Monday, June 29, 2015

ХҮН ОНЬСОГО – ГҮН БОДОЛ

нийтлэлч:  Б.Гэрэлмаа


“Би энэ ертөнцөд юу авчирсан бэ? гэж үү? Би энэ талаар бодоход өөрийгөө дэндүү балчирдана  гэж бодож байна. Агуу суут хүмүүс л энэ ертөнцөд шинэ зүйл авчирдаг. Би бол энгийн нэгэн уран бүтээлч”
Даши Намдаков
2012 оны 04 дүгээр сарын 14-ний бямба гариг. Их Британи улсын нийслэл Лондон хотын Уэст Энд дүүргийн төвд байрлах Маарбэл Арч талбайд Их эзэн Чингис хааны бясалгаж буй дүр бүхий хүрэл хөшөө сүндэрлэв. Суурь нь 3 метр өндөр, морины туурайнаас дуулганы орой хүртэл 5 метр өндөр, 2.7 тонн бүхий энэ баримал Дэлхийн дахиныг гайхуулсан урлагийн томоохон бүтээл болжээ.
Дэлхийг шуугиулсан энэ хөшөөгОХУ-ын Буриад улсын уран бүтээлч Даши Намдаков Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан урласан боловч Лондон хотын иргэд тийм ч таатай хүлээж авсангүй. Харин Лондон хотын иргэдийн дургүйцэлтэй нүүр тулсан гурван жилийн дараа Их эзэн Чингис хааны хөшөө эх орондоо ирлээ гэсэн шуугиан Монголчуудын дунд “хөвөх болов”.  Чих тавьбал, Ажнай группын Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ энэ хүрэл хөшөөг “Halcyon”галлерейгаас эх оронд нь авч ирэхийн тулд хоёр сая ам.доллар зарцуулсан гэх. Үнэхээр ч үнэний ортой. Учир нь 2013 оны зун Монгол удамтай урлаач маань Ажнай группын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол наадам үзэхээр зочилсон байхад бид цөөн хэдэн асуулт асууж амжсан юм.
1.      УДГАНТАЙ УУЛЗАЖ ДАХИН “ТӨРӨВ”
Хойд нас, үхлийн дараах амьдрал болоод  урд насны тухай төсөөлөл, Бурхан багшийн тэг бүхий дүрслэл, удам дамжсан уран дарханы багаж хэрэгслийн дэргэд өссөн Буриад хөвүүн 15 насандаа хүнд өвчин туссан нь түүний “энэ” амьдралын сүүлийн өдрүүд байсан юм.
Д.Н:Манай гэр бүл их шүтлэгтэй хүмүүс байсан. Буддын шашин шүтдэг тийм л рчинд би өсч торнисон. Миний аав Буддын шашны уран зураг зурж, шашны холбогдолтой уран баримал хийдэг байсан юм. Нэг үгээр хэлэхэд манай удмынхан бүгд бурхны шашинтай хүмүүс л дээ. Харин 15 настайдаа би хүндээр өвдсөн, долоон жил өвдсөн. Амь нас хутганы ирэн дээр байсан, хэд хэдэн ч удаа үхлийн ирмэгг дээр очиж байлаа. Тэгээд нэг удаа удам дамжсан удгатай уулзсан юм. Гайхалтай нь удган ганцхан засал хийгээд л би маргааш нь цоо эрүүл хүн болоод босч ирсэн Удгантай уулзсан уулзалт миний ертөнцийг үзэх үзэл, ухамсрыг бүхэлд нь өөрчилсөн. Энэ үеэс л бөө мөргөлийн ёс гэж юу вэ? гэж сонирхон, уран бүтээлдээ тусгаж эхэлсэн.
Намдаков ийнхүү дахин төржээ. Энэ үеэс л түүний амьдрал Буддын шашин болоод бөө мөргөлийн аль алинтай нь нэвт сүлэлдсэншигээ уран бүтээлд нь ч мөн бурхны шашны дэг, бөө мөргөлийн ёсон шүтэлцсэн гойд бүтээлүүд үзэгдэх болсон гэдэг. Буриад улсын Байгаль нуурын дэргэдэх Укурик нэртэй буйдхан тосгонд төрсөн түүний бүтээлүүдийн чинадад сүсэг бишрэлийн энэ гал асаж, удам дамжсан их ур, авъяас хадгалагдаж байхад дэлхий дахин түүний барималуудын шинэ формыг анхааралтай ажиглаж байлаа.
            Д.Н: Би эртний дархан удмын угсаа залгамжлагч хүн. Миний өвөг дээдсүүд дархан хүмүүс байсан. Сав суулга, гоёл чимэглэлээс эхлээд Буддын шашны эд зүйл хийдэг хүмүүс байлаа. Тиймээс л өвөг дээдсийнхээ хийж бүтээж ирсэн тэр л бүтээлүүдээс санаа сэдэл авч хийдэг юм.
2.      ДАШИЙН “ДОМГИЙН ФОРМ”
Чингис хааны хөшөө бодит байдлаас хэт зөрсөн, хэтрүүлэг ихтэйн дээр доромж утга бүхий гэсэн шүүмжлэлүүд ар араасаа цуварч байлаа. Эрэмгий омголон хүлгээ унаж, гараа хоёр тийш дэлгэн, нүдээ хагас анисанбайдалтай Чингис хаан араатан амьтдын сүр хүчийг товойлгон урласан алтан чимэг бүхий нарийн хийцтэй, дундаж эртний Монгол дайчны хуяг өмсгөл агсан, гэзэг юугаа хоёр салаа сүлжсэн байдалтай. Ерөнхий төрх нь бясалгагч, их сэтгэгч эсвэл бөө гэж хэлэмгүй “нууцлаг” ажээ.
Н.Д: Чингис хааны хөшөө босгосны улмаас бага зэрэг дургүйцсэн яриа үүсэх нь үүссэн. Шуугиан гэхээсээ илүү зөв буруу аль нь болох талаар олон нийт хэлэлцэж байсан гэх үү дээ. Ер нь аль ч оронд аливаа нөхцөл байдлыг ашиглан нэр төр олох гэж хөөцөлдөгсөд мундахгүй. Яахав, намайг Чингисийн хөшөө босгох гэж байгаа сургаар асуудлыг дэвэргэж, шуугиан үүсгэе гэж бодлоготойгоор хөдлөсөн. Ингээд л “Яагаад ёслол хүндэтгэлийн цэцэрлэгт, Олимп гэж нүсэр том үйл явдал болох гэж байхад Чингисийн хөшөөг байгуулах болов” гээд л асуудал үүсгэн хэвлэлүүдээр ярих болсон. Чингисийн хөшөөний талаар асуудал хөндсөн нь зөвхөн тэр улс төрчийн өөрийнх нь л PR байсан. Харин эцсийн дүнд би л хожсон болж таарсан шүү. Манай Чингис хааны хөшөөг дэлхий нийтэд таниулж чадсан. Энэ шуугианы ачаар л хүмүүс сонирхож, дэлхий даяар мэддэг боллоо шүү дээ гэж баяр хүргэх хүн ч олон байсан. Дэлхийн хэвлэл мэдээллээр ч гарч, хүмүүс ч мэддэг болсон. Лондонд хөшөө барих гэж төлөвлөж байхад л үүний эсрэг олон хүн шүүмжилж л байлаа. Олон ч саад бэрхшээл гарч байсан. Гэхдээ бид зорилго тавьсан, зорилгодоо хүрсэн. Энэ үедээ бид “Бидэнд зорилгоо биелүүлэх хүч өгөөч” гэж бурхан тэнгэртээ мөргөж байлаа. Ингээд л эцсийн дүнд бид чадсан. Чингис хааны хөшөөг барина гэж амласан. Түүндээ ч хүрсэн.
Дашийн бүтээлүүдэд нэгэн шинэ форм ажиглагддаг нь домгийн шинж. Эвдэлт хувьсал зэргийг нэг хэмд байрлуулан логик утгын хойноос хөөцөлдөөгүй нь түүний шинэ форм.Хэтэрхий бодит, хэтэрхий дуураймал дүр дүрслэлээс тэр татгалзсан. Харин түүний тархинд хадгалагдаж ирсэн удамшлын мэдээллүүд, түүний итгэл сүсгээр амилсан ер бусын ертөнцийн төрхийг тэр дэлгэсэн юм.
Д.Н: Үнэндээ хүн бүр л хайрцаглагдсан, ямар нэг зүйлээр хязгаарлагдсан байдаг шүү дээ. Урлаг ч ялгаагүй. Ямар ч алдартай зураг бай, Ван гог зэрэг ямар ч суут хүмүүсийн бүтээл, хичнээн сайхан уран зураг байсан ч гэлээ жаазаар хүрээлэгдсэн байдаг. Энэ хүрээнээс гарч, өөрийгөө бүрэн чөлөөтэйгөөр мэдрэх нь уран бүтээлч бүрийн хүсэл. Би бусад бүх зураачдын адил чөлөөтэй хүн байж, хүрээ хязгаараас чөлөөлөгдөн, өөрийн доторх хувь хүн, дотоод “би” гэсэн мөн чанараа дээд зэргээр илэрхийлэхийн тулд тэмцэж л явна. Ямар ч хайрцаг, хязгааргүйгээр мэдэрмээр байдаг.
Үзэгчид, хүлээн авагчдын сэтгэхүй “хайрцаглагдсан”. Тэд шинэ формыг хүлээн авах бэлтгэлгүй, урлагийн боловсролгүй тул дундад зууны үеийн реалист хэв шинжээсээ салаагүй. Тиймдээ ч логик сэтгэлгээнд баригдмал. Дэлхийн алдарт Пабло Пикассогийн кубизм, Салвидор Далигийн сурреализм зэрэг нь бодит байдлыг бус харин бодит байдлын нуугдмал шинжийг гаргаж тавьснаараа “гайхалтай” гэгддэг бизээ.
3.      ДАШ – ӨМНӨХ ШУУГИАН – ИВЭЭГЧ САХИУС
Нэр: Даши Намдаков
Төрсөн он: 1967 он
Төрсөн газар: ОХУ-ын Буриад улс, Укурик тосгон
Төгссөн сургууль: Красноярскийн Дүрслэх урлагийн дээд сургууль/1988-1992/
Анхны үзэсгэлэн: Эрхүү хот /2000 он/
Даш Укурик тосгоноос гарч Буриадын нийслэл Улаан-Үд хотод нэрт уран бүтээлч Г.Васильевын урланд ажиллаж уран бүтээлийн замналаа эхлэсэн гэдэг. Сургуулиа төгссөнөөс найман жилийн дараа гаргасан түүний анхны үзэсгэлэн Дашын алдрын замналын эхлэл болсон гэж урлаг судлаачид тэмдэглэдэг. Үүнээс дахин найман жилийн дараа ДашТатарстаны нийслэл Казань хотод “Ивээгч сахиус” нэртэй хөшөөгөө сүндэрлүүллээ. “Ивээгч сахиус” хөшөө мөн л гайхам их амжилт дагуулсан шигээ, мөн тийм хэмжээний эсэргүүцэлтэй учирсан байдаг.
Д.Н: Энэ бүхэн тун сонирхолтой түүхээс эхлэлтэй л дээ.Би Татарстанд томоохон хэмжээний үзэсгэлэн гаргасан юм. Тэр үеэр Татарстаны анхны ерөнхийлөгч Шаймиев Минтимер Шарипович миний “Ивээгч сахиус” бүтээлийг хараад 12 метрийн өндөртэй баримал болгон Татаруудын эртний нийслэл болох Булгарт босгох санал тавьсан. Энэ бол Татаруудын маш эртний хот л доо. Исламын соёл үүсэхээс ч өмнө байсан хот. Шарипович энэ барималыг босгосноор дургүйцэх хүмүүс  гарна гэж сануулж байсан л даа. Гэхдээ арай ч тийм их хүмүүс дургүйцлээ илэрхийлж, эсэргүүцнэ гэж бодоогүй. Ямартай ч тухайн үед бид хоёр тохиролцож, би барималаа хийж эхэлсэн. Баримал хийгдэж байх үед Татарсанд шүүмжлэл, дургүйцсэн хүмүүсийн яриа газар авч байсан. Булгар хэмээх ариун газарт баримлыг байрлуулахыг шүтлэгтэй хүмүүс ихээхэн эсэргүүцсэн. Исламын шашинд ганцхан ивээгч сахиус байдаг гэж дүргүйцсэн. Ганц бурхан нь Мухамед. Тиймээс өөр ямар ч сахиус бурхан байх ёсгүй гэж эсэргүүцсэн хэрэг. Би тэднийг ингэтлээ их дүргүйцснийг сайн ойлгож байна. Гэхдээ нөгөө талаас бол эртний нийслэл Булгар хот Исламын соёлоос ч өмнө байсан, энэ хот бол хүмүүсийг тэнгэр шүтлэгтэй байхад л үүссэн хот юм шүү дээ. Гэхдээ одоо энэ нийслэл Исламын шашинт улс болсон учраас хүмүүс дургүйцсэн. Би хүмүүсийн сүсэг бишрэлийг хүндэлсэн, шашныг нь доромжлохыг хүсээгүй. Ямар ч гэсэн энэ дуулиан шуугиан намдаж хүмүүс ойлголцох байх аа. Бид баримлаа Булгарт биш ч Казанийн өөр нэг газар байрлуулна гэдэгтээ итгэлтэй байна.
Дашийн уран бүтээлийн сэдвүүд анхандаа сүр бүхий Буриад баатар, үлгэр домгийн гэмээр дүрүүд байлаа. Гэхдээ тун удалгүй түүний бүтээлүүдэд “Талын нефертити”, “Заан”, “Турлиах” зэрэг сэдвүүд орж ирсэн нь түүний уран бүтээлийн бас нэгэн шинэ хуудас нээгдсэний илрэл билээ. Буриад үндэстэний соёл уламжлалыг Европын дэг сургуультай хослуулсан түүний урлалуудад зөвхөн монюменталь урлагаар зогсохгүй, гоёл чимэглэлийн нарийн хийц бүхий структур, графикын ажлууд, уран баримал, жижиг хэмжээний пластик баримлууд бий.Ан амьтан, жигүүртэн шувууд, шавьж, хүнжүүлсэн амьтдыг мөнөөх шинэ формоор бүтээснээрээ орчин үеийн урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, хүн төрөлхтөн гэгч нь байгалийн нэгээхэн хэсэг гэдгийг сануулсан цогц концепцыг дэлгэсээр байна.
Д.Н: Би нэг баримал бүтээхийн тулд хэдэн мянган, бүр сая ч юм уу? маш их хөдөлгөөнийг гараараа хийдэг. Ялангуяа сүүлийн үед би монюменталь баримал их хийх болсон. Тиймдээ ч их ядарч байгаа. Гар нуруу өвддөг, завсарлага авч амрах хэрэгтэй болдог болсон. Цөөн үгээр хэлэхэд миний ажил чинь хүнд хүчир биеийн хүчний ажил шүү дээ.
4. ДАШ БАС ТҮҮНИЙ УДАМ
Укурик тосгоны бяцхан хүү өнөөдөр гэргий, үр хүүхдүүд, ач зээгийнхээ хамтаар аж төрж байна.  Удамт удганы гар дээр дахин амилсан хүүг өнөөдөр “дэлхий” танина. Удам дамжсан их авъяасынх нь шим ертөнцийн өнцөг булан бүрт бий.  Тэр яг л “оньсого” шиг нууцлаг, өөр ертөнцийх. Гэхдээ мэдээж тэр “хүн”.
Д.Н: Би Буриадын Укурик гэдэг тосгонд төрсөн. Тосгоны өөр нэг нэр нь Соронзон. Унасан газарт минь тийм сорон ч юм уу байгалийн нөөц байсан болоод л эцэг өвгөд маань тэгж нэрлэсэн байх. Ямартай ч үнэхээр л соронзон мэт татах хүчтэй. Тэнд өсч төрсөн хүмүүс бүгд л эргэж очдог. Хаана ч хэдэн ч жил ажиллаж амьдарсан төрсөн нутагтаа л эргээд очдог. Би гурван хүүхэдтэй, хэзээ нэгэн цагт тэдний авъяас илэрнэ гэдэгт итгэлтэй байдаг. Гэхдээ заавал урлагийн авъяас байх албагүй шүү. Ямар ч салбарт байж болно. Урлаг, тэр дундаа зураач гэдэг бол нэг их амар хялбар ажил биш. Чи тэргүүлэгч байж чадахгүй л бол чамайг хэн ч анзаарахгүй. Ийм ажлыг хүүхдүүд маань хийгээсэй гэж бодохггүй л байна. Харин би эхнэртэйгээ  бага залуудаа л танилцсан. Гэрлэсэн хойноо хоёулаа оюутан болж байлаа. Эхнэртэй болчихсон хойноо л их сургуульд орсон гэсэн үг. Эхнэр минь ухаалаг эмэгтэй байдаг юм. Хэрэв түүнээс өөр хүн байсан бол би өдий зэрэгтэй явахгүй байсан. Тэр хүн л намайг зоригжуулж, би өөрийн хүчинд итгэх урмыг өгсөн. Миний мэргэжил мэдээж сайхан мэргэжил л дээ. Гэхдээ маш хүнд. Үзэсгэлэн гаргаад л, сонин хэвлэл зурагтаар ярилцлага өгөөд нэр мандаад л, ер нь бол гаднаас нь харахад сайхан юм шиг харагдах байх л даа. Яг бодит байдал дээр амар хялбар зүйл гэж үгүй.
Бүтээл бүр нь бүтээлчийнхээ туулсын замын түүх болж, бүтээлч нь бүтээлдээ дотоод ертөнцөө уусган урладаг мөнөөх Урлаг гэгч нь өөрөө урлаачдынхаа ертөнц гэлтэй. Тэд юуг сэтгэлдээ буулгаж, юуг төсөөлөн, юуг амилуулж, хөдөлгөж, хүрэлцэж, ярилцдаг нь “оньсого”. Тэд өөрсдөө “ХҮН ОНЬСОГО”.

                                                                                                                        

No comments:

Post a Comment