Sunday, April 24, 2011

Библи судар ба Монголын нууц товчоон дахь Утга зохиол болоод бичлэгийн хэлбэрийн ижил төстөй талууд "илтгэл"

Оршил
Библи судар бол дэлхийн хамгийн анхны хийгээд хамгийн олон хэл дээр хэвлэгдсэн бүтээл билээ.Хэдийгээр өнгөцхөн ойлгоход шашны уран зохиол,дан ганц Израйлын ард түмний түүх төдий ойлгож болох ч дэлхийн сонгодог уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлэхийн аргагүй их юм.Эл агуу бүтээлээс санаа сэдэл аваагүй дэлхийн сонгодог уран зохиолын бүтээл ховорхон бизээ.Библи судар “Хуучин гэрээ”ба “Шинэ гэрээ” гэсэн хоёр бүлэг 66 номноос бүрддэг бөгөөд дээрх номуудад бичигдсэн зүйлс нь сургаал номлол,Израйлын хаадын шаштираас илүүтэй түүхэн уран зохиол,Соломон хааны шүлэг яруу найраг,гүн ухааны эргэцүүлэмж,магтуу магтаал,аян замын тэмдэглэл захидал зонхилж байна.
Үүний адил Монгол үндэстний анхны түүхэн уран зохиол бол Монголын нууц товчоо /мэдээж Гэсэр,Жангарын туульс мөн багтана/ мөн.Монголын нууц товчоо /хойшид “МНТ”гэнэ/ Монголын анхны гарвалаас Чингис хааны насан эцэслэх хүртэл явдлуудыг тойчсон 12 бүлгээс бүрдэх буюу энэ бүхэн нь Чингисийн үеийн түүх мэт боловч ардын аман үлгэр,тэр цагийн ардын дуу,цэцэн үг,шүлэглэлийг өргөнөөр ашигласан байдаг
Миний бие уг сэдвийг сонгон семинар бэлдэхээр болсон нь хэдийгээр эл хоёр бүтээл бичигдсэн цаг хугацааны хувьд өөр цаг үед,ондоо хэл соёл орчинд бичигдсэн хэдий ч харьцуулан уншиж судлах явцад сонирхол татахуйц ижил төстөй талууд ажиглагдсанд оршино.Ийнхүү ижил төстөй сэдвүүдийг танилцуулахад:
1.Библи болоод “МНТ” эхлэл хэсэг дэх ургийн бичиг
Библи судрын “Шинэ гэрээ”ний эхний ном болох Матай эхлэхдээ доорх угийн бичгээр эхэлнэ:
Абрахамын удам,Давидын удам Есүс Христийн угийн бичиг:
Абрахам Исаакийн эцэг,Исаак Иаковын эцэг,Иаков Иуда болон ах дүүсийнх нь эцэг,Иуда нь Перез болон Зера нарын эцэг бөгөөд тэд Тамараас төржээ... Салмонд Рахабаар Боаз,Боазд Рутаар Обед төржээ Обед бол Иесси нь эцэг,Иесси Давид хааны эцэг билээ... Елеазар Маттаны эцэг,Маттан Иаковын эцэг юм.Иаков бол Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөрИосефын эцэг болой.
“МНТ” ны нэгдүгээр бүлэг эхлэхдээ:
Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчоно,гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтлэн ирж Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж ,Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ.
Батцагааны хөвүүн Тамачи,Тамачийн хөвүүн Хоричар мэргэн Хоричар мэргэний хөвүүн Уужим Буурал...Боржигидай мэргэний гэргий нь Монголжин гуа,түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян,Торголжин баян Борогчин гуа гэргийтэй.Торголжин баяны хөвүүн Дува сохор,Добу мэргэн бүлгээ... гэх бөгөөд Ертөнцийн Эзэний хүү тэнгэрийн хаанчлалын хаан хэмээн Христийн шашинтнуудын итгэн үздэгээр дээрх угийн бичгээр түүний Бурханы сонгосон Израйлын ард түмний хаан угсаатайг дурдсан бол “МНТ”д Тэмүүжин Чингис хаан хийгээд монгол түмнийг дээд тэнгэрээс заяатайг тодотгон өгчээ.
2.Библи судрын гол дүр Есүс ба Боржигон овгийн дээд өвөг Бодончар мунхаг нарын төрсөн түүх:
Библийн Шинэ гэрээний Матай номын 1:18-25 ишлэлд: Бурханы хүү хожим дэлхий ертөнцийг аврах Есүс, Ариун сүнсээр бүрэлдэн онгон охин Мариагаас төржээ хэмээн бичсэн байдаг бол
“МНТ”-ы нэгдүгээр бүлгийн 21дүгээр зүйлдАлунгуа эх өгүүлэхдээ: Шөнөөр цагаан шар хүн өрхөөр орж ирэн хэвлийг илэн түүний гэрэл хэвлийд шингэснээр Бодончар төрсөн тухай өгүүлсэн байдаг.Энэ нь Израйлчуудын аврагч Есүс болоод,Боржигон овгийн дээд өвөг Бодончар мунхаг нар хүн төрдөг жам ёс,ерийн байдлаар бус онцгой ховор тохиолдлоор /ШУА-ны хувьд ингэж төрөх ямар ч боломжгүйг уран зохиолын хэлээр үнэмштэл бичсэн/ төрсөн нь эгэл бус хүн,хожим ихийг гүйцэлдүүлэх заяа төөрөгтөй гэдгийг тодотгож өгсөн явдал бөгөөд мөн үүнтэй жишэж болох өөр нэгэн түүх бол Ромын хаан алдарт байлдан дагуулагч Юрий Цезарь эхийн умайгаас төрөөгүй гэх буюу.Энэ нь ер бусаар төрсөн хүмүүс ертөнцийн түүхийг өөрчлөх хувь төөрөгтөй гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байна.
3.Библи ба “МНТ” дах шүлэг болоод магтуу:
Библи болоод “МНТ”д шүлэглэсэн мөртүүд нэлээдгүй олон ч /бараг ихэнх хэсэгт/ тодорхой сэвдээр сонгон авахад ийм байна.
Хаад ба Бурхан тэнгэрийг магтан шүлэглэсэн нь:
“Хуучин гэрээ” Дуулал 18:1-3т
Миний хүч болох ЭЗЭН би танд хайртай
ЭЗЭН бол миний хад,миний цайз
Миний аврагч,миний Бурхан
Миний хоргоддог хад минь
Миний бамбай
Миний авралын эвэр
Миний бэхлэлт юм. гэсэн бол
“МНТ” 5-р бүлэг 149-р зүйлд
Есүхэй баатар эцэгтэй
Есөн өрлөг түшмэлтэй
Ер бүгдийг эрхэндээ оруулсан
Ертөнцийн эзэн Чингис хаан минь
Өүлэн хатан эхтэй
Өрлөг есөн түшмэлтэй
Өгөдэй,Толуй хөвүүнтэй
Өршөөл хайр ихтэй
Өнгө бүрийн улсыг
Өмнөө сөгдүүлсэн
Өндөр дээд эзэн хаан минь. Гэжээ
Үүнээс харахад магтаалын шүлгүүд нь ихэсгэл ихтэй,тоочсон маягтай байгаа бол
Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг хэрхэн дүрслэснийг харвал
“Хуучин гэрээ” Соломоны дуун 4:1-6д
Охидын дундаас миний хонгор
Өргөст ургамал дундах сараана цэцгийн адил
Гивлүүрийн цаадах чиний нүд тагтаа мэт
Үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт
Шүд чинь саяхан угаагдсан хонин сүрэг мэт
Хоёр хөх чинь сараана цэцгийн дунд идээшлэх
Зээрийн ихэр янзага мэт ажгуу
“МНТ” 1-р бүлэг 75-р зүйл
Гоо төрсөн Өүлэн эх
Гох дэгээ барин явж
Гол завыг өгсөж уруудаж
Гогод мангирыг түүн явж
Хутагтан хөвүүдээ тэжээж өсгөв. Гэжээ
4. Хоёр зохиол дах Баатарлаг тууль
“Хуучин гэрээ” Шүүгчид 7:1-25 ишлэлд
Израйлын цэргийн залуу жанжин Гидеон Мидиончуудтай 300 цэрэгтэйгээр тулалдахын өмнөх шөнө дайсны хуаранд нууцаар тагнан очихдоо хоёр цэргийн зүүдийг сонсдог ба тухайн зүүдэнд арвайн гуртлаар хийсэн талх Мидионы цэргийн майханг мөрөхөд нурж унасан тухай ярьж уг зүүдний тайлал нь өнөөх арвайн талх бол Израйлын жанжин Гидеон бөгөөд майхан нурсаны адилаар Мидион ялагдана хэмээсэн байна.Ийнхүү израйльчууд 300хан цэргээр хэдэн мянган хүнтэй дайснаа дарсан тухай өгүүлдэг бол
“МНТ” 5 бүлэг 149 ээр зүйлд
Чингис хаан болоод Ван ханы нэгдсэн цэрэг Жамуха ба Тайчуудыг довтолсны дараа дутаан одсон Тайчуудыг элдэн явахдаа хаан зүүд зүүдлэн уг зүүдэнд уулан цаана Тайчуудын 300 цэрэг бий бөгөөд нааш ирж буйг зүүдэлж,зүүдний үнэн эсэхийг шалгахаар Шихиаутагийг явуулж үзэхэд үнэн болж улмаар тэдэнтэй тулалдан цайтын цагаан талд баатарлагаар ялж буйг өгүүлжээ.
5. Андын нөхөрлөл
“Хуучин гэрээ” 1 Самуел 18:1,20:1-12д
Израйлын анхны хаан Саулын ганц хүү,ханхүү Ионатан ба хожим хаан болох хааны өмнө баатарлаг гавъяа байгуулсан залуу хүү Давид нарын нөхөрлөл гардаг бөгөөд Ионатан анх Давидтай нөхөрлөхдөө ханхүүгийн дээл,хуяг дуулгаа бэлэглэдэг. Хожим цэргийн жанжин болсон залуу эр Давидад хаан ширээгээ алдах вий гэсэндээ Саул хаан оройн зоогийн үеэр барих санаа барьж устгах санаа байхад Ионатан хаан эцгээс нууцаар Давидыг нуун нууц дохио өгч зугтаалагадаг.Үүний дараа Израйль болоод Филистын /Фалистин/ тулаанд Саул болон Ионатан үрэгдэхэд андыхаа араас ихэд гашуудсан байдаг.
“МНТ” 3 бүлэг 116 зүйлд
Тэмүүжинг 11тэй байхад Жамухатай анх анд бололцон Жамуха гурын шагайг өгч,Тэмүүжин цутгамал шагай солин өгч Ононы мөсөн дээр шагалцан наадаж,Хойд хавар нь арангир нутаар харваж байхад,Жамуха бярууны хоёр эврийг нааж нүрэлж хийсэн дуут сумаа,Тэмүжин арц модон годилоо өгч хоёронтой анд болоцон хожим мэргидийг дарж Бөртэг авсаны хойно ахин анд болоцсон байдаг.Хожим эвдрэлцэн дайтах болсон ч Наху гүний тулаанд Жамуха Таян хааныг өөрийн үгээр мохоон тэмүүжинг ялах боломж олгосон болно.
Дүгнэлт
Цөөн үгээр дүгнэхэд хэдийгээр эл хоёр зохиол бичигдсэн цаг хугацааны хувьд дор хаяж 1150 жилийн зөрүүтэй /Библийн хамгийн сүүлийн ном МЭ 95 онд Фатмос бичигдэж дууссан бол МНТ 1240хулгана жил Долоон Болдог Шилхэнцэг хоёрын завсарт бичиж дууссан/ өөр хэл соёл шашны нөлөөнд,нэг нь бага дундад Ази нөгөө нь төв Азид бичигдсэн боловч эл хоёр бүтээлийг нэгтгэж буй гол зүйл нь эртний түүхэн зохиолууд нэгэн хэлбэрээр бичигдэж байсны баталгаа мөн.

1 comment: