Tuesday, April 21, 2015

“Өвгөн шувуу”-наас ургасан “Хөндлөнгийн хүн”-ий бодол


Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ?
Үйл байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа вэ?
Догшин хутагт Данзанравжаа
Одохуй:  “Өвгөн шувуу”
 Их зохиолч С.Эрдэнийн “Өвгөн шувуу” өгүүллэгийг уншаагүй монгол хүн ховор бизээ. Адаглаад уран зохиолын хичээлээр хальт мульт ч болов гүйлгэж харцгаасан байдаг. Гэвч ул суурьтайхан уншсан нь, ухаарч санаж сэхээрсэн нь хэд бол?  Өнөө цагийн олон уншигчдад явах өдрөө хүлээж буй Жав өвгөн, хөдөөний хэдэн хөгшдийн хууч хөөрөө онцын сонин зүйл огтоосоо биш байх л даа. Уйтгартай ахуйн өгүүлэмж мэт санагдавч үйлийн үрийг угтан авах ууч тайвуу монгол хүний мөн чанарыг сануулах шиг...
Утга зохиол дахь үхлийн тухай философи гэж бий. Энэ нь газар бүрт, үндэстэн бүхний сэтгэл зүйд өөр өөрөөр дүрслэгдэнэ. Японы уран зохиол дахь үхлийн сэдэвт дүрслэл эрс шийдэмгий, зовлонг түргэсгэн эцэслэх цэгц шулуун байхад Монгол сэтгэлгээнд алс алгуураар учран золгох тэвдэнгүй бус тэвчээрлэг байх. 
...Жав гуай єнгєрсєн хаврын цагаан хагднаар хадан гэртээ харина гэж бодож байсан боловч бvтсэнгvй. «Би ер нь долоон голтой амьтан юмаа» гэж хvнд ярина. Yхэхийн тухай бодож яваагvй боловч vхэхээс нэг их айхгvй хvн байж. Yvнийгээ ойлгохдоо санаа амарсан бєгєєд элдэв зовлон гаслан болж гиншигнэлгvй зоригтой тайвнаар vхлээ хvлээж байна...
Нөгөөтэйгүүр Өвгөн шувуу дахь өгүүлэмж бууж мордохын энэхэн жамд өөрийгөө бус өөрөөлийг бодох, үдэлж мордохын цагтаа үлдэгсдээ шаналангийн балчигт унагахгүй өрөвч сэтгэлийг ч сануулах нь  «Одоо ингээд болоо юм биш vv дээ. Хичнээн болтол єєрийгєє ч хvнийг ч зовоох вэ!» гэх Жав өвгөний бодролоос тэмтрэгдэнэ.  “Намайг өөд болчихоор миний хэдэн хүүхдүүд яана даа, муу бага минь хар нялхаараа өнчрөх нь, хань минь яажшуухан эднийгээ авч явна даа” гэх үлдэгсэддээ хэлж буй цөхрөлийн үгсийг өчнөөн л сонсож байв. Харамсалтай нь энэ үгс үлдэгсдээ тайвшруулах  бус улам л шаналгах, дахиад ганц өдөр ч болов хамт байхсан, ямар ч аргаар хамаагүй авч үлдэхсэн, гэж чаргууцалдах үүнээсээ үүдэж элдэв аргыг зовсон биедээ хэрэглэх туршилтын туулай болдгийг өнөөгийн бидний амьдралын эргэн тойрны олон жишээ батална. Хуулиар олгогдсон амьд явах эрх, эмнэлгийн тусламж туслалцаа авах боломж мэдээжийн хэрэг хэн бүхэнд нээлттэй. Үр хүүхэд хань ижилтэйгээ урт удаан аз жаргалант амьдралаар аж төрөх хэн бүхний хүслэн. Хүний уугуул амьд явах, аз жаргалтай аж төрөх хүслийг үгүйсгэх гэсэнгүй ээ. Зовлонгүй үхээд өг, амьдралтай бүү чаргууцалд гэж ухуулахдаа “Өвгөн шувуу”-г хүчээр гөрдөж тайлах ч гэсэнгүй ээ. Гагцхүү үйл нь гүйцээд ирсэн жамтай учирваас урваж зугтахын учиргүйг л ухаж ойлгохыг эрмэлзсэн төдий.
Өгүүллэг дэх гээж орхиж боломгүй бас нэгэн санаа нь  <Заавал хєдєєлvvлж ирчихээд уй гашуу тайлж байна гэж уух алба уу? Ямар ч гэсэн ухаантай амьсгаатай байгаа дээр нь амьд Жавтайгаа урьдынх шигээ наргиж байна гэж бодоод ууцгаа! гэж шахаж байв> гэж Жав гуай нутгийн анд нөхөддөө хандан хэлж буй үг. Энэ мэтчилэн эртний сайн андтайгаа сүүлчийн удаа уулзах гэж ирсэн сэтгэл бачимдуу хэдэн нөхдөө тайтгаруулж урьд цагийн гэрэл гэгээт дурсамжыг нэхэн санаж хөөрөлдөж хөндүүр сэтгэлийг зөөллөх нь хагцлын гунигт зохиолыг уншиж буй уншигчид ч тайтгарал өгөх нь гайхмаар.  Жав өвгөн гэрээс гаралгүй  тэнгэрийг тооноор, газрыг үүдээр харан олон өдрийг барсны эцэст гэрийнхээ гадаа ширдэг дамжлуулан гараад үеэл Жамцынхаа адуу хураахыг харсны дараачаар
<Та нарыгаа, нутаг усаа, адуу малаа харж авлаа. Хичнээн сайхан салж болмооргvй ертєнц боловч Гэзэгтийн дуулдаг євгєн шувуу буцах цаг болжээ. Жаран хэдэн жил дэлхийн тоос хєдєлгєж их юм vзлээ. Гомдол алга. Сайн ханьтай, голомт залгах хvvтэй, сайхан нєхєдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм дутуу дунд байсан гэж гажрах юм алга.> хэмээгээд зорин ирсэн нөхдөө үддэг бөлгөө.
“Монгол хүн үхэж чадахаа байж” гэх халаглал улам л чих дэлсэх болж дээ.
Үдэхүй: “Хөндлөнгийн хүн”
Хэт хувийн чанартай зүйл бичих гэж буйдаа урьдаар хүлцэл өчье. Гэвч энэ сэдвийг өгүүлэхийн тулд өөрөөс өөр жишээг дурдахыг завдсангүй ээ. Ухаан орсон цагаас минь хойш түгших болсон айдас хагацал байв. Бага балчираас хойш эцэгтэйгээ хоёулахнаа шахуу амьдарч ирсэн миний хувьд хүнд өвчтэй аав минь намайг орхиод явчихвал яана даа гэх зовнил байлаа. Хэзээ нэгтээ хамгийн их түгшдэг айдастайгаа нүүр тулах нь цаг хугацааны л асуудал байсан төдий. Аавын маань өвчин хүндэрч эмнэлэгт сахихдаа Францын зохиолч, экзистенциалист философийн гол төлөөлөгчдийн нэг  А.Камюгийн “Хөндлөнгийн хүн” романыг уншсан билээ. “Хөндлөнгийн хүн” надад олон жилийн турш зүрхшээж ирсэн хагацалтайгаа нүүр тулах сэтгэл зүйн бэлтгэлийг базааж өгсөнд гүнээ талархдаг билээ.
Романы гол дүр Мерсогийн ээж /маман/ асрамжын газарт өөд болсон гунигт /огтын гунигтай бус/  мэдээг сонссоноор роман эхэлнэ. Олон хүний хувьд эцэг эх нь энэ хорвоод үгүй болсныг дуулах байж болох хамгийн муу мэдээ боловч Мерсогийн хүлээн авч буй байдлаас ажихад түүнд энэ тийм ч гунигтай мэдээ үгүй мэт анзаарагдана.  Алс бөглүү орших асрамжын газрыг зорих замын туршид  эхийгээ ямар байдалтай нүд аньснийг төсөөлж, маманыг харахыг яарч байсан хэрнээ асрамжын газрын даргатай уулзсаны дараагаар тэр зорилго нь дорхноо сарнидаг. Асрамжын газрын мужаан  авс урлаж дууссаны дараагаар ч тэр Маманыг харахаас татгалзан шарилтай авсыг тэр доор нь хадаж битүүлэхийг захьна. Маргааш өглөө болох салах ёслол хүртэл тэр огтхон ч гэмшдэггүй нь, гашууддагүй нь хачирхалтай гэмээр. Анх асрамжын газарт ирсэн цагаас салах ёслол дуусах хүртэл Мирсог цаанаа л нэг зэмлэнгүй харцгаах Маманы найзууд түүний гэмшил гашуудалгүй дүр төрх, хүйтэн хөндий гэмээр үйлдлүүдийг жигшэцгээнэ. Эндээс нэгэн асуулт урган гарна. Оршуулах ёслол дээр заавал гашуудах ёстой юу? Манай сэтгэхүйд нэг хачин ойлголт байдаг. Салах ёслол дээр хамгийн их уйлж гашуудаж буй нэгнийг бүрлээчид чухам их хайртай хүн байж дээ гэж халаглан, бусдаас илүү хүндэтгэлтэй хандан эмгэнэл илэрхийлэн тайшвруулна. Энэ үнэлэмжээр тайлбарлаваас эцэг, эхийгээ нутаглуулж буй хүү дусал ч нулимс унагахгүй бол хайргүй гэсэн үг үү? Гашуудахгүй бол  хахир хүйтэн сэтгэлтэй нэгэн гэж дүгнэгдэх хэрэг үү? Эндээс эргээд роман руугаа буцъя. Би л хувьдаа Мерсог мөс шиг хүйтэн сэтгэлтэн гэж огтоос боддоггүй.  Гашуудал гэдэг асгаруулсан нулимсны дуслаар, ухаан самууран шаналж буйгаар хэмжигдэх хэмжигдэхүүн биш шүү дээ. Романы төгсгөлд шүүх хурал /Мирсо хүн буудаж алсан/ дээрх түүний эсрэг гэрчүүдийн мэдүүлэг ч чухамдаа эхийнхээ оршуулга дээр гашуудаагүйг бай болгоно. Өөрөөр хэлбэл ийм л цэвдэг хүний амь бүрэлгэж чадна гэж гөрдөх. Гэвч энэ удаад Мерсо яагаад хүн буудсан тухайг бус яагаад гашуудаагүйг тусгалаа болгож буй тул үүнийг орхие. Мирсогийн хандлагаас уншигч бийвээр нэг л зүйлийг  “нэгэнт биднийг орхин бурханы зүг одсон бол энд мянга гашуудаад юуг өөрчилж чадах вэ?” гэх ухаарлыг авсан. Адаглаад бурханыг чиглэн зорьж буй амирласан сүнсний замыг будлиулалгүй, амар амгалангийн хаалганд хүргэхэд саадаа болохгүй байх.   
Уйлаад ч чиний нулимс далай болохгүй ...  
С.Эрдэнэ гуайн урласан гүдэс өвгөний дүр, А.Камюгийн гаргаж ирсэн хэнэггүйдүүхэн залуугийн дүрийг хүний оршихуй холбож буй юм. Өөрийн оршихуйдаа эзэн болсон хүний ухамсарт үйлдэл өр нинжин сэтгэлийн хязгаарыг гэтлэж буйг харуулж буй хэрэг. Энэ ертөнцөд нэгэн биеэр ирсэн, нэгэн биеэрээ буцна. Элдэвийн чимэг аяглалыг хасаад хүрвэл бидний өдөр тутмын амьдрал ч энгийн ухамсарт үйлдлүүдийн холбоо төдий л юм. О.Дашбалбарын “Өдөр бүр үхлийн тухай бодож бай, амьдрал чинь утга учиртай болно” гэх үгс амьдралаасаа мөнхийн учир шалтгааныг олж хараад, түүнийхээ төлөө амьдар гэсэн сургаал юм. Мөнх бусын талаар өгүүлэх мөнхүү хоёр зохиолоос би амьдралынхаа утга учрыг багахан ч болов ухаарсандаа үүнийг тэмдэглэсэн хэрэг юм.


2 comments: