Monday, April 27, 2015

Муза үхсэн

Б.Гэрэлмаа


Ницще нэг өдөр гэрээсээ гараад “Бурхан үхчихэж” гэж хэлжээ. Бурхантай байсан үеийн ертөнцөд хүн бурханд л таалагдахын тулд амьдарч байлаа.
Эстетикийн гурван гол төлөөлөгчдийн нэг И.Кант “Critique of Judgement”номондоо: “Гоо сайхан гэдэг хувь хүний үнэлэмж биш, түүнд дүрэм журам бий, дуртай хүн нь муухай эсвэл сайн гэхгүй” гэжээ.Дуртай хүн нь “сайхан”, “муухай”-г ялгаад, шүүгээд эхэлвэл бусдын “сайхан”-ыг уландаа гишгэж байгаа хэрэг болно. Нэгэнт бид аналитик байдлаар шүүлт хийвэл, шүүгчийн туулж өнгөрүүлсэн амьдрал, амьдралд нь юу тохиолдож тэр юунд дургүй болов, харин юунд сэтгэл нь хөдөлдөг болов? яагаад уйлдаг болчихов, юунаас айдаг юм? гээд олон дурсамжуудад нь шүүгдэнэ гэсэн үг. Нэг ёсондоо шүүгч өөрөө ч мэдэлгүй, өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн шүүлт хийдэг.Гэтэл урлаг олонд хамаатай болохоос ганц шүүгчид биш.
Тиймээс л Монголын урлагт мэргэжлийн “кртиткчид”-ийн баг байх ёстой. Энэ нь Монголын урлаг бас л энэ хэдэн хүний тархинд багтана гэсэн үг биш. Критикчид нь онолчид байх ёстой, онолчид  деаликтик хийх хэрэгтэй. Деаликтик нь тодорхой нэг ойлголт нөгөөтэй зөрчилдөх үед түүнээс шинээр гарч ирэх нэгдсэн нэг ойлголтыг аргументлах, хуучнаасаа салах, шинийг эрэлхийлэх, шийдэлд хүрэх явц юм.
Гэтэл өнөөдөр Монголын урлагийг хэн шүүж байгаа юм бэ? Монголд мэргэжлийн критикч бий юу? гэвэл, байж магадгүй л юм.Тэд хаана байгаа юм бэ? Критикчид өөрсдөө уран бүтээлч байж, бусдын бүтээлийг шүүх нь утгатай юу?Шүүж байгаа бүтээлээ өөрийнхөө бүтээлээс илүүд үнэлэх үү? тэгвэл, бүтээл хийхийн хэрэг юу? эсвэл бусдын бүтээлийг өөрийнхөөсөө дор үнэлэх үү? тэгвэл,“маргаангүй” таны ашиг сонирхол энд нөлөөлсөн. И.Кант нэгэнтээ “Мэдрэмж бол сэтгэгдэлийн сонголтууд” гэдгийг баталжээ. Тэгэхээр л,гадаадын критикч ирж шүүлээ ч та хажууд нь өөрийнхөө бүтээлийн талаар байтугай, өөрийн амьдралын талаар бусдаасаа илүү ярьж, цагийг хамт өнгөрөөх эрхгүй. Учир нь тэр үед, тэр газарт тэгш эрх “булшлагдана”.
Нээрэн, өнөөдөр Монголын урлагийг хэн шүүж байгаа юм бэ? Улс лав биш. Төр лав биш. Монголын урлагийн бодлого хариуцсан яам, ядаж л хэлтэс бий билүү? Үгүй, тэгсэн хирнээ “Монгол улсын гавъяат жүжигчид”, “Төрийн соёрхолтууд”-ыг хэн шүүгээд, хэн үнэлээд, хэн ялгаж чадаад байгаа юм бэ? Эдийн засагчид? Улс төрчид? Бизнесмэнүүд? Эсвэл урлагийн бид өөрөө бүтээл хийгээд, өөрийнхөө бүтээлд шагнал өгөөд “хөөрөөд” байдаг юм уу?
Монголын урлагт деаликтик хийж дүрэм журамтай болгох критикчид, онолчид хэрэгтэй болохоос өөрөө өөрсдийгөө шүүдэг уран бүтээлчид биш.
Монголын урлагийн их наадмуудаас Драмын урлагийн шилдгийг шалгаруулах“Гэгээн муза” наадам уран бүтээлчдийн чадвар, чансааг сорьж, бүтээлч өрсөлдөөнийг бий болгосноор драмын урлаг жилээс жилд хөгжих, шинэ шатанд гарах нэгэн түүчээ болж өгдөг гэдгийг бид мэднэ, маргахгүй. Энэ 12 жилийн хугацаанд хүнд хэцүүтэй нүүр тулж, төр засаг нь ч хийж чадаагүйг бодитоор бүтээн, наадмаа олон улсын хэмжээнд хүртэл өндөрт хүргэж чаджээ. 2006 оноос эхлэн “Улаан хивс”-ний ёслол, 2010 оноос “Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл”, 2013 оноос “Нэг хүний жүжгийн төрөл” гээд Гэгээн муза наадам жилээс жилд хөгжиж л байна, үгүйсгэхгүй. Гэхдээ, шүүмжлэл бол “доромжлол” биш, бас нэгэн уран бүтээл юм.
2015 онд Гэгээн муза наадам 12 дахь жилдээ зохиогдож байна. УДЭТ-ын дэргэдэх “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” нэрээ “Гэгээн муза” академи болгон өөрчилсөн энэ байгууллага Гэгээн муза наадмыг анх санаачилж байжээ. Энэ жилийн наадмыг өмнөх жилүүдийн адил “Гэгээн муза” академи зохион байгуулаж,“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Улсын драмын эрдмийн театр хамтран, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагч, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа.
Тэгвэл, эдгээр байгууллагуудаас чухам аль нь Монголын ард түмнийг төлөөлөөд урлагийг шүүх, нэг ёсондоо Кантын хэлсэнчлэн “критик” хийх эрхтэй, мэдлэгтэй юм?Нэг ёсондоо аль нь тэгээд онолч, аль нь тэгээд урлаг мөн эсвэл биш эсэхийг мэдэх юм..? Хэн нь ч мэдэхгүй..!
За яахав, 2013 онд олон улсын наадам болон өргөжсөнөөс хойш Монгол, Орос, Канад, Серби, Македон, Косово, БНХАУ, Уганда, Эстони гээд олон орны уран бүтээлчид наадамд “маань” оролцож, тэр хирээрээ олон улсын мэргэжилтнүүд шүүх бүрэлдэхүүнд орж ажиллах болж. Тухайлбал, АНУ-ын төрийн департментийн харъяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продьюсер Элизабет Хесс, ОХУ-ын шилдэг 10 найруулагчийн нэг Тува улсын нэрт найруулагч Сюзанна Ооржик, ОХУ-ын иргэн Татъяана Николаевна нарыг дурьдаж болно.
Гэхдээ, эдгээр шүүгчдэд Монголын уран бүтээлчдийн бүтээлүүдийн тайлбар, танилцуулга мэдээлэл, хамгийн чухал нь тайзан дээр тоглогдож байгаа жүжиг “тэгш” хүрч чадаж байна уу? Тухайлбал, Гэгээн муза академийн “Нэр дэвшүүлэх комисс” бүтээлүүдийг үзэж наадамд нэр дэвших бүтээлүүдийг сонгоно. Хөдөө орон нутгийн театрууд бүтээлээ бичлэгээр явуулна гэсэн удирдамж байдаг. Хамгийн чухал шатны энэ шалгаруулалтыг бичлэгээр үзнэ гэж үү? Театрын урлагийн их наадам байж бичлэгээр үзээд шүүчихдэг хэрэг үү?  Театр бол тайз, кино бол дэлгэц баймаар. Театрын урлагийг би дэлгэцээр үзээд “мэдэрчихдэг” бол тайз гэж байгаад яах юм?, Тийм л юм бол, алтан тайзыг “маань” хэмхчээд “хаячих”.Дэлгэцийн бүтээлд коллаж, монтаж хийдэг, тэр хэмжээгээрээ кино урлаг техник технологоос хараат, харин театр бол тасралтгүй үргэлжлэх давтагдашгүй процесс гэж театрыг зүглэдэг бидний “урам”  удирдамжинд бичигдсэн энэ үгээр “навс” унав.Хөдөө орон нутгийн театрынхан обшый план тавьчихаад тасралтгүй үргэлжилнэ гээд, нүүрний хувирал эмоцуудын деталиа хөсөр хаях уу? эсвэл эдгээр деталийг харуулна гээд тасралтгүй амьд үргэлжлэх дүрмээ зөрчих үү?  Театрын тайз дэлгэцэн дотор багтана гэж үү?
Цаашилбал, Гэгээн муза наадамд оролцох уран бүтээлчдийн мэдүүлэг гэсэн хуудас дээр Театр продакшний нэр, жүжгийн нэр, жүжгийн төрөл, бүтээсэн он, мэдүүлэг бөглөсөн найруулагч гэх асуултууд байна. Жүжгийн автор Музад “маань” нэг ёсондоо хэрэггүй. Гэтэл театрын урлагтавторын тусламжтайгаар жинхэнэ герменевтик явах ёстой шиг.  “Танихгүйн эмэгтэйн захидал” /Монгол/ гэсэн тодотголтойгоор нэг хүний жүжгийн төрөлд дэвшжээ. Батаагийн зохиосон зохиол юм уу? Баяраагийн зохиосон зохиол юм уу? эсвэл Стефан Цвейг зохиочихсон юм уу? Би хэнийх нь зохиолыг уншиж байж, жүжигчин зохиолоо хэрхэн ойлгож, хэрхэн уусаж нэгдсэн байна гэдгийг олж үзэх вэ?
Нэмээд, энэ жилийн наадамд дөрвөн төрлийн шагнал байна, үүнд: БСШУ-ын сайдын нэрэмжит “Шилдэг залуу” уран бүтээлч гэдэг шагнал байх юм. Боловсролыг нь үнэлж шилдэг залуу болгов уу? соёлыг нь үнэлж шилдэг залуу болгов уу? шинжлэх ухаанч байдлыг нь үнэлж шилдэг залуу болгов уу? ямартай ч “сайхан” урлаг хийснийг нь биш бололтой. Урлагтай огт хамаагүй яамнаас урлагийн шагнал, цол хэргэм өгөхгүй байлгүй. Эсвэл өгдөг гэвэл, урлагийн ямар эрх мэдэлтэн, ямар мэдлэгтэн дураараа урлагт критик хийж байна вэ?
Ингээд л “Гэгээн муза”-гийн шүүлт, шагналууд маргаантай. Наадамд өрсөлдөж байгаа уран бүтээлч өөрөө шүүгч хийнэ. Нэг ёсондоо өөрөө өөрийгөө шүүнэ. Хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн тайлбар нь: “Наадамд шүүгч хийж байгаа уран бүтээлчид өөрийнхөө өрсөлдөөгүй төрөлд шүүгч хийсэн” гэх. Тэгвэл хажуу ширээнийхээ хамтран ажиллагчийг шүүнэ, бүүр үгүй гэвэл жүжгийн бэлтгэлийн үеэр “совет” өгсөн найзыгаа шүүнэ. Энэ жинхэнэ урлагийн критик мөн үү..? Мэдээж биш..!
Социологич, философич, хөгжмийн урлаг судлаач Теодор Адорно “Нийгмийн шүүмжийн онол” номондоо: “Хүмүүс хэт ашиг хөөж /үүнд зөвхөн матери бус, идей ч багтана / жинхэнэ хүн төрхөө алдсан. Тэдний хүсэл мөрөөдөл буруу, алдаатай. Тиймээс урлаг түүний эсрэг тэмцэнэ” гэжээ. “Тэмцэгч” урлаг Монголд үгүйрчээ.
Жинэхэнэ “критик” байхгүй, жинхэнэ “критикчид” байхгүй л юм болурлагийг бид шударгаар шүүж чадахгүй, Муза аль хэдий нь “үхчихэж”. Ницше “Бурхан үхчихэж” гэж хэлсэн тэр өдөр л “яваад өгчихөж”.Өнөөг хүртэл Музагийн дүрд хэн нэгнүүд л тоглож, өөрийн мэдрэмжийг бусдад тулгадаг байж. Одоо тэгвэл Муза-д таалагдахын тулд амьдрахгүй. Музагийн гоо сайхан Хегелийн эстетикийн зарчмаар дээдийн дээд байх ёстой, абсолют. Яагаад гэвэл Муза бол Гэгээн бурхан. Бурхан мөн л бол абсолют байх учиртай.
Театрт зөвхөн бурхад л цугладаг юм. В.Высоцкий

Бурхан чинь аль хэдий нь үхчихсэн шүү дээ. Ф.Ницще

No comments:

Post a Comment