын цагаа өнгөрөөдөг хотын соёлд зайлшгүй суралцаж дасах шаардлагатай болсон юм. Юуны өмнө би гаднах төрхөө, хувцас хунараа өөрчлөх хэрэгтэй боллоо. Би ч уг нь өөрийгөө өөрчлөхийг тэгэж их яарахгүй л байлаа. Гэвч оюутны ангийн ганц найз маань ингэхийг зөвлөсөн юм. Тэр бол хотын уугуул залуу л даа, өөрийгөө “бага тойруу”-д төрж өссөн гэдгээр сайрхдаг. Харин тэр яагаад хөдөөний улаан хацарласан намайг тоож найзалсаныг ер гайхаад олдоггүй байсан юм. Тэр хэлэхдээ: Хувцас бурхан бие чөтгөр! Чи энэ байдлаараа байвал ямар ч хүн чамтай тохуурхсан, үл ойшоосон янзтай харьцана. Жинхэнэ “cool girls” чамайг тоож ч харахгүй. Хэдэн дондогмаанууд л тооно гэж хэлсэн юм. Нээрээ ч түүний хэлсэн энэ үг үнэхээр намайг гэсэндээ л хэлсэн үг шиг санагдаж байлаа. Би гоё ганган байлаа гээд тэрэнд ямар ашиг байхав, надад л хэрэг болно шүү дээ. Тэгээд л би гаднах төрхөө өөрчлөхөөр зөвшөөрсөн хэрэг. Их зориг, мөнгө гаргаж зарцуулсны эцэст үснийхээ хэлбэрийг өөрчлөн гурвалжин гельдэж, эмэгтэй хүн шиг бариу өмд өмсөн, нимгэн ултай түриийтэй кет углах болов. Үүгээр ч барахгүй хацрынхаа улааныг арилгуулав. Энэ бүхнийг хийсний дараа миний гаднах төрх 180 градус өөрчлөгдөж, хэн ч хаанаас ч харсан хотын залуу шиг л харагдаж эхэллээ. Хүмүүс надтай хандах хандлага ч илэрхий өөрчлөгдөж охидын харц ч цаанаа л жоготой санагдах болов. Гэсэн ч ганцаар байхдаа толинд харах бүр толины тусгалд багаас харж дассан пинжүү үстэй, улаан хацартай банди бус огт танихгүй залуу өөдөөс ширтэх болов. Тэр цагаас л хойш миний сүнс надаас дайжиж, хотын тэнэмэл сүнснүүдийн нэг биед минь шингэсэн юм. Үл таних тэр хоолой намайг бүрэн эзэмдэж амьд хөгжим, бөмбөрийн хэмнэл, тачаангуй охид, нүргээнт хөгжимт шөнийн цэнгээний газарт намайг даллан дуудах болов. Энэ бүхэнд ч татагдан дурлаж цаг зав, мөнгөө үрдэг болсоор удлаа. Сүүлдээ миний сэтгэлгээний үнэт зүйлс ч эрс өөрчлөгдөж, гурван тамирын хөндий дэх уугуул нутаг, саахалт айлын Цээмаа, чулуун тоглоомоо нандигнан дээдлэх сэтгэл ч үгүй болж хуучин дурсамж бүхэн минь ямар ч үнэ цэнэгүй болон хувирав. Хотын соёл гэх бүхэнд сорогдон татагдсаар гарч үл дийлэх гүн балжилт лав шигдээд дөрвөн жилийг үджээ. Ойрмогноос биений минь эзэн сүнс биедээ эргэн ирж байх шиг... Эсвэл төрөлх нутгаасаа их л чанга тод хоолойгоор дуудаж эхэллээ. Миний дотор би ба би бишийн тулаан, эзэн ба эзэгнэгч сүнсний мөргөлдөөн намайг хоёр тасдан байвч бие махбодь далд ухамсар маань эзэн сүнсээ эрхгүй өгүүлж буй нь надад мэдрэгдэх болов. Энэ хот намайг хүссэн хүсээгүй өөртөө багтаах энэ дөрвөн жилийн хугацаанд надад юуг өгөв? Өгсөнөөсөө авсан нь чамгүй их санагдана. Хүсэл мөрөөдөл, зорилго, хүн чанар, сэтгэл зүрхийг минь сорон авсныхаа шанд бусдыг дуурайсан хуурамч төрх, хуурамч нөхөрлөл, хуурмаг хайр дурлалд шархалж шаналсан эвдэрхий зүрх, иргүй хутга шиг мөхсөн итгэл найдварыг өгсөн гэж бодохоор хариугаа сайн авахыг ухаарлаа. Харин миний дотор бат бөх суурилагдсан хотын сүнсийг хотын зүйлсээр нь үлдэн хөөж, алдагдсан өөрийгөө олж авахын тулд энэ аргыг хэрэглэхээр шийдлээ. Юуны түрүүнд хайлж урссан хүний мөсөө хөлдөөгчинд хийж, хиртэж дагтаршсан ухаан бодлоо угаалгын машинаар угааж, үрчийж нугларсан шударга зангаа индүүдэж, урагдаж ханзарсан зүрхээ оёдлын машинаар оёж, эцэст нь тоос сорогчоор эзэгнэгч сүнсийг сайтар сорж биенээсээ гаргаад суултуурын нүх рүү унагаж усаа татна. Үүнийг яг одоо хэрэгжүүлэхээр би угаалгын өрөөнд зогсож байна. Сайтар цэвэрлэгээ хийчихээд дараа нь толинд өөрийгөө заавал харна.

Sunday, April 10, 2011

...

1.Би бундан дүрсэнд дуртай
Тэр ч бас...
Тэр даанч хэтэвчинд хайртай
Би ч гэсэн түүнд хайргүй
Гэхдээ түүний үнэртэй ус
Торгон дотоожинд хамгаас хайртай
Тэр хайрыг хоосон гэдэг
Би ч хайрыг хараагүй
Гэхдээ л бид хамтран амьдрагч.
2.
Зөндөө олон шаналж, шархалсан залуусын
Зүрх сэтгэлийг өрөндөө авчихаад
Зүүн энгэрийнхээ цэв хүйтэн сэфинд түгжчихээд
Заримдаа дур нь хүрэхээр ганц нэгийг гаргаж
Зүсэм бялуу шиг амтархан зооглочихоод
Үйрмэг юуг нь хогийн саванд хаяж
Идсэн тавгаа ч угаахгүй орхидог
Зүс үзэсгэлэнт “Q” охинд хорсовч
“Хайрын тэр ломбарданд”
Хамгийн их өртэй нь би!
Хэзээ ч төлж дуусахгүй ээ!
Суллаж чадахгүй зүрх сэтгэлээ!

3.
Харин хөдөөд
Хайр сэтгэл хуучин янзаараа
Хөөрхөн Дулмаагийн хонины ээлжийг
Дорж тэсэн ядан хүлээнэ.