Sunday, April 21, 2013

100% төгс эхнэр




 Хамар дээрээ хос хүүхэлдэй бүхий хуримын гоёмсог тэрэг манай хотхоны үүдээр орж ирлээ. Араас нь хар өнгийн таван Ланд Крузер жийп цуваа болон дагалдах ажээ.  Түүнийг гэрлэнэ гэсэн цуу яриа үнэн болох нь ингэж батлагдлаа. Тэрхүү цуу яриаг үнэн эсэхийг шалгахаар манай хөршүүд бүгд шахуу л гэр гэрийнхээ үүдэнд, бүр илүү их хэрэгт дуртай зарим нь тэдний гэрийн /сүйт хархүүгийн/ үүдэнд хуримын цуваа орж ирэхийг тэсч ядан хүлээж байв. Хуримын толгой машин гэрийн үүдэнд зогсон жолооч эр түрүүлэн бууж хойд хаалгыг онгойлгож өглөө. Эхлээд сүйт хархүү бууж ирлээ. Өдөр бүр энгийн, чөлөөт хувцас өмсөж явдаг түүнийг бараг л анх удаагаа бид ёслолын хувцастай байхыг харах нь тэр. Мэдээжийн хэрэг түүнд хослол маш их зохисоныг дурдах нь зүйтэй биз. Харин сүйт залуугаас илүүтэй биднийг түүний шинэ эхнэр л юу юунаас илүү сонирхол татаж байлаа. Ингэж нэг юм тэр эхнэр авдаг байжээ. Би бүр хөрштөйгөө түүнийг хүнтэй гэрлэх талаар бүтэн сарынхаа орлогоор мөрий тавьсан байсан гээч? Сүйт залуу эхнэрийгээ гэрийнхээ үүдээр гар дээрээ  тэврэн орлоо. Бидний, тэр дундаа хамгаас илүүтэй авгай хүүхнүүдийн хүсэн хүлээсэн тэр мөч бидний нүдний өмнө тохиох нь тэр. “Тэр ийм хожуу эхнэр авч байгаа юм чинь лав залуу охин авч суух байх”, “тэр хөрөнгөтөй хүн юм чинь эд хөрөнгө амлаад ч болов үзэсгэлэнтэй бүсгүйг уургалсан байх ” зэрэг бүх таамаг, яриа батлагдах мөч ийм л энгийн амархан байжээ. Маш гоёмсог загвар  бүхий хуримын цагаан даашинз, нүүрээ халхалсан торон гивлүүр,  алмазан шигтгээ бүхий цагаан алтан бэлзэг ядам хуруундаа зүүсэн  сүйт бүсгүй маш үзэсгэлэнтэй, дур булаам байсан гэдгийг энд хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Сүйт бүсгүйн талаархи  бидний эхнэрүүдийн таамагт огт байгаагүй нэгэн зүйл нь шинэхэн бэр европ хүүхэн байх нь тэр. Ингэнэ чинээ санаагүй бид гайхаж орхисон нь мэдээж. Үнээс ч илүү хачирхалтай бүр бидний ой тоонд багтамгүй, биднийг балмагдуулж орхисон зүйл нь түүний эхнэр жинхэнэ эмэгтэй хүн биш харин хиймэл хүүхэн байх нь тэр...  Түүнийг ер нь л нэг тийм юу ч гэх юм билээ дээ,  хэвийн бус, эрүүл энгийн хүн шиг биш гэдгийг бид мэддэг байсан ч арай  эхнэр авахдаа ийм шийдвэр гаргана гэж огт төсөөлсөнгүй. Хотын төвөөс зайдуу, цэвэр агаартай, оршин суугчид цөөн, мэдлэг боловсрол өндөр, соёлтой, баян чинээлэг иргэд бүхий энэхүү хотхонд амьдардагтаа манай гэрийнхэн туйлаас аз жаргалтай байдаг ч тэр гаж эр л  бүх сэтгэл ханамжыг минь сэвтээж нэг л сэжиг, болгоомжлол төрүүлдэг байсан нь одоо бүр нэмэгдлээ. Хурим ч яах вэ тэгэсхийгээд өнгөрсөн бидний хүлээсэн хүлээлт, хэрэг дурлалт, догдлол бүгд нурж унасан хойнодоо. Соёлч хөршүүдийн ёсоор манай хотхоныхон тэднийхээр орж баяр хүргээд гарсаан. Тэр ч өөрөө бүрэг, ганцаардмал хүн тул олон хүний хөлд дарагдахыг хүсээгүй биз. Өөр газарт амьдардаг цөөн хэдэн нөхөдтөйгөө гэртээ найрлаж байгаад шөнө дөл болголгүй өндөрлөсөн. Харин хамаатан садан гэхээр улс үзэгдээгүй шүү. Тэр байгаа нь л хэзээний ганцаар энэ хорвоод амьдарч байсан гэмээр, хамаатан садантай гэхээргүй хүн л дээ. Ер нь байлаа ч ийм хүн хамаатан, төрөл төрөгсөдтөйгөө таарамжтай байх нь юу л бол? Бидний амьдардаг хотхоны айлууд цөөтөйн дээр эрчүүд нь бүгд бизнес эрхэлдэг, сонирхол нэг  тул амралтын өдрүүдэд нэгнийдээ цуглаж, заримдаа гадаа дулаан үед тоглоомын талбайд байрлуулсан том дэлгэцээрээ хөлбөмбөг үзэж, шар айраг шимэнгээ шинэ хийхээр зэхэж буй бизнесийн санаанууд дээрээ санал солилцож, эдийн засаг, улс төр ярьдаг уламжлалтай. Бидний нэгэн адилаар эхнэрүүд маань ч мөн уулзалдаж сэтгүүлээс сурсан шинэ хоол, бялуу хийнгээ элдэв хангай юм чалчацгаадаг учир манай хөршүүд хоорондоо амь нэгтэй байдаг юм. Харин мань эр эрчүүдийн нөхөрлөлд  нэг удаа ч нэгдэж байсан удаагүй, бид ч ирэхгүйг мэдэх учир дуудаж байгаагүй билээ. Ер нь тэр юу эрхэлдэг ямар мэргэжилтэйг бидэнд мэддэг юм гэж байдаггүй байв. Бид бүхний ганц мэддэг зүйл нь тэр юу ч хийдэггүй ямар ч ажил төрөл эрхэлдэггүй хэрнээ бидний хамгийн том бизнестэй нэгнээс ч хамаагүй илүү хөрөнгөтөй гэдгийг л гадарладаг байлаа. Өнөөх гаж эрийн гэрлэлтээс хойш бидний сүүлийн үеийн уулзалтууд ч, бидний эхнэрийн сүүлийн уулзалтууд ч тувтан мань эрийн тухай сэдвээр дүүрсэн байлаа. Тэр яавч эрүүл биш. Резинэн хүүхэнтэй унтдаг хүн балчир насны охидууд сонирхох нь энүүхэнд биз, ийм л эрүүл бус, энгийн эмэгтэй хүнтэй харьцаж ойлголцож чаддаггүй бүрэг  этгээдүүд л  хүчингийн хэрэг үйлддэг байх?  Хүүхдүүдээ, охидуудаа сексийн гаж сонирхолтой тэр эрээс яаж хамгаалах вэ? Ер нь энэ тал дээр анхаарал хандуулахад илүүдэхгүй. Дэвшилтэд технологи ашиглаж мань эрийн гэр, ойр орчимд   нууц камера байрлуулж ажиглалт хийх, хотхоны харуул хамгаалалтын ажилчдыг нэмэх зэрэг олон зүйлсийг бид ярьцлаа. Зарим нэг нь бүр яаж түүнийг эндээс нүүлгэж болох талаар ч өөрийн санаагаа хэлээд амжлаа. Ямар ч байсан бид бүхний санаа нэгдсэн зүйл нь түүнээс болгоомжилцгоох, түүний үйлдэл нэг бүрийг анхааралтай хянахаар боллоо. Харин тэр энэ бүхнийг үл анзааран бүр тэгэхээс тэгэх гэсэн шиг шинэхэн эхнэрийгээ эгээл жинхэнэ эмэгтэй хүн аятай халамжлан, гудамжаар хамт зугаалж, саравчинд нарлана. Заримдаа хамтдаа дэлгүүр хэсэн, эхнэрээ түрдэг тэргэн дээр суулгачихаад хүнсээ цуглуулалдаг байв. Би л хувьдаа түүнийг ийм их амар амгалан, аз жаргалтай байгааг хараад атаархах мэт мэдрэмж төрснийг нуух юун. Ээлжит бямба гарагийн уулзалт тохиож, тэрхүү эрчүүдийн нөхөрлөл дээр Жагаа өнөөх эрийн талаарх шинэхэн мэдээллээ хүргэлээ. Мань эр унтлагын өрөөний шинэхэн ороо хаалгаараа оруулж дөнгөлгүй ухантаж байхад Жагаа дайралджээ. Гэтэл хачин нь манай гаж эр ор хүргэж өгсөн ачигч залуусыг ашиглалгүй унаатай нь буцаажээ. Арга байжуудээ огт хөндлөнгийн хүмүүст эхнэрээ амны зугаа, сонин хачины хачир болгон яриулахыг хүсээгүй биз. Тэгээд л ганцаар зөөж оруулахаар зүтгэж байхад нь Жагаа туслахаар очиж. Уг нь мань хүн тусламж хэрэггүй гэж хэрэндээ л зүтгэсэн боловч яагаад ч ганц хүн зөөж дөнгөхөөргүй байсанд арга буюу тусламж авчээ. Жагаа хоёр давхар дахь унтлагын өрөөнд орыг нь оруулж өгөөд гарах хугацаандаа дээд давхар луу нь гараагүй бол мэдэж авахааргүй байсан нууц баримтыг олж нээжээ.Манай баатарт шинэхэн дур булаам европ эхнэрээс нь гадна, хонгорхон ялдамхан япон охин, халуухан латин америк бүсгүй, шаргал үст орос хүүхэн, бас яг Ким Кардашианыг дууриалган хийлгэсэн хиймэл, резинэн хүүхнүүд байсныг олж харж амжжээ. Мань эр гэнэ алдаж хүн дээд давхартаа оруулж ирнэ гэж төлөвлөөгүйгээс халуухан амрагуудаа нууж амжаагүйдээ нилээд барьц алджээ. Ичиж бантсандаа тэр нэг л ёозгүйхэн инээхээс өөр юу хэлээгүй гэнэ. Жагаагийн ажигласнаар тэдгээр амрагууд нь эхнэр авахаас нь өмнө байсан бололтой, эхнэрийг нь бодвол хуучирсан харагдаж байсан гэнэ. Бүр нэг резинэн амраг нь хий нь алдаж шалчийсан, наах боломжгүй газраараа хагарсан байдалтай байхыг хүртэл хараад амжсан гэнэ. Аргагүй ч биздээ тэр олон жилийн эдэлгээний явцад ачааллаа даагаагүй биз.  Жагаагийн олж авчирсан шинэ мэдээлэл биднийг хөгжилтөй таамгууд дэвшүүлэхэд хүрлээ. Мөн алдаг эр юма. Эхнэртэй бас ил тод хамт амьдардаг амрагууд...? “Өмнөх нууц амрагууд нь албан ёсны эхнэрийг хэрхэн хүлээн авдаг бол? Тэд хоорондоо ямархуу харилцаатай байдаг бол? Эхнэр нь бас дөрвийн дөрвөн нууц амрагийг юу гэж боддог бол? Харддаг болов уу?” гээд л  бид тавлаж гарлаа. Гэхдээ л тэр маш азтай юмаа үзэсгэлэнтэй эхнэртэй бас болоогүй ээ дөрвөн нууц амрагтай!  Түүний тухай өөр бас мэдсэн зүйл нь тэр гэрлэлтээ албан ёсоор батлуулах гэж нэлээд юм болсон гэнэ шүү. Мэдээжийн хэрэг “Улсын бүртгэлийн ерөнхий газар” уг хачирхалтай гэрлэлтийг бүртгэхээс татгалзсан нь тодорхой! Хуримын ордон ч ийм ёс зүйгүй, монгол хүний санаанд багтамгүй тэнэглэлд татгалзсан хариу өгч. Тиймээс мань хүн тэгэхээс тэгэх гэсэн шиг эхнэртэй цагаан даашинз өмсгөж, хуримын машинтай хот дундуур явж, төв талбай болоод өөр бусад газруудад зургаа авхуулж нэг юм санаагаа амрааж. 
Бид түүний тухай хэрхэн ярилцдаг, өөрөөс маш их болгоомжилдог, бүр түүнийг эндээс нүүгээсээ гэж хүсдэгийг мэдэхгүй. Мэдсэн ч огтхон ч ач холбогдол өгөхгүй мөрөөрөө бусдад гэм хоргүй өөрөөрөө амьдарч байгаа нь бидний өндөржүүлсэн бэлэн байдлыг бага багаар нурааж эхэлсэн юм. Түүнийг эхнэртэйгээ аз жаргалтай нарлан суугааг харах болгондоо атаархдаг минь хэвээрээ. Мөн таарсан юмандаа атаархаждээ гэж хэн нэгэн хэлж болох л юм. Тэр зарим хүний хувьд учир битүүлэг, зожиг балай амьтан, бүсгүйчүүдийн хувьд үргэлж гаж донтон, цуврал алуурчин, эсвэл ижил хүйстэн мэтээр харагдаж ирсэн биз.. Бүсгүйчүүдтэй харьцаж байсан бүх харилцаа нь бүтэлгүйтлүүдээр дүүрэн, тэр хэзээ ч эмэгтэй хүний учрыг олж хаьцаж чаддаггүй байсан байж болох л юм. Тиймдээ ч тэр ийм сонголт хийхээс өөр аргагүй байсан биз! Буруутгах шалтгаан ер нь ч байна уу? Тэр ер нь хэний бага насны хүүхдийг хүчирхийлсэн юмбэ?
Тэр хэнд ч буруу юм хийгээгүй. Ер нь тэр ямар ч эрээс илүү зөв алхам хийж, хэн бүхний хүсдэг тийм л эхнэр авчээ. Өдөр ирэх бүр би түүний гэргийг өөрийн эхнэртэйгээ харьцуулан бодох боллоо. Тэр бүхэнд үргэлж түүний эхнэр ялна гээч! Түүний эхнэр хэзээ ч үнэт эдлэл, хувцас хунар, гоёл чимэглэл гэж нэхэхгүй. Бас хэзээ ч олсон мөнгө төгрөгийг салаан завсраар үрж дуусгахгүй. Хэзээ ч уурлаж, хэрүүл өдөж, тэвчээр алдрам элдэв ааш гаргахгүй. Үргэлжид түүний зөв, үргэлжид эхнэр нь түүний саналыг үг дуугүй дагана. Уугаад шөнө ирэхэд нь уцаарлахгүй, гадуур оройтож байхад байн  байн залгахгүй. Хэзээ ч суваг булаацалдаж савангийн дуурь үзэхгүй. Тэр манай эхнэр шиг бас бусад эхнэр шиг будаагүй үедээ аймшгийн царайтай байхгүй үргэлжид үзэсгэлэнтэй байна. Сарын тэмдэг ирэхгүй, хүүхэд төрүүлснийхээ дараа галбир нь алдагдахгүй, хэзээд хүсэхэд чинь дургүйцахгүй. Хэзээ ч чамайг хуурахгүй. Тэр эхнэр авахдаа л нэг удаа 8000$ зарцуулна. Өөр хэзээ ч мөнгө үрэх хэрэггүй. Үнэхээр түүний эхнэр арван хуруу тэгш, хэн бүхний хүсэх 100% төгс эхнэр юмаа. Энэ бодлоосоо болж би түүнийг маш ихээр хүндлэх болсон юм.
Би ч түүний тухай эрчүүдэд сайнаар дурсаж, бидний хэнээс ч илүү зөв шийдвэр гарган хэнд маань ч байхгүй төгс эхнэр авсан талаар ухуулсаар эрчүүд ч түүний талаар эерэг биш юмаа гэхэд ядаж л эвгүй хандлагаа хаясан байлаа. Биднийг дагаад эхнэрүүд ч өөр болсон мэт санагдах болов. Нөхцөл байдал ийн сайнаар эргэж байх үед тэр хэд хоногоор гадагшаа явав. Гэхдээ эхнэр, амрагууд хэнийг нь ч авч явалгүй ганцаар явлаа. Гадаад руу зорчсон уу? Эх орон дотроо явсан уу бид мэдээгүй ч их чухал ажлаар явсныг нь түүний өмсөөд байдаггүй ажил хэрэгч хар хослол нь  баталсан юм. Түүний эзгүйд үргэлжид л зав   чөлөөтөй байдаг, ажил төрөл гэж санаа зовохгүй элбэг хангалуун амьдардаг манай эхнэрүүдэд нүд хужирлаж харах ч зүйлгүй, ярианы гол баатаргүй болсонд  уйтгартай өдрүүд өнгөрсөн нь мэдээж. Харин бид эр нөхөргүй үлдсэн эхнэрүүдэд нь санаа зовж байснаа нуух юун. Тэр  4 хоноод амралтын өдрөөр буцаж ирлээ. Таксинаас буун гэрийнхээ цоожтой хаалгыг онгойлгох тэр явахдаа л өмсөж гарсан өнөөх хослол, ажил хэрэгч гар цүнхтэйгээ эргэж ирлээ. Хэсэг хугацааны дараа эр хүний муухай орилох чимээ, араас нь буун дуу гарч, дуу шуугиан багатай манай орчныг цочроолоо. Юу ч болсныг сөхөөрөхгүйгээр хар зөнгөөрөө л үүдэндээ яаран гарч ирэхэд бусад хөршүүд ч мөн  сандралдан гарч ирцгээсэн байлаа. Хоромхон хугацаанд болоод өнгөрсөн тэр аймшигт дуу чимээ юунаас үүдсэнийг бидний хэн ч мэдээгүй ч бид түүнийг амиа егүүтгэчихлээ гэж сэжиглэлээ. Яавал дээр болохыг бид ярилцаж зогсох ч, цагдаа дуудаад иртэл хүлээх аль аль нь цаг алдах байсанд айж сандралдсан хүүхдүүдээ ээжүүдийн хамт гэр гэрт нь оруулаад биднээс хоёр гурав нь  дотогш орохоор боллоо. Үнэндээ энэ алхам маань огтоосоо ч зөв шийдвэр биш гэдгийг, энэ нь хэргийн газрын ул мөрийг баллаж мэдэх эрсдэлтэйгээр барахуу байдал бишидвэл дотогш нэвтрэсэн бидний хэн нэг нь золгүйгээр амиа алдах бүрэн эрсдэл хүлээж байсан ч цагдаа сэргийлэх ирэхийг хүлээж тэвчилгүйгээр онгорхой салхивчаар давж орлоо. Дотогш болгоомжтой нэвтрээд түүнийг дуудсан ч хэн ч хариу дуугарсангүй. Юутай ч тэр нэг давхарын өрөөнүүдийн хаана ч байсангүй.  Болгоомжтой гэтэж явсаар хоёр давхарт гарч ирэхэд амьд хүн байгаа чимээ ер дуулдсангүй. Хоёр давхрын үүдний хонгилд бид дуу чимээ чагнан хэсэг зогсоод хаалга нь нээлттэй унтлагын өрөө рүү цувран орлоо. Өрөөнд  ороод бид  харсан зүйлдээ хөшиж орхиолоо. Түүний эхнэр, дөрвөн  амрагыг чармай нүцгэлээд шинэхэн унтлагын орон дээр нь дээш харуулан хэвтүүлжээ. Харин бүсгүйчүүдийн голд тархиндаа сум зоолгосон чармай нүцгэн резинэн эр хэвтэж байх нь тэр!
Болж өнгөрсөн хачирхалтай явдлын дараахан тэр нүүсэн юм. Амьд хүн буудаж амь насыг нь хөнөөгөөгүй учир ял аваагүй ч галт зэвсэг хууль бусаар хадгалсан, галт зэвсэг хэрэглэсэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр тэсэн харгалзах ял, мөнгөн торгууль төлөөд салсан гэсэн. Харин хэргийн гол эзэн болох түүний гэрт зөвшөөрөлгүй орж резинэн эрийг өөрийх нь орон дээр тавьсан этгээд хэн болох нь илрээгүй үлдсэн юм. Ер нь хэн түүнийг доромжилж, ийм увайгүй байдлаар өдөөн хатгасныг би хувьдаа таамаглаад эцсийн шийдвэрт хүрээгүй үлдсэн юм. Лав л түүний 100% төгс эхнэр, тачаангуй амрагуудыг нь мэддэг хүн байсан нь тодорхой!   



       

No comments:

Post a Comment