Monday, April 11, 2011

“Их цэвэрлэгээ” өгүүллэг

Энэ хотод хөл тавиад дариу дөрвөн жил өнгөрчээ. Хангалттайгаар барах уу! Энд оюутан болохоор ирэхдээ хотод анх хөл таьсан юм. Тэр үед би хүсэл мөрөөдөлтэй, зорилготой хамгийн гол нь “би” гэсэн хувь хүнийг тодорхойлох мөн чанар байсан юм. Одоо байхгүй, дөрвөн жилийн өмнөх надаас юу ч үлдээгүй гэхэд болно. Иргэний үнэмлэх, бичиг баримтан дээрх овог, нэр, хаяг гарцаагүй “би” мөн боловч миний дотор шал өөр хүний сүнс нутаглаад, намайг удирдаад удаж байна. Харин миний жинхэнэ дотор хүн, сүнс сэтгэл минь хөдөө нутагтаа, салхи зүсэн давхих хурдан хөлгийн зоон дээр байгаа байхаа. Хотод анх сурч амьдрахаар ирэхэд хотын залуусын цагаа өнгөрөөдөг хотын соёлд зайлшгүй суралцаж дасах шаардлагатай болсон юм. Юуны өмнө би гаднах төрхөө, хувцас хунараа өөрчлөх хэрэгтэй боллоо. Би ч уг нь өөрийгөө өөрчлөхийг тэгэж их яарахгүй л байлаа. Гэвч оюутны ангийн ганц найз маань ингэхийг зөвлөсөн юм. Тэр бол хотын уугуул залуу л даа, өөрийгөө “бага тойруу”-д төрж өссөн гэдгээр сайрхдаг. Харин тэр яагаад хөдөөний улаан хацарласан намайг тоож найзалсаныг ер гайхаад олдоггүй байсан юм. Тэр хэлэхдээ: Хувцас бурхан бие чөтгөр! Чи энэ байдлаараа байвал ямар ч хүн чамтай тохуурхсан, үл ойшоосон янзтай харьцана. Жинхэнэ “cool girls” чамайг тоож ч харахгүй. Хэдэн дондогмаанууд л тооно гэж хэлсэн юм. Нээрээ ч түүний хэлсэн энэ үг үнэхээр намайг гэсэндээ л хэлсэн үг шиг санагдаж байлаа. Би гоё ганган байлаа гээд тэрэнд ямар ашиг байхав, надад л хэрэг болно шүү дээ. Тэгээд л би гаднах төрхөө өөрчлөхөөр зөвшөөрсөн хэрэг. Их зориг, мөнгө гаргаж зарцуулсны эцэст үснийхээ хэлбэрийг өөрчлөн гурвалжин гельдэж, эмэгтэй хүн шиг бариу өмд өмсөн, нимгэн ултай түриийтэй кет углах болов. Үүгээр ч барахгүй хацрынхаа улааныг арилгуулав. Энэ бүхнийг хийсний дараа миний гаднах төрх 180 градус өөрчлөгдөж, хэн ч хаанаас ч харсан хотын залуу шиг л харагдаж эхэллээ. Хүмүүс надтай хандах хандлага ч илэрхий өөрчлөгдөж охидын харц ч цаанаа л жоготой санагдах болов. Гэсэн ч ганцаар байхдаа толинд харах бүр толины тусгалд багаас харж дассан пинжүү үстэй, улаан хацартай банди бус огт танихгүй залуу өөдөөс ширтэх болов. Тэр цагаас л хойш миний сүнс надаас дайжиж, хотын тэнэмэл сүнснүүдийн нэг биед минь шингэсэн юм. Үл таних тэр хоолой намайг бүрэн эзэмдэж амьд хөгжим, бөмбөрийн хэмнэл, тачаангуй охид, нүргээнт хөгжимт шөнийн цэнгээний газарт намайг даллан дуудах болов. Энэ бүхэнд ч татагдан дурлаж цаг зав, мөнгөө үрдэг болсоор удлаа. Сүүлдээ миний сэтгэлгээний үнэт зүйлс ч эрс өөрчлөгдөж, гурван тамирын хөндий дэх уугуул нутаг, саахалт айлын Цээмаа, чулуун тоглоомоо нандигнан дээдлэх сэтгэл ч үгүй болж хуучин дурсамж бүхэн минь ямар ч үнэ цэнэгүй болон хувирав. Хотын соёл гэх бүхэнд сорогдон татагдсаар гарч үл дийлэх гүн балжилт лав шигдээд дөрвөн жилийг үджээ. Ойрмогноос биений минь эзэн сүнс биедээ эргэн ирж байх шиг... Эсвэл төрөлх нутгаасаа их л чанга тод хоолойгоор дуудаж эхэллээ. Миний дотор би ба би бишийн тулаан, эзэн ба эзэгнэгч сүнсний мөргөлдөөн намайг хоёр тасдан байвч бие махбодь далд ухамсар маань эзэн сүнсээ эрхгүй өгүүлж буй нь надад мэдрэгдэх болов. Энэ хот намайг хүссэн хүсээгүй өөртөө багтаах энэ дөрвөн жилийн хугацаанд надад юуг өгөв? Өгсөнөөсөө авсан нь чамгүй их санагдана. Хүсэл мөрөөдөл, зорилго, хүн чанар, сэтгэл зүрхийг минь сорон авсныхаа шанд бусдыг дуурайсан хуурамч төрх, хуурамч нөхөрлөл, хуурмаг хайр дурлалд шархалж шаналсан эвдэрхий зүрх, иргүй хутга шиг мөхсөн итгэл найдварыг өгсөн гэж бодохоор хариугаа сайн авахыг ухаарлаа. Харин миний дотор бат бөх суурилагдсан хотын сүнсийг хотын зүйлсээр нь үлдэн хөөж, алдагдсан өөрийгөө олж авахын тулд энэ аргыг хэрэглэхээр шийдлээ. Юуны түрүүнд хайлж урссан хүний мөсөө хөлдөөгчинд хийж, хиртэж дагтаршсан ухаан бодлоо угаалгын машинаар угааж, үрчийж нугларсан шударга зангаа индүүдэж, урагдаж ханзарсан зүрхээ оёдлын машинаар оёж, эцэст нь тоос сорогчоор эзэгнэгч сүнсийг сайтар сорж биенээсээ гаргаад суултуурын нүх рүү унагаж усаа татна. Үүнийг яг одоо хэрэгжүүлэхээр би угаалгын өрөөнд зогсож байна. Сайтар цэвэрлэгээ хийчихээд дараа нь толинд өөрийгөө заавал харна.

No comments:

Post a Comment