Thursday, May 12, 2011

Хурмастын дагинд зориулав

1.
Угаал үйлдсэн тэнгэрийн дагины
Нойтон үснээс бөнжигнөх дусал
Газар унахдаа хаврыг эхлүүлжээ.
Тал нугыг хужих анхил цэцэгсээс
Тэнгэрийн дагины савангийн үнэр сэнгэнэ.
2.
Газрын хөвгүүдийг дэргэдээс нь харах
Хүсэлдээ хөтлөгдсөн тэнгэрийн дагинас
Бууж ирсэн цагаасаа хойш
Буцаж нисэхийг умартан гүн дурласан
Даль жигүүрээ ч гээж орхисон
Тэнгэрт дүүлэх шувуудыг харж хаяа санаа алддаг ч
Тэдэнд төрүүлж өгсөн
Тэнгэр элчсийн дүртэй үрсээ харахдаа
Тэд хэзээ ч энд газардсандаа харамсдаггүй
Тэнгэрийн харъяат нэгэн цагт байсныг нь гэрчлэх
Төгс гоо үзэсгэлэн нь одоо ч гундаагүй
Далавчгүй сахиусан тэнгэрүүд бидний дунд амьдардаг.

No comments:

Post a Comment